Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0130

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0823 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0823 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалын “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах гомдолдоо: “... 1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн Нэг. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тухайд гэсэн үндэслэлд “Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг ... байгуулна” гэж дурдсан боловч “Товчхондоо бол тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байхаар байна” гэж дүгнэсэн байна.

.... тус компанийн газрын гэрчилгээний хавсралтад дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 тоот тушаал нь 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд заагдаагүй, уг тушаалд тус компанийн нэр байхгүйгээс шалтгаалан газрын төлбөрөө төлөх шатанд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн.

Энэхүү нөхцөл байдлыг тодруулах, “М” ХХК-ийн газар ашиглах 2013/30 тоот гэрчилгээний 1 га газраа эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулах, давхцалтай хэсгийг тодорхойлуулах зорилгоор тус компаниас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 17/20 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 18/001 дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариуг ирүүлээгүй байна.

.... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тус компанийн газар ашиглах эрхийг баталгаажуулсан ямар шийдвэр байгаа нь өнөөдрийг хүртэл мэдэгдэхгүй байна.

2. Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, нэхэмжлэгч “М” ХХК хооронд 2015 онд байгуулсан 2015/30 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 2.4-д газрын төлбөрийг төлөх хэмжээг тогтоосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны ...  5/39 дугаар тогтоол нь ... Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ” гэж заасанд нийцэхгүй, хүчин төгөлдөр бус шийдвэр болсон.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн ... үндэслэлд “Энэ нь нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, ...-ний дагуу газрын төлбөр төлнө. ...” гэж заасныг зөрчин газрын төлбөрийг төлөх, тайлагнах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэн хуулийн “зохих хууль тогтоомж” гэснийг харгалзан үзэлгүйгээр зөвхөн нэгэнт байгуулсан гэрээний заалтыг баримтлан шийдвэрлэсэн байна.

3. Тус компанийн газрын гэрчилгээний хавсралтад дурдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны ... А-11 тоот тушаал нь 2015 оны ... “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-нд заагдаагүй, уг тушаалд тус компанийн нэр байхгүй нь мөн газраа зориулалтын дагуу бүрэн ашиглахад тодорхойгүй нөхцөл байдал үүсгэсэн, энэхүү нөхцөл байдлыг тодруулах, “М” ХХК-ийн газар ашиглах 2013/30 тоот гэрчилгээний 1 га газраа баталгаажуулах, давхцалтай хэсгийг тодорхойлуулах зорилгоор тус компаниас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 17/20 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хүсэлт гаргах тухай” 18/001 дугаартай албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд тус тус хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хариуг ирүүлээгүй” нөхцөл байдал шууд нөлөөлсөн.

Гэсэн хэдий ч тус компаниас Богдхан уулын Дархан цаазат газрын Арцатын аманд байгуулах аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөлдөө Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар захиалан хийлгэж, төслийн хөрөнгө оруулалтын гэрээг БНХАУ-ын хөрөнгө оруулагчтай байгуулан уг газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу төслийн зорилгоор ашиглаж байгааг анхан шатны шүүх авч хэлэлцэлгүй орхигдуулсан.

Харин ч анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “... ” гэж заасан эрхийг хэрэгжүүлэхдээ хэт нэг талыг барьж тус компаниас газар ашиглахтай холбогдсон үүргээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа холбогдох шийдвэр, давхцалаа тодорхойлуулах зорилгоор эрх бүхий байгууллагад удаа дараа хандсан албан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснийг шалгаж тогтоолгүйгээр, маргаан бүхий актыг гаргах үед тогтоогдоогүй байсан буюу хариуцагчаас хүсэлт тавиагүй баримт материалыг бусад байгууллагуудаас нөхөн гаргуулж түүнд үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна.

4. Нийтийн эрх зүйн хүрээнд захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах үйл ажиллагаанд Үндсэн хуульд заасан төрөөс хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах шаардлага тэр бүр биелэгдэхгүй, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэрийг дур зоргоор гаргаж хохироох явдал цөөнгүй гарч байгаатай холбогдуулан захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, эрх зүйт төрийн зарчим, эрх зүйт хуулийн зарчим, хууль дээдлэх зарчим, тэгш эрхийн зарчим, зөрчигдсөн эрхээ шударга шүүхээр хамгаалуулах зарчим яаж тусгалаа олох, ямар байдлаар хэрэгжих нэгдсэн ойлголт, зохицуулалтыг 2015 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуулиар тогтоож өгсөн.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/121 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” тусгай зарчмууд болон мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, ...-г батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчсөн.

5. Мөн маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/121 дугаар тушаалын үндэслэх хэсэгт заасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст тавигдсан 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн зарлал 1, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлал 2,  2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн зарлал 3-уудад сонсох ажиллагаа хийх бус газар ашиглах эрхийг цуцлахтай холбогдуулан тооцоо нийлэх агуулгатай, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд урьдчилан мэдэгдэх Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан арга хэрэгслийг ашиглаагүйгээс гадна тус компанийн нэр заагдаагүй болно.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ”, 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж заасныг зөрчиж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0823 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “М” ХХК-ийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/121 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээв.

 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаалаар “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 455 дугаар саналыг тус тус үндэслэн “М” ХХК-д газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцлахаар шийдвэрлэснийг тус компани эс зөвшөөрч “... тухайн газрыг ашиглах гэрчилгээний хугацаа дуусаагүй, газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-11 дүгээр тушаалд нэхэмжлэгчийн нэр байхгүй, энэ байдлыг тодруулахаар удаа дараа бичгээр хандсан боловч хариу өгөөгүй, ... сонсох ажиллагаа хийлгүй газар ашиглах эрхийг хүчингүй болгосон, ... гурвалсан гэрээгээр газрын төлбөрийн хэмжээг тогтоосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 5/39 дүгээр тогтоол Хууль зүй, дотоод хэргийн яамны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй тул газрын төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж маргажээ.

Хариуцагч “нэхэмжлэгч газрын төлбөрөө төлөөгүй, тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, эдгээр нөхцөл байдлыг Хан-Уул дүүргийн Газрын албаны газрын төлбөрийн мэдээлэл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 455 дугаар албан бичгээр ирүүлсэн санал зэргээр нотлогдоно, мөн Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүднээс газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаар удаа дараа анхааруулж зарлал, мэдээллийг тавьж байсан” гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 дүгээр тушаал[1]-аар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын Дархан цаазат газрын “Арцатын ам” нэртэй газарт 1 га газрыг нэхэмжлэгчид аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэснийг үндэслэж, 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2013/30 дугаартай газар ашиглах гэрчилгээ[2] олгож, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/30 дугаартай гурвалсан гэрээ[3]-г байгуулсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр тушаал[4]-аар “газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч  “М” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож, гэрээг цуцалж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраар аж ахуйн нэгжид тодорхой, нөхцөл болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болохоор зохицуулжээ.

Хуулийн дээрх зүйл, заалтын агуулгаас харахад тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулахдаа захиргааны байгууллагын зүгээс тодорхой, нөхцөл болзол шаардах эрхтэй, энэхүү шаардлагыг хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах зарчим үйлчлэхээр байна. Өөрөөр хэлбэл, төрийн хяналт хамгаалалтад байх тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх үүссэн бол зориулалтаар нь үр ашигтай, зохистой ашиглаж, газрын төлбөрийг хугацаанд нь төлөх шаардлагатай.

Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрх олгосон төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар ашиглах гэрээг дүүргийн Засаг дарга болон Хамгаалалтын захиргаа байгуулах, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2-т зааснаар газар ашиглах гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглагчийн хувьд хүлээх үүрэг тодорхой болох ёстой.

Гэтэл нэхэмжлэгч “М” ХХК-ийн тухайд 2012 онд газар ашиглах эрх үүсч, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга болон Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/30 дугаартай гурвалсан гэрээг байгуулснаар улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор газрын төлбөр төлөх харилцаа эхэлсэн байхад 2018 он хүртэл газрын төлбөр төлөөгүй байгаа нь хуулийн дээрх шаардлага, зарчимд нийцээгүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-т зааснаар Газрын тухай хууль нь тусгай хамгаалалттай газар нутагт үйлчлэхээр заасан байх бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 2-т дахь хэсэгт “тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллага Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан үүргээс гадна дараах үүргийг хүлээнэ” гэж зааснаас үзэхэд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч  этгээд нь Газрын тухай хуульд заасан нийтлэг үүргийг хүлээхээр байна.

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна” гэж заасныг зөрчиж газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй байх тул “М” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/121 дүгээр тушаал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцсэн байна.

Иймд төрийн хяналт хамгаалалтад байх тусгай хамгаалалттай газрыг ашиглах эрх үүссэн бол тухайн газар ашиглагч газрыг зориулалтаар нь ашиглахаас гадна тогтоосон журмын дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлсөн тохиолдолд түүний газар ашиглах хууль ёсны эрх, ашиг сонирхол хамгаалагдахаар байтал нэхэмжлэгч газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас энэ үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулан газар ашиглах эрхийг нь цуцалсныг буруутгах үндэслэлгүй.

Нэгэнт хуулиар хүлээсэн газрын төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... газрын төлбөрийн төлөх хэмжээг тогтоосон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... 5/39 дүгээр тогтоол нь “Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т ... гэж заасанд нийцэхгүй, хүчин төгөлдөр бус шийдвэр болсон” гэх гомдол үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий этгээд хуулийн энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд “хүндэтгэн үзэх шалтгаангүй” нөхцөл байдлыг нягтлан шалгаж тогтоосон байх шаардлагатай.

“М” ХХК-ийн нэр дээр 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2013/30 дугаартай газарт ашиглах гэрчилгээ олгогдсон, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” 2015/30 дугаартай гурвалсан гэрээг байгуулагдсан байна.

Гэтэл нэхэмжлэгч маргаан бүхий акт гарах хүртэл газрыг зориулалтын дагуу огт ашиглаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан “У ц т с” ТӨХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн “... “Арцатын ам” нэртэй газарт “М” ХХК-ийн нэр дээр техникийн нөхцөл гаргуулах талаар хүсэлт ирүүлээгүй ...” гэх 2/2697 дугаар албан бичиг[5], “У с у г” ОНӨААТҮГ-ын 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “... “М” ХХК нь манай байгууллагаас цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдох техникийн нөхцөл авах талаар хүсэлт ирүүлээгүй ...” гэх 2/2695 дугаар албан бичиг[6], Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ““М” ХХК нь Арцатын аманд аялал жуулчлалын цогцолбор төслийн хүрээнд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлуулаагүй, батлуулахаар хүсэлт гаргаж байсан бүртгэл байна ...” гэх 09/4572 дугаар[7]-тай албан бичгүүд,  шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэг, түүний хавсралт, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн зургуудаар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч ашиглах эрх үүссэн газарт барилга байгууламж бариагүй зам талбай бариагүй, газраа хашаалаагүй байх бөгөөд тэрээр “давхцалтай эсэх нь тодорхойгүйн улмаас газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан” гэх тайлбарыг шүүхэд гаргасан байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхаас гадна бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцалтай нь тодорхой эсэхээс үл хамааран нэхэмжлэгчийг гэрээнд заасны дагуу эзэмшил газрын төлбөрөө төлөх, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн давхцал байгаа эсэхийг тодруулах талаар хандсан байхад шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбогдуулан тухайн үед маргах эрх нь нээлттэй байснаас гадна газар ашиглах шийдвэр гарсан, гэрчилгээ олгогдсон, гэрээ байгуулсан цаг хугацааны хувьд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжгүй, давхцалын асуудал тодорхой бус гэх асуудал нь газар ашиглах эрх, газрын төлбөр төлөх боломжийг хязгаарлах, газар ашиглалтад шууд нөлөөлөх хангалттай үндэслэл биш байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 32.2-т “Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цуглуулж, тэдгээрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... тус компанийг газар ашиглахтай холбогдсон үүргээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа холбогдох шийдвэр, давхцалаа тодорхойлуулах зорилгоор эрх бүхий байгууллагад удаа дараа хандсан албан хүсэлтийг хэрэг шийдвэрлэснийг шалгаж тогтоолгүйгээр, маргаан бүхий актыг гаргах үед тогтоогдоогүй байсан буюу хариуцагчаас хүсэлт тавиагүй баримт материалыг бусад байгууллагуудаас нөхөн гаргуулж түүнд үндэслэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн, ... газраа зориулалтын дагуу бүрэн ашиглахад тодорхойгүй нөхцөл байдал үүссэн, газраа баталгаажуулах, давхцалтай хэсгийг тодорхойлуулах зорилгоор холбогдох захиргааны байгууллагад хандсан боловч хариу өгөөгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, гаргаж өгөх боломжгүй бол эх сурвалжийг нь зааж өгөх, эсхүл гаргуулах талаар хүсэлт гаргах, мөн захиргааны байгууллагын хариу өгөхгүй эс үйлдэхүйтэй маргах эрх нь нээлттэй байжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь бусдын газартай давхцалтай эсэх нь тодорхой бус байснаас үл хамааран эрх бүхий этгээдийн олгосон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр газраа ашиглах, гэрээнд заасны дагуу төлбөр төлөх боломжтой байсан байх тул тухайн үед газрын давхцалыг тодруулахаар эрх бүхий этгээдэд хандсан байлаа ч энэ нь нэхэмжлэгчийн эзэмшил газраа хуульд заасан хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүйг, газрын төлбөр төлөөгүйг зөвтгөх үндэслэл болохгүй, өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, эсхүл эх сурвалжийг заах боломжтой тул энэ талаарх гомдол үндэлслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр “газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр “М” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцсэн байна гэж үзлээ.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-11 дүгээр тушаалд нэхэмжлэгчийн нэр бичигдээгүйн улмаас үл ойлголцох байдал үүссэн ...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... А-11 дүгээр тушаал дээр нэхэмжлэгч компанийн нэр байдаггүй, дугаарыг алдаж бичсэн. Үүнд дээр ... яам маргадаггүй” гэх тайлбарыг гаргасан, хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-11 дүгээр тушаалд нэхэмжлэгчийн нэр ороогүй нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчид газар ашиглуулах шийдвэрийн үндэслэл болсон А-11 дүгээр тушаалд “М” ХХК-ийн нэр ороогүй байдал нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүссэн эсэхэд хамааралтай байх боловч маргаан бүхий актын үндэслэлд энэ талаар дурдагдаагүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Хариуцагчаас газар эзэмшигч, ашиглагчийн нэрийг заагаагүй боловч газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад удаа дараа анхааруулж яамны албан ёсны веб сайтад зарлал, мэдээлэл тавьж ажилласан нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн  27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасантай нийцсэн, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602[8], 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 781[9] дүгээр албан бичгүүдээр нэхэмжлэгчид газар ашиглах эрхийг дуусгавар болгосон талаар мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасан арга хэрэгслийг ашиглаагүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                              Н.ХОНИНХҮҮ  

 


[1] ХХ-ийн 89-92 дугаар хуудас

[2] ХХ-ийн 32 дугаар хуудас

[3] ХХ-ийн 77-80 дугаар хуудас

[4] ХХ-ийн 81 дүгээр хуудас

[5] ХХ-ийн 116 дугаар хуудас

[6] ХХ-ийн 122 дугаар хуудас

[7] ХХ-ийн 126 дугаар хуудас

[8] ХХ-ийн 63 дугаар хуудас

[9] ХХ-ийн 34, 64 дүгээр хуудас