| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0179/э |
| Дугаар | 189 |
| Огноо | 2018-10-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 189
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч У.Анхжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн,
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Г-д холбогдох эрүүгийн 1811005140175 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар албан тушаал эрхлэх эрхийг нь хасахгүйгээр 1 жилийн хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар, Төв аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийн 2005 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 59 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, ******* овгийн Э. Г
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 02 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт иргэн С.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэн бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Би өөрийн үйлдсэн хэргийн талаар товч ярина. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн ******* сумаас уурхайгаас амрахаар явсан. Амрах явцад 02 дугаар сарын 02-ны өдөр миний төрсөн өдөр байсан. Тэгээд ажлаасаа буугаад тээврийн дарга Т-тэй Говь-Алтай аймгаас ******* сум орсон. Би түрүүлж орчихоод 1 цагийн автобусны билет авчихаад хоолонд ороод байж байтал манай ажлынхан араас яриад цуг явъя ажлынханыгаа хаяад явах гэж байгаа юм уу? гээд араас 3 удаа утасдсан. Тэгэхээр нь би буруу ойлгосон. Миний төрсөн өдөр байсан. Надад бэлэг барих гэж байгаа юм байна гэж ойлгоод хүлээсэн. Тэгсэн Б нилээн согтуу Говь-Алтай дээр ирсэн. Тухайн үед би билетээ зарсан байсан. Тэгээд Говь-Алтайгаас орой 18 цагийн үед хөдлөхөд манай ажлын 6 хүн гадны 3 эмэгтэй, Баянхонгорын нэг зорчигч нийт гаднаас 4 хүн сууж явсан. Бусад нь бүгд жолооч нар байсан. Тэгээд хөдлөөд явахад Говь-Алтай аймгаас 2, 3 шил архи авсан байсан. Замдаа нөгөө архинуудаа уусан. Би архи аваагүй. Төрсөн өдөр байсан болохоор бага зэрэг уусан. Гэтэл манай ажлын Б гэх залуу согтчихсон замд явж байсан хүмүүсээс хэрүүл өдөөд гарч, орох гэхээр гаргахгүй элдэв зан гараад байсан. Бид хоёрын дунд 50 настай эгч сууж явсан. Тэр эгчээс хэрүүл өдөр гараараа дарж унагаагаад явуулахгүй байсан. Тухайн үед чи ингэж болохгүй шүү дээ гэж их хэлсэн боловч үг авахгүй өмнөөс уурлаж элдвээр хэлээд байсан. Сүүлдээ бүр Баянхонгорын нэг залууг зодоод бөөн асуудал болоход нь би асуудлыг нь зохицуулаад л явж байсан. Тэгээд явж байтал миний шээс хүрээд би удаан тэвчиж чадахгүй эвэрхийтэй учраас дусаагаад явах хэцүү байсан. Жолоочоос зогсохыг хүсээд бие засах гээд буух гэтэл Б нь хаалга хааж суучихаад гаргахгүй болохоор нь би уурандаа хоёр удаа цохиод цаашаа ойчихоор нь гарч бие зассан. Би тухайн үед хэрүүл өдөлгүй тайван явсан. Өглөө нь Бгийн нүүрийг харсан чинь эвгүй болсон байсан. Тэгээд Улаанбаатар оронгуутаа Төмөр замын эмнэлэгт очиж үзүүлье гэсэн үгүй гэсэн. Тэгээд хувийн эмнэлэгт үзүүлэхээр болсон. Би туслаж дэмжээд хажууд нь байсан. ... Энэ хэрэг гараад бүтэн 8 сар болж байна. Өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч маш их гэмшж ойлгож байгаа. Өөрийн гаргасан үйлдэлдээ хариуцлагатай хандаж байгаа...” гэв.
Хохирогч С.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “... Замдаа Г-д зодуулчихлаа гээд явж байгаад Өвөрхангай аймаг өнгөрөөд ухаан ороход хамар амнаас цус гарсан. Өмссөн цамц цус болчихсон, хамраараа амьсгалж болохгүй, амаараа амьсгалаад байсан. Тэгээд Улаанбаатар хотод ирээд гэмтлийн эмнэлэг дээр үзүүлэхэд хамар яс хугарсан байна, нарийн эмнэлэг дээр үзүүл гэхээр нь “...нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд...” хагалгаанд орох ёстойг мэдсэн. ... Намайг согтуу байхад Э.Г нүүрэн тус газар гараараа цохисон гэж машины жолооч хэлсэн. Мөн Э.Г намайг Баянхонгор аймагт буух зорчигчтой хэрэлдээд маргалдаад байсан, намайг бие засахаар буух гэтэл хөлөө хөшиж тавьчхаад буулгахгүй байсан учраас нүүр лүү чинь нэг удаа гараараа цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Баянхонгор аймгаас цааш явж байгаад хүмүүс бие засах гээд зогссон. Тэгээд хүмүүс буух гэтэл нөгөө согтуу хүн дайраад гар гэсэн утгатай зүйл хэлсэн. Гэтэл нэг залуу уг хүнийг 2-3 удаа цохисон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Г-ийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... С.Б согтчихоод уусан идсэнээ шингээж чадахгүй, агсам согтуу тавиад амгалан тайван байдал алдагдуулаад байсан. Мөн би эвэрхий өвчтэй, шээсээ барьж чаддаггүй, жолоочид бие засмаар гэж хэлсэн боловч одоохон зогслоо гэж хэлээд нэлээн явсан. Тэгээд уурлангуй хэлж байж зогсоход Б согтуу гуталтай хөлөө жийгээд суучихсан, хаалганы урд хөл нь тээглээд буумаар байна хөлөө ав гэхэд хөлөө авахгүй, куртикний энгэр заамнаас татаад буулгахгүй байсан учраас уурандаа Б-г зүүн талын гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа цохьсон. Өөр юм хумаар цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 13 дугаар хуудас/,
Гэрч М.О-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... Манай хүү Б нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Говь-Алтай аймаг руу ажил руугаа яваад 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу ирж явах замдаа Баянхонгор аймагт Г гэх хүнд зодуулсан гэж машины жолооч надад хэлсэн. Машины жолоочоос манай хүүг хэн зодсон, юу болсон талаар асуухад танай хүүтэй хамт явж байсан жолооч нар архи уусан, замдаа явж байхад маргалдаад байсан, ямар учраас маргалдсанг мэдэхгүй байна. Баянхонгор аймагт явж байх замд танай хүү хойд талын сандал дээр согтуу хэвтэж байхад Х гэх хүн машинаас буухдаа нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохьчихоод буусан гэж хэлсэн. Би жолоочийн нэрийг нь мэдэхгүй байна, 99014245 дугаарын утастай. Тухайн үед болсон зодооныг би өөрөө хараагүй. Мөн манай хүү согтуу байсан учраас хэн ямар учраас юугаар хэдэн удаа цохьж зодсонг мэдэхгүй, санахгүй байна гэсэн. ... Манай хүү Э.Г гэх хүнтэй нэг байгууллагад хамт ажилладаг. Жолооч хийдэг гэсэн, би танихгүй, харж байгаагүй, өс хонзон санасан зүйл байхгүй байх. ... Тухайн үед жолооч Б, Ж нар хамт явж байсан гэсэн. Бусдыг нь танихгүй, мэдэхгүй, манай хүүг зодсон гэх Э.Г-95369971 дугаарын утастай мөн жолооч харсан. ... Манай хүү хагалгаа хийлгэсэн мөн эм тариа гээд эмчилгээний 6.000.000 төгрөг зарцуулаад байна. Мөн эмчилгээ хийлгээд хичнээн cap эмнэлэгт хэвтэж, эм тариа хийлгэх юм байгаан, ажил төрөлгүй, цалин мөнгөгүй хэцүү байна. 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс ажил эхэлнэ, ажилдаа явж чадахгүй учраас акт өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,
Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2337 дугаартай: “... С.Б-гийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун нүднийй ухархайн дотор ханын хугарал, хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр хуудас/,
Хохирогч С.Б-гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Г-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 25-38 дугаар хуудас/,
Хохирогч С.Б-гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 41-48 дугаар хуудас/,
Хохирогч С.Б-гийн 000000092 дугаартай өвчний түүх /хх-ийн 50-62 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.Г-ийг яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 02 дугаар сарын 2-3-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт иргэн С.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Э.Г-ийн мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Б-гийн “... Шүүгдэгч Э.Г-д зодуулсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10/, Гэрч Б.Э-н “... Тэгээд хүмүүс буух гэтэл нөгөө согтуу хүн дайраад гар гэсэн утгатай зүйл хэлсэн. Гэтэл нэг залуу уг хүнийг 2-3 удаа цохисон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17/, Шүүгдэгч Э.Г-ийн мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн “... С.Бг зүүн талын гараа атгаж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа цохьсон талаар...” өгсөн мэдүүлэг. /хх-ийн 13/, гэрч М.Оюунчимэгийн “... Хохирогч С.Б-г шүүгдэгч Э.Г зодсонг сонсон талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 11/, шүүгдэгч Э.Г-ийн үйлдлийн улмаас хохирогч С.Б-д хөнгөн хохирол учирсныг тогтоосон Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2337 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/, Хохирогч С.Б-гийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 5/, Хохирогч С.Б-гийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 41-48/, Хохирогч С.Б-гийн 000000092 дугаартай өвчний түүх /хх-ийн 50-62/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Э.Г-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* овогт Э.Г-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Э.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Г-д хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,
Шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Э.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Э.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.