Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00313

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00313

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/04285 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** ХХК, Б- нарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 47,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Болдбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: А-т *** ХХК-ийн захирал нь ажлын санал тавьж, сайн ажилласан тохиолдолд байр, машин өгөхөөр амалсан тул тэрээр 2014 оноос эхлэн *** ХХК-д ажилласан ба жолооч, борлуулагч, түгээгчийн ажлыг зэрэг хийж байсан. Улмаар А- нь *** ХХК-тай 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж, үндсэн ажилтан болсон ба ажлаа сайн гүйцэтгэн жил бүр шилдэг ажилтан болдог байсан.

А-ыг ажлаа хэвийн гүйцэтгэж байтал 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нийлүүлсэн барааны төлбөрийг өөрийн дансаар авсан гээд цагдаагийн байгууллагаар шалгуулж, улмаар ажлаас халсан. Цагдаагийн байгууллага шалгаад А-ыг гэм буруугүй болохыг тогтоосон. Тухайн үед А-ыг бараа дутаасан үндэслэлээр ажлаас халсан гэж хэлсэн боловч ажлаас халсан тушаалыг өгөөгүй. Ажлаас чөлөөлсөн тушаал, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авахаар компани дээр очсон боловч нийгмийн даатгалын дэвтрийг л өгсөн.

Иймд нэхэмжлэгч А-ыг *** ХХК-ийн жолооч, борлуулалтын менежер, түгээгч гэдэг гурван ажлын байранд эгүүлэн тогтоолгох, 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 1 сарын 1,000,000 төгрөгөөр тооцон, нийт ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 47,000,000 төгрөгийг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү.

*** ХХК-ийн захирал Б-г хамтран хариуцагчаар татсан боловч тэрээр ажлаас халсан тушаалыг гаргаагүй тул түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: *** ХХК нь А-тай 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулж, худалдааны төлөөлөгчийн ажилд авч ажиллуулсан. Нэхэмжлэгч нь ажиллах явцдаа буюу 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд барааны борлуулалтын мөнгөнөөс нийт 8,690,300 төгрөгийн дутагдал гаргасан бөгөөд энэхүү дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч, тооллогын баримтууд дээр хүлээн зөвшөөрснөө баталж гарын үсэг зурсан. Компаниас түүнийг төлбөр тооцоогоо дуусгахыг удаа дараа шаардаж, ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргаж, гардаж авахыг мэдэгдэхэд ирээгүй.

Компанийн зүгээс А-ыг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулж байгаагүй. Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтан ажлаас халагдсанаа мэдсэн үеэс эхлээд буюу 3 сарын хугацаанд холбогдох хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах ёстой. Гэтэл А- нь 2019 оны 01 дүгээр сард халагдсан ба 4 жилийн дараа гомдол гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаагаа өнгөрсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А-ын хариуцагч *** ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 47,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв талаас нь, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас тус тус үнэлээгүй. А- нь ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан.

*** ХХК-ийн захирал нь А-т ажил санал болгож, сайн ажиллавал байр, машин өгөхөөр амласан тул саналыг зөвшөөрч 2014 оноос эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй ажиллаж байсан ба 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, үндсэн ажилтан болсон. *** ХХК-д жолооч, бараа түгээгч, борлуулалтын менежерийн ажлыг давхар хийж байсан бөгөөд жил болгон тэргүүний ажилтан болж байсан. А- нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр захирлаасаа амласан 1 өрөө байраа асуусантай холбоотойгоор түүнийг 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр компаниас 8,690,300 төгрөгийн бараа дутаасан гэж гүтгэгдэн ажлаас халсан.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг Г.Пагамаас мөнгө зээлсэн, эсхүл вакусны мөнгө дутаасан гэж гүтгэсэн. Г.Пагма нь *** ХХК-иас зээлээр бараа авч, мөнгийг нягтлан бодогч н.Батцэцэг, н.Баасанжаргал, н.Шийрэв нарт хүлээлгэн өгсөн. Эдгээр хүмүүс бүгдээрээ ажлаас мөнгө завшсан гэдгээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ асуудлаар намайг шүүх, цагдаагаар олон жил айлган сүрдүүлсэн.

2018 оноос эхлэн нэхэмжлэгч нь давхар 3 ажлыг ганцаараа хийдэг байсан тул ажил олгогч нь үндсэн цалин 700,000 төгрөг болгож, урамшуулал 300,000 төгрөг өгдөг байсан ба энэ нь нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдоно.

Ажлаас чөлөөлсөн тушаалд мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан тогтоогдсон гэж заажээ. Гэтэл гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Мөн хөдөлмөрийн гэрээний заалтыг зөрчсөн талаар тусгаагүй тул хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. А-ыг цагдаагийн байгууллагаар шалгуулсан гэдэг боловч хэрэгт тэр талаар баримт байхгүй. А-ын ажиллах хугацаандаа гаргаж байсан дутагдлуудыг нотлох санхүүгийн баримтууд хэрэгт авагдсан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор маргаан таслах комисст гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч *** ХХК, Б- нарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 47,000,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б-гээс татгалзсан тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

 

3. Нэхэмжлэгч А- нь хариуцагч *** ХХК-д 2014 оноос эхлэн ажилласан, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, худалдааны төлөөлөгчөөр ажилласан, мөн 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /хх 32-34, 122/.

 

3.1 *** ХХК-ийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн А-ыг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ /хх 122/.

Уг тушаалыг нэхэмжлэгч гардан аваагүй гэдэгт зохигч маргаагүй.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийг нь ажлаас халж байгааг мэдсэн тул тухайн үедээ хуульд зааснаар гомдол гарах ёстой байсан, шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

4.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдолд хамаарах бөгөөд шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарна.

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан ба уг хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн байна. Харин анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хугацаагаар тооцсон нь үндэслэлгүй байх боловч дээрх заалтуудын аль ч хугацаагаар тооцсон нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчид ажлаас халсан тушаалыг гардуулж өгөөгүй байх боловч нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас халагдсанаа мэдэж дахин ажиллаагүй байна. Энэ тохиолдолд ажлаас халсан тушаалыг заавал гардан авсны үндсэн дээр шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн гэж мэдсэн цагаас эхлэн шүүхэд хандах ёстой байтал 2022 оны 04 дүгээр сард нэхэмжлэл гаргасныг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

4.3. Нэхэмжлэгч нь шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн болохоо баримтаар нотлоогүй.

Хэрэгт хариуцагчийн гомдлоор нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагаар шалгуулсан гэх баримт авагдаагүй, нэхэмжлэгч нь нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй, Г.Пагмын нэхэмжлэлтэй А-т холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэхүү хөдөлмөрийн маргаанд хамааралгүй байна.

 

4.4. Дээрх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаалыг 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гардаж авсан учраас уг хугацаанаас гомдол гаргах хугацааг тоолох талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй тул давж заалдах гомдолд дурдсан бусад асуудалд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/04285 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ