| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/0186/э |
| Дугаар | 192 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 192
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Б.Б-д холбогдох эрүүгийн 1826000000202 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Б.Б.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 01 цагийн орчим иргэн Ц.Х-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав...
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 1628700 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна гэв.
Хохирогч Ц.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 08-р сарын 15-ны өдөр 01 цаг 30 минутын үед би 2 давхрын өрөөндөө компьютер дээр юм хийгээд сууж байтал танихгүй нэг залуу өрөөний хаалга татаад “танай байшинд 3 банди орж ирсэн үү” гэхээр нь “юун 3 банди, юу яриад байгаа юм” гээд тэр залуу дээр очтол манай үеийн Б /аль сургуулийг төгссөн гэдгийг нь мэдэхгүй байна/ байхаар нь хөөе Б найзуудаа аваад гар гэхэд Б “П юу” гэж хэлээд миний зүүн талын нүд хэсэгт нэг удаа гараараа цохьсон. Миний зүүж байсан нүдний шил газарт унасан. Б уначихсан байхад цээж рүү хөлөөрөө нэг удаа дэвссэн. Би зодуулж байхдаа ааваа, ээжээ гээд дуудсан чинь эхлээд ээж гарч ирээд хөөе болиоч гээд удаагүй аав өрөөнөөс гарч ирээд тэр гурван залууг гэрээс гap гээд шат руу түлхсэн.Тэр гурав 2 давхраас буухдаа манай 2 давхрын гутлын тавиурыг хэн нь өшиглөснийг нь анзаараагүй, ямар ч байсан өшиглөөд буугаад явсан. Араас нь аав гараад миний баруун гар талд байсан намхан залууг хашаанд дотор бариад авсан. Хашааны гадаа Б, өндөр залуутайгаа хамт байхдаа малгайгаа авъя гээд бахираад байхаар нь би Б дээр очоод юун малгай гэхэд Б миний баруун талын шанаа хэсэгт 3-4 удаа цохьсон. Зүүн талын шанаа хэсэгт 1-2 удаа Б гараараа цохьсон.Би Б-г цээж рүү нь гараараа 2 удаа түлхсэн. Би хашаа руугаа орсон чинь аавын барьчихсан байсан намхан залуу зугтаачихсан байсан. Ээж хашааны хаалгаа түгжээд, байшингийн хаалгаа түгжээд яасан задарсан хүүхдүүд вэ цагдаа дууддаг юм уу гээд ярьж байтал Б хашаа давж орж ирээд байшингийн хаалга нүдээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Аав гүйж гараад Б-г барьж авсан. Би Б, аав хоёр дээр очоод Б-д хандаж “чи миний нүдийг сохловол төлж чадах юм уу” гэхэд Б уучлаарай гээд уучлалт гуйсан. Б миний өмсөж явсан цамцнаас татаад байхаар нь аав Б-н араас ирээд бариад авсан. Тэгээд цагдаа ирсэн. Цагдаа ирсний дараа Б “эд нар намайг бүлэглэж зодсон” гэж хэлсэн чинь манай доод талд байр түрээслэгч залуу “чи юундаа худлаа яриад байгаа юм бэ” гээд цагдаагийн хажууд Б-н зүүн шанаа хэсэгт нэг удаа гараараа алгадсан. Б-г цагдаа аваад явсан. Өөр маргаан болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/,
Хохирогч Ц.Х-н 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтанд дахин өгсөн “...Миний ярьсан зүйл үнэн. Тухайн үед коридорт миний нөүт бүүкний гэрлээс өөр гэрэл байгаагүй. Тэр гурвыг аав, ээж танихгүй учраас 3-уулаа зодоод байна гэж харанхуйд харагдсан байх.Тухайн үед Б-тэй хамт орж ирсэн 2 залуу бид хоёрыг салгах гээд дундуур орж ирсэн. Манай ээж Г орж ирэхэд Б миний нүүрэн тус газар цохьсон. Нөгөө хоёр залуу салгах гээд байсан. Ээж тэд нарыг салгах гээд дийлэхгүй байхаар нь аавыг дуудсан. Аав унтлагын өрөөнөөс гарч ирэхэд тэр гурван залуу намайг зодоод байгаа юм шиг аавд харагдсан юм шиг байна лээ. Учир нь тэр хоёр залуу бид хоёрыг салгах гээд дундуур ороод зууралдаж байсан.Тэр нь намайг тэр гурав нийлээд намайг зодож байгаа юм шиг харагдсан. Намайг Б л зодож цохьсон. Миний хажууд 2 залуу зогсож байсан нь үнэн.Тэр хоёр залуу намайг цохиж зодсон зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 99-100 хуудас/,
Гэрч Э.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн "...2018 оны 08-р сарын 14-ний өдөр би найз Б-тай /Есөнзүйл сумын харъяат, утасны дугаарыг санахгүй байна/ таараад ******* төвийн урд талын байрны ойролцоо Б-тэй таарсан. Б жаахан халамцуу байсан. Би Б-тай нэг, нэг шил пиво уусан байсан. ******* төвөөс зүүн урд талд байдаг найзындаа очихоор болоод би, Б, Б бид гурав явж байгаад ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан хашаанд ороход нохойгүй байсан. Хашааны хаалга онгорхой байсан.Тэр хашаанд 2 давхар мансардтай өвлийн байшинтай айл байсан. 2 давхарт гараад урагшаа харсан өрөөний хаалганы гэрэл нь асаалттай байхаар би өрөөний хаалгыг онгойлгосон чинь манай найз биш байсан. Өө айл андуурсан байна гэж хаалгыг нь хаасан. Тэгээд бид гурав 2 давхраас буух гэтэл тэр айлын хүүхэд нь өрөөнөөсөө гарч ирээд та нар яагаад энд орж ирдэг юм гээд бид нарын урдаас орилоод байсан. Би уучлаарай гэж хэлээд явах гэтэл Б “П пиздаа байна” гэж хэлээд тэр залууг нүүр рүү нь гараараа нэг удаа цохьсон. Тэр орилоод байсан залуу нүдний шилтэй залуу байсан. Нүдний шилтэй залуу Б-г зөрүүлээд нүүрэн хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон. Тэр хоёр бие биенийхээ өмсөж явсан хувцаснаас зууралдаад байхаар нь Б, бид хоёр тэр хоёрыг салгах гээд бариад зогсож байтал нөгөө залуу “ээж” гээд орилсон. Хажуу өрөөнөөс тэр хүүхдийн ээж нь ганцаараа гарч ирээд “харанхуй шөнө юу болоод байна, ямар хүмүүс орж ирээд зодоон хийгээд байна” гэсэн. Б бид хоёр Б нөгөө залуу хоёрыг салгасан. Ээж нь өөрийнхөө бандийг цааш нь татаж аваад үлдсэн. Хүүхдийн ээж нөхрийгөө дуудсан. Нөхөр нь гарч ирэхээр нь Б бид хоёр Б-г аваад байшингаас гарсан. Би Б-тэй түрүүлээд хашааны хаалгаар нь гарсан чинь Б ард үлдсэн. Тэгсэн нөгөө хүүхдийн аав, ээж П гэж дуудаад байсан /Х/ залуу нар Б-г хашаан дотроо бариад үлдсэн. Б бид хоёр явж байхад хашаан дотор Б орилоод байхаар нь тэд нарыг Б-г зодоод байна гэж бодоод буцаж хашаа руу нь орох гэтэл Б хашаа даваад зугтааж байгаа харагдсан. Б түрүүлээд хашаанд орох гэтэл П гэх залуу /Х/ орилоод Б-г бариад авсан.Тэр хүүхдийн аав, ээж нар хүрээд ирсэн. Бас нэг шивээстэй залуу хашааны гадаа хүрээд ирсэн. Б ******* төвийн байрны дундуур зугтаагаад гүйж байхаар би Б-н араас гүйчихсэн. Б нөгөө хэдэд баригдсан. Намайг зугтаахаас өмнө Б-г П гэж дуудаад байсан /Х/ гэх залуу шууд очоод нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон. Аав нь ирээд Б-г цохьсоныг хараагүй. Мөн шивээстэй залуу Б-г цохьсоныг хараагүй. Би зугтаачихсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Би гэрлүүгээ явсан. ******* сумын 7-р багт байрлах Алдар Хайрхан дэлгүүрт худалдагч хийдэг найз охин Д-д очиж хоносон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,
Гэрч О.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 08-р сарын 15-ний өдөр би найз Л-тай хамт “*******” төвийн урд явж байгаад 00 цаг өнгөрч байхад тэр өдөр Арвайхээр сумын 4 дүгээр сургуулийн зааланд Л, бид хоёр хэдэн хүүхдүүдтэй заал аваад орой зааланд тоглож байсан 1 банди, 2 охинтой таараад хамт гэрт нь очиж архи, пиво уухаар ярилцсан.Тэр гурав “*******” төвөөс урагшаа булан тойроод манайх байгаа гэж тэр гурав зааж өгсөн. Тэгсэн Б гэх залуутай таарсан. Б-г Л таньдаг. Би Б-г тэр өдөр л анх харсан. Б, Л бид гурав нэг залуу, 2 охины араас гэр лүү нь явж байгаад ертөнцийн зүгээр зүүн тийшээ харсан хашаанд ороход нохойгүй байсан Хашааны хаалга онгорхой байсан.Тэр хашаанд 2 давхар мансардтай өвлийн байшинтай айл байсан. 2 давхарт гараад урагшаа харсан өрөөний хаалганы гэрэл нь асаалттай байхаар манай найз Л өрөөний хаалгыг онгойлгосон чинь тэнд байсан айлын бид нарын үеийн залуу юун хүн бэ гэхэд Л айл андуурсан байна гэж хэлсэн. Тэр залуу яахаараа айл андуурдаг юм бэ? солиороод бай гар гэсэн.Тэгсэн тэр залууг Б нэг үг хэлээд нүүр рүү нэг удаа гараараа цохьсон. Б, тэр залуутай коридорт зууралдаад байхаар нь Л тэр байранд байсан залуу, Б хоёрыг салгах гээд дундуур нь ороод хоёр тийш түлхсэн. Би Б-н гарыг нь бариад авсан.Тэгсэн эхлээд эмэгтэй хүн гарч ирээд юу болоод байгаа юм гээд гараад ирсэн. Удалгүй араас нь дахиад эрэгтэй хүн гараад ирсэн. Өрөөнөөс түрүүлж гарсан эгч бид нар дээр хүрээд ирсэн. Бид гурав байрнаас гүйж гарсан. Хашааны хаалгаар Л, Б нар түрүүлээд гарсан.Тэгсэн миний араас гэрийн эзэн ах гүйж ирээд хоолойноос заамдаад тавихгүй байсан.Тэр байрны эзний хүүхэд /Х/ гүйж ирээд гараараа миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохьсон.Тэр байрны эзний хүүхэд хашаан дотроосоо мод барьчихаад намайг цохих гээд дайрахаар нь аав нь хорьж болиулсан. Би толгойгоо дараад тонгойчихсон байхад миний нуруу, хавирга руу тус бүр нэг, нэг удаа, толгойны ард дагз хэсэг рүү нэг удаа гараараа цохьсон. Би тэгэхээр нь хүүхдийг чинь цохиогүй, андуураад байна гэсэн чинь тэр ах намайг заамдаж зогсож байснаа тавьсан. Гэрийн эзний хүүхэд, тэр байранд байсан шивээстэй залуу хоёр хашааны үүдээр гарсан. Би тэр хооронд хашаа даваад зугтаасан. Би тэндээс шууд гэр лүүгээ харьсан.Өөр болсон зүйлийн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 хуудас/,
Гэрч С.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 08-р сарын 15-ны өдөр би нөхөр бага хүүтэйгээ тусдаа нэг өрөөндөө унтаж байсан. Манай том хүү Х /гэрийнхэн П гэдэг/ өөрийнхөө өрөөнд компьютер дээр юм хийгээд сууж байсан. Шөнө 01 цаг 20 минутын үед Х ааваа, ээжээ, ёо, ёо гээд орилоод хүмүүс пижигнээд явахаар нь би өрөөнөөсөө гараад хартал манай 2 давхрын үүдний коридорт Х-г шалан дээр хэвтүүлчихсэн хоёр банди нь хоёр талаас нь барьчихсан байхаар нь би нөхрийгөө дуудсан. Манай хүүгийн нэг гарыг нь барьж байсан саарал бэлтгэлийн цамцтай жижигхэн залуугийн гарыг тавиулах гэсэн чинь дийлдэхгүй байсан. Би хүүхэд болохоо байлаа гээд орилсон чинь манай нөхөр Ц өрөөнөөс гарч ирээд өндөр бор залууг манай хүүхдээс салгасан чинь тэр залуутай хамт явсан 2 залуу манайхаас гараад зугтаасан. Ц тэр залуугийн араас гүйгээд гарсан. Би Х-г битгий гарч ирээрэй гээд гэрээс гарсан. Манай доод давхарт амьдардаг түрээслэгч З байшингийн гадна талын үүдэнд зогсож байсан. Манай нөхөр Ц өндөр бор залуугийн гараас барьчихсан хашаан дотор зогсож байсан. Ч гэдэг манай доод давхарт амьдардаг түрээслэгч залуу гадна талын хашааны үүднээс орж ирсэн. Би цагдаад дуудлага өгөх гэсэн чинь манай хүү Х 2 давхрын балконоор нэг хүүхдийг танина, Б гэдэг юм гэсэн. Манай нөхөр бор залууг зодож цохьсоныг анзаараагүй. Манай нөхөр өндөр бор залууг барьж байснаа тавьсан чинь нөгөө залуу хашаа даваад зугтаагаад явсан. Б, нөгөө залуутайгаа хаашаа явсныг мэдээгүй. Нэг мэдэхэд тэр залуучууд бүгдээрээ явчихсан байсан. Би М-тай хамт хашааны хаалга түгжих гээд хашааны гадаа гарахад хүн байхгүй байхаар нь хашааны хаалга түгжээд, гэрийнхээ хаалгыг түгжээд хүү Х-г өдөр нь хүмүүстэй маргалдсан талаар асуухад тийм зүйл болоогүй гэсэн. Манай хүү Х-н зүүн талын нүдний доод тал нь шалбарчихсан, өмсөж явсан подвалк урагдсан, -2-той харааны шил хагарчихсан байсан. Унтах гээд байж байтал манай 1 давхрын байшингийн хаалгыг хүн нүдээд байхаар нь 2 давхрын балконы цонхыг онгойлгоод хэн бэ гэхэд эгч, эгчээ гээд бахираад байсан чинь манай нөхөр Ц уурлаад доошоо буусан. Х бид хоёр араас нь буугаад очтол Б гэдэг хүүхэд битгий цагдаад өгөөрэй уучлаарай гээд байсан. Б-г манай нөхөр Ц манай хүүхдийг харанхуй шөнө зодлоо, бид нарыг байхгүй бол хүүхэд алах нь байна гээд Б-н нүүр рүү нэг удаа гараараа алгадсан чинь Б доошоо суусан. Манай хүү Х чи миний нүдийг сохолчихсон бол төлж өгч чадахгүй биз дээ гээд Б-г нүүрээ дараад доошоо хараад сууж байхад зүүн мөр рүү нэг гараараа цохьсон. Би нөхөр, хүү Х нарыг хориод цагдаад дуудлага өгье гээд би утсаар цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхээс өмнө 1 давхрын түрээслэгч Ч байрнаасаа гарч ирээд чи ээж, аавынх нь дэргэд хүний хүүхдийн зоддог овоо муу гар вэ гэж хэлэхэд Б миний түмэн буруу гээд бахираад байсан. Адъяатөмөр цагдаа ганцаараа ирсэн чинь Б эд нар бүгдээрээ бүлэглээд зодчихлоо гээд бахираад байсан.Ч “өө яасан худлаа ярьдаг бацаан бэ” гэж хэлээд Адъяатөмөрийн хажууд Б-г цохиод авсан. Яг хаана нь цохьсоныг нь анзаараагүй. Адъяатөмөр нь Б-г аваад явсан. Бид нар гэртээ үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 хуудас/,
Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 08-р сарын 15-ны өдөр 01 цаг 20 минутын үед би эхнэр, бага хүүтэйгээ тусдаа нэг өрөөнд унтаж байсан. Манай том хүү Х том өрөөндөө компьютер дээр юм хийгээд сууж байсан. Х ээж, ааваа гээд бахираад байхаар нь эхнэр Г эхэлж гарсан. Эхнэр буцаж орж ирээд манай хүүг хүмүүс зодоод байна гэхээр нь өрөөнөөс гартал манай 2 давхрын коридорт Х-г шалан дээр доош харуулчихсан Х-н цээжин хэсэгт 2 залуу өмсөж явсан подвалкноос барьчихсан, цээжин хэсэгт зогсож байсан залуу нуруу руу нь хөлөөрөө өшиглөөд байсан. Х-н хөлний хэсэгт зогсож байсан залуу нь хөл рүү нь хөлөөрөө өшиглөөд байсан. Хичнээн удаа цохьсон тоог нь мэдэхгүй байна. Би дундуур нь ороод салгах гэж тэр залуучуудын дунд ороход дийлдэхгүй байсан. Тэр гурван залуу манай хүүхдийн өмсөж явсан подвалкийг урчихаад доошоо зугтаагаад буусан. Тэгэхээр нь би танихгүй хүмүүс хүүхэд зодоод зугтаачихлаа, нэгийг нь баръя гээд нүцгэн тэд нарын араас гүйж байгаад хашааны үүдэнд өндөр бор залууг бариад авсан. Манай хүү Х 2 давхраас би нэг залууг нь зүс танина гэж хэлсэн. Намайг хүүхэдтэйгээ ярьж байхын хооронд өндөр бор залуу нь миний гарнаас мултраад хашааны хаалгаар гүйгээд гарсан. Би хашааны хаалгаа түгжээд гэртээ ороод хүү Х-н нүүрийг харахад зүүн нүдний доод талын хэсэг нь хөхөрчихсөн байсан. Х-н зүүж байсан нүдний шил нэг тал нь хагарчихсан, Х явж чадахгүй баруун хөл нь доголоод байсан. Хэсэг хугацааны дараа дахиж байшингийн хаалгыг хөлөөрөө өшиглөөд, гараараа цохиод байхаар нь би гэрээс гараад яагаад хүн унтаж амруулдаггүй, хүүхэд зоддог хүн бэ гэж хэлээд Б-г зүүн шанаа хэсэгт нэг удаа гараараа цохьсон. Б гэх залуу уучлаарай буруу юм хийчихлээ гээд уучлалт гуйгаад байсан. Эхнэр цагдаад дуудлага өгсөн. Нэг цагдаа ганцаараа ирсэн. Цагдаа ирсний дараа Б гэх залуу цагдаа ахаа эд нар намайг нийлээд зодчихлоо гээд байсан. Манай 1 давхрын түрээслэгч Ч гэх залуу “чи цагдаа ирэхээс өмнө уучлалт гуйгаад байснаа цагдаа ирсэний дараа би зодуулчихлаа гээд дайрлаа. Чи эр хүн байж яасан увайгүй залуу вэ” гэж хэлээд Б-г зүүн шанаа хэсэгт нь цагдаагийн хажууд нэг удаа алгадсан. Б гэх залууг цагдаа аваад явсан. Ахиж маргаан болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 538 дугаартай шинжээчийн:
Үзүүлэгч Ц.Х-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, цээж, баруун мөр, баруун хөх, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун хөлийн тавхай хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул Шүүх эмнэлгийн
гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 9 хуудас/,
Шүүгдэгч Б.Б-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-89/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-87-88/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-93/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 123 дугаартай тодорхойлолт /хх-86/,
Хохирол төлсөн баримт болох Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-105 хуудас/,
Хохирогч Ц.Х-н шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Б нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 01 цагийн орчим иргэн Ц.Х-г зодож, түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн нүдний зовхи, цээж, баруун мөр, баруун хөх, зүүн гарын бугалга хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун хөлийн тавхай хэсэгт зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Ц.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Х /хх-20-21/, гэрч Э.Л /хх-28-29/, гэрч О.Б /хх-40/, гэрч С.Г ”/хх-31-32/, гэрч Ц /хх-37/ нарын мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 538 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-9/, шүүгдэгч *******ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* овгийн Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчид 1628700 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Ц.Х-н шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгч Б.Б-с хохирогч Ц.Х-н дансанд 1628700 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Б.Б-г хуульд заасан торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Х-т 1628700 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хураагдсан бичиг баримтгүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж, шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хүрээтэй, эх бие нь цагаан, зүүн талын шил нь хагарч цуурсан 1 ширхэг нүдний шил, саарал өнгийн урагдсан футболка зэргийг устгаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Б.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 225000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б-д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Х-д 1628700 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хүрээтэй, эх бие нь цагаан, зүүн талын шил нь хагарч цуурсан 1 ширхэг нүдний шил, саарал өнгийн урагдсан футболка зэргийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.