| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0546/Э |
| Дугаар | 563 |
| Огноо | 2018-11-22 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч О.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт О-ын Э-д холбогдох эрүүгийн 1810021060605 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Монхангай” ХХК-ийн Миний дэлгүүрийн 122 салбарт кассчин ажилтай, ам бүл 3, эгч, ах нарын хамт Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо Монелын 43-8б тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б- овогт О-ын Э- /РД: ………………../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч О.Э- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа спорт цогцолборын заалнаас иргэн Э.Ч--ын сандал дээр үлдээсэн байсан “Ай фоне-7” маркийн гар утсыг олж аван хувьдаа завшиж, бусдад 760.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Гэм буруугийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хавтаст хэргээс:
Шүүгдэгч О.Э-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа спорт ордны зааланд сагсан бөмбөгийн тэмцээн үзсэн. Миний хажууд сууж байсан Баасандолгор эгч заалны сандал дээрээс “Ай фоне 7” маркийн гар утас олохоор нь “наад утсыг чинь би хүнд нь өгье” гэж худлаа хэлж аваад хүрэмнийхээ энгэрийн халаасанд хийсэн. Тэмцээн тарах үед би утсыг авч гараад дэлгэцний кодыг нь тайлах гэж оролдоод зогсож байхад Учрал ирээд “чиний утас юм уу” гэхээр нь “би сая олсон юм” гэж хэлсэн. Би гар утсыг нэгэнт ашиглаж чадахгүй юм чинь өөрөөсөө холдуулъя гэж бодоод Учралд 20.000 төгрөгөөр зарсан…гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
Хохирогч Э.Ч--ын мөрдөн байцаалтанд өгсөн: Манай компаний ажилчдын дунд жил бүр Монхангай группын нэрэмжит тэмцээн болдог юм. 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа спорт цогцолборт манай салбарын дунд тэмцээн болсон. Би уг тэмцээнд оролцож байхдаа өөрийн эзэмшлийн “Ай фоне 7” маркийн гар утсыг сандал дээр түр орхиод тоглож дуусаад эргээд ирэхэд миний утас алга болсон байсан. Би утсаа хайсан боловч олдоогүй. Тэгээд спорт ордны камерыг шүүж үзэхэд Миний дэлгүүрийн 122 дугаар салбарын зохион байгуулагч Баасандолгор утсыг авч байгаа харагдахаар нь Баасандолгортой уулзаад асуухад “заалны сандал дээр утас байсан. Манайхны нэгнийх нь утас гэж бодоод хамгаалагч О.Э-д өгсөн” гэж хэлсэн. Би хамгаалагч Э-тэй уулзаад энэ талаар асуухад “саарал цамцтай эмэгтэй миний утас гэж хэлээд авсан. Би тэр эмэгтэйг харвал танина” гэхээр нь тэр эмэгтэйг хайхад Дэмбэрэлнямбуугийн эхнэр байсан. Дэмбэрэлнямбуугийн эхнэрээс асуухад “би аваагүй” гэж хэлсэн. Би “Ай фоне 7” маркийн гар утсаа 2017 онд Мобикомоос зээлээр 2.300.000 төгрөгөөр авч байсан. …Би нэхэмжилж байсан 760.000 төгрөгөө Э-гээс авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Гэрч Л.Баасандолгорын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай дэлгүүрийн спортын наадам Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа спортын ордонд өглөө 09 цагаас эхэлсэн. Би Спортын ордны баруун талд ажлын Э- болон өөр бусад алба хаагчдын хамт суусан. Би 2 давхарт сууж байгаад ажлынхаа хүмүүсийн хамт нэг давхар руу суухаар буусан. Намайг 1 давхар руу бууж байхад сандалны урд талд газар гар утас хэвтэж байхаар нь аваад буух гээд явж байтал Э- “эзэн нь утсаа авъя гэнээ” гээд надаас гар утсыг авсан. Тоглолт дуусаад 2 давхарт сууж байтал Чойням ирээд “утсаа алга болгочихсон юм. Камерын бичлэг үзтэл чи утас авсан байна” гэхээр нь би Э-ээс “чи ямар хүнд өгсөн юм бэ” гэхэд “эмэгтэй хүнд өгсөн. Би харвал танина” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 4-р хуудас/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Ай фоне 7” маркийн гар утас нь 760.000 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 23-24-р хуудас/,
Шүүгдэгч О.Э-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч О.Энхзаяагийн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/, “Миний дэлгүүр” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 29-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 31-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Э- нь 2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа спорт цогцолборын заалнаас хохирогч Э.Ч--ын гээгдүүлсэн “Ай фоне-7” маркийн гар утсыг завшиж, бусдад 760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Ч--ын …Би тэмцээнд оролцож байхдаа өөрийн эзэмшлийн “Ай фоне 7” маркийн гар утсыг сууж байсан сандал дээр орхиод тоглож дуусаад эргээд ирэхэд миний утас байхгүй болсон байсан. Би утсаа хайсан боловч олдоогүй. Тэгээд спорт ордны камерыг шүүж үзэхэд Миний дэлгүүрийн 122 дугаар салбарын зохион байгуулагч Баасандолгор утсыг авч байгаа харагдсан. Тэгэхээр нь Баасандолгороос асуухад “заалны сандал дээр утас байсан. Манайхны нэгнийх нь утас гэж бодоод хамгаалагч О.Э-д өгсөн” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Гэрч Л.Баасандолгорын …Спорт ордны 2 давхраас 1 давхар руу бууж байхад газар гар утас хэвтэж байхаар нь аваад явж байтал Э- “эзэн нь утсаа авъя гэнээ” гээд гар утсыг авсан. Намайг 2 давхарт сууж байтал Чойням ирээд “утсаа алга болгочихсон. Камерын бичлэг үзтэл чи утас авсан байна” гэхээр нь би Э-ээс “чи ямар хүнд өгсөн юм бэ” гэхэд “эмэгтэй хүнд өгсөн. Би харвал танина” гэж хэлсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Ай фоне 7” маркийн гар утас нь 760.000 төгрөгөөр үнэлэгдэв. /хх-ийн 23-24-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Э-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч О.Э- гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч О.Э-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Э.Ч-- нь “...О.Э-гээс 760.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-ийн 13-р хуудас/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Э-г “гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч О.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч О.Э- мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч О.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон “Монхангай” ХХК-ийн Миний дэлгүүрийн 122 салбарт кассчин ажилтай /хх-ийн 29-р хуудас/ хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Э- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.