| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/00180/э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 191
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгч Е.Д, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Е.Д-д холбогдох эрүүгийн 1826002270176 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Е.Д
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Е.Д нь 2017 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Модотын ар” гэх газраас 1.88 шоо метр ой модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 203400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Е.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хохиролд 609120 төгрөг төлсөн. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Хохирогч Т.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн иргэн Б.Ө гэх хүнээс ойд мод бэлтгэсэн байна гэх гомдол мэдээллийн дагуу ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Модот” гэх газарт очиж үзлэг шалгалтыг хийсэн. Тухайн газарт очиход хөрөөдөж тайрч унагаж бэлдсэн 4 метрийн урттай 29 ширхэг шинэс мод байсан. Тэгээд мэдээлэл өгсөн Б.Ө гэх хүн бэлтгэсэн байх боломжтой гэж хэлсний дагуу Д гэх хүнийг шалгахад уг 29 ширхэг модыг зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн болох нь тогтоогдсон байгаа. Ингээд уг зөрчлийг материалжуулан харъяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,
Гэрч Б.Ө-н мөрдөн байцаалтанд өгсөн "...2018 оны 01 дүгээр сарын үед байх он, сар өдрийг нь сайн санахгүй байна. Манай малын хүүхэд явж байгаад Модот гэх газар мод бэлтгээд тайраад орхичихсон байна гэхээр нь би сумын байгаль орчны байцаагчид хэл хүргэсэн. Манай энэ хавьд бол Д гэх хүн мод бэлтгэх байх гэж бодоод хэлсэн. Энэ хүнээс өөр мод бэлтгэх хүн байхгүй. Ганц боломжтой хүн нь байгаа юм. Нутгийн хүмүүс Д гэх хүнийг хулгайгаар мод бэлтгээд байх шиг байна гэсэн болохоор Д бэлтгэж тайрсан юм байна гэж бодсон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,
Яллагдагч Е.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. 2017 оны 10 сарын эхээр байх одоо он cap өдрийг нь яг сайн санахгүй байна. Цаг агаар хүйтрээд өвөл болох гэж байсан учраас өвлийн бэлтгэл ажил хийж малын хашаа хороо, саравчаа мод тайрч сэлбэх шаардлагатай болоод Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Модот гэх газраас 4 метрийн урттай 29 ширхэг модыг тайрч бэлдсэн байсан. Тухайн үедээ цас ороод тайрч бэлдсэн модоо авч чадалгүй байж байгаад сумынхаа Байгаль орчны байцаагч Т.Ц гэж хүнд баригдсан байгаа. Одоо тэр модыг буулгаад байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-75 хуудас/,
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/04 дугаартай шинжээчийн:
Дээрх зөрчлийн улмаас бэлтгэсэн мод нь "*******" төрлийн хуурай /ойн хөнөөлт шавжийн улмаас босоогоор хатсан / мод байна.
Дээрх зөрчлийн улмаас мод бэлтгэсэн ******* сумын 02 дугаар багийн нутаг "Модотын ар" гэх газар нь Хамгаалалтын бүсийн ой буюу ойн нөөцийн төлбөрийн мужлалын хувьд 1 дүгээр бүсэд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарахгүй.
Хууль бусаар мод бэлтгэсэн талбайг нөхөн сэргээх зорилгоор ойжуулалт, байгалийн сэргээн ургалтад туслах ажил зориудаар хийж болно. Ойжуулалт, ойн ахуйн арга хэмжээний зардлын норматив батлах тухай БОНХөгжлийн Сайд, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 368/202 дугаар тушаалаар баталсан журамд ойт хээрийн бүсэд шинэсний тарьцаар хийх 1 га ойжуулалтыг 695000 төгрөг, 1 га байгалийн сэргээн ургалтад туслах ажлыг 200.000 төгрөгөөр тооцдог.
Ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээг батлах тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2009 оны 394 дүгээр тушаалыг үндэслэж дээрх зөрчлийн улмаас ойд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖГазрын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/04 дугаар дүгнэлтээр 203040 / Хоёр зуун гурван мянга дөчин / твгрөгөөр тооцсон байна... гэсэн дүгнэлт /хх-35-36/,
Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15/04/003/144 дугаартай:
1. ******* сумын 2 дугаар багийн иргэн Е.Д-н ойн санд учруулсан хохирлын экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт заасны дагуу гурав дахин нугалж 203040x3=609120 /зургаан зуун есөн мянга нэг зуун хорин/ мянган төгрөгийн нөхөн төлбөр тогтоов.
2. Актаар тогтоосон нөхөн төлбөр 609120 /зургаан зуун есөн мянга нэг зуун хорин/ мянган төгрөгийг ******* сумын Төрийн сан банкны 100100955401 дансанд 2018 оны 08 дугаар сарын 27-ны дотор төвлөрүүлэхийг иргэн Е.Д-д даалгав.
3. Улсын ахлах байцаагчийн гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргах эрхтэй...” гэсэн акт /хх-83-84/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-17-21/,
Шүүгдэгч Е.Д-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-64 хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-48 хуудас/, Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн 39 дугаартай тодорхойлолт /хх-47 хуудас/,
Шүүгдэгч Е.Д-н хохирол төлбөрт 609120 төгрөг төлсөн Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт,
Хохирогч Т.Ц-н 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн “Е.Д-с 609120 төгрөгийг дансаар авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Е.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Е.Д нь 2017 оны 10 дугаар сард Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Модотын ар” гэх газраас 1.88 шоо метр ой модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ойн санд 203400 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Е.Д нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-17-21/, хохирогч Т.Ц /хх-28-29/, гэрч ******* /хх-31-32/, яллагдагч Е.Д /хх-73-75/ нарын мэдүүлэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 01/04 тоот дүгнэлт /хх-35-36/, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 15/04/003/144 тоот акт /хх-83-84/ шүүгдэгч Е.Д-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Е.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч ******* овгийн Е.Д-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Е.Д нь хохирогчид 609120 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Т.Цогзолмаагийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Е.Д-с сум хөгжүүлэх сангийн 100100955401 тоот дансанд 609120 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Е.Д-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая / төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 500000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Е.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Е.Д-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Е.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 609120 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч Е.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар шаргал өнгөтэй, хар өнгийн төмөр бариултай, эд зүйл тайрах ажлын хэсэгтээ төмөр сейф /гинж/-тэй 87 см урттай цахилгаан хөрөө 1 ширхэг, 4 метрийн урттай 29 ширхэг шинэс мод зэргийг тус тус улсын орлого болгож,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Е.Д-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Е.Д-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Е.Д-д шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Е.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 609120 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цайвар шаргал өнгөтэй, хар өнгийн төмөр бариултай, эд зүйл тайрах ажлын хэсэгтээ төмөр сейф /гинж/-тэй 87 см урттай цахилгаан хөрөө 1 ширхэг, 4 метрийн урттай 29 ширхэг шинэс мод зэргийг тус тус улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Е.Дамбийнямд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Е.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.