| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2018/0103/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/111 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/111
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Рэнцэндорж,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч С-ын Д холбогдох эрүүгийн 1817002100103 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 10-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 27 настай, дээд боловсролтой, төрийн захиргаа удирдлагын менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 1 дүгээр баг,..........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Урьд Сум дундын 6-р шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан С-ын Д /РД:............/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч С.Д нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг, Биеийн тамир спорт хорооны үүдэнд Н.И-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Д нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг, Биеийн тамир спорт хорооны үүдэнд Н.И-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Тухайн үед уур хүрээд биеэ барьж чадалгүй хохирогчийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон нь үнэн. Маш их гэмшиж байна. Миний буруу, би хохирогчид 1.500.000 төгрөг өгнө.” гэх мэдүүлэг.
Хохирогч Н.И мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн баяр наадам болсон. Тухайн өдөр би баяр наадмын шагайн харваанд оролцохоор Шивээговь сумаас ирсэн. Шагайн харваа тэмцээн спорт хороонд болсон. Намайг спорт хорооруу ороход С ах дуудаж уулзсан. С ах надад хандаад ах нь гаднаас 2-3 хүнтэй ирсэн. Гадны хүн оруулах болов уу би Д нэг цолонд хүргэх санаатай байна. Оролцуулах талаас нь дэмжээд өгөөч гэсэн утгатай үг хэлсэн. Баяр наадам болохоос хэдхэн хоногийн өмнө аймгийн баяр наадамд Говьсүмбэр аймгийн харьяат, ажиллаж амьдарч байгаа хүн оролцоно гэж шагайн холбооны тэргүүн Энхбаатар шийдвэр гаргасан байсан. Тэмцээн эхлэхээс өмнө холбооны тэргүүн мэдээлэл хийгээд багийн ахлагч нараас санал авсан. Багийн ахлагч нар шагайн холбооны тэргүүлэгчдийн шийдвэрийг дэмжсэн. Тухайн үед С ах зааланд байсан хүмүүсрүү оруулсангүй гэх зэргээр үг хаяад яваад байсан. С ахын баг болон Дундговь аймгийн Дэрэн сумын баг хасагдаад гарсан. Шагайчид завсарлаад заалнаас гарсан. Би спорт хорооны баруун талын зогсоолруу гараад очтол С ахын багт байсан Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат Б, Д нар байсан. Би тэд нартай энэ шийдвэрийг зөвөөр ойлгоорой гээд яриад зогсож байтал Ср ахын хүү Д юуг нь ойлгодог юм бэ пизда минь гээд намайг цохих гээд надруу гараа явуулсан. Би өөрийгөө хамгаалаад цохиулаагүй. Тэгээд бид 2 бие биенээ зуураад авсан. Тэгтэл хажуунаас хүмүүс ирээд бид 2-н голоор ортол Д миний хамар хэсэгрүү 1 удаа цохисон. Д газраас чулуу аваад чи цагаачилж яваа биздээ пизда минь гээд хэл амаар доромжлоод намайг цохих гээд байсан. Тэгээд би машинд ороод толинд хамраа хартал ангайсан шарх байсан. Хадам аав ирээд наадхаа эмнэлэгт үзүүлэхгүй бол болохгүй юм байна гээд Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлээд Н эмчээр хамрынхаа шарханд 2 оёдол тавиулаад боолт хийлгэсэн. Хамарын оёдол эдгэхгүй шарх нь задраад байхаар нь хэд хоногийн дараа ирээд эмнэлэгт үзүүлээд зураг авахуулсан чинь хамрын яс хугарсан байна гэсэн. Хамраа янзуулаад, хамрын хагалгаа хийлгэхэд 1.200.000-1.800.000 төгрөг болдог юм байна лээ. Энэн дээр ор хоногийн мөнгө бусад зардлууд гардаг юм байна, энэ бүгдийг нэхэмжилж авна...С.Д-эй сайн дураараа эвлэрч хохирлын тал дээр харилцан тохирч маргаангүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7, 25-р тал/,
Гэрч Д.Ср мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн баяр наадам болсон юм. Баянтал сумаас шагайн харваа тэмцээнд багаараа оролцохоор ирсэн. Гэтэл шагайн холбооны тэргүүн Э гэх хүн гадны хүн буюу өөр аймгийн хүн багтаа оруулсан байна гээд манай багийг тэмцээнд оруулахгүй гэсэн. Тэгэхээр нь энд орохоо больё Дундговь аймгийн наадамд очиж оролцоё гээд шагайн хэрэгслээ аваад шууд гарсан. Би гадаа гараад Дундговь аймгийн Дэрэн сумын харваачид ирсэн байхаар нь тэр хэдтэй уулзаад юм яриад зогсож байтал ар талд хүмүүс шуугилдахаар нь эргээд хартал манай хүү Д, И нар бие биенийхээ хувцаснаас заамдалцаад барьсан байхаар нь би наанаас нь яваад очиж хоёр тийш нь болгосон. И-ийн хамрын нурууны гол хэсэгт хөндлөн шалбарсан байгаа харагдсан. И нүдний шилтэй байсан. Намайг салгахаар очиход нүдний шил нь газар унаж байсан. Тэр 2 миний хажууд бие биенээ цохисон асуудал байхгүй. И-ийн эхнэр, эхнэрийнх нь ээж 2 ирээд намайг цохичихлоо гэж бодсон юм шиг байна лээ надруу чи энэ шагайн талбайгаас зайл чи гэртээ очиж эхнэрээ үсдэж зод гэх зэргээр доромжлоод байсан. Би И-гийн эхнэр, түүний ээж 2-той жоохон маргалдаж байгаад явцгаасан. Өөр асуудал болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,
Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн баяр наадам болсон. Тухайн өдөр манай нөхөр баяр наадмын шагайн харваанд оролцохоор Шивээговь сумаас ирсэн. Шагайн харваа тэмцээн спорт хороонд болсон. Би нөхрийнхөө хамт спорт хорооруу орж байхад С ах манай нөхрийг дуудаад уулзсан. С ах Дорноговь аймгаас Хатан ахын баг ирсэн байна тоглуулчихвал яасан юм бэ гэсэн. Мөн Дундговь аймгийн 2 залуу ирсэн байна гэж хэлсэн. Манай нөхөр И удирдамжийнхаа дагуу тоглоно ш дээ гэж хэлээд спорт хорооруу орсон. С ах араас пизда гэх зэргээр хараагаад үлдсэн. Техникийн зөвөлгөөн болоод багийн ахлагч нар хурал хийж байгаад тарсан. С ахын баг шагайн хэрэгслээ хураагаад гарсан. Нэг харсан манай нөхөр спорт хорооноос гараад явж байсан. Би араас нь гараад очсон чинь хамарлуугаа цохиулсан гээд хамраа дараад сууж байсан. Би С ахыг цохичихлоо гэж бодоод та одоо настай намбатай хүн байж яаж байгаа юм бэ гэхэд чамд ямар хамаатай юм бэ гичий минь гэх зэргээр дайраад байсан. Намайг машинаасаа бууж ирээд цохих гээд байхад хажууд нь сууж байсан хүн хориод буулгаагүй. Тэгээд сальфитакаар нөхрийнхөө хамрын цусыг арчих гэсэн хамрын нуруун дээр хөндлөн язарсан шарх байсан. Би яасан талаар нөхрөөсөө асуухад юм хэлээгүй. И Д хандаад хоёулаа уулзах байлгүй дээ гэсэн чинь Д машинаас бууж ирээд чулуу аваад цохих гээд байсан. Тэгсэн Д-ийн аав С машинаас бууж ирээд Д загнаад аваад явсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би зааланд байж байгаад нилээн хожуу араас нь гарсан. Гадаа гартал манай хүргэн И-гийн хамрын нуруун дээр дунд хэсэгт язарсан цус гарсан байсан. Би И-гаас яасан талаар асуусан чинь Д намайг цохичихлоо гэж хэлсэн. Шагайн харваанд оруулсангүй гэж цохисон юм шиг байна лээ. Энэ тэмцээнд оруулах оруулахгүй нь -ийн мэдэх асуудал биш байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр очоод На эмчид үзүүлж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/,
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн баяр наадам болж байсан юм. Манай нөхөр Д хүргэн И нар шагай харвадаг юм. Би шагайн харваа үзэж сонирхохоор 11 цагт спорт хороон дээр яваад очтол И-гийн хамар хэсгээс цус гарсан зогсож байхаар нь яасан талаар асуухад зүгээр зүгээр гээд байсан. Хамрын нуруун дээр , 2 нүдний дунд хэсэгт хөндлөн ангайсан шархтай шархнаас болон хамрын нүхнээс цус гарч байсан. Би халаасанд байсан сальфетик гаргаж өгөөд цусыг нь арчуулаад эхнэрийг нь дуудахаар спорт хорооруу явж байтал өөдөөс манай охин С гараад ирсэн. Би С-ад нөхөр чинь зодуулсан байна гэж хэлсэн. Тэгээд И-г аваад эмнэлэг орж оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 14-р тал/,
Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ Тухайн өдөр Говьсүмбэр аймгийн баяр наадам болж би багийнхаа хүмүүсийн хамт шагай харвах санаатай багийнхантайгаа очсон. Шагайн харвааны тэмцээн нь Говьсүмбэр аймгийн спорт хороон дээр болох гээд техникийн зөвлөгөөнд нь манай багийнхан суусан чинь гадны аймгаас ирсэн багийг оруулахгүй гэсэн шийдвэр гарсан. Тухайн шийдвэр гарсантай холбоотой манай багийн гишүүд сандал, эд хэрэгсэлээ аваад спорт хорооны байрнаас гарсан. Тэр үед бидний араас И Д нар гарч байгаа харагдсан. Би цаашаа машинруугаа яваад гартаа байсан зүйлээ тавьчихаад ирсэн чинь Д И нар хоорондоо муудаад хажууд нь зогсож байсан манай багийн гишүүд тэр 2-г салгасан. Би тэр хоёрын хэн хэнийхээ хаана хэдэн удаа юугаар цохисон гэдгийг хараагүй. И, Д нарын биед ил харагдах шарх гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/,
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Н.И гэх хүн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр надад үзүүлсэн байна. Тухайн үед хамар нурууны дээд хэсэгт хөндлөн урагдсан шархтай байсан. Тухайн үед урагдсан шарханд оёдол тавиад явуулсан. Баяр наадмын өдөр байсан болохоор ажлын өдөр ирж давтан үзүүлэх тухай хэлээд явуулсан. Мөн дараа нь И давтан үзүүлэхэд хамрын зургийг нь авахуулахад хамрын таславч хугарсан байсан. Хамарын хугарал нь шинэ хугарал байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 17-р тал/,
Шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 291 дугаартай дүгнэлтэд:
- Н.И-ийн биед хамрын ясны хугарал, хамрын нуруунд урагдсан шарх гэмтэл учирчээ.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 07 дугаар сарын 07-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 19-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч С.Д нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1817002100103 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлөөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-ын Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Н.И нь өөрт учирсан хохиролоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ