| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0554/Э |
| Дугаар | 581 |
| Огноо | 2018-12-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 581
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Х.Энхчимэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,
шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Я.Баатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш- овогт Э-ийн Д-д холбогдох эрүүгийн 1810023720769 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1979 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүрэг 7 дугаар хороо Жаргалантын 16-410 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ш- овогт Э-ийн Д- /РД:……………../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Э.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн эзэмшлийн 33-69 УНЛ улсын дугаартай Тоёота Корона маркийн тээврийн хэрэгслээр Б.М-г Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Тэлмүүн хотхоны хажуу талын замаас тус дүүргийн 4 дүгээр хороо Туул Ревер хотхоны байранд хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн Ай Фоне-6 маркийн гар утсыг бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хувьдаа завшиж 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Тэлмүүн хотхоны хажуу талын замаас нэг эрэгтэй /Б.М-/ хүн гар өргөхөөр нь аваад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Вива сити хотхонд буулгаад гэртээ шууд харьсан. Би маргааш өглөө нь машинаа цэвэрлэж байхад гар утас олсон. Би найздаа 400.000 төгрөгийн өртэй байсан тул өрөндөө олсон гар утсаа өгсөн гэв.
Шүүгдэгч Э.Д- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: …2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн орчим Тэлмэн хотхоны гаднаас нэг эрэгтэй /Мөнхтэмүүлэн/ аваад Фермер захын ард талын байранд хүргэж өгөөд харьсан. Маргааш өглөө нь машинаа цэвэрлэж байтал шаргал өнгийн “Ай фоне 6” маркийн гар утас хойд талын суудал дээр байсан. Уг утсыг үзэхэд хэд хэдэн дуудлага ирсэн байхаар нь гэртээ оруулаад орхисон. Би машинаа цэвэрлэж дуусаад гэрт ороход уг утасны цэнэг дуусаад унтарсан байхаар нь 89905573 дугаарын сим картыг хийж ашигласан. Би найздаа 400.000 төгрөгийн өртэй байсан. Тухайн үед найз маань мөнгөө нэхээд байхаар нь гар утсыг өрөндөө бодоод өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,
Хохирогч Б.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: …Би 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооноос “Тоёота Карина” маркийн хар ногоон өнгөтэй такси бариад байрныхаа гадаа буухдаа өөрийн “Ай фоне 6 эс” маркийн гар утсаа гээсэн. Тухайн үед би машины хойд суудалд сууж явсан. Миний гар утас алтан шаргал өнгөтэй, гадна гэр нь өнгөгүй тунгалаг цагаан гэртэй байсан. Энэ гар утсаа 2016 онд Австрали улсаас хадам өгч явуулж байсан. …Би гар утсаа авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй…гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,
Гэрч М.Батсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: …Э.Д- урьд нь надаас мөнгөний хэрэг болоод байна гээд 400.000 төгрөг зээлж байсан. Д- “зээлсэн мөнгөнийхөө өрөнд Ай фоне маркийн утас авчих гэхээр” нь зөвшөөрөөд уг гар утсыг авч охин Янжиндуламд ашиглуулсан. Би тухайн үед гар утсыг Д-гийн өөрийнх нь гэж бодож байсан. Өөр хүний утас гэж мэдсэн бол авахгүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 4-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Ай фоне 6 эс” маркийн гар утас 330.000 төгрөгөөр үнэлнэ. /хх-ийн 22-23-р хуудас/,
Шүүгдэгч Э.Д-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Оюунжаргалын мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, Хан-Уул дүүргийн 7-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 27-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 28-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Э.Д- нь 2018 оны 10 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн эзэмшлийн 33-69 УНЛ улсын дугаартай “Тоёота Карина” маркийн тээврийн хэрэгслээр хохирогч Б.М-г Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Тэлмүүн хотхоноос тус дүүргийн 4 дүгээр хороо “Туул Ревер” хотхоны байранд хүргэж өгөхдөө түүний гээгдүүлсэн “Ай фоне 6 эс” маркийн гар утсыг завшиж бага хэмжээний буюу 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.М-гийн …Би “Тоёота Карина” маркийн хар ногоон өнгөтэй такси бариад байрныхаа гадаа буухдаа өөрийн “Ай фоне 6 эс” маркийн гар утсаа гээсэн. Тухайн үед би машины хойд суудалд сууж явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р хуудас/,
Гэрч М.Батсайханы …Э.Д- урьд нь надаас мөнгөний хэрэг болоод байна гээд 400.000 төгрөг зээлж байсан. Д- “зээлсэн мөнгөнийхөө өрөнд Ай фоне маркийн утас авчих гэхээр” нь зөвшөөрөөд уг гар утсыг авч охин Янжиндуламд ашиглуулсан. Би тухайн үед гар утсыг Д-гийн өөрийнх нь гэж бодож байсан. Өөр хүний утас гэж мэдсэн бол авахгүй байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: “Ай фоне 6 эс” маркийн гар утас 330.000 төгрөгөөр үнэлнэ /хх-ийн 22-23-р хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.Д-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.Д-, түүний өмгөөлөгч Я.Баатар нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч Э.Д-г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч А.Мөнхтэмүүлэн нь “...гар утсаа авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /хх-ийн 15-р хуудас/ тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Д-г “гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бусдад багаас дээш хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Э.Д- болон түүний өмгөөлөгч Я.Баатар нар мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг биет байдлаар хохирогчид буцаан өгч учруулсан хохирлыг төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.