Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 201

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Б.Т нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн М овгийн Бгийн Тд холбогдох 1812001580094 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч:, М овгийн Б Т /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Т нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг дэвсгэрт байх Жаргалант гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.6349 куб метр модыг бэлтгэж, байгал орчинд 102.761.1 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Б.Т мэдүүлэг өгөхдөө: Би Архангай аймгийн Булган сумаас Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй мод ачиж орж ирсэн. Байгаль орчинд хохирол учруулсан нь миний буруу, хохирол төлбөрөө төлж барагдуулна гэжээ. 

 

 

 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мын өгсөн: ...Архангай аймгийн Булган сумын иргэн Т нь зөвшөөрөлгүй мод бэлтгэж яваад цагдаа нарт баригдсан байсан. Тын бэлтгэсэн модны үнэлгээнд заагдсан хохирлыг нэхэмжилж байна. Манай Булган сумын торгуулийн данс 011700952 тоот дансанд зөвшөөрөлгүй бэлтгэсэн модны хохирлыг төлүүлэх саналтай байна. Т миний хариуцан ажилладаг Булган сумын Тамир багийн Жаргалант гэх газраас зөвшөөрөл авалгүй мод бэлтгэсэн нь үнэн...2018 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 8 цагийн үед Т над руу утсаар залгаад гоожин бичиж байгаа юу, гоожин авах гэсэн юм гэж хэлсэн. Би мод бэлтгэх гоожин өгч байгаа гэж хэлсэн. Т нь гоожин авах гэсэн юм гэж утсаар ярьсан боловч надаас гоожин буюу мод бэлтгэх зөвшөөрөл албан ёсоор аваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30, 33-34 хуу/

 

Гэрч Б.Рийн өгсөн: ...Манайх Эрдэнэбулган сумын .. тоотод айлын хашаанд түр оршин суудаг бөгөөд түлээний мод дуусчихсан байсан болохоор нөхөр Т нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний Булган сум руу явсан юм. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өөрийн ах О-ын хамтаар Архангай аймгийн Булган сумын Жаргалант гэх газар руу модоо авлаа гэж ярьж байсан. Тэр шөнөө Булган сумаас модоо ачаад явж байгаад цагдаад баригдаад зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гээд машинаа журмын хашаанд хийлгэсэн байсан...Би нөхөр Ттай 2005 онд гэр бүл болсон. Том хүүхэд 12 настай, дунд хүүхэд 10 настай, бага хүүхэд 3 настай, Т бид хоёр 2005 оноос хойш 3 жил хамт мал маллаж байгаад Булган сумын төвд амьдарсан. Булган сумын төвд би хувийн байгууллагад ажиллаж байгаад 2013 онд Архангай аймгийн төвд гэрээрээ нүүж орж ирсэн. Би тааралдсан ажлаа хийдэг бөгөөд Т эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг юм. Тын хувьд дөлгөөн цагаахан зан ааштай, архи хэрэглээд байдаггүй, тамхи татдаггүй хүн байгаа юм. Манайх өрхийн амьжиргааны түвшингээс доогуур өрх гэж явдаг...гэх мэдүүлэг /хх-ийн  31-32 хуу/

 

Гэрч Б.Оын өгсөн: ...Миний дүү Т нь 7 хүүхэдтэй айлын хамгийн бага хүүхэд бөгөөд ... онд Архангай аймгийн Булган суманд төрсөн. Бага насаа хөдөө аав, ээж, ах эгчийн гар дээр мал маллаж өссөн. 2005 онд гэр бүлтэй болж тусдаа гарсан, одоо Архангай аймгийн төвд амьдарч байгаа. Зан байдлын хувьд цайлган сэтгэлтэй, хүнтэй яриа хөөрөө сайтай, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. 2018 оны 03 дугаар сарын 16-ны өглөө төрсөн дүү Т намайг модонд хамт яваад өгөөч манайх модгүй болчихсон би мод бэлтгэх эрхийн бичгээ авчихсан гээд гуйгаад байхаар нь би өөрийн 22-71 АРХ улсын дугаартай портер маркийн авто машинаараа дүү Ттай хамт Булган сумын Тамир багийн Жаргалант гэх газар руу модонд явсан. Тэгээд 3 ширхэг мод унагаад машин дээрээ ачаад дүү Т нь машинаа жолоодоод аймгийн төв рүү явсан. Би гэртээ үлдсэн. Тэгээд маргааш нь Т цагдаад баригдсан гэж над руу утсаар ярьсан. Би мод бэлтгэх эрхийн бичигтэй байж яагаад цагдаад баригдсан юм бэ гэж асуутал би байгаль хамгаалагчаас эрхийн бичиг аваагүй байсан юм гэж надад хэлсэн. Би Тыг мод бэлтгэх эрхийн бичгээ авчихсан зөвшөөрөлтэй гэхээр нь өөрийн машинтайгаа хамт модонд явсан юм. Хэрвээ зөвшөөрөлгүй гэж мэдсэн бол би машинаа өгч явуулахгүй, өөрөө ч модонд явахгүй байсан. Би Булган сумын Тамир багийн Асгат гэх газар оршин суудаг Болдбаатар гэдэг хүнээс 3 жилийн өмнө 4.500.000 төгрөгөөр уг машиныг худалдан авч байсан. Тэрнээс хойш шилжүүлэг хийж өөрийнхөө нэр дээр машинаа болгож аваагүй одоог хүрсэн. Миний машин уул хадтай газар унаж хэрэглээд маш их муудсан болохоор би машинаа 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Миний машин дотор, кроп муутай бөгөөд машин ченж нар машиныг маш хямд авна гээд байсан болохоор би машинаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

Гэрч С.Бын өгсөн: ...Би 3 жилийн өмнө өөрийн унаж хэрэглэж байсан портер маркийн 22-71 АРХ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Отгонжаргалд зарж байсан бөгөөд тухайн үедээ машиныхаа гэрчилгээг Оын нэр дээр солиулаагүй юм. Одоо хүртэл миний нэр дээр явж байгаа юм. Би хэдэн төгрөгөөр машинаа Од зарж байснаа санахгүй байна. 5.000.000 орчим төгрөгөнд өгч байсан байх...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

Б.Тын яллагдагчаар өгсөн: ...Би Архангай аймгийн Булган суманд амьдардаг байсан бөгөөд аймгийн төвд шилжин ирж амьдарч байгаа юм. Манай гэрийн түлээ мод дууссан бөгөөд би өөрийн ах дүү төрөл садангийнхаа хүмүүсийн байдаг газар болох Булган сумын Зуун мод баг руу 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр очсон юм. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өглөө өөрийн төрсөн ах Отгонжаргалтай ярилцаж байгаад модонд явсан юм. Отгонжаргал ахад би хэлэхдээ мод бэлтгэх эрхийн бичгээ авахаар болсон гэж хэлээд 22-71 АРХ улсын  дугаартай цагаан өнгийн портер маркийн автомашинтай уулын мод руу явсан. О ах бид хоёр Булган сумын Тамир багийн Жаргалант гэх газраас 3 ширхэг хуурай мод унагаад жижиглэн тайрч машин дээрээ ачсан. Тэгээд би О ахын машиныг жолоодоод аймгийн төв рүү явсан, О ах гэртээ үлдсэн. Тэгээд шөнө 21 цагийн үед аймгийн төв орох гэж яваад цагдаа нартай тааралдаж шалгуулаад мод бэлтгэх эрхийн бичиггүй гээд миний унаж явсан машиныг журмын хашаанд хийсэн. Миний унаж явсан машин О ахын өөрийнх нь машин бөгөөд би модгүй болчихоод гуйгаад авч явсан. Би өөрийн шар өнгөтэй цахилгаан хөрөөгөөр мод хөрөөдсөн. Уг хөрөө одоо Булган суманд байгаа. Би өөрөө хөрөөгөө авч ирэх болно. Би Булган сумын байгаль хамгаалагч М гэх хүнтэй утсаар яриад мод бэлтгэх эрхийн бичиг авна гэж хэлчихээд аймгийн төв орж ирээд бичгээ авчихна гэж бодож яваад цагдаад баригдсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй, мод бэлтгэсэн нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин мод бэлтгэх эрхийн бичиггүй модонд явахгүй гэдгээ баталж байна. Миний хийсэн үйлдэлд хуулийн дагуу хамгийн бага ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/

 

Модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэнд: Иргэн Б.Тийн бэлтгэсэн хуурай шинэс мод нь нийт тоо  ширхэг 26 ширхэг, нийт шоометр 2.6349 м3 модыг бэлтгэжээ. 2.6349 м3 шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалыг үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн 2-р муж шинэс /хуурай мод/ 39.000 төгрөг мод модон материалын ашиглалтын гарцын дагуу хуурай түлээ 1.0 итгэлцүүрээр үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 102.761.1 төгрөгөөр тогтоогдлоо...гэх дүгнэлт /хх-ийн 42-43 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 хуу/

.. АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн №359930 дугаартай гэрчилгээний хуулбар /хх-ийн 14 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7, 21,  хуу/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд / хх-ийн 10-11,  16-17,  хуу/

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол / хх-ийн 36 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6, 8, 22, хуу/ 

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45 хуу/ 

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 231 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 196 хуу/

Б.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн  61 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62-63 хуу/

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 229 дугаартай тодорхойлолт / хх-ийн 76 хуу/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 84-86, 93-95 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Тд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Б.Т нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг дэвсгэрт байх Жаргалант гэх  газраас зөвшөөрөлгүйгээр ойд 2.6349 м3 мод бэлтгэсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Б.Т нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэм буруугаа хүлээн  зөвшөөрч мэдүүлэг өгсөн байх бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.М, гэрч Б.Р, Б.О,  С.Б нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Мын...Иргэн Т нь манай байгууллагаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...гэх мэдүүлэг, яллагдагч Тын... Би Булган сумын байгаль хамгаалагч М гэх хүнтэй утсаар яриад мод бэлтгэх эрхийн бичиг авна гэж хэлчихээд аймгийн төв орж ирээд бичгээ авчихна гэж бодож яваад цагдаад баригдсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Б.Тын үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Тыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Тын үйлдлийн улмаас 102.761.1 /нэг зуун хоёр мянга долоон зуун жаран нэг төгрөг  нэг мөнгө/ төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.  

Гэвч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /102.761.1х3=308.283.3/  308.283.3 төгрөг / гурван зуун найман мянга хоёр зуун наян гурван төгрөг гурван мөнгө/ гэж үзлээ.

Шүүгдэгч  Б.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй бөгөөд шүүгдэгч Б.Таас Байгал орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 308.283.3 төгрөг / гурван зуун найман мянга хоёр зуун наян гурван төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

...АРХ улсын дугаартай Портер маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээни хуулбараас үзэхэд уг автомашин нь С.Бын нэр дээр бүртгэлтэй байх боловч С.Б нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө....Би 3 жилийн өмнө өөрийн унаж хэрэглэж байсан портер маркийн 22-71 АРХ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг Од зарж байсан бөгөөд тухайн үедээ машиныхаа гэрчилгээг Оын нэр дээр солиулаагүй юм. Одоо хүртэл миний нэр дээр явж байгаа юм...гэсэн байх тул уг автомашины эзэмшигч нь Б.Оыг гэж үзлээ.

Хэрэгт битүүмжилсэн 2.6349 м3 хэмжээтэй 2.75 метр урттай 26 ширхэг шинэс модыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай тогтоол, Б.Оын эзэмшлийн ...АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, 2.6349 м3 хэмжээтэй 2.75 метр урттай 26 ширхэг шинэс мод болон эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нэг ширхэгийг улсын төсөвт шилжүүлж, ..АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Б.О-д буцаан олгож, шүүгдэгч Б.Т-ын энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 16 хоногийг нь эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдав.

  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Бийн Тыг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Шүүгдэгч Б.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасны 

дагуу шүүгдэгч Б.Таас 308.283.3 / гурван зуун найман мянга хоёр зуун наян гурван төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.  

 

6.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө нэг ширхэг, хэрэгт битүүмжлэгдсэн 2.6349 м3 хэмжээтэй 2.75 метр урттай 26 ширхэг шинэс модыг тус тус улсын төсөвт оруулсугай. 

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Тд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 22-71 АРХ улсын дугаартай портер маркийн авто машины үнэ болох 1.950.000 / нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг түүнээс гаргуулах хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, уг мөнгөнөөс гэмт хэргийн хохирлыг нөхөн төлүүлсүгэй. 

 

8. Шүүгдэгч Б.Тын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс цагдан хоригдсон 16 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу цагдан хоригдсон нэг хоногийг нь торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцсугай. 

 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.Он эзэмшлийн 22-71 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай тогтоол, 2.6349 м3 модыг битүүмжилсэн прокурорын 2018 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 12 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, 22-71 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг эзэмшигч Б.Отгонжаргалд буцаан олгосугай.

 

10. Хэрэгт битүүмжлэгдсэн 2.6349 м3 хэмжээтэй мод нь эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлд дурдсанаар Архангай аймаг дахь Цагдаагийн газрын авто зогсоолд байгаа болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч нь тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

12. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ОДХҮҮ