Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00328

 

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00328

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02686 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“Б” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 246,743,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Золбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга           Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр “Б” ХХК-тай 03/02 дугаартай "Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ” байгуулсан. Гэрээгээр БМ-350 маркийн 5,000 м.куб бетон зуурмагийг нийлүүлэхээр тохиролцсон бөгөөд үүнээс 200,800,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн.

1.2. Нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрөөс нэхэмжлэгчид нийт 29,638,000 төгрөгийг шилжүүлсэн ба үлдэгдэл 171,162,000 төгрөгт гэрээний 2.2-т заасны дагуу бартерын журмаар Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Улаанбаатар сувиллын баруун урд талд баригдаж буй “В” ХХК-ийн ажилтан, албан хаагчдын орон сууцны барилгаас орон сууц, машин шилжүүлэхээр тохиролцсон.

Улмаар дурдсан орон сууцны барилгын ** дугаар давхрын **** м.кв ** өрөө, С сууц, ** м.кв ** өрөө, F сууцыг тус бүр 1 м.кв-ыг нь 2,400,000 төгрөг, нийт 179,832,000 төгрөгөөр тооцон авахаар “Орон сууц захиалах гэрээ” байгуулсан. Орон сууц захиалах гэрээнүүдийн 3.1-д “Тус орон сууцнуудыг 2021 оны 2 дугаар улиралд барьж дуусган хүлээлгэн өгнө” гэж заасан боловч заасан хугацаандаа барилгыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөөгүй.

1.3. Нэхэмжлэгч “А” ХХК-аас "Б ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 04/111 тоот албан бичгээр орон сууцыг барьж ашиглалтанд оруулахгүй байгаагаас нэхэмжлэгч байгууллага хохирч байгаа талаар дурдаж, 2021 оны 10 дугаар сарын 01-ний дотор байрыг ашиглалтад оруулахгүй бол цаашид орон сууц ашиглалтанд орохыг хүлээх боломжгүй, Орон сууц захиалах гэрээнүүдээс татгалзаж байгаагаа, гэрээний төлбөрөө бартерын журмаар авахгүй, бэлэн мөнгөөр авах, өгөхгүй бол гэрээний дагуу алданги тооцож шүүхэд хандах талаар мэдэгдсэн. Гэвч "Б ХХК нь нийт төлбөрөөс 29,263,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй, хэзээ төлөх нь тодорхойгүй байна.

Иймд хариуцагчаас гэрээний үлдэгдэл төлбөрт 161,162,000 төгрөг, алданги 85,581,000 төгрөг, нийт 246,743,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Б” ХХК нь “А” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрт нийт авсан бетон зуурмагийн 20 хувийн төлбөрийг бэлэн мөнгөөр, үлдсэн 80 хувийн төлбөрт Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороонд байрлах “В” ХХК-ийн захиалгатай ажилтан, албан хаагчдын орон сууцны барилгын ** давхарт ** м.кв талбайтай ** өрөө орон сууц, мөн давхарт ** м.кв талбайтай ** өрөө орон сууц өгөхөөр гэрээ хийсэн.

2.2. Үүний дараа “А” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан. Гэрээний биелэлтийг хангах дээрх орон сууцны барилгыг 2021 оны 7 дугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байсан боловч захиалагч “В” ХХК-ийн санхүүжилт удааширсан, хөрөнгө оруулалтын график өөрчлөгдсөн, барилгын бараа материалын үнэ хэт өссөн гэх мэт шалтгааны улмаас "А” ХХК-д дээрх орон сууцуудыг хүлээлгэн өгч чадаагүй байгаа.

2.3. Нэхэмжлэгч талд өөр барилга санал болгосон, үндсэн төлбөрөө энэ сардаа багтаагаад төлөх хүсэлтэй байна. Алдангийг зөвшөөрөхгүй, төлөх боломжгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 161,162,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 85,581,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,441,665 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 963,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс боддог учраас гэрээний 6.7-д захиалсан бүтээгдэхүүний үнийн дүнгээс бодохоор заасан нь хуульд нийцээгүй тул алданги 85,581,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь гэрээнд захиалсан бүтээгдэхүүний үнийн дүнгээс алданги тооцно гэж заасан боловч “Б” ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагаа захиалсан бүтээгдэхүүн гэж нэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь алданги тооцохдоо нийлүүлээгүй бетон зуурмагийн үнээс бус нийлүүлж, хүлээлгэн өгсөн бетон зуурмагийн үнэ буюу 171,162,000 төгрөгөөс алданги тооцсон болно.

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.7-г үндэслэн алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийг гүйцэтгээгүй үнийн дүнгээс тооцно гэснийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, алданги 85,581,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг хангаж өгнө үү.

 

5. Хариуцагч тал давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.  

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 246,743,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 03/02 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ” байгуулагдсан, уг гэрээгээр худалдагч нь БМ-350 маркийн 5,000 метр.куб бетон зуурмагийг нийлүүлэх, худалдан авагч нь үнийн 80 хувь болох 800,000,000 төгрөгт орон сууц, машин шилжүүлэх, үлдэх 20 хувийг бэлэн мөнгөөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт тус тус заасан худалдах-худалдан авах болон арилжааны гэрээний шинжийн аль алиныг агуулсан холимог гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарах гэж заасны дагуу талуудын хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтыг тайлбарлаж, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

4. Улмаар талууд 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ХУД/2021-02, ХУД/2021-2 дугаартай “Орон сууц захиалах гэрээ”-г тус тус байгуулж, уг 2 гэрээгээр “Б” ХХК нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Улаанбаатар сувиллын баруун урд талд баригдаж буй “В” ХХК-ийн ажилтан, албан хаагчдын орон сууцны барилгын ** дугаар давхрын F сууцнаас ** м.кв талбайтай ** өрөө орон сууцыг 91,560,000 төгрөгт, С сууцнаас ** м.кв талбайтай ** өрөө орон сууцыг 88,272,000 төгрөгт тус тус тооцон 2021 оны 2 дугаар улиралд багтаан барьж дуусган нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, 03/02 дугаартай бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ дуусгавар болсноор төлсөнд тооцохоор харилцан тохиролцсон.

Энэ гэрээ нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан 03/02 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ”-ний хариуцагч талын хүлээсэн үүрэг болох орон сууц, машиныг нэхэмжлэгч тал шилжүүлэх үүргийг тодруулсан агуулгатай байна. Энэ талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Гэрээний дагуу “А” ХХК нь “Б” ХХК-д 200,800,000 төгрөгийн үнэтэй бетон зуурмаг нийлүүлсэн, “Б” ХХК нь гэрээний үнэд 29,263,000 төгрөгийг бэлнээр, 10,000,000 төгрөгийг ваучераарА” ХХК-д төлсөн талаар маргаагүй байх ба “Б” ХХК нь 2 ширхэг орон сууцыг 2021 оны 02 дугаар улиралд барьж дуусган “А” ХХК-ийн хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй байна.

 

6. Хариуцагч “Б” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 03/02 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ”-ний төлөгдөөгүй үнэ болох 161,162,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул мөн гэрээгээр хүлээсэн үүрэг болох 2 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг мөнгөн хөрөнгө болгож өөрчилсөн талаар талууд маргаагүй. Хариуцагчаас 161,162,000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь зөв болжээ.

 

7. Талууд 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 03/02 дугаартай “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэх гэрээ”-ний 6.7-д: “Худалдан авагч тал захилсан бүтээгдэхүүний үнийг тохиролцсон хугацаандаа буюу энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн зэрэг тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэхүйц алдангийг худалдагч талд төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүр /бетон зуурмагын нийлүүлэлт тус бүр/-д тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүр тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байхад анхан шатны шүүх тус гэрээний заалтыг агуулгаар нь бус “захиалсан бүтээгдэхүүний үнийн дүн” гэх хэсгийг хуульд нийцээгүй гэж гэрээний заалтыг буруу тайлбарлаж, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг  давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг болох 161,162,000 төгрөгөөс алдангийг тооцоход   Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул хуульд зааснаар  алдангийг хязгаарлаж 80,581,220 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна. Харин алдангид илүү нэхэмжилсэн 5,269,780 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2022/02686 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “243.1” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.6” гэж нэмж, “161,120,000” гэснийг “241,743,000” гэж, “85,581,000” гэснийг “5,269,780” гэж,

2 дахь заалтын “963,760” гэснийг “1,366,665” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,855 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ш.ОЮУНХАНД

                                           

         ШҮҮГЧИД                                             Г.ДАВААДОРЖ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА