Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00314

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00314

 

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02592 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б-, А- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *** даатгал ХХК-д холбогдох,

Даатгалын нөхөн төлбөрт 97,606,241 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Э- түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагч *** даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие У-тай 2014 онд танилцан 2015 оноос хамт амьдарсан бидний дундаас 2016, 2021 онуудад хүү Б-, А- нар төрсөн. У- нь Хаан банк ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 100,000,000 төгрөгийн 120 сарын хугацаатай зээл авсан. Мөн *** даатгал ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал-ын гэрээг байгуулж даатгалын үнэлгээг зээлийн гэрээний үнийн дүн болох 100,000,000 төгрөгөөр тохирч даатгалын хураамжаа төлсөн. Нөхөр У- 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэнэтийн цочмог өвчний улмаас нас барсан.

*** даатгал ХХК-д амь насны даатгалын нөхөн төлбөрийг авах хүсэлтийг гаргасан боловч даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Даатгагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргахад Санхүүгийн зохицуулах хорооноос *** даатгал ХХК-г даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэж мэдэгдсэн ч уг шийдвэрийг биелүүлээгүй.

Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2.11.1-д Даатгуулагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувиар бүрэн алдсан бол зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөр олгох нөхцөл үүссэн байхад даатгагч үндэслэлгүйгээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзсан.

У- нь зээлийн болон даатгалын гэрээг байгуулснаас хойш 5 сарын дараа буюу 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэнэтийн цочмог шинжтэй өвчний улмаас нас барсан гэдгийг эмнэлгийн байгууллагаас тодорхойлсон.

Ипотекийн даатгалын журмын 4.4.2-т зээлдэгчид даатгалын эрсдэлийг сонгох боломж олгоно гэж заасан. Мөн урьдчилж танилцуулсан мэдүүлгийн маягтыг бөглүүлэхээр заасан. Гэвч хариуцагч уг үүргээ хэрэгжүүлээгүй болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон. Хариуцагч журамд заасан үүргээ биелүүлээгүй, эрсдлийн төрөл сонгуулаагүй. Иймд "*** даатгал" ХХК-аас даатгалын нөхөн төлбөрт 97,606,241 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Даатгуулагч У- *** даатгал ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ-г байгуулсан. Даатгуулагчийн нас барсны гэрчилгээнд К85 буюу "Нойр булчирхайн цочмог үхжилт үрэвсэл" өвчнөөр нас барсан гэж 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр бүртгэжээ. Энэ нь даатгалын гэрээний үндсэн эрсдэлийн хамгаалалт болох "... гэнэтийн ослын улмаас нас барах гэж заасан эрсдэлд хамаарахгүй тул мөн гэрээний 3.1.3, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т заасан үндэслэлүүдээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн.

Даатгалын нэмэлт эрсдэл нь "Зүрх гэнэт зогсох, цус харвах" гэж заасан үндсэн эрсдэлүүдээс сонголт хийх боломжтой байсан ба нэмэлт эрсдэлийг сонгох байсан ч даатгуулагчид учирсан хохирол нь аль ч эрсдэлд хамаарахгүй тохиолдол байсан. Даатгуулагчийн даатгалын үнэлгээ 100,000,000 төгрөг үүнээс даатгалын хураамжийн хувь 0,1 хувь, хураамжийн дүн 100,000 төгрөгийг төлсөн нь Зүрх гэнэт зогсох, цус харвах гэсэн нэмэлт эрсдэлээс сонголт хийгээгүй зөвхөн Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах гэж заасан эрсдэлд хамаарах хураамж төлсөн.

Ипотекийн даатгалын журмын 3 дугаар хавсралтын 3-т "Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал эрсдэл сонгох хэсэгт А.Гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хугацаагаар алдах, Б. Аливаа шалтгааны улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хугацаагаар алдах" гэсэн эрсдэлүүдээс сонгох сонголт байх бөгөөд А-д заасан эрсдэл нь "Ердийн даатгагч"-ийн хамгаалах эрсдэл, Б-д заасан эрсдэл нь "Урт хугацааны даатгагч"-ийн хамгаалах эрсдэл болох нь журмын хавсралтаар тодорхой харагддаг. Ингээд тус журмын 5.2, 5.4.2-д заасны дагуу бид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн нөхцөлөөс өөр нөхцөлөөр даатгалын гэрээг байгуулах боломжгүй байдаг тул ердийн даатгагчийн хамгаалах боломжтой эрсдэлийн хүрээнд даатгуулагчтай даатгалын гэрээг байгуулсан. Бичиг баримтын зөрчилтэй холбоотой буюу маягтыг бөглүүлээгүй асуудал нөхөн төлбөр олгох шууд үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан *** даатгал ХХК-иас 19,521,248 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-, А- нарын хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,084,993 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645,981 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 255,556 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон тайлбарын агуулга: Шүүхээс талуудын байгуулсан даатгалын гэрээ өөрөө ипотекийн зээлийн хүрээнд хийгдэх болсон, зээлдэгч иргэний амь нас, эрүүл мэндийн даатгал тул хариуцагч байгууллага Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-г мөрдлөг болгох үүрэгтэй, уг журмыг мөрдлөг болгоогүй, даатгуулагчийг үндсэн эрсдэлээ сонгох эрх олгоогүй буруутай болохыг Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон тул түүнээс гарах хохирлыг хариуцах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч хохирлыг 20 хувиар тооцож байгаа нь хэт бага байна гэж үзэж байна.

Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.4-т Даатгуулагч нь ...бусад нэмэлт эрсдэлийг гэрээний үндсэн дээр даатгагчтай тохиролцож, даатгуулж болно, 4.5-д Даатгагч, даатгалын зуучлагч нь даатгалын гэрээг байгуулах үед гэрээний нөхцөл шаардлага, даатгалын хураамжийг даатгуулагчид танилцуулж, энэ журмын 3 дугаар хавсралтад заасан Мэдүүлгийн маягтын загварыг-н дагуу даатгуулагчийн мэдээллийг авч, даатгуулагчаар баталгаажуулсан байна, 4.5.2-д даатгагч энэ журмыг зөрчиж ипотекийн даатгалын гэрээ байгуулснаас үүдэн даатгуулагч хохирсон нөхцөлд хохирлыг даатгагчаар төлүүлэх гэж тус тус заасан.

Мөн тус журмын 3 дугаар хавсралтын 3 дах буюу зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн хэсэгт А Гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хугацаагаар алдах эрсдэл, Б Аливаа шалтгааны улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хугацаагаар алдах эрсдэл гэсэн хоёр эрсдэлийн аль нэгийг сонгох боломжийг танилцуулан сонголт хийх эрхийг олгох ёстой байсан. Даатгагч нь дээрх журмыг зөрчиж 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй, эрсдэлээ сонгох боломжийг олголгүй гэрээ хийснээс үүдэн гарсан хохирлоо барагдуулах боломжгүй байдалд хүрч хохирч байгаад гомдолтой байгаа бөгөөд ийнхүү хохирч байгаа шалтгаан нөхцөл нь даатгагчийн журмын дагуу үйл ажиллагаа явуулаагүй буруутай үйлдэл мөн.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл зөв боловч даатгагчийн буруутай үйл ажиллагааны улмаас үүдэн гарсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ шаардлагын 20 хувиар тооцож байгаа нь ойлгомжгүй байна.

Хэрвээ даатгагч хууль болон журамд заасан үүргээ биелүүлж журмын 3 дугаар хавсралтад заасан А эсхүл Б хувилбарыг сонгох боломжийг олгож танилцуулж даатгуулагчид Б хувилбарыг сонгох боломжийг олгосон тохиолдолд даатгуулагч нь аливаа шалтгааны улмаас буюу ямар ч тохиолдолд нөхөн төлбөр авах боломжтой байсан. Мөн гэрээний гарчиг толгой нь Амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн нэртэй байсан нь даатгуулагчийг амь насаа болон эрүүл мэндээ даатгуулж байна гэх итгэл ойлголтыг бий болгосон. Гэрээг байгуулах үед миний бие хамт байсан бөгөөд даатгагчийн зүгээс таны амь нас болон эрүүл мэндийг даатгаж байгаа талаар танилцуулж байсан юм. Гэтэл Амь нас, эрүүл мэндийн даатгал гэсэн нэртэй гэрээ байгуулсан атлаа гэнэтийн ослын үед л амь нас эрүүл мэндээрээ хохирвол нөхөн төлбөр төлнө гэж байгаа нь даатгуулагчийг төөрөгдүүлсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн гэж үзээд гэрээний дагуу нөхөн төлбөр олгохыг шаардаж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тайлбарладаг. Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хохирол шаардсан, тэрхүү нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч шүүхэд тодруулж хэлсэн, өөрчилсөн мэтээр нэхэмжлэлийн хүрээнээс давсан байдлаар дүгнэлт хийжээ. Энэ нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчмыг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Даатгуулагчид учирсан эрсдэл нь хариуцагч *** даатгал ХХК болон даатгуулагч нарын хооронд байгуулсан даатгалын гэрээгээр хамгаалагдсан даатгалын эрсдэл (гэнэтийн осол)-д хамаарахгүй, мөн энэ талаарх нарийвчилсан зохицуулалт болох Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-д заасан гэнэтийн осолд хамаарахгүй тохиолдол байсан бөгөөд хариуцагчийн хувьд даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох үүрэг үүсээгүй учир гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж дүгнэсэн шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй.

Мөн хариуцагчид гэрээний дагуу нөхөн төлбөр олгох үүрэг үүсээгүй байхад нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого буюу хохирол учирсан, тэрхүү хохирлыг 20 хувь байхаар тооцоолон дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журамд заасан мэдүүлгийн маягт-ыг даатгуулагчаар бөглүүлээгүй нь даатгагч буюу хариуцагчийн буруу гэж дүгнэжээ. Нэг талаас, тус мэдүүлгийн маягт нь зөвхөн даатгуулагчид эрсдэл сонгох боломж олгох ач холбогдолтой бус, даатгагч хэний, ямар эрсдэлийг, ямар хураамжтайгаар, ямар хугацаагаар даатгаж байгаагаа баримтжуулах ач холбогдолтой. Хэрэв даатгуулагч Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын Хавсралт 3-д заасан тус мэдүүлгийн маягтын 3-р зүйлийн Б-д заасан Аливаа шалтгааны улмаас нас барах... гэсэн эрсдэлийг сонгосон бол хариуцагч буюу даатгагч нь урт хугацааны даатгалын эрхгүй компани болохын хувьд тэрхүү даатгуулагчийн эрсдэлийг анхнаасаа даатгахгүй, даатгалын гэрээг байгуулах боломжгүй байх байсан.

Даатгуулагч гэрээнд гарын үсэг зурж даатгалын хураамжийг зохих хувиар төлсөн нь даатгалын гэрээг зуучлагч (Хаан банк ХХК)-аар дамжуулан байгуулахдаа гэрээний зүйл, эрсдэл, хураамж зэрэг гол нөхцөлүүдийг тайлбарлаж, танилцуулсан гэдэг нь нотлогддог.

Даатгалын гэрээ нь даатгалын зуучлагчаар дамжуулан хийгдсэн гэрээ байдаг. Иймд шүүх мэдүүлгийн маягтыг бөглүүлээгүй, даатгуулагчид эрсдэл сонгох боломж олгоогүй гэж үзээд үүнийг даатгагчийн зөрчил гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тэрхүү үүрэг нь даатгалын зуучлагчийн хүлээсэн үүрэг байдаг.

Нөгөөтэйгүүр, даатгуулагчид учирсан эрсдэл нь нэгэнт гэрээнд заасан даатгалын эрсдэлийн төрөл буюу гэнэтийн осолд хамаарахгүй учир даатгуулагчаар мэдүүлгийн маягтыг бөглүүлсэн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй нөхцөл юм. Учир нь мэдүүлгийн маягтыг бөглөж эрсдэлээ сонгох байсан ч тэдгээр нь даатгалын гэрээнд заасан эрсдэлийн хүрээнд сонголт хийх боломжтой буюу даатгалын гэрээнд заасан эрсдэлийн хүрээгээр хязгаарлагддаг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэргийн үйл баримтыг холбогдох хууль, журамд нийцүүлж үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч Б-, А- нарын хууль ёсны төлөөлөгч Х.Мөнхцэцэг нь хариуцагч *** даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 97,606,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Э- У- нар нь хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүү Б-, 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү А- нар төрсөн,

У- нь Хаан банк ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ, *** даатгал ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулсан,

даатгуулагч У- нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр К85 оношоор буюу нойр булчирхайн цочмог үхжилт, халдварлагдсан үрэвсэл өвчнөөр нас барсан, дээрх өвчин цочмог өвчний төрөлд хамаардаг зэрэг үйл баримтыг зөв тогтоожээ.

У- болон *** даатгал ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн.

 

4. Талуудын хооронд байгуулагдсан зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсэгт үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах гэж заасныг үндсэн эрсдэлд хамааруулахаар, гэрээний 1.7 дахь хэсэгт гэнэтийн осол гэдэгт дараах зүйлийг ойлгоно. Үүнд: Байгалийн эрсдэл, зам тээврийн осол, гадны халдлагад өртөх, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдэхүйгээс үүссэн осол, үйлдвэрлэлийн осол, ахуйн болон бусад эрсдэл гэж тодорхойлж, гэрээний 3.1.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол нөхөн төлбөр олгохгүй байхаар тус тус тохиролцсон байна.

 

4.1 Зохигч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний даатгалын тохиолдол үүссэн эсэх талаар маргаж буй тул энэ талаарх нарийвчилсан хэм хэмжээ болох Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын зохицуулалтыг энэ маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх учиртай.

 

4.2 Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана, 2.2.1-т Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нь нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт; 2.2.2-т Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах ба хөдөлмөрийн чадвараа 70% буюу түүнээс дээш хувиар алдалт гэж тус тус заасан ба энэхүү маргааны зүйл болох даатгалын гэрээний хувьд даатгуулагч У- нь уг журмын 2.2.1-д заасан ердийн даатгагчид амь нас, эрүүл мэндээ даатгуулсан байна.

 

5. Талуудын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан даатгалын гэрээний гол зүйл нь даатгалын зүйл, даатгалын эрсдэлийн төрөл бөгөөд уг гэрээнд даатгалын зүйл нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд байх ба даатгалын эрсдэл нь гэнэтийн осол байна. Өөрөөр хэлбэл зохигчид гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал даатгалын эрсдэл үүссэн гэж үзэж, даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг үүснэ гэж тохиролцжээ.

Даатгуулагч нь нойр булчирхайн цочмог үхжилт, халдварлагдсан үрэвсэл өвчний улмаас нас барсан, уг өвчин нь цочмог өвчний төрөлд хамаарах хэдий ч даатгалын гэрээ, Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-д зааснаар гэнэтийн осолд хамаарахгүй учир даатгалын тохиолдол бий болсон гэж үзэх үндэслэлгүй.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан бол даатгагч нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзаж болно гэж заасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

6. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 9/1276 дугаар албан бичигт хариуцагч *** даатгал ХК-ийг Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3 дугаар хавсралтад заасан мэдүүлгийн маягтын загварын дагуу даатгуулагчийн мэдээллийг авч баталгаажуулаагүй, журам зөрчиж гэрээ байгуулсан гэжээ /хх-ийн 16/.

Хариуцагч нь ердийн даатгагчийн хувьд Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.2.1-д заасан гэнэтийн ослын эрсдлийг даатгах бөгөөд журмын 2.2.2-т заасан урт хугацааны даатгагч биш тул аливаа шалтгааны улмаас нас барсан эрсдлийг даатгахгүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 9/4313 тоот албан бичгээр тогтоогдож байна. *** даатгал ХХК болон У- нарын хооронд байгуулсан даатгалын гэрээ хүчин төгөлдөр тул Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3 дугаар хавсралтаар батлагдсан ердийн даатгагч болон урт хугацааны даатгагч, тэдгээрийн хариуцах эрсдлийг сонгох мэдүүлгийн маягт бөглөгдсөн эсэх нь хэрэгт ач холбогдолгүй.

 

7. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн даатгалын гэрээний харилцаанаас үүссэн даатгалын гэрээний үүрэг шаардсан маргаанд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *** даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2022/02592 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй тул хариуцагч *** даатгал ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөр 97,606,241 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А-, Б- нарын хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 548,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Т.БАДРАХ