Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00374

 

 

 

 

2023 02 13 210/МА2023/00374

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/03944 дугаар шийдвэртэй

А ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б , Б.В нарт холбогдох

Орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батболд, хариуцагч А.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.Алтанзул, хариуцагч Б.В гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. А ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд байрлах 32а орон сууцыг бариулахаар хөрөнгө оруулж 2014 оны 12 сарын 01-ний өдөр 2014/772 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт гарсан.

2015 оны 08 сарын 24-ний өдөр 32а байрны 16 давхрын 150 тоот орон сууцыг Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу хариуцагч А.Б т худалдахаар тохиролцсон. А.Б нь орон сууцны төлбөрийг 100 хувь төлөх боломжгүй байсан тул мөн өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г нэмж байгуулан зээл төлөлтийн графикт заасан нөхцөлийн дагуу орон сууцны төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэвч А.Б нь гэрээнд заасан үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах мэдэгдэл шаардлагыг А ХХК-аас 2021 оны 09 сарын 16, мөэ оны 09 сарын 30-ны өдрүүдэд албан бичгээр тус тус мэдэгдсэн.

А.Б гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж 2021 оны 08 сарын 28-ны өдөр уг орон сууцыг өөрийн төрсөн эгч Б.В д хэлбэр төдий гэрээ байгуулж 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж мөн оны 09 сарын 02-ны өдөр Б.В гийн өмчлөлд Ү-00000 дугаарт бүртгүүлж үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу 2015 оны 08 сарын 24-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний 2.4, 2.6, мөн өдрийн Орон сууц зээлээр худалдах худалдан авах гэрээний 2.1.9, 4.1.11, 6.1, 6.3-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч А ХХК болон хариуцагч А.Б нарын хооронд байгуулагдсан 2015 оны 08 сарын 24-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, А.Б , Б.В нарын хооронд 2021 оны 08 сарын 28-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Б.В гийн өмчлөлд Ү-00000 дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч А.Б ын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ хариуцагч цаг тухайд нь гүйцэтгэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар хууль ёсны бүртгэлийг хийлгэж улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

Гэрээний 3.2-т үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх үүснэ гэж заасан байх тул нэхэмжлэгч талуудын хооронд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, үүргээ зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй тул орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах хууль зүйн үндэслэлгүй.

2.2. Нэхэмжлэгч нь тус нэхэмжлэлийг 2022 оны 03 сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан ба талуудын хооронд 2015 оны 08 сарын 24-ний өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тул гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Учир нь хариуцагч хамгийн сүүлд 2018 оны 08 сарын 04-ний өдөр төлөлт хийсэн ба түүнээс хойш нэхэмжлэгчтэй холбогдоогүй.

2.3. Үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар гэрчилгээ гарснаар өмчлөх эрх үүсэх байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.В гийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. А.Б , Б.В нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн. Тухайн гэрээг хууль бус, хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлгүй. Б.В нь төлбөр төлөх үүргээ биелүүлээд А.Б аас тухайн орон сууцыг худалдаж авсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. 1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 204 дүгээр зүйлийн 204.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Б , Б.В нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/ Толгойт гудамж 32а байр 150 тоот хаягт байрлах 0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч А ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 2,746,968 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 1,657,953 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. 2015 оны 08 сарын 24-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ нь ажил гүйцэтгэхтэй ямар ч холбоогүй, гэрээний талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан орон сууц худалдах-худалдан авах харилцааг зохицуулсан гэрээ юм.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгө бүртгэлтийн газарт гэрчилгээ гаргуулах хүсэлтэд дурдсан ба уг гэрээг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг А ХХК-д гаргаж өгсөн.

Хэргийн оролцогчоос ажил гүйцэтгэхтэй холбоотой гэрээ гэх агуулгаар тайлбар, татгалзал гаргаагүй. Энэхүү гэрээ нь А.Б нь худалдан авахаар тохиролцсон орон сууцны төлбөрийг бүрэн төлөх боломжгүй тул А ХХК-аас орон сууцны гэрчилгээг гаргуулан авч барьцаанд тавих зорилгоор бүртгэлийн байгууллагад хандсан, энэ талаар гэрч А.А мэдүүлсэн.

5.2. Нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хууль зүй дотоод хэргийн сайд гэх мэт шат шатны байгууллагад гомдол гаргаж холбогдох байгууллагаас А.Б аас тайлбар авч байсан.

Гэрч А.А гийн мэдүүлэгт ...энэ айл графикийн дагуу төлбөрөө мөнгөө төлдөггүй, би очиж уулздаг байсан гэсэн байдаг. Энэ талаар хариуцагч А.Б няцааж тайлбар гаргаагүй.

5.3. 2022 оны 01 сараас хойш нэхэмжлэгч 4 удаа нэхэмжлэл гаргаснаас 2 нэхэмжлэлийг хариуцагч А.Б гардан авсан боловч үнэн зөв, үндэслэл бүхий тайлбар гаргаж байгаагүйг хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр гэж үзнэ.

5.4. Хэргийн 152-167 дахь талд авагдсан Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дансны хуулгаар хариуцагчийн графикаар тохиролцсон хугацааннд зээл, зээлийн хүүг төлж байгаагүйг нотолдог.

5.5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч тал биелүүлж орон сууц, түүнтэй холбоотой баримт бичгийн хамт хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн. Харин А.Б үнийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа орон сууцыг өөрийн хамаарал бүхий этгээдэд дүр үзүүлсэн хэлцэл хийж шилжүүлсэн нь хуульд нийцэхгүй.

Гэрээний 2.4-т захиалсан байрны төлбөр 100 хувь хийгдэх хүртэл уг байрны хууль ёсны өмчлөгч нь А ХХК байна гэж талууд харилцан тохиролцсон. Иймд А.Б , Б.В нар нь уг орон сууцнц хууль ёсны өмчлөгч биш юм.м

5.6. Хэргийн 10 дахь талд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиараа авагдсан ба А.Б уг гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн гэж худал мэдүүлж гэрчилгээг дахин гаргуулж авсан.

А.Б орон сууцны гэрчилгээг эгч Б.В д шилжүүлэх шалтгаан нь ирээдүйд гарах шүүхийн шийдвэрийн төлбөр төлөх магадлалтай байсан, мөн орон сууцны төлбөрийг төлөхөөс зайлсхийх зорилготой байсан.

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны Засаг дарга З.Батдэлгэрийн тодорхойлолтоор тус орон сууцанд А.Б эхнэр Б.Б болон 3 хүүхдийн хамт амьдардаг.

Орон сууцыг 30 сая төгрөгөөр худалдсан талаар төлбөр төлсөн баримт байдаггүйгээс үзвэл анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

6.1. А.А нь орон сууцны төлбөрийг бүрэн авсан, мөн төлбөрийг бүрэн барагдуулсан тухай бичиг хийж өгснийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Нэхэмжлэгч тал улсын бүртгэлийн газарт хэрэгт авагдсан бүх бичиг баримтуудыг бүрдүүлж өгч, гэрчилгээг гаргуулсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх гэрчилгээ гарснаар өмчлөл үүснэ гэдэг. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А.Б т холбогдуулан орон сууц захиалгын гэрээ болон орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч Б.В д холбогдуулан түүний А.Б тай байгуулсан худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, А ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. А ХХК, А.Б нарын хооронд 2018 оны 08 сарын 24-ний өдөр орон сууц захиалгын гэрээ болон орон сууц зээлээр худалдах-худалдан авах тус тус гэрээ байгуулагдсан байна.

 

Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч А.Б орон сууцны урьдчилгаа төлбөр 9,640,700 төгрөгийг шилжүүлжээ. /хэргийн 1 дүгээр хавтасны 29 дэх хэсэг/

 

3.1. Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний 3.2-т худалдан авагч нь ...мөнгөн төлбөрийн үүргийг гэрээнд заасан хугацааны туршид бүрэн төлж дуусгаснаар гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэн авна... гэж заасан.

 

Хэргийн 152-167 дахь талд авагдсан Худалдаа хөгжлийн банк ХХК дахь А ХХК-ийн эзэмшлийн харилцах дансны хуулгаар А.Б орон сууцны төлбөрт 26,165,700 төгрөг төлсөн нь тогтоогдсон байна.

 

3.2. Хариуцагч А.Б нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул нэхэмжлэгч А ХХК-ийн 2015 оны 09 сарын 16-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн гэх албан бичгийг үндэслэн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийг хийлгэсэн гэж тайлбарласан.

 

3.3. Уг албан бичигт ...А.Б нь захиалгын гэрээний дагуу 96,407,000 төгрөгийг төлж, 86,766,300 төгрөгийг Б ХХК-ийн зээлд хамрагдан төлж, төлбөрөө бүрэн төлсөн тул тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч А ХХК-аас тус албан бичигт зурагдсан гарын үсэг компанийн ерөнхий захирал Х.Болдбаатарын гарын үсэг биш гэж маргаж байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

3.4. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч байгууллагын Худалдаа хөгжлийн банк ХХК дахь дансны хуулга болон албан бичиг, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл маргаан бүхий орон сууцны үнийг хариуцагч бүрэн төлсөн гэх байдал эргэлзээтэй байна.

 

4. Түүнчлэн, Б ХХК-ийн тус байгууллагаас А.Б зээл авч байгаагүй талаар албан бичгийг нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар гаргуулсан байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 177 дахь тал/

 

4.1. Иймд 2015 оны 09 сарын 16-ны өдрийн А ХХК-ийн албан бичгийг нэхэмжлэгч байгууллагыг хариуцагч А.Б аас орон сууцны үнийг бүрэн хүлээж авсан гэж эргэлзээгүй тогтоосон баримт гэж дүгнэх боломжгүй.

 

Учир нь талууд дээрх гэрээний үүрэгтэй холбоотой орон сууцны төлбөрийн үлдэх хэсгийг төлсөн эсэх талаар маргаж байгаа тохиолдолд хариуцагчийн төлбөр төлсөн гэх татгалзлын үндэслэлийг тодруулах шаардлагатай.

 

5. Мөн нэхэмжлэгч байгууллага маргаан бүхий орон сууцны бүртгэлтэй холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргасныг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад шилжүүлэн, улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 1/9280 тоот албан бичгээр хариу өгсөн байна. /хэргийн 1 дүгээр хавтасны 77-79 дэх тал/

 

5.1. Тус албан бичигт ...уг гэрээний үүрэгтэй холбоотой маргаантай асуудал нь тус байгууллагын харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй тул эрх бүхий хууль хяналтын байгууллагад хандах нь зүйтэй байна. гэсэн ба нэхэмжлэгч үүнтэй холбогдуулан зохих байгууллагад албан ёсоор хандсан байдал тодорхойгүй байна.

 

6. Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлд хамаарна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 184/ШШ2022/03944 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,500,000 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ