Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 206

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч Ш.Бийн өмгөөлөгч: Б.Н

Шүүгдэгч: Х.Цын өмгөөлөгч: Ц.Б, Г.

Шүүгдэгч: Ш.Б, Х.Цнарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн Ш.Б, Х.Цнарт холбогдох 201703000097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгчдэгч: Н овогт Шн Б /РД:/,  Б овогт Х Ц /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ш.Б нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд түр багшаар ажиллаж байсан Х.Ц 2.000.000 төгрөг өгвөл би үндсэн багшаар томилсон тушаал гаргана гэж урьдчилан амлаж 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэртээ түүнээс 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,

 

Яллагдагч Х.Ц нь Архангай аймгийн Өгийнуур сумын ерөнхий боловсролын сургуульд түр багшаар ажиллаж байхдаа үндсэн багшаар томилогдох өөрийн ашиг сонирхлын үүднээс түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд сургуулийн захирал Ш.Бт 2015 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн нутаг дэвсгэрт гэрт нь 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүх хуралдааны үед:

 

Шүүгдэгч Ш.Б : ...би Х.Ц багшаас ямар нэгэн мөнгө аваагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу багшийн ажилд томилж, ажиллуулсан... гэжээ. 

 

Шүүгдэгч Х.Ц:... би үндсэн багшийн ажилд томилогдохын тулд захирал болох Ш.Б-т 2 сая төгрөг өгөхөөр тохиролцоод нэг сая төгрөгийг гэрт нь бэлнээр аваачиж өгсөн, мөнгө өгөхийн тул зээл авсан... гэжээ. 

 

 

Мөрдөн байцаалтын үед:

 

Гэрч Д.Н өгсөн: ...Миний бие 1991 оноос хойш Арханай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуульд багшаас нь эхлүүлээд нийгмийн ажилтан, сургалтын менежерийн ажил албан тушаалд 26 жил тасралтгүй ажиллаж амьдарч байна. Манай сургуулийн захирал Ш.Б 2003 оноос хойш Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Энэ хүний хууль бус албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад дарамт үзүүлж, хувийн ашиг сонирхлын зөрчлийг байнга гаргадаг нь хэрээс хэтэрч байгаа учраас аргаа бараад танай байгууллагад хандсан юм. Танай байгууллагын хяналт шалгалтын газарт нийт 21 төрлийн ашиг сонирхлын зөрчлийн шинжтэй асуудал шалгуулахаар хүргүүлсэн. Үүнээс хамгийн гол нь гэмт хэргийн шинжтэй багш Ц-аас 1 сая төгрөгийн хахууль авч түүнийг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулсан асуудлыг танай байгууллагын мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгааг ойлгож мэдлээ. Зөвхөн энэ асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгөх болно. Бусад зөрчил маргааны шинжтэй асуудлыг зохих шатны мэргэжлийн хяналт, аймгийн боловсролын газар зэрэг бусад байгууллагад хүсэлтээ гаргаж шалгуулах болно. Ш.Б бид хоёр орон нутгийн сонгуулийн дараагаас хоорондоо таарч ажиллахад хэцүү болж хүн болгоныг дарамталдаг болж нийт хамт олны уур амьсгалыг өөрийнхөө талд оруулахын тулд хурал цуглааныг албан ажлаас хальсан байдлаар хувийн дарамтын шинжтэйгээр явуулдаг болсон. Урьд нь Батцэнгэл суманд сургуульд ажиллаж байсан Цг хөдөлмөрийн гэрээ байгуулж гэрээгээр түр багшаар ажиллуулж байгаад 2015 оны 08 дугаар сарын орчим байх жинхэнэ багшийн орон тоон дээр ажиллуулахаар тохирч 2 сая төгрөгийн хээл хахууль нэхэж байгаад 1 сая төгрөгийн хахуулийг бэлнээр авч багш Ц-ыг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулсан. Үлдэгдэл нэг сая төгрөгийг нь 5 жилийн тэтгэмжээс нь авахаар тохирсон байсан боловч тэтгэмжээ авсан Ц багш мөнгийг нь өгч чадаагүйн учраас тэр хоёрын хооронд үл ойлголцол үүсч Ц энэ асуудлаас нь бол дарамталж эхэлсэн. Тийм учраас багш Цтанай байгууллагад гаргасан гомдолд өөрийн энэ байдлаар илэрхийлж хүсэлт хүртэл бичиж өгсөн байгаа. Багш Цнь болсон асуудлын талаар өөрөө надад нэг бүрчлэн ярьж хэлсэн. Тэрнээс биш хэдэн төгрөг хаана ямар байдлаар хахууль болгон өгч байсныг хараагүй зөвхөн өөрийнх нь хэлснийг сонссон юм. Энэ талаар түүний нөхөр Бөхбат, хадам эгч Оюунзул нар сайн мэдэж байгаа, хоорондоо энэ талаар ярьцгаадаг хүмүүс, аргаа бараад надад хүртэл хандаж учрыг нь олоод хуулийн байгууллагаар шалгуулаад өгч гэж хүртэл хэлж байсан удаатай, одоо сургуулийн захирал Б хуулийн байгууллага шалгаж эхэлснийг мэдээд улам дарамталж цалин хөлс хасах үндэслэлгүйгээр арга хэмжээ авах, нутгийн иргэдийн дунд нэр хүнд унагаасан худал яриа өгүүлэл явуулах, хамаатан садангаар дамжуулж нөлөөлөхийг оролдох зэрэг үйлдлүүдийг байнга үзүүлж байгаа учраас энэ асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Сургуулийн жинхэнэ багшийн орон дээр багш авч ажиллуулахдаа заавал аймгийн боловсролын газраар дамжиж сонгон шалгаруулалтанд орж тэнцэх юм бол багшийн орон тоон дээр ажиллах ёстой байдаг. Гэтэл Өгийнуур сумын сургуулийн захирал Ш.Б нь сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр өөрөө албан тушаалын байдлаа хэтрүүлэн дур мэдэн Цэрэндуламыг жинхэнэ багшийн орон тоон дээр багшаар томилж ажиллуулсан. Анх сургуулийн захирал Ш.Б өөрөө гэрээгээр ажиллаж байсан Цбагшийг дуудаж чи сонгон шалгаруулалтанд орох юм бол шалгалтандаа унана, тийм болохоор хоёулаа учраа ольё надад 2 сая төгрөг өгөх юм бол чамайг жинхэнэ багшийн орон тоон дээр авч ажиллуулъя гэж хэлсний дагуу бага залуу учраа мэдэхгүй Цбагш тухайн үед сумын хадгаламж зээлийн хоршооноос өндөр хүүтэй мөнгө зээлж байгаад 1 сая төгрөгийн хахууль өгч сонгон шалгаруулалтанд оролгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон дээр томилуулсан. Харин үлдэгдэл 1 сая төгрөгийг нь 5 жилийн тэтгэмжийн мөнгөө авсныхаа дараа өгнө гэж тохирсон байсан боловч өгч чадаагүйд нь дургүйцэж захирал Ш.Б, багш Ц хоёрын хооронд харьцааны асуудал үүсч эхэлсэн. Тэр ч утгаараа Цхуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргасан байгаа. Аймгийн боловсролын даргаар ажиллаж байсан А-тай ерөөсөө таардаггүй байсан өөрөө дур мэдэн хэд хэдэн удаа шууд багш томилох гэж байгаад А  даргад баригдаж байсан удаатай. А  даргын үед заавал сонгон шалгаруулалтаар орсон хүнийг багшаар томилдог байсан. Ямар учраас Ц-ыг А даргад мэдэгдэлгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон дээр ажиллуулах болсон талаар мэдэхгүй өөрөө л дур мэдэн албан тушаалын байдлаа хэтрүүлэн ашиглаж, хахууль авсныхаа төлөө Цг томилсон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 197-198 хуу/

 

Гэрч Т.Б өгсөн: ... Эхнэр бид хоёр 2011 онд Архангай аймгийн Өгийнуур сумандаа ирж ажиллаж амьдарч байна. Би хөдөө мал дээрээ, харин эхнэр маань сумынхаа бүрэн дунд сургуульд жирэмсний амралттай багшийн орон тоон дээр ажилд анх орсон, үүний дараагаар хэсэг хугацаанд цагийн багшаар ажиллаж байгаад 2015 оны хичээл жил эхлэхээс өмнө үндсэн багшийн орон тоо гарч эхнэр Х.Ц маань үндсэн багшаар ажиллах боломж гарч ирсэн юм. Ингээд 2015 оны 07 дугаар сарын дундуур байх манай эхнэр Х.Ц-ын сургуулийн захирал Ш.Б эхнэрийг маань дуудаж Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн байна цагаан идээ, хонь, тарваганы мах олоод ир гэсний дагуу эхнэр бид хоёр хөдөө гэрээсээ бэлдэж өгч байсан. Түүнээс хойш эхнэрт маань сургуулийн захирал нь гайгүй ханддаг болсон гэсэн. Үүний дараагаар удаагүй Ш.Б захирал нь гэртээ дуудаж эхнэр Х.Ц-тай уулзаж “үндсэн багшийн орон тоо гарч байна чи аймгийн боловсролын газар луу явж сонгон шалгаруулалтанд орох юм бол тэнцэхгүй ямар байдлаар шалгалт авдаг талаар мэдэж байгаа биз дээ, надад 2 сая төгрөг өгчих тэгээд чамайг би шууд үндсэн багшийн орон тоон дээр тушаал гаргаж ажилд авна” гэж хэлсэн гэсэн. Тухайн үед эхнэр Х.Цмаань захиралтайгаа очиж уулзсан өдрөө надад ирж хэлсэн юм. Ингээд эхнэр бид хоёр мөнгө олчих санаатай байсан боловч хэлснээр нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор мөнгийг нь олж өгч чадахгүй байсан учраас энэ байдлаа өөрийн төрсөн эгч О-д хэлэхэд их уурлаж шууд 2 сая төгрөг өгнө гэж юу байдаг юм. Эхний ээлжинд 1 сая төгрөгийг өгчихгүй юу, мөнгө олдохгүй байна гэж хэлэхгүй юу гэж байсан. Энэ байдлаа эхнэр маань Оюунзул эгчид бүгдийг нь нэг нэгэнгүй хэлсэн. Ингээд мөнгө олдохгүй болохоор нь эхнэр бид хоёр Өгийнуур сумынхаа Өгиймандал нэртэй хадгаламж зээлийн хоршооноос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1 сая төгрөгийг нь бэлнээр Ш.Бийн гэрт нь очиж эхнэр маань бэлнээр өгсөн. Тухайн өдрийг нь сайн санахгүй байна. Зээл авсны дараа 8 дугаар сарын эхний долоо хоногт байх би эхнэрээ өдөр 13 цагийн орчим байх Ш.Б захирлын гэрийнх нь гадаа өөрөө мотоциклиороо хүргэж өгч байсан.  Удаагүй эхнэр маань 1 сая төгрөгөө өгчихлөө гээд гэртээ ирж байсныг сайн санаж байна. Анх ярихдаа 2 сая төгрөг гэж тохирсон гэсэн үлдсэн мөнгийг нь 5 жилийн тэтгэмжээ авах үеэрээ өгөхөөр хоорондоо тохирсон гэж эхнэр маань хэлж байсан. Үүнээс хойш эхнэр Х.Цд захирал нь сайнаар хандаж анги даасан багш хүртэл болгосон. Ингээд эхнэр маань 5 жил суманд ажилласны тэтгэмжийн мөнгөө авах хугацаа болоход Ш.Б нь үлдэгдэл 1 сая төгрөгөө авах санаатай аргаа олохгүй янз бүрийн байдлаар хойшлуулаад байсан. Аргаа бараад цэцэрлэгийн эрхлэгч ажилтай О эгчид хэлэхэд эгч маань ямар учраас хүүхдийн тэтгэмжийн мөнгө өгдөггүй юм ганцхан чиний гарын үсэг дутуу байна ямар санаатай өгөхгүй удаагаад байгаа санааг чинь мэдэж байгаа шүү утгатай зүйл хэлчихсэн чинь бөөн асуудал болж үүнээс хойш эхнэрт маань сайн ханддаг байсан хүн чинь эсрэгээрээ муу хандаж янз бүрийн байдлаар ажлын шахалт дарамт үзүүлдэг болсон гэсэн. Ингээд эхнэр бид хоёр аргаа бараад танил талаараа дамжуулж сумын Засаг даргаар хэлүүлж байгаад арай хийж тэтгэмжийн мөнгөө гаргуулан авсан, энэ байдлаас болж одоо болтол эхнэрийг маань янз бүрийн байдлаар дарамталдаг гэсэн, эхнэр маань өөрөө надад хэлдэг тэрнээс биш тэр болгон сумын төв дээр байгаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна, хөдөө мал дээрээ байдаг хүн, эхнэр маань хүүхдүүдийнхээ хамтаар сумын төв дээр байдаг юм. Ингээд аргаа бараад өөртөө нь адилхан дарамтанд орсон бага ангийн сургалтын менежер Нбагштай хамт Ш.Бийн хууль бус асуудлыг нь шалгуулахаар танай байгууллагад гомдол гаргасан юм. Энэ байдлыг миний төрсөн эгч Т.О , сургалтын менежер Ннар сайн мэдэж байгаа өөр бусад хүмүүс тэр болгон мэдэхгүй байгаа байх гэж бодож байна. Өөрийн мэдэх зүйл нэг бүрчлэн мэдүүлсэн, ямар ч байсан сургуулийн захирал Ш.Б миний эхнэрийг сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр үндсэн багшийн орон тоон дээр ажилд авсныхаа төлөө 1 сая төгрөг авсан, үлдэгдэл 1 сая төгрөгөө авахын тулд эхнэрийг маань дарамтанд оруулж, одоо хуулийн байгууллагад шалгагдаж эхлэхэд хамаатан садангаараа дамжуулж нөлөөлөх гэж оролдож байна иймд хуулийн дагуу үнэн зөвөөр нь шалгаж Ш.Б хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Тухайн үед ХЗХ-оос зээл авч байсан гэрээгээ хавсаргуулах хүсэлтэй байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 199 хуу/

 

Гэрч Т.Оын өгсөн: ... 2015 оны 07 дугаар сарын дундуур байх наадмын дараахан манай дүү Т.Б, эхнэр Х.Цнар манай гэрт хүрч ирээд сая сургуулийн захирал Х.Бтэй уулзаад ирлээ гээд бэр Х.Ц“манай захирал Ш.Б намайг дуудаж уулзаад үндсэн нэг багшийн орон тоо гарсан, чи сонгон шалгаруулалт нь орох уу, эсхүл надад 2 сая төгрөг өгөх юм бол үндсэн багшийн орон тоон дээр тушаалыг чинь гаргаж өгье, хэрэв сонгон шалгаруулалтанд орно гэвэл Н багшийн хамтаар аймгийн боловсролын газар луу явж сонгон шалгаруулалтанд ор аймгийн Боловсролын газраас чамайг унагана тийм учраас чи сонголтоо хэл 08 дугаар сарын 17-ны өдрийн дотор хариугаа хэл энэ хугацаанд мөнгөө авчирч өгөх юм бол чамайг сонгон шалгаруулалтанд оруулалгүйгээр би аргалж үндсэн багшийн орон тоон дээр авна “ гэж хэлсэн гэсэн. Одоо яахав гэж надаас зөвлөгөө авахаар ирэхээр нь би сонгон шалгаруулалтанд ороод үзвэл яадгийн шалгалтыг өг гэсэн чинь сонгон шалгаруулалтанд орох юм бол тэртээ тэргүй захирал өөрөө цааш нь хэлээд шалгалтанд унагаачихна сүүлд нь дарамтлаад байж магадгүй, тийм болохоор нэхсэн мөнгийг нь өгөөд ажилдаа орчих юм бол дараа нь надад амар, ямар нэгэн байдлаар тал засаагүй хүмүүсийг янз бүрийн байдлаар дарамтлаад байдаг гэсэн гэж ярьж байсан. Тухайн үед бүх мөнгийг нь өгнө гэж юу байдлыг тал хагасыг нь олж өгч болох юм гэж хэлээд явуулсан. Ингээд 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр болж хичээлийн шинэ жил эхэлж бэр Х.Ц орсон, би уулзаад нөгөө Ш.Б захирлын чинь асуудал юу болсон бэ гэхэд нөхөр Т.Б бид хоёр сумынхаа Өгий мандал хадгаламж зээлийн хоршооноос 5 сая төгрөгийн зээл авч, үүнээс 1 сая төгрөгийг нь Ш.Б захирал бэлнээр гэрт нь аваачиж өгсөн, үлдсэн мөнгийг нь өөрснөө унах мотоцикл, сургуулийн хүүхдийн хувцас зэрэг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж ярьж байсан. Би тухайн үед мөнгөө дансаар нь өгсөн үү сүүлд нь баримттай гэхэд үгүй захирал Ш.Б дансны дугаараа өгөхгүй байсан, бэлнээр аваад ир гэсний дагуу нь гэрт нь 1 сая төгрөгийг аваачиж өгсөн гэж байсан. Үлдэгдэл нэг сая төгрөгийг суманд 5 жил ажилласан багш нарын тэтгэмжийн мөнгөнөөс өгөхөөр боллоо гэж ярьж байсан. Тухайн үедээ болдог асуудал болоод өнгөрсөн байсан. Ингээд 2016 оны зун суманд 5 жил ажилласан тэтгэмжийн мөнгөө авахаар бэр Х.Ц хөөцөлдөж эхлэхэд сургуулийн захирал Ш.Б нь мөнгийг нь олгохгүй гарын үсэг зурахаас зайлсхийгээд тушаалаа гаргаж өгөхгүй янз бүрийн байдлаар худлаа хэлж үлдсэн 1 сая төгрөгөө авах аргаа олохгүй чирэгдэл учруулаад байгаа талаар бэр Х.Ц ирж надад хэлэхээр нь би Ш.Б ийн утасруу нь залгаж манай дүүгийн тэтгэмжийн асуудлыг шийдээд өгөөч гэж гуйсан чинь сумын төрийн сангийн ажилтан байхгүй байгаа учраас удаашраад байгаа гэхээр нь миний дургүй хүрч угаасаа төрийн сангийн ажилтан байгаа гэдгийг би өөрөө мэдэж байсан учраас чамайг ямар санаа зорилготой Х.Цын тэтгэмжийн мөнгийг өгөхгүй байгааг мэдэж байгаа шүү гэж хэлсэн чинь та ямар ашиг сонирхол яриад байгаа юм би амралттай байна тэгээд ч тушаалын бланк байхгүй гээд утсаа тасалсан, үүнээс хойш миний бэр дүү Х.Цг үзэхээ больж байнга янз бүрийн байдлаар шахаж дарамталж эхэлсэн гэсэн. Үүнээс өмнө манай дүү шиг сайн багш байхгүй анги даасан багш хүртэл болгож байсан удаатай. Ингээд аргаа бараад сумын Засаг даргад хэлж байгаад арай хийж дүүгийнхээ тэтгэмжийн мөнгийг олгуулсан юм. Тухайн асуудлаас хойш Х.Цг янз бүрийн байдлаар дарамталж ажиллах нөхцөлгүй болгож эхэлсэн гэсэн, энэ байдлаа миний дүү Х.Цхэд хэдэн удаа ярьж байсан удаатай, надаас л ирж зөвлөгөө авдаг юм. Үүнээс гадна 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа Ш.Б захирал өөрийнхөө сургуулийн бага ангийн эрхлэгч Нямдуламтай маргалдаж бөөн асуудал үүсгэж Нямдулам багш чамайг авилгатай тэмцэх газар шалгуулна гэж хэлсэн чинь түүний дараахан удаагүй бэр Х.Цг дуудаж өрөөндөө оруулж хаалга цоожилж байгаад албан ёсоор баталгаа бичиж өг, чи ямар нэгэн байдлаар мөнгө өгсөн талаараа мэдэгдэж би шалгуулж ажилгүй болох дээрээ тулах юм бол чамайг эхлээд ажилгүй болгож байгаад дараа нь асуудлаа шийдвэрлүүлнэ чи надад ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй гэдгээ илэрхийлж баталгаа бичиж өг гээд бичүүлж авсан. Үүнээс гадна одоо санаж байна анх Х.Цг гэрт нь 1 сая төгрөг аваачиж өгөхөд нь Ш.Б чи энэ талаараа хэнд ярьж болохгүй тэр битгий хэл нөхөртөө ч хэлж болохгүй шүү өөрөө наад асуудлаа зохицуул, мөн бэр эгч Т.О хэлж болохгүй бид нар байгууллага авч яваа удирдах албан тушаалтнууд нэгнийхээ ажлын талаар мэдээд байх шаардлага байгүй гэсэн утгатай зүйл ярьж байсан гэж Х.Цхэлж байсныг санаж байна. Ингээд сүүлдээ Ш.Б захирал янз бүрийн байдлаар шахалт дарамт үзүүлж ажиллах нөхцөлгүй болгосон тул аргаа барьж Н багштай нийлж байгаад танай байгууллагад бид нар албан ёсоор гомдол хүсэлт гаргаж Ш.Бийн хууль бус ашиг сонирхлын үүднээс алба хаагч нартайгаа харьцдаг талаар мэдээлэл хүргүүлж шалгуулах болсон юм. Би өөрөө хүртэл гар бичмэлээрээ энэ талаар дурьдаж гомдол бичиж өгсөн, бэр дүү Х.Цч гэсэн өөрийн гараар болсон асуудлын талаар гомдол хүргүүлсэн байгаа. Өөр нэмж ярих зүйлгүй 2005 онд Ш.Бийн ар гэрийн амьдрал хэцүү байсан тэгтэл одоо суманд түүн баян чинээлэг амьдралтай хүн байхгүй сумын иргэдээс асуухад захын хүн энэ хүн ямар хүн бэ гэдгийг бүгд хэлнэ...гэх мэдүүлэг /хх-1-ийн 202-203 хуу/

 

Гэрч Ш.Сийн өгсөн: ... Сүүлийн үед багш нараас авилга авч ажилд оруулдаг гэж сонсогдох нь элбэг болсон үнэн худлыг нь мэдэхгүй. Д.Н, Х.Цнартай Ш.Б хэрүүл маргаантай байгаа гэж сонссон, орон нутгийн сонгуулиас болж манай нөхрийг иргэдийн хурлын дарга болоход нь Д.Н багш дэмжээгүй учраас энэ хоёрын хооронд маргаан үүсч, сүүлдээ Х.Цзахирал Ш.Бт мөнгө өгч жинхэнэ багшийн орон тоон дээр томилогдсон асуудал яригдаж сүүлдээ нэгийгээ хуулийн байгууллагад шалгуулах дээрээ тулсан гэж энд ярьдаг юм. Ер нь бол дам дамаа хүмүүс Х.Цэрэндуламыг Ш.Б захиралд мөнгө өгч ажилд орсон гэдгийг бүгд ярьдаг юм. Уул нь бол Х.Цбагш заах арга зүй сайтай туршлагатай чадварлаг боловсон хүчний нэг байгаа юм. Д.Н багшийн хувьд сум орон нутагтаа нэр хүндтэй сургуульд олон жил ажилласан чадварлаг боловсон хүчний нэг....гэх мэдүүлэг /хх-1-ийн 204 хуу/

 

 Гэрч С.Нн өгсөн: ...Нэг жилийн хугацаатай ажлаасаа чөлөөлөгдсөн байж байгаад 2014 оны 10 дугаар сард дахин ажилдаа орохын тулд аймгийн боловсролын газарт дахин ажил орохын тулд сонгон шалгаруулалтанд орсон хэдий ч багшлах эрхгүй гэж сонгон шалгаруулалтанд оруулаагүй хэдий ч сургалт тасалдаж хүүхэд хохирч болохгүй гэсэн утгатай зөвлөмж сумын сургуулийн захиргаанд ирүүлсэн байсан тул намайг өмнө ажиллаж байсан болохоор Ш.Б захирал түр хугацаагаар багшаар ажилд эргүүлэн авсан. Ингээд үүний дараагаар түр ажиллах хугацаа дууссан тул 2015 оны хичээлийн жил эхлэхийн өмнө дахин сонгон шалгаруулалтанд орж миний ажиллах орон тоон дээр 5 багш өрсөлдөж сонгон шалгаруулалтанд орж би нэгээр шалгаран гарч үндсэн багшаар ажиллах болсон юм. Үүний дараагаар 2016 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотод шилжин ажиллах хүсэлтээ гаргаж ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Эхнэр С Өгийнуур сумын сургуульд нийгмийн ажилтнаар ажилладаг байж байгаад 2015 онд Улаанбаатар хотруу шилжсэн тул би гэр бүлээ дагаж Улаанбаатар хотод шилжин ажиллах болсон юм. Х.Ц өмнө нь түр цагийн багшаар ажиллаж байсан багш, ямар учраас сонгон шалгаруулалтанд оролгүйгээр шууд жинхэнэ багшийн орон тоон томилогдсон талаар мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-1-ийн 205 хуу/

 

Гэрч О.Б ийн өгсөн...Би анх  багшаар томилогдохдоо сонгон шалгаруулалтанд орж тэнцсэний үндсэн томилогдсон. Тухайн үед физикийн багшийн нэг орон тоон дээр 3 багш ажилд орох хүсэлтээ өгсөн байсан учраас аймгийн Боловсролын газраас сонгон шалгаруулалт зохион байгуулж шалгалт авсан юм. Тэрнээс биш заавал сонгон шалгаруулалтаар ажилд авдаг талаар мэдэхгүй юм байна тухайн мэргэжлийн орон тоон дээр ямар нэгэн маргаангүй өрсөлдөх хүнгүй нэг хүн байвал шууд л тухайн  сургуульдаа багшаар томилогдон ажилд орж болдог нь тухайн хүн өрсөлдөх хүнгүй бол шууд сургуулийн захирлын тушаалаар албан тушаалд томилогддог юм... гэх мэдүүлэг /1 хх-ийн 223 хуу/ 

 

Гэрч Г. өгсөн: ...Манай эхнэр Ж.М 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл бага ангийн багшаар, би өөрөө 2003 оноос хойш биеийн тамирын багшаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Сургуулийн нийт ажилчид болон сумын иргэдийн ихэнхийг нь хэн нь хэн бэ гэдгийг мэднэ. Өгийнуур суманд 1990 оноос ажиллаж амьдарч байна...Манай сургуулийн захирал өөрөө шулуун шударга зантай дайчин шаардлага өндөр тавьж, хариуцлага тооцохдоо тооцдог, шагнал урамшуулал олгохдоо олгодог хүний нэг, 2015 онд байх Архангай аймгийн шилдэг сургууль болж байсан удаатай, үүнээс гадна 2016 онд шилдэг менежерээр шагнагдаж байсан удаатай. Хүн удирдаж ажиллуулж чаддаг хүний нэг гэж ойлгож явдаг юм. Бүх зүйлийг сургуулийн дотоод журмаар нийт ажилчдын дунд нээлттэйгээр хуралдаж шийдвэрлэдэг шударга зантай хүн. Сүүлийн 14 жил Ш.Б захирлын удирдлагад ажилласан. Захирал Ш.Б, бага ангийн эрхлэгч Нямдулам нарын хоорондын хувийн харьцааны улмаас л маргалдаж нэгийгээ хууль хяналтын байгууллагаар шалгуулах дээрээ тулсан гэж ойлгож байна, үүнээс гадна монгол хэл уран зохиолын багш Цнь Нын хамтаар танай байгууллагад өргөдөл гаргасан талаар нь би сонсоод чи залуу хүүхэд байж хэл аманд орооцолдож яахнав дээ наад хоёр чинь тэгж байгаад учраа олно биз гэхэд харин тиймээ одоо буцаагаад өргөдлөө авч болдог болов уу гэж өөрөө ярьж байсан удаатай тэрнээс биш яг ямар асуудлаар шалгагдаад байгаа талаар сайн мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-1-ийн 226-227 хуу/

 

Гэрч Б.Бын өгсөн: ...Манай сургуулийн багш нар бүгд захирал Ш.Бтэй, бага ангийн менежер Д.Н, багш Х.Цнарын хооронд маргаантай асуудал байгаа талаар мэддэг. Тухайн өдөр буюу 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр захирал Ш.Б өрөөндөө дуудаж уулзаад цаагуур чинь миний талаар янз бүрийн юм ярьж байгаа хүн байна уу гэж асуухаар нь би Монгол, хэл уран зохиолын багш Х.Ц2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр намайг ажлаа тараад явж байхад замдаа таарчихаад хамт явж байхдаа захирлыг буруутгах нэг хүн олох хэрэгтэй байна гэхээр нь би юун хүн олох вэ сүлжээний байгууллага биш, наад асуудлаа зогсоо гэсэн утгатай зүйл хэлж ярьж хэлж байсан. Энэ байдлыг захирал Ш.Бт хэлэхэд үнэхээр л тэгж хэлж байсан юм бол чи наад асуудлаа баримтжуулж албан ёсоор тодорхойлолтоор өөрийнхөө гараар цаасан дээр бичээд өгчих гэхээр нь би өөрийнхөө сайн дураар хэлснээр бичиж өгсөн юм. Өөр надтай ямар нэгэн зүйлийн талаар Х.Ц ярьж байгаагүй. Нийт багш ажилчид өрөнхийдөө Х.Ц, Д.Н нарын гомдлын дагуу хуулийн байгууллагаас шалгаж байгаа талаар мэдэж байгаа хэдий ч яг ямар асуудлаар шалгагдаад байгаа талаар мэдэхгүй байгаа, аль аль нь ажил мэргэжилдээ сайн туршлагатай мэдлэг боловсролтой хүмүүс байгаа юм, миний хувьд намайг 2005 онд тус сургуулийг төгсөхөд Ш.Б захирал манай ангид хичээл ордог байсан. Өөрөөр хэлбэл шавь нь учраас Х.Ц хэлж ярьж байсан зүйлийг дамжуулж хэлсэн юм. Би Ш.Б захирлыг сайн удирдагч гэж бодож явдаг. Тэр ч утгаараа манай сургууль аймгийн тэргүүний сургуулийн нэг болж байсан удаатай...гэх мэдүүлэг /хх-1-ийн 228-229 хуу/

 

Гэрч Д.Аийн өгсөн: ...Би 2003 оноос 2014 он хүртэл Архангай аймгийн Боловсролын газарт ахлах мэргэжилтэн, даргаар нь ажиллаж байсан. Албан ёсоор ирж байгаагүй ч гэсэн ганц нэг багш нараас ажил үүргээс хамааралтай, хоорондын зан харилцааны талаархи гомдол мэдүүлдэг байсан, хэрүүл маргааны шинжтэй зүйлүүд ирдэг байсан. Тухай бүрт нь би утсаар өөрт нь мэдэгдэж ажилчдаас маргаан үүсгээд байна шүү хувийн зан харилцаан дээрээ анхаарах хэрэгтэй байна шүү гэж анхааруулж хэлдэг байсан. Боловсролын тухай хуулинд зааснаар сургуулийн захирал өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд багш ажилчдыг тушаалаар ажилд авна гэж заасан байдаг юм. Харин аймгийн боловсролын газраас захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг, үүнээс гадна тухайн сургуулиас нэг орон тоон дээр хэд хэдэн хүмүүс багшлах хүсэлт гаргасан бол сургуулийн саналын дагуу сонгон шалгаруулалтыг зарлан зохион байгуулж өгдөг юм. Тэрнээс биш боловсон хүчний асуудалд нь оролцоод байдаггүй. 2003 оноос хойш Ш.Б Өгийнуур сумын сургуулийн захирлаар ажиллаж байгаа хүн, энэ хугацаанд хэцүү байсан сургуулийн өөд нь татаж аймгийнхаа тэргүүний сургууль хүртэл болгож чадсан чадварлаг хүчний нэг боддог юм, өөрөө хувь хүнийхээ хувьд шулуун шударга зантай зарчимч ажлын төлөө явдаг хүн...гэх мэдүүлэг /хх-1-ийн 231 хуу/

 

Гэрч А.А-ын өгсөн: ...Би 2013 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс Архангай аймгийн Боловсрол соёлын газрын даргаар ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж одоо мэргэжилтнээр ажиллаж байна. Аль ч аймгийн сумдуудын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар Боловсролын тухай хуульд зааснаар өөрснөө боловсон хүчнийхээ асуудлыг шийдвэрлэх эрхтэй эрх бүхий албан тушаалтнууд байдаг юм. Харин тухайн орон тоон дээр багшлах багш олдохгүй, эсхүл нэг мэргэжлийн орон тоон дээр хэд хэдэн хүн өрсөлдөх юм бол тухайн сумын сургуулийн захирлын санал захиалга ирүүлсний дагуу аймгийн боловсролын газраас хамтран зохион байгуулж, тухайн орон тоон дээр багшлах боловсон хүчнийг судалж, шалгаруулан авдаг юм. Тэрнээс биш ганцхан монгол хэл, уран зохиол, эсхүл математикийн багшийн орон тоон дээр нэг л багш байх юм бол заавал сонгон шалгаруулалт явуулаад байх шаардлага байхгүй, шууд тухайн сургуулийн захирал эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж жинхэнэ багшийн орон тоон дээр авч болно. Намайг тус газрын даргаар ажиллаж байх хугацаанд 2 удаа л сонгон шалгаруулалт явуулж өгнө үү гэж хүсэлт захиалга өгч байсан. Тухайн үед ямар хүмүүс сонгон шалгаруулалтанд орж байсныг сайн санахгүй байна, харин нэг орон тоо нь технологийн багшийн орон тоо байсан түүнд өрсөлдсөн хоёр багш хоёулаа багшлах эрхгүй байсан санагдаж байна, нөгөө нэгийг нь сайн санахгүй байна. Ер нь бол Архангай аймгийн 19 сумын 33 сургуульд боловсон хүчин их дутагдалтай байдаг учраас голдуу сургуулийн багш нар багш олдсон дээр нь өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд шууд тушаал гаргаж боловсон хүчнийхээ асуудлыг шийдвэрлэдэг. Харин эсрэгээрээ дутуу байгаа орон тоон дээрээ багш авч ажиллуулах гэж тухайн орон тоон дээр ажиллах хүсэлтэй байгаа багш нарыг авах гэж аймгийнхаа боловсролын газарт захиалга өгч сонгон шалгаруулалт зарлуулдаг. Зарим тохиолдолд сонгон шалгаруулалт зарлаад байхад багш нар ирэхгүй тохиолдол байдаг байсан. Хөдөөний сумдуудад тэр болгон багшлах багш нар олдоод байдаггүй юм. Миний санаж байгаагаар 2015 онд багш нарын цалин хөлсийн тэгш бус олгодог, урамшууллын цалинг олгох ёстой байхад олгодоггүй, зан харилцааны хувьд ёс зүйгүй, багш нарыг дарамталдаг гэсэн утгатай гомдол нэг удаа ирж байсныг санаж байна. Өөр ирж байсныг мэдэхгүй юм байна. Тухайн үед би боловсролын газрын даргаар ажиллаж байсан эхний ээлжинд би Ш.Бт утасдаж анхааруулан таньтай холбоотой гомдол ирж байна шүү та хувийн харьцаан дээрээ анхаарах хэрэгтэй шүү гэж сануулга өгч ярьж байсан. Дахин хэлэхэд аймгийн боловсролын газраас тухайн сумын орон тооны боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх эрх байхгүй тухайн сургуулийн захирал өөрснөө эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй, харин мэргэжил арга зүйн хувьд дэмжлэг үзүүлж захиалгын дагуу сонгон шалгаруулалт зарлан хамтран ажилладаг юм, сумдуудын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын томилгоог аймгийн Засаг дарга шууд томилж, чөлөөлөх эрхтэй байдаг ...гэх мэдүүлэг /хх-1-ийн 232 хуу/

 

Гэрч Н.Бы өгсөн: ...Тухайн ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх мэдлийн асуудал, энэ нь зөвхөн боловсролын тухай хуулиар зохицуулагддаг юм. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар аймгийн засаг даргын зүгээс гаргасан тушаал шийдвэр журам байдаггүй. Мөн салбар яам болон аймгийн боловсролын газраас холбогдуулан гарсан дүрэм журам байхгүй. Тухайн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Аймгийн боловсролын газраас сумдын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын ажилд оролцоод байдаггүй, зөвхөн мэргэжлийн арга зүйгээр хангадаг юм. Тухайн албан тушаалтнуудыг аймгийн засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд томилж чөлөөлдөг юм. Үүнээс гадна хэрэв аль сумын цэцэрлэг, сургуулийн багш нарын орон тоон дээр олон багш нар ажиллах хүсэлттэй, эсхүл багшлах мэргэжлийн багш олдохгүй байгаа тохиолдолд тухайн сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирлын саналын дагуу сонгон шалгаруулалт явуулж зохион байгуулан аль нэг багшийг нь сонгож зөвлөмж өгдөг, бид нарын гаргаж өгсөн зөвлөмжийн дагүү тухайн багшийг авч ажиллуулах эсэх нь сургуулийн захирал Цэцэрлэгийн эрхлэгч нарын өөрсдийнх нь эрх хэмжээний асуудал. Өөрөөр хэлбэл захирал, эрхлэгч нарын саналаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байгаа нэг хэлбэр юм...гэх мэдүүлэг /хх-2-ийн 156 хуу/

 

Гэрч П.Мийн өгсөн: ...Миний эхнэр Ш.Б шударга, зарчимч, шулуун зантай, сургуулийн захирлаар 14 жил ажиллаж Өгийнуур сумын Ерөнхий боловсролын дунд сургуулиа тэргүүний сургууль, тэргүүний хамт олон, 2016 онд тэргүүний захирал болж аймгийн удирдах албан тушаалтнуудаас шагнал авч байсан. Эхнэр маань нутаг орон болон хамт олон, хамаатан садангууддаа нэр хүндтэй бусдыг удирдах чадвартай айл гэрийн сайн хань, эх юм. Миний эхнэрийг  Х.Цнь гэмт хэрэгт гүтгэж өөрөөс нь мөнгө авсан мэт мэдүүлж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь 2015 оны 08 дугаар сарын дунд үеэр Х.Цнь манайх гэр бүлээрээ гадаа ширээ тойроод хоол идэж байхад хөдөөнөөс ирлээ гээд 3 литрийн савтай сүү, тараг өгөөд явж байсан. Энэ үед эхнэр маань тараг сүүнийх нь савыг султгаад өг гэхээр нь султгаад өгсөн. Тэр үед яараагүй бол хоол идээд яваач гэхэд Х.Цнь хүлээж байгаад хоол идээд явсан. Ингэхдээ манай эхнэртэй ямар нэгэн байдлаар тусдаа уулзаж гэрт орж мөнгө төгрөг өгсөн асуудал байхгүй. Үүнээс гадна Г-д хандаж Х.Цнь манай сургууль дээр ирсэн АТГын байцаагчид тайлбар мэдүүлэг өгчихөд гарч ирлээ. Хадам эгчийнхээ үгэнд ороод захирлыг гүтгэсэн чинь ямар аймаар юм бэ, гомдол мэдүүлгээ буцааж авч болдог болов уу гэж ярьж хэлсэн байна. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Х.Цнь хамт олноороо салхинд гарч байхдаа хэсэг багш нарт Г багшид манай захирал чадалтай чадвартай захирал шүү, захирлаа харахаар өрөвдөөд байх юм. Хадам эгч Т.О багш Д.Н нар намайг хүчилсээр байгаад хуулийн байгууллагад захирлын эсрэг мэдүүлэг өгүүлсэн. Би одоо бол энэ хоёрын үгэнд орохгүйгээр өөрийн толгойгоор асуудлаа шийдвэрлэж чадна. Учраа олчмоор байна гэж ярьсан байсныг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Г багш надад хэлсэн. Х.Цын нөхөр Б өмнө нь намайг хэсгийн төлөөлөгч байхад согтуугаар мотоцикль жолоодож байгаад өөрийгөө гэмтээчихээд, Д.Батдэлгэр хүнийг гүтгэж намайг зодож хүнд гэмтэл учруулсан гэж гүтгэж байсныг би  мэднэ. Энэ байдлаас дүгнээд үзэхээр эдгээр хүмүүс хэнийг ч гүтгэж, худал мэдүүлэг өгөх хүмүүс гэж ойлгогдож байна...гэх мэдүүлэг /хх-2-ийн 157-159 хуу/  

 

Х.Цын яллагдагчаар өгсөн: ... 2011 онд би гэр бүлээ дагаад Архангай аймгийн Батцэнгэл сумаас Өгийнуур суманд шилжин ирж Өгийнуур сумынхаа сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар түр болон цагийн багшаар ажиллах болсон. Ингээд 2015 оны зун Ш.Б захирал намайг гэртээ дуудаж уулзаад одоо манай сургуульд монгол хэл, уран зохиолын үндсэн багшийн орон тоо гарч байгаа, чи сонгон шалгаруулалтанд орох юм бол шалгалтандаа унана сонгон шалгаруулалтанд оруулахгүйгээр шууд үндсэн багшийн орон тоон дээр багшаар авъя, харин чи надад 2 сая төгрөг өгчих гэсэн санал тавьсан. Би тухайн үед бодож үзье гэж хэлээд тоймтой хариу өгөөгүй уулзаад өнгөрсөн юм. Тухайн үед Ш.Б надад хэлэхдээ чи энэ асуудлаа өөрөө л шийдээрэй 4 сарын л цалин ш дээ, нөхөртөө ч хэлж болохгүй шүү гэж захиж байсан. Тухайн үед би өөрөө бие даан шийдвэрлэх боломжгүй мөнгөгүй байсан учраас нөхөртэйгөө ярилцах болсон юм. Энэ байдлаа нөхөр Бай ярилцаад хэлснээр өгөхгүй бол намайг аягүй бол сонгон шалгаруулалтанд явуулаад унагаачихаж магадгүй, өөр бусад багш нь миний орон дээр багш болох хүмүүс байгаа байлгүй гэж ярилцаад сумынхаа “Өгий мандал” хадгаламж зээлийн хоршооноос 5.250.000 төгрөгийн зээл авч үүнээсээ 1 сая төгрөгийг нь захирал Ш.Бийн гэрт нь 2015 оны 08 дугаар сарын 20-ны орчим аваачиж өгсөн юм. Энэ үед намайг Ш.Б захирал гэртээ ганцааранг маань дагуулж орсон хоёулханаа байхдаа 1 сая төгрөгийн хахуулиа өгсөн. Би тухайн үед бүгдийг нь олж чадсангүй талыг нь оллоо гэхэд Ш.Б чи үлдсэн мөнгийг нь энэ жил 5 жил ажилласныхаа тэтгэмжийг авах юм чинь тэрнээсээ өгчихгүй юу даа гэж хэлээд өнгөрсөн юм. Тухайн үед намайг нөхөр Бөхбат мотоциклоор Ш.Бийн гадаа хүргэж өгөөд буцсан, намайг мөнгө өгөх гэж 1 сая төгрөгөө бэлдээд аваад орсныг мэдэж байгаа. 1 сая төгрөг өгөх болсон шалтгаан нь энэ талаараа би нөхөр Бөхбатын төрсөн эгч Оюунзулд ярьсан чинь юу боллоо гэж 2 сая төгрөг өгдөг юм, талыг нь өгөхгүй юу олдохгүй байна гэж хэл гэснийх нь дагуу тэгж тал мөнгийг нь өгсөн юм. Энэ талаар О эгч сайн мэдэж байгаа. Үүнээс гадна бас Ш.Б захирал чи мөнгө өгсөн талаараа нөхрийнхөө эгч Од хэзээ ч хэлж болохгүй шүү бид нар адилхан байгууллагын удирдах албан тушаалтнууд гэж захиж байсныг одоо санаж байна. Хадам эгч О нь Өгийнуур сумын цэцэрлэгийн эрхлэгчийн ажил хийдэг юм. Энэ талаар нөхөр Бт, эгч О нар л мэдэж байгаа өөр хүн мэдэхгүй байгаа гэж бодож байна. Ингээд намайг 1 сая төгрөг өгсөний дараа шинэ хичээлийн жил эхлэхэд өөрөө өөрийхөө гаргасан тушаалаа надад өрөөндөө дуудаж оруулж ирээд гардуулан өгч өөрийнхөө хавтасандаа хийгээрэй гэж байсан. Удаагүй намайг анги даасан багш болгож цалин дээр маань анги даасны нэмэгдэл цалин олгуулах болсон. Тухайн үед над шиг сайн хүн байхгүй, өмнө харьцаж байснаасаа илүү найрсаг ханддаг болсон. Ингээд 2016 онд суманд 5 жил ажилласныхаа тэтгэмжийг авах болоход захирал Ш.Б үлдсэн 1 сая төгрөгөө авах санаагаа илэрхийлж чадахгүй надаар өөрөөр маань хэлүүлэх гээд төсөвт суугдчихсан байхад өгөхгүй удаагаад байсан юм. Би ч тухайн үед үлдсэн мөнгөө өгөхгүй гэж бодож байсан санааг нь ойлгосон юм. Захирал Ш.Б рүү утсаар ярихаар би амралттай байна заавал биеэр ирж уулз гэсэн шаардлага тавьдаг байсан, би ч санааг нь ойлгосон болохоор очоогүй, энэ байдлаа хадам эгч О хэлчихсэн чинь эгч О уурлаж юун даварчихсан юм бэ гээд өөрөө утсаар миний хажууд ярьсан чинь Ш.Б төрийн сангийн ажилтан байхгүй байгаа гэж худлаа хэлснийг нь эгч О мэдээд бүр уур нь хүрч чи яагаад хүүхдийн тэтгэмжийн мөнгө удаагаад байгаа юм бэ төрийн сангийн мэргэжилтэн байж л байна дээ чамайг ямар учраас удаагаад байгаа санаа зорилгыг чинь мэдэж байна шүү гээд хэрэлдчихсэн юм. Ингээд хадам эгч О шууд сумын засаг дарга А байгаад надтай хамт тэтгэмжийн мөнгөө авах ёстой байсан 4 багш нар тэтгэмжийн мөнгөө авч байсан удаатай. Үүнээс хойш намайг үзэхээ больж янз бүрийн байдлаар шахалт дарамт үзүүлж эхэлсэн. Би ч яахаа мэдэхгүй бага ангийн менежер Нямдулам багшид энэ байдлаа хэлж байсан юм. Ингээд 2016 онд болсон орон нутгийн сонгуулийн дараа захирал Ш.Б, менежер Д.Н нар хоорондоо таарахгүй хэрүүл маргаан дэгдэж эхэлсэн, Захирал Ш.Бийн нөхөр Мөнхнасанг иргэдийн хурлын дарга болох гэж байхад нь Д.Н багш саналаа өгөөгүйгээс болж энэ маргаан үүссэн гэсэн. Ингээд энэ хоёрын хэрүүл маргаан тэмцэл даамжирч нэгийгээ хуулийн байгууллагаар шалгуулах дээрээ тулсан юм. Бага ангийн менежер Д.Н багш Ш.Б захирлын хууль бус үйлдлүүдийг шалгуулахдаа өмнө нь би ярьж байсан болохоор миний хахууль өгсөн асуудлыг өөрийнхөө өргөдөлдөө оруулан бичиж өгсөн юм. Би яах аргагүй нэгэнт намайг үзэхээ больж шахалт дарамт үзүүлээд байсан болохоор Д.Н багштай хамт өргөдөл гарган танай байгууллагад хандсан юм. Тухайн үед Аймгийн боловсролын газрын дарга А дарга байсан, Ш.Б захиралтай ер нь бол таарамж муутай гэдгийг нь мэддэг байсан. Сонгон шалгаруулалтанд оруулах эсэх нь захирал Ш.Бийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал, хэрэв намайг сонгон шалгаруулалтанд оруулах юм бол өөр олон багш нар оролцож тэнцэх эсэх нь тодорхой бус хэн нэг нь танил талаараа шалгалтандаа тэнцчих юм бол надад боломж олдохгүй шууд ажилгүй болох байсан. Тэрийгээ захирал Ш.Б өөрөө сайн мэдэж байгаа учраас надад яах аргагүй татгалзахын аргагүй санал тавьж зөвшөөрүүлсэн юм. Тэгээд хэлснээр биш 2 сая төгрөг гэж тохирсноос 1 сая төгрөгийг нь өгч жинхэнэ багшийн орон тоон дээр томилогдсон юм. Тэгээгүй бол яах ч байсан юм билээ мэдэхгүй, би бодохдоо 1 сая төгрөгийн хахууль өгч байж жинхэнэ багшийн орон дээр томилогдсон гэж бодож байна. Үүний дараагаар тэтгэмжийн мөнгөнөөсөө 1 сая төгрөгөө өгөөгүй учраас дургүй нь хүрч надад шахалт дарамт үзүүлдэг болсон юм. Миний бие анх танай байгууллагад Д.Н хамт өргөдөл өгөхдөө өөрөө ч гэсэн хэрэгт холбогдож шалгагдана гэдгээ сайн мэдэж байсан, тэртээ тэргүй намайг хэлсэн хэлээгүй шахалт дарамт үзүүлж байгаад ажлаас халах нь тодорхой учраас би Ш.Бийн хууль бус үйлдлийг илчилж өгсөн юм. Үүнээс гадна Ш.Бтэй өөрийнх нь хэлснээр байхгүй бол ямар ч багш байсан шахалт дарамт үзүүлдэг юм. хувь хүнийхээ хувьд чадварлаг боловсон хүчин мөртлөө албан тушаалын байдлаараа түрэмгийлж бусдыг дарамталж хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, бусдаас ашиг хонжоо шан шарамж хараад байдаг юм. Энэ байдлыг нь бүх багш нар мэддэг боловч хэн нь хэлж чадахгүй, учир нь бүгдийнх нь амьдрал сумандаа, үр хүүхэд нь сургуульд нь сурдаг болохоор хэлж зүрхэлдэггүй юм. Миний мөнгө өгсөн асуудлыг сургуулийн бүх багш нар мэддэг болсон, сумаар хаа сайгүй ярьдаг болж Ш.Бийн талаар бүгд ам муутай болсон, надаас гадна өөр багш нараас хэдэн төгрөг авч ажилд авсанг нь мэдэхгүй гадуу янз бүрийн явган яриа яригддаг гэсэн үнэн худлыг нь мэдэхгүй байна эцэст нь хэлэхэд үнэн зөвөөр нь шалгаж Ш.Бт хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Би ч гэсэн өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байна...гэх мэдүүлэг /хх-1-ийн 241-242 хуу/

 

Ш.Бийн яллагдагчаар өгсөн: ...Миний хувьд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна, учир нь та бүхэн эхнэр нөхөр хадам эгч гэсэн их ойрын төрөл садангийн хүмүүсийн үгээ нийлүүлж гүжирдэж гүтгэж миний эсрэг өгсөн худал мэдүүлгээр намайг буруутган ял сонсгож байгааг би хүлээн зөвшөөрөхгүй, би Х.Цэрэндуламыг 2011 онд ажилд томилсноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд шан харамж мөнгө төгрөг нэхэж байгаагүй. Х.Цнь миний ажлын өрөөнд орж ирээд захирал багшаа гадуур хүмүүс намайг танд ажилд орохдоо мөнгө өгсөн гэж худал яриад байгаа юм байна би санаа зовчихлоо танд өгсөн зүйл байхгүй, та нэхсэн зүйл байхгүй гэдгээ нотлоод өөрийн гараар бичээд өгье гэж хэлээд бичиж өгч байсан удаатай. Энэ хүнийг дуудаж бие эрх чөлөөнд халдаж, дарамт шахалт үзүүлж хүч хэрэглэн тайлбар тодорхойлолт бичүүлээгүй Х.Цын бичиж өгсөн тодорхойлолтыг хэргийн материалд хавсаргасан байгаа. Багш Х.Цын хувьд гэр орондоо эрх мэдэл бага өөртөө нэг ч төгрөг зарцуулах эрх байхгүй хүний үгээр нөхөр болон хадмуудаасаа хараат байдаг учраас Нын захирал болох атгаг санаанаас болж намайг буруутгаж миний албан тушаал дээр очиж гэж, үгэнд орж өөрөө яллагдагч болохоо мэдэхгүй явж байгаа гэж бодож байна. Үүнээс гадна би өөрийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, 20.1.2 дахь хэсэгт заасан эрх 20.2.3 дахь хэсэг заасан үүргийнхээ хүрээнд Х.Цыг ажилд томилж ажилласан, тэрнээс биш мэргэжлийн бус хүнийг монгол, уран зохиолын багшаар томилоогүй, хэн нэгэн хүнийг хохироож энэ хүнд зориуд ажлын байр бэлдээгүй, тэгээд ч урьд нь багшаар ажиллаж байгаад манай сургуульд ирээд 4 жил болчихсон байсан учир туршлага тогтвор суурьшил, ажлын байранд тавигдах шаардлага хангасан байдал зэргийг нь харгалзан томилсон юм. Би хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд шийдвэр гаргасан хуулиар хориглосон зүйл зөрчөөгүй... Миний хувьд сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэдгээ дахин хэлье...гэх мэдүүлэг /хх-1-ийн 247-248 хуу/

 

Авлигатай тэмцэх газарт Д.Нямдуламын гаргасан хүсэлт / 1-хх-ийн 03-05 хуу/

Багш Г.Х, Б.Б, Х.Ц нарт тэтгэмжийн мөнгө олгох тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн б/18 дугаар тушаалын хуулбар / 1хх-ийн 136 хуу/

Х.Ц түр багшаар томилж ажилуулах тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 36 дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 151 хуу/

Х.Цг түр ажиллуулах тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн б/30а дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 152 хуу/

Х.Цг цагийн багшаар түр ажиллуулах тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн б/50а дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 153 хуу/

Монгол Улсын Боловсрол,  соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/220 дугаартай “Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай” тушаал, тушаалын хавсралтын хуулбар / 1 хх-ийн 154 хуу/

Х.Цг үндсэн багшаар томилох тухай Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлын 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн б/37 дугаар тушаалын хуулбар /1 хх-ийн 155 хуу/

Х.Цн “Өгийн мандал” ХЗХ-оос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авсан “Барьцаат зээлийн гэрээ”-ний хуулбар /1 хх-ийн 200 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-2-ийн 03, 10 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2-ийн 02,09 хуу/ 

Ш.Бийг Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуулийн захирлаар томилсон Архангай аймгийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 245 дугаар  захирамжийн хуулбар / хх-ийн 11 хуу/

Шүүгдэгч Х.Цын хувийн байдалтай холбоотой баримтууд / 2 хх-ийн 4-5, 207 хуу/

Шүүгдэгч Х.Бийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2 хх-ийн 14-36 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч Ш.Б, Х.Цнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч  Х.Цнь  “Өгийн мандал” ХЗХ-оос 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 5.250.000 төгрөгийн зээл авсан,  2015 оны 08 дугаар сард шүүгдэгч Ш.Бийн гэрт очиж түүнтэй уулзсан,  Ш.Б нь Х.Цыг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур сумын бүрэн дунд сургуульд  үндсэн багшийн албан тушаалд томилсон нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй  байна гэж үзлээ. 

Дээрх нөхцөл байдлуудын талаар шүүгдэгч нар нь маргадаггүй бөгөөд харин шүүгдэгч Х.Цнь үндсэн багшаар томилогдохын тулд шүүгдэгч Ш.Бийн гэрт нь очиж уулзахдаа нэг сая төгрөг өгсөн, шүүгдэгч Ш.Б нь Х.Цг үндсэн багшаар томилсон тушаал гаргах зорилгоор түүнээс нэг сая төгрөг аваагүй гэх мэдүүлгүүдийг өгчээ.

 

Х.Цнь Ш.Бт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдлыг шууд нотлож байгаа нотлох баримт нь шүүгдэгч Х.Цэрэндуламын хээл хахууль өгөх гэмт хэргээ хүлээсэн мэдүүлэг бөгөөд гэрч Т.Бөхбат, Т.О, Д.Н нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтууд нь Х.Цнь Ш.Бт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдлыг нотлож чадахгүй байна гэж үзлээ. 

Учир нь гэрч Д.Н нь...Багш Цнь болсон асуудлын талаар өөрөө надад нэг бүрчлэн ярьж хэлсэн. Тэрнээс биш хэдэн төгрөг хаана ямар байдлаар хахууль болгон өгч байсныг хараагүй зөвхөн өөрийнх нь хэлснийг сонссон юм. Энэ талаар түүний нөхөр Т.Бөхбат, хадам эгч Т.О нар сайн мэдэж байгаа... / 1 хх-ийн 197-198 хуу/ гэрч Т.О нь... бэр Х.Цажилдаа орсон, би уулзаад нөгөө Ш.Б захирлын чинь асуудал юу болсон бэ гэхэд нөхөр Т. бид хоёр сумынхаа Өгий мандал хадгаламж зээлийн хоршооноос 5 сая төгрөгийн зээл авч, үүнээс 1 сая төгрөгийг нь Ш.Б захирал бэлнээр гэрт нь аваачиж өгсөн, үлдсэн мөнгийг нь өөрснөө унах мотоцикл, сургуулийн хүүхдийн хувцас зэрэг хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэж ярьж байсан... /1 хх-ийн 202-203 хуу/ гэрч Т.Б... Зээл авсны дараа 8 дугаар сарын эхний долоо хоногт байх би эхнэрээ өдөр 13 цагийн орчим байх Ш.Б захирлын гэрийнх нь гадаа өөрөө мотоциклиороо хүргэж өгч байсан.  Удаагүй эхнэр маань 1 сая төгрөгөө өгчихлөө гээд гэртээ ирж байсныг сайн санаж байна... /1 хх-ийн 199 хуу/ гэж тус тус мэдүүлэг өгчээ. 

Иймд Х.Цнь Ш.Бт нэг сая төгрөг өгсөн гэх нөхцөл байдал нь шүүгдэгч Х.Ц-ын хэргээ хүлээсэн мэдүүлгээс өөр нотлох баримтаар нотлогдохгүй байна үзлээ. 

Мөн шүүгдэгч Ш.Б нь Монгол Улсын Боловсрол,  соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн а/220 дугаартай тушаалаар  ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батласантай холбоотойгоор шүүгдэгч Х.Цг зохих шаардлага хангасан гэсэн үндэслэлээр үндсэн багшийн ажилд томилохдоо сонгон шалгаруулалт явуулахгүйгээр томилсон нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан ерөнхий боловсролын сургуулийн захирлын бүрэн эрхээ хэрэгжүүлсэн, үүнийхээ төлөө хээл хахууль аваагүй гэж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний энэ мэдүүлгээс хээл хахууль аваагүй гэсэн мэдүүлгийг шүүгдэгч Х.Ц-ын мэдүүлгээс өөр няцаасан, үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж, 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт Дараахь мэдүүлэг дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус заасан бөгөөд 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалтад “яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” гэж заасан байх тул зөвхөн Х.Цн хэргээ хүлээсэн мэдүүлгийг үндэслэн түүнийг хээл хахууль өгөх гэмт хэрэг, шүүгдэгч Ш.Бийг хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Гэрч Д.Нм нь шүүгдэгч Ш.Б нь багшийн сул орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулахгүйгээр Х.Цг үндсэн багшийн албан тушаалд томилсон гэж мэдүүлэг өгч байгаа боловч гэрч Д.Ан өгсөн...Боловсролын тухай хуулинд зааснаар сургуулийн захирал өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд багш ажилчдыг тушаалаар ажилд авна гэж заасан байдаг юм. Харин аймгийн боловсролын газраас захиргааны болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилладаг, үүнээс гадна тухайн сургуулиас нэг орон тоон дээр хэд хэдэн хүмүүс багшлах хүсэлт гаргасан бол сургуулийн саналын дагуу сонгон шалгаруулалтыг зарлан зохион байгуулж өгдөг юм. Тэрнээс биш боловсон хүчний асуудалд нь оролцоод байдаггүй...гэх мэдүүлэг /хх-1-ийн 231 хуу/ гэрч А.Аын өгсөн ... Аль ч аймгийн сумдуудын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар Боловсролын тухай хуульд зааснаар өөрснөө боловсон хүчнийхээ асуудлыг шийдвэрлэх эрхтэй эрх бүхий албан тушаалтнууд байдаг юм. Харин тухайн орон тоон дээр багшлах багш олдохгүй, эсхүл нэг мэргэжлийн орон тоон дээр хэд хэдэн хүн өрсөлдөх юм бол тухайн сумын сургуулийн захирлын санал захиалга ирүүлсний дагуу аймгийн боловсролын газраас хамтран зохион байгуулж, тухайн орон тоон дээр багшлах боловсон хүчнийг судалж, шалгаруулан авдаг юм. Тэрнээс биш ганцхан монгол хэл, уран зохиол, эсхүл математикийн багшийн орон тоон дээр нэг л багш байх юм бол заавал сонгон шалгаруулалт явуулаад байх шаардлага байхгүй, шууд тухайн сургуулийн захирал эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж жинхэнэ багшийн орон тоон дээр авч болно... Дахин хэлэхэд аймгийн боловсролын газраас тухайн сумын орон тооны боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх эрх байхгүй тухайн сургуулийн захирал өөрснөө эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх эрхтэй... гэх мэдүүлэг /хх-1-ийн 232 хуу/ гэрч Н.Б-ы өгсөн...Тухайн ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх мэдлийн асуудал, энэ нь зөвхөн боловсролын тухай хуулиар зохицуулагддаг юм. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар аймгийн Засаг даргын зүгээс гаргасан тушаал шийдвэр журам байдаггүй. Мөн салбар яам болон аймгийн боловсролын газраас холбогдуулан гарсан дүрэм журам байхгүй. Тухайн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын өөрсдийнх нь бүрэн эрхийн асуудал. Аймгийн боловсролын газраас сумдын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарын ажилд оролцоод байдаггүй, зөвхөн мэргэжлийн арга зүйгээр хангадаг юм...Үүнээс гадна хэрэв аль сумын цэцэрлэг, сургуулийн багш нарын орон тоон дээр олон багш нар ажиллах хүсэлттэй, эсхүл багшлах мэргэжлийн багш олдохгүй байгаа тохиолдолд тухайн сургууль цэцэрлэгийн эрхлэгч захирлын саналын дагуу сонгон шалгаруулалт явуулж зохион байгуулан аль нэг багшийг нь сонгож зөвлөмж өгдөг, бид нарын гаргаж өгсөн зөвлөмжийн дагүү тухайн багшийг авч ажиллуулах эсэх нь сургуулийн захирал Цэцэрлэгийн эрхлэгч нарын өөрсдийнх нь эрх хэмжээний асуудал. Өөрөөр хэлбэл захирал, эрхлэгч нарын саналаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж байгаа нэг хэлбэр юм...гэх /хх-2-ийн 156 хуу/  мэдүүлэг болон Монгол Улсын Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2 дахь заалтад багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрхийг ерөнхий боловсролын сургуулийн захирал эдэлнэ гэж заасан зэргээс үзэхэд  шүүгдэгч Ш.Б нь бага, дунд сургуулийн багшийн орон тоон дээр Х.Цг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр шууд томилж ажиллуулсныг хууль тогтоомж зөрчсөн, албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Улсын яллагч нь шүүгдэгч Ш.Б, Х.Цнарыг Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасныг журамлан шүүгдэгч нарын  эрхзүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, Ш.Бийг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан, Х.Ц-ыг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд гэм буруутайд тооцуулах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан боловч шүүгдэгч Ш.Бийн мөнгө авсан гэх үйлдлийг нь Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх” гэх шинжүүдийн алинд нь хамаарах талаар яллах дүгнэлтэндээ дурдаагүй байна. Түүнчлэн улсын яллагч нь шүүх хуралдааны үед шүүгдэгч Ш.Бийг гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж нэг сая төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргаж, үүнийгээ  шүүгдэгч Ш.Бийн нэг сая төгрөг авсан гэх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэлд хамаарна гэж тайлбарлаж байгааг нь хүлээн авах үндэслэлгүй бөгөөд гүйцэтгэх ёсгүй үйлдэл гэдэгт албан тушаалтны хувьд өөрт нь олгогдоогүй эрх, үүргийг хэрэгжүүлснийг хамааруулна гэж үзлээ.

Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Х.Цнь шүүгдэгч Ш.Бт  хээл хахууль өгсөн, шүүгдэгч Ш.Б нь шүүгдэгч Х.Ц-аас хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул тус тус цагаатгах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Ш.Б, Х.Цнар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, Ш.Б, Х.Цнар нь хохирлоо арилгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Ш.Бийн эзэмшлийн 99-88 АРХ улсын дугаартай 30.000.000 /гучин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Hummer H-3 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   

                                            

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Б овгийн Хын Ц нь хээл хахууль өгөх, шүүгдэгч Н овгийн Шийн Б нь хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул тус тус цагаатгасугай. 

 

2. Шүүгдэгч Ш.Б-т Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллагдагчаар татсан мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол, шүүгдэгч Х.Ц Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан ял сонсгож, яллагдагчаар татсан мөрдөн байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тогтоолуудыг  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу тус тус хүчингүй болгож, 201703000097 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцаасугай.

 

3.  Ш.Б, Х.Цнар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай. 

 

4. Ш.Бийн эзэмшлийн 99-88 АРХ улсын дугаартай 30.000.000 /гучин сая/ төгрөгийн үнэлгээ бүхий Hummer H-3 маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 70 дугаартай хөрөнгө битүүмжлэх тогтоолыг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

 

5.   Ш.Б, Х.Цнарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хүчингүй болгосугай. 

 

6. Ш.Б, Х.Цнар нь хохирлоо арилгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Цагаатгах тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Цагаатгах тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй. 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ОДХҮҮ