Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00369

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00369

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03521 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Т ХХК-д холбогдох,

Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буян-Ухаа хороолол, Наадамчдын гудамж, Дулаахан байр 2 хотхоны урд баригдаж буй 16 давхар барилгын 15 давхрын 25 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Б.Б- нь Т ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 012 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буян-Ухаа хороолол, Наадамчдын гудамж, Дулаахан байр 2 хотхоны урд баригдаж буй 16 давхар байрны 15 давхрын орон сууц болох 25 м.кв талбайтай орон сууцны м.кв-ын үнийг 950,000 төгрөгөөр тооцон тохиролцсон. Үнийн дүн болох 23,750,000 төгрөгийг 88% болох 21,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Т ХХК-ийн төрийн банкны дансанд хийж, үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтад орсны дараа төлөхөөр тохиролцсон. 2019 онд байр ашиглалтад орсны дараа дугаарлалт явагдана гэсэн учраас 15 давхрын зүүн тийшээ харсан цонх гэж тохиролцсон. 2019 онд байр ашиглалтад ороогүй, очиж үзэхэд барилгын ажил явагдаагүй байсан. 2021 оны 04 дүгээр сард н.Б- Б.Б-ыг дуудаж уулзахдаа байрны м.кв үнийг 1,350,000 төгрөг болсон тул мөнгө нэмж төлөөд дотоод засал хаалга болон бусад бүх зүйлээ өөрсдөө хий гэсэн. Б.Б- дотоод заслаа өөрөө хийж болно. Гэрээнд үнэ нэмнэ гэсэн асуудал байхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр очиж уулзахад тантай гэрээ хийх боломжгүй тул мөнгөө буцаагаад ав гэсэн. 2022 оны 6,7 дугаар саруудад очиж үзэхэд байранд дотоод засал хийгээгүй, зөвхөн цонх хийгдэж байсан. Иймд гэрээний 4.13-т зааснаар орон сууцны м.кв үнийг нэмэхгүйгээр дотоод засал хийхээр тохиролцсон учраас 15 давхрын 25 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Т ХХК-ийн Хан Уул дүүрэг, 17 дугаар хороо, баригдаж буй 16 давхар барилгын ажлыг гүйцэтгэж байсан боловч гүйцэтгэх захирлын буруутай үйл ажиллагаанаас ажил зогсонги байдалд орсон. Мөн нийтийг хамарсан цар тахлын улмаас компанийн санхүү хүнд нөхцөл байдалд орсон. Одоогоор барилгын угсралтын ажил дуусаагүй. Мөн тухайн орон сууцны дуусаагүй барилгын гэрчилгээ н.Х- н.О- нарын нэр дээр гарсан байсан. н.Б- захиалагч Б.Б-тай уулзаж м.кв-ын үнийн саналын талаар мэдэгдсэн. Орон сууцны м.кв-ын үнийг 500,000 төгрөгөөр нэмэх тухай мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь тухайн асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй. Талуудын хооронд гэрээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тухайн орон сууцыг бусдад худалдан борлогдож байгаагүй талаар мэдэгдэж байсан боловч 1502-1503 тоот орон сууцыг худалдахаар н.З- гэдэг хүний нэр дээр гэрээ байгуулагдсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч нь гүйцэтгэгчээс ажлын үр дүн шаардах эрхтэй. Гэтэл одоо ажлын үр дүн шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Улсын комисс хүлээн аваагүй байгаа барилгыг тухайн дуусаагүй барилгаас салгаж, бусдад шилжүүлэх боломжгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 12 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 143 айлын орон сууц нэртэй үйлчилгээ, орон сууцны цогцолбор хотхоны 15 давхарт, зүүн урагшаа хаалганы 25 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Б-ын өмчлөлд шилжүүлэн өгөхийг хариуцагч Т ХХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 277,300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлж, гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Б.Б- нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Т ХХК-ийн Хан- Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа барилгын 15 давхрын зүүн урд талын 25 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хариуцагч нь 15 давхрын зүүн урд талын 25 м.кв талбайтай орон сууц нь 1502 дугаартай орон сууц бөгөөд өөр этгээдэд давхар худалдагдсан, н.З- гэх этгээдийн эзэмшилд шилжсэн талаарх тайлбарыг гаргасан.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууц нь аль хэдийнээ гуравдагч этгээдийн эзэмшилд шилжсэн үйл баримтын талаар хариуцагч тайлбарласан байхад шүүхээс дээрх үйл баримтыг тодруулахгүйгээр, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.б. Мөн хариуцагч Т ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр маргаан бүхий орон сууц нь улсын бүртгэлийн байгууллагад иргэн О.Х-ийн нэр дээр бүртгэгдсэн талаар нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хүсэлтийн хамт гарган өгч, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Б.Б-ын нэхэмжилж буй орон сууц нь нийт объектоороо буюу 150 айлын орон сууц бүхэлдээ улсын бүртгэлд О.Х-ийн нэр дээр бүртгэгдсэн талаарх баримтыг гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс Улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох баримтуудыг гаргуулах, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгч талаас орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн О.Хаш-Эрдэнэтэй холбоотой санал хүсэлт гаргах эсэхийг тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь ёстой байсан гэж үзэж байна.

4.в. Мөн хариуцагчийн зүгээс О.Х-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн эсэх, ямар шалтгааны улмаас улсын өмчлөгчөөр бүртгэгдсэн, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй байрны хэний байр вэ, нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх боломжтой юу гэх зэргийг тодруулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дахь хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч талаас Б.Б-ын Т ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр, маргахгүй гэсэн атлаа эрхийг ноцтой зөрчсөн гэж анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээнд заасан хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй учраас тухайн гэрээний 4.13-т заасныг үндэслэн Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буян-Ухаа хороолол, Наадамчдын гудамж, Дулаахан байр 2 хотхоны урд баригдаж буй 16 давхар барилгын 15 давхрын 25 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хоорондын байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээгээр нэхэмжлэгч Б.Б- нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 143 айлын үйлчилгээ, орон сууцны цогцолборын 15 давхарт, зүүн урагшаа харсан хаалганы 25 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, 1 м.кв талбайн үнэ 950,000 төгрөг, нийт 23,750,000 төгрөгөөр захиалан, төлбөрийн 88 хувь болох 21,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, үлдэх 12 хувь 2,750,000 төгрөгийг орон сууцыг ашиглалтад ороход төлөхөөр, гүйцэтгэгч Т ХХК нь орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан барьж, Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцжээ. /хх4-5/

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэн талууд тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтуудыг гаргаж харилцан мэтгэлцэх, шүүх шаардах эрхийн үндэслэл, түүнийг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

4.а. Хариуцагч нь татгалзлалын үндэслэлээ нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй гэх атлаа, тухайн захиалсан орон сууцанд Д.З- 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 1502 тоотыг худалдах гэрээ байгуулсан тул гэрээний зүйл давхацсан, Д.З- өмнө нь зэргэлдээ 1503 тоотын захиалагч байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Б-ыг гэрээ байгуулахаас өмнө гэрээ байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шүүхэд тухайн байранд үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

/хх 36-46, 49/

 

4.б. Хариуцагч талаас маргаж буй орон сууцны барилгын өмчлөгч гэх О.Х-ийг гэрчээр оролцуулах тухай хүсэлт гаргаж, тухайн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг шүүх мөн хангаагүй байна. /хх 28-31/

 

5. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх, шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасныг зөрчиж дээрх хүсэлтүүдийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, гэрээний зүйлийг давхцуулан өөр этгээдтэй гэрээ байгуулсан эсэх асуудал, маргаан бүхий гэрээний зүйлийн өмчлөгчөөр бүртгэлтэй этгээдийг тодруулах зэрэг нь тухайн маргаантай хэрэгт ач холбогдолтой, хамааралтай байхад уг хүсэлтийг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарна.

 

5.а. Мөн гэрээний зүйлийн талаар гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэхийг шүүх тодруулах, холбогдох ажиллагааг явуулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч талаас гэрээний зүйлийг өөр этгээдэд шилжүүлсэн талаар тайлбарлаж, нотлох баримтад үндэслэн хүсэлт гаргасан байхад уг асуудлыг тодруулах, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6. Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, маргааны үйл баримт бүрэн гүйцэд тогтоогдоогүй тохиолдолд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх, эрх зүйн дүгнэлт хийх, нотлох баримт шинээр бүрдүүлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03521 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

  ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ