Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00283

 

 

2023 02 01 210/МА2023/00283

р ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/04162 дугаар шийдвэртэй,

р ХХК-ийн

Б ХХК-д холбогдуулан гаргасан

Зээлийн гэрээний үүрэгт 258,121,096 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б ХХК нь р ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, ** байрлах, 117.87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан. Гэрээ байгуулснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хариуцагч нь хуваарьт заасны дагуу төлж барагдуулаагүй ба зээлийн төлбөрт 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5,095,890 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 4,755,616 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 5,095,890 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 19,947,397 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний 5.2.2-т заасны дагуу хариуцагч үндсэн зээлийн төлбөрт 200,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 50,244,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,876,690 төгрөг нийт 258,121,096 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд гэрээний 8.2.7-д заасныг үндэслэн зээлийн гэрээний үүрэгт нийт 258,121,096 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлдэгч 200,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, 2.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн гэрээний зүйлийг хүлээн авсантай маргадаггүй. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллагаас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж байгаа гэж дурдсан. Гэрээнээс татгалзаж байгаа бол гэрээ цуцлахтай нэгэн адил үйлчилж, нэхэмжлэгч байгууллагын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцалж байна гэж үзэж байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2021 онд Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль батлагдахаас өмнө байгуулсан тул уг хуулийн үйлчлэл хамаагүй гэж нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манайх зээл аваад үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа ковид-19 цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсон тул зээлийг төлөх боломжгүй болсон учраас үндсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, шүүх санаачилгаараа хүүг бууруулж өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 258,121,096 төгрөг гаргуулан нэхэмжлэгч р ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ** хаягт байршилтай, 116,87 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,655,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,655,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн тооцоолол дээр маргаагүй хэмээн шүүхийн шийдвэрт дурдсан атлаа тооцооллыг хэрхэн бодож гаргасан тухай аргачлалыг шийдвэрт тусгаагүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулж байна. Тухайлбал, нэмэгдүүлсэн хүү яагаад 7,876,690 төгрөг болсон тухай үндэслэлгүй төлбөр олгохоор шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэдий талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн боловч өөрийн зүгээс шалтгаалаагүй амаргүй нөхцөл байдал үүссэн болохыг бүгд мэдэж байгаа. Түүнчлэн хүүгийн төлбөрт хариуцагчийн зүгээс 20 орчим сая төгрөг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн.

Хариуцагч талаас зээлийн гэрээний харилцаа болон хүүгийн төлбөр дээр маргах зүйл байхгүй боловч нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Анхан шатны шүүхийн шийдвэрээр хүүгийн төлбөрийг бүхэлд нь хангаж нэхэмжлэгч компанийг алдагдалгүй болгожээ. Нөгөө талаар ойлгомжгүй байдлаар буюу Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасны дагуу төлөгдөөгүй хүү 50,244,384 төгрөг байхад нэмэгдүүлсэн хүү нь 7,876,690 төгрөг байгаа нь илт хууль зөрчсөн тул нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,876,690 төгрөг олгохоор шийдвэрлэсэн хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч тал давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэж маргадаг. Үүнийгээ нотлох баримт гаргаж өгч, нотлоогүй. Мөн нэмэгдүүлсэн хүүгийн талаар маргадаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ болон Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд талууд гэрээнд заасан тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцно гэж заасан байгаа гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч р ХХК, хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн үлдэгдэл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 50,244,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,876,690 төгрөг, нийт 258,121,096 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 250,244,384 төгрөгийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. р ХХК нь Б ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 200,000,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч Б ХХК зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн /хх-9-11/ талаар талууд маргаагүй, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.2. Түүнчлэн мөн өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Л.Бат-Оргилийн өмчлөлийн **, 116,87 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцож, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх-12-17/

3.3. Хариуцагч зээлийн төлбөрт 19,947,397 төгрөг төлсөн, зээлийн гэрээний үлдэгдэлд үндсэн зээл 200,000,000 төгрөг, зээлийн хүү 50,244,384 төгрөг төлөгдөөгүй талаар талууд маргаагүй. Харин нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 7,876,690 төгрөгт хариуцагч маргасан бөгөөд талууд зээлийн гэрээний 3.2-т зааснаар зээлийг тогтоосон хуваарийн дагуу 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж төлөх үүрэг хүлээсэн байх боловч хариуцагч уг үүргээ биелүүлээгүй байна. /хх 11/

3.4. Зээлийн гэрээний 5.2.2-д ...хугацаа хэтэрсэн сар тутамд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлнө гэж талууд тохиролцсон ба уг тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт ...зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

3.5. Иймд р ХХК нь Б ХХК-аас 200,000,000 төгрөг, зээлийн хүү 50,244,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,876,690 төгрөг, нийт 258,121,096 төгрөг шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2[Bs1]  дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

4. р ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох 4 өрөө орон сууцыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв юм.

 

5. Хариуцагч Б ХХК нь 20 орчим сая төгрөгийн төлөлтийг хийсэн, мөн нэхэмжлэгч нь зээлийн төлөгдөөгүй хүү 50,244,384 төгрөг байхад нэмэгдүүлсэн хүүнд 7,876,690 төгрөг нэхэмжилсэн нь илт хууль зөрчсөн, зээлийн тооцооллыг буруу тооцсон, ковид-19 цар тахалын улмаас амаргүй нөхцөл байдал байсан гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна. Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан зээл, хүүгийн тооцоололд үндэслэн хариуцагч нь 7,876,690 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэж зөв тогтоожээ. /хх15, 43, 44/ Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.1 Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2022/04162 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,978 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ

 

 

 

 

 

 

 

 

 

 


 [Bs1]116.2