Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00373

 

 

 

2023 02 13 210/МА2023/00373

 

А.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00011 дугаар шийдвэртэй,

А.Б ын нэхэмжлэлтэй, Бт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 13,444,179 төгрөг гаргуулах, энэ хугацааны цалин хөлсөд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лувсандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би Б- харьяа Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байсан. Б-ын даргын 2019 оны 05 сарын 24-ний өдрийн Б/000 дугаар тушаалаар Дорнод аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилсныг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөл, Захиргааны хэргийн шүүхэд хандсан.

Гэвч хариуцагч нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул 2020 оны 09 сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс мөн оны 09 сарын 14-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 12,672,846 төгрөгийг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагч Бт даалгах нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2020 оны 12 сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02918 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 001/ХТ2021/00767 дугаар тогтоолоор хариуцагч Б ТБАГУТҮГ-аас 12,672,846 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б ад олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.

Мөн 2021 оны 10 сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 181/ШШ2021/02521 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2022/00707 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 001/ШХТ2022/00617 дугаар тогтоолоор Б ТБАГУТҮГ-аас 15,010,055.4 төгрөгийг гаргуулж А.Б ад олгон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Бт үүрэг болгож шийдвэрлэсэн.

Хариуцагч нь дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолуудыг биелүүлэхгүй, хууль бус тушаалаа хүчингүй болгож намайг зохих ёсоор ажилд эгүүлэн томилохгүй, мөн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын сарын үндсэн цалин 1,198,844 төгрөг ба үүнээс нэг өдрийн дундаж цалин 58,453 төгрөг болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр хуулийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 10 сарын 09-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 09 сарын 15-ны өдөр хүртэлх ажлын 230 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 13,444,179 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, энэ хугацаааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. А.Б нь Б-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Хяналт бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байх хугацаандаа олон алдаа дутагдал гаргаж, албаны даргын үүргээ хангалтгүй биелүүлж, өөрийн албаны албан хаагч болон үйлчилгээний ажилтнуудтай зүй бусаар харьцан, ажлын байрны дарамт үзүүлж, ёс бус үйлдэл байнга гаргаж байгаа нь хамт ажиллахад хүндрэлтэй байгаа тухай Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын албан хаагч нарын 2019 оны 05 сарын 20-ны өдрийн гомдол, тус газрын даргын 2019 оны 05 сарын 24-ний өдрийн Хяналт бүрдүүлэлтийн албаны даргын ажил байдлын тодорхойлолтыг Б- удирдлагад ирүүлсэн. Дээрх шалтгаан нөхцөл нь тус Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаа болон хамт олны дотоод уур амьсгал, байгууллагын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байсан тул энэхүү нөхцөл байдлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор А.Б ыг Дорнод аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон. Гэтэл тэрээр сайн дураараа албан үүргээ гүйцэтгээгүй, албан ажлаа орхин явсан тэр тусмаа тангараг өргөсөн төрийн тусгай албан тушаалд хамаарах гаалийн улсын байцаагчийн албан үүргээ умартсан.

Иймд А.Б ын энэхүү үйлдэлд нь урьд эрхэлж байсан ажил албан тушаал болоод ажилгүй байсан хугацааны цалинг эгүүлэн өгөх үндэслэлгүй. А.Б ын ажлаа орхин сайн дураараа албан үүргээ гүйцэтгээгүй орхигдуулсан хугацааны цалинг Гаалийн байгууллага хариуцахгүй.

Гаалийн тухай хуулиар Б-ын дарга нийслэл болон орон нутаг дахь гаалийн газар, хороодын гаалийн улсын байцаагчийг сэлгэх, шилжүүлэх эрхтэй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн холбогдох зохицуулалтуудад зааснаар хүний нөөцийн бодлогыг зөв зохистой хэрэгжүүлэх, гаалийн байгууллагын улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөг биелүүлэх, авилга, ашиг сонирхлын харилцаа үүсэх өндөр эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тул гаалийн улсын байцаагч, төв орон нутгийн гаалийн байгууллагын удирдлагуудыг сэлгэн ажиллуулах зайлшгүй шаардлага гардаг. Мөн А.Б нь Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаад буурсан цалингийн зөрүүг авах боломжтой байтал ажил хийхгүй мөнгө авч байгаа асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан зарчимд нийцэхгүй.

Мөн нэхэмжлэлд дурдсан асуудлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй юм. Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан Гаалийн ерөнхий газраас 13,014,007 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б ад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч А.Б ын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Бт үүрэг болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Б ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,171 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 223,020 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Б ад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. А.Б нь 2021 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл төрийн албанд нэг ч өдөр ажиллаагүй, санал болгосон албан тушаалд очихыг эс зөвшөөрдөг, өөрөөр хэлбэл төрийн албанд нэг ч өдөр ажил хийгээгүй хүнд цалин олго, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож суутга гэж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

4.2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 2.4, 7.2.5-д заасан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар байгууллагын хүлээх нийтлэг үүргийг зөрчүүлэхгүй байхыг хэрэгжүүлж буй үйлдэл мөн.

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар нь 9 өртөө болон Дархан суманд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр-Дархан, Дархан-Импекс, Ерөө суманд байрлах Хандгайт салбар буюу БТЕГ, Хүдэр суманд байрлах МТЗ зэрэг 4 гаалийн хяналтын бүсүүд, Магнай трейд ХХК, НИК ХХК-ийн нефть хадгалах Гаалийн баталгаат агуулах болон олон улсын шуудан илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийдэг бөгөөд тус байгууллагуудтай ашиг сонирхолтой, эсхүл тухайн үед өөрт нь гомдол гаргаж байсан албан хаагч нараас өш хонзон авах зорилготой гэж хардаж байна.

4.3. Нэхэмжлэгч А.Б 2021 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл нэхэмжилсэн 13,444,179 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б-т холбогдуулан 2021 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 13,444,179 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх 1-3, 43-45/

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.а А.Б нь Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргын үүрэгт ажлаас 2019 оны 05 сарын 27-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс Дорнод аймаг дахь Гаалийн газарт гаалийн улсын ахлах байцаагчаар томилсон Б- даргын 2019 оны 05 сарын 24-ний өдрийн Б/000 дугаар тушаалыг эс зөвшөөрч, захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0718 дугаар шийдвэрээр Б- даргын 2019 оны 05 сарын 24-ний өдрийн Б/000 тоот тушаал хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгон, нэхэмжлэгч А.Б-ыг урьд эрхэлж байсан Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн хяналт бүрдүүлэлтийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2019 оны 08 сарын 05-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны 2,974,762 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагч Б-т даалгаж шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 26-ны өдрийн 17 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 2020 оны 03 сарын 27-ны өдрийн 99 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийн хувьд хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хх 6-16/

 

3.б. Хариуцагч байгууллагаас дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас А.Б нь ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 12,672,846 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2020 оны 12 сарын 14-ны өдрийн 02918 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч Б ТБАГУТҮГ-аас 140,446.3 төгрөгийг гаргуулж, А.Б ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,532,399.7 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус зааснаар А.Б ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Б ТБАГУТҮГ-ын удирдлагад үүрэг болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 212 дугаар магадлалаар хариуцагч байгууллагаас 12,672,846 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ хугацааны нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлүүлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. өөрчлөлт оруулж, Улсын Дээд шүүхийн 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 00767 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна. /хх 17-24/

 

3.в. Хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг удаа дараа биелүүлээгүйн улмаас А.Б нь 2020 оны 09 сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 15,382,570 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 02521 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан хариуцагч Б ТБАГУТҮГ-аас 15,010,055,4 төгрөгийг олговорт тооцон гаргуулж, нэхэмжлэгч А.Б ад олгон, нэхэмжлэлээс үлдэх 372,514.6 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хугацааны шимтгэл, хураамжийг зохих журмын дагуу нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Бт үүрэг болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 сарын 15-ны өдрийн 210/МА2022/00707 дугаар магадлалаар хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 617 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болжээ. /хх 25-32/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

 

Гэтэл хариуцагч байгууллагаас дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн А.Б нь 2021 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 сарын 15-ны өдөр хүртэл төрийн албанд нэг ч өдөр ажиллаагүй, санал болгосон албан тушаалд очихыг эс зөвшөөрдөг гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч А.Б нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 14-ний өдрийн 02521 дугаар шийдвэрээр Б- харьяа Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байх хугацаанд нэг сарын 1,168,604.7 төгрөгтэй тэнцэх цалин, хөдөлмөрийн хөлс авч байсан болох нь тогтоогдсон тул үүнийг дахин баримтаар нотлох шаардлагагүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

4.а. Учир нь өмнө шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор тогтоогдсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй тул нэхэмжлэгч А.Б ыг Б- харьяа Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн албаны даргаар ажиллаж байх хугацаанд нэг сарын 1,168,604.7 төгрөгтэй тэнцэх цалин, хөдөлмөрийн хөлс авч байсан гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.б. Түүнчлэн, дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд нь эгүүлэн тогтоосон байх тул хариуцагч байгууллага Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Б ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар буюу 2021 оны 10 сарын 09-ний өдрөөс 2022 оны 09 сарын 15-ны өдрийг хүртэл нийт 11 сар 3 хоногоор тооцож, нийт 13,014,007 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 430,171 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч А.Б ын төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгуулж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид үүрэг болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43.2.7, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.2-д тус тус заасанд нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00011 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Б улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ