Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 625

 

Э.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, хохирогч Д.Х, түүний өмгөөлөгч М.Х, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны   05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн  1089 дүгээр магадлалтай, Э.Э-д холбогдох 2011000300123 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны  10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын операторчин мэргэжилтэй, “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-т жолооч ажилтай, ял шийтгэлгүй, С овгийн Эын Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С овгийн Э-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,

Иргэний хариуцагчаар иргэн П.Ог тогтоосныг “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын иргэний хариуцагчаар зөвтгөн тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 24.153.480 төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3-1-34 тоотод оршин суух Довдон Хандаасүрэнд олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... 24.153.480 төгрөгийг,...” гэснийг “... 24.025.186 төгрөгийг ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б гаргасан гомдолдоо “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив тал нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байхыг заавал шаарддаг онцлогтой гэмт хэрэг байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгч Э.Э-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э- нь автобусыг жолоодон явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалгаа нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж Д.Хандаасүрэнг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна гэж үзэж шүүгдэгч Э.Э-ыг Замын хөдөлгөөний дүрэмд заасан аюулгүй байдлыг хангаж тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоож, зорчигчийг буулгаж, суулгасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүргээ зөрчсөн байна гэж дүгнэсэн хэдий ч давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгож буй дээрх дүгнэлт нь Замын хөдөлгөөний дүрмийн аль заалт болохыг дурьдаагүй бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 дэх хэсгийг шүүгдэгч Э.Э- зөрчсөн эсэх талаар үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасан заалт нь дараах 3 шинжээс бүрддэг.

а. Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах;

b. Хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх;

c. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалгаа нээхийг хориглодог.

Жолооч дээрх шинжүүдийн аль нэгийг эсхүл бүхэлд нь зөрчсөн тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл бүрддэг. Шүүхийн шийтгэх тогтоол болон магадлалд жолооч Э.Э- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтын объектив талын аль шинжийг зөрчсөн, тухайн үйлдэл нь хэргийн нөхцөл байдалтай хэрхэн нийцэж буй талаар огт дүгнэлт хийгдээгүй.

Шүүх “Д.Хандаасүрэнг автобусны суудалд бүрэн сууж амжаагүй байхад нь унагасан, зорчигчийг зориулалтын бариулаас барьж явах боломж олгоогүй” гэж тус тус дүгнэж хуулийг мөн адил буруу тайлбарласан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар зорчигчийг суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд зогсоогоор нь тээвэрлэж болдог бөгөөд жолооч зорчигчийг заавал суудалд суулгах үүрэггүй, мөн уг дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2-“Г” хэсэгт “зорчигч чиглэлийн тээврийн хэрэгсэл дотор зогсоогоор зорчихдоо зориулалтын бариулаас барихгүй явахыг хориглоно” гэж заасан зохицуулалтыг хохирогч өөрөө зөрчсөн байхад жолоочийг гэм буруутай гэж үзэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй байна.

Шүүгдэгч Э.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын болон магадлалын үндэслэл болгосон дээрх дүгнэлтүүдээс дараах асуудлууд үндэслэлгүй байна.

1. Шүүх шүүгдэгч Э.Э-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн объектив талын аль шинжийг зөрчсөнийг тогтоож чадаагүй.

2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд суурин газрын доторх чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчигчийг зогсоогоор тээвэрлэж болох талаар зохицуулсан байхад шүүгдэгч Э.Э- нь зорчигчийг суудалд суулгаагүй тээвэрлэсэн гэм буруутай гэж хууль буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

3. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зорчигч чиглэлийн тээврийн хэрэгсэл дотор зогсоогоор зорчихдоо зориулалтын бариулаас барихгүй явахыг хориглоно гэж заасан буюу зорчигч бариулаас барих үүрэгтэй гэдгийг зохицуулсан бөгөөд хохирогч Д.Хандаасүрэн уг заалтыг зөрчсөн байхад шинжээч Д.Хандаасүрэнг замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, шүүх шүүгдэгч Э.Э-ыг зорчигчийг заавал бариулаас бариулах ёстой гэж хууль буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг заавал зөрчсөн байхыг шаарддаг. Анхан шатны шүүх Э.Э-ыг Замын хөдөлгөөний дүрмийн 23.4-т “жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах, суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнийг эхлэх үүрэгтэй, хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол зогсоогүй байхад хаалгыг онгойлгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж хохирогчийг унагаж гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, жолооч нь хохирогчийг зогсоогоор нь тээвэрлэсэн, суудалд суулгаагүй, бариулаас барих боломж олгоогүй байна гэж дүгнэсэн. Э.Э- нь автобусаа зогсоосны дараа зорчигчдыг буулгаж, зорчигчид суусны дараа хаалгаа хаагаад хөдөлсөн ба хохирогч картаа уншуулаад цаашаа явж байх үед автобус хөдөлсний улмаас унаж гэмтэл авсан. Э.Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 дэх заалтын аль шинжийг нь зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Давж заалдах шатны шүүх “хохирогчийг суудалд суулгах боломж олгоогүй” гэж дүгнэсэн. Замын хөдөлгөөний дүрмийн 23.5-д “суурин газрын дотор чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчигчийг зогсоогоор нь тээвэрлэж болдог. Мөн дүрмийн 6.2-д зорчигч нийтийн тээврийн хэрэгсэл дотор зогсоогоор зорчихдоо зориулалтын бариулаас барихгүй байхыг хориглоно гэж заасан. Өөрөөр хэлбэл зорчигчид үүрэг болгосон заалт юм. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 дэх заалтын аль шинжийг нь зөрчсөн талаар бодитой дүгнэлт хийгээгүй, Замын хөдөлгөөний дүрмийг төсөөтэй байдлаар хэрэглэсэн. Хэрэв Э.Э- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хохирогч Д.Хандаасүрэнд хохирол учирсан гэж үзэж байгаа бол 23.4 дэх заалт биш гэж үзэж байгаа. Шинжээч томилж, дахин дүгнэлт гаргуулах нь зүйтэй. Шүүх бүрэлдэхүүн Э.Э-ын үйлдэл Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 дэх заалтын аль шинжийг нь хангаж байгаа эсэхэд анхаарлаа хандуулж өгнө үү” гэсэн бол шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүх шүүгдэгч Э.Э-ыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг яаж үйлдсэн буюу Э.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг хэрхэн зөрчсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт өгч чадалгүйгээр Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг төсөөтэй байдлаар хэрэглэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/378 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020/ДШМ/1089 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Х шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Хохирогч нь автобусны урд хаалгаар ороод хоёр шат гишгээд цүнхнээсээ картаа уншуулаад хөдлөх гэтэл огцом, хурдтай хөдөлсөн. Жолооч нь зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэрч н.Лхагвасүрэн нь “жолоочийг огцом, хурдтай хөдөлсөн” талаар мэдүүлдэг. Тухайн тээврийн  хэрэгсэлд 6-7 хүн сууж явсан ба хохирогч суудалд суух боломжтой байсан. Э.Э- жолоочийн хувьд хохирогчийг бариулаас барих, суудалд суух завдал өгөлгүй хөдөлсөн. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд тухайн гэмт хэргийн обьектив талын шинж байхгүй гэж үзэж байна. Э.Э-ын огцом хурдтай хөдөлж байгаа үйлдэл нь санаатай үйлдэл юм. Хохирогч нь хүний нутагт очиж өндөр төлбөртэй хагалгаанд орж, баруун гар нь үсээ самнаж чадахгүй байдалтай байгаа бөгөөд байнгын эмчилгээ хийлгэж байна. Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Жолооч Э.Э-ын хувьд үүргээ биелүүлээгүйн улмаас зорчигч бариулаас барих боломжгүй байсан байна. Тухайн автобусанд зорчигч цөөн байсан, суудалд суух боломжтой байсан, насны хувьд 60 гарсан настай хүн учир суудалд суух боломжтой. Э.Э- нь огцом хөдөлгөөн хийсний улмаас хохирогч унаж гэмтэл авсан болох нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Зорчигч өөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй боловч жолооч үүргээ биелүүлээгүй байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, жолоочийн гэм буруутай үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б-гийн гаргасан гомдлыг үндэслэн Э.Э-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг.

Э.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Цэцэг” худалдааны төвийн баруун замд “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн “Daewoo BS106” маркийн 33-08 УНН улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 дэх заалтыг зөрчсөний улмаас зорчигч 66 настай, эмэгтэй Д.Х-г автобусны суудалд бүрэн сууж амжаагүй байхад нь унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Э.Э-ыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан баримтыг авч үзвэл шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь хөдөлгөөн эхлэхтэй холбоотой, өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд автобусанд 6-7 хүн зорчин явсан, суудал чөлөөтэй байхад зорчигчид суудалд суух болон бариулаас барих боломж олголгүй огцом хөдөлснөөс болж унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан. Өөрөөр хэлбэл, Э.Э-ын болгоомжгүй үйлдлийн улмаас дээрх хохирол учирсан нь хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдох байх ба гэмт хэргийн шалтгаант холбоог тогтоохдоо хэргийн бодит нөхцөл байдал, гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг харгалзах ёстой.

Техникийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 142 дугаартай дүгнэлтэд “... жолооч Э.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй ... гэсэн заалтыг зөрчсөн” гэсэн байх ба тус үүрэг нь “жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхэд аюул, осол үүсгэхгүй байх бүх талын нөхцөлийг бүрэн хангах” зэрэг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэмд тусгайлан заасан цогц үүргүүдийн хүрээнд нягт хамааралтайгаар хэрэгжих, хэрэглэгдэх учиртай.   

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн 12.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасан, түүнчлэн хохирогчийн өмгөөлөгчийн болон прокурорын дүгнэлтийн үндэслэлээс үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан нь шүүгдэгч Э.Э-ын илтэд болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотойг тогтоосон үйл баримтуудыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч О.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1089 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН