Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 193

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Галбадрах,

Шүүгдэгч: Б.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б. П-д холбогдох 1826002110208 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Б.П

Шүүгдэгч Б.П нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 01-02 цагийн үед Өвөрхангай аймгийн 5 дугаар багийн нутаг дэвсгэр төв талбайн баруун талын автомашины зогсоол дээр зогсож байсан Л.Б-н эзэмшлийн Тоёото ехсив маркийн саарал өнгийн суудлын автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.П шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Хохирогч Л.Б-д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байсан санагдаж байна. Тухайн үед Мартын 8 буюу эмэгтэйчүүдийн баярын өдөр болоод өнгөрч байсан. Шөнийн 01-02 цагийн үед байсан байх. Намайг талбайн баруун талын автомашины зогсоол дээр зогсож байтал нэг залуу гүйж ирээд таксидах уу? гэхээр нь би за гэхэд тэр залуу миний машин дотор ороод суусан. Би ч машиндаа орж суугаад шууд машинаа асаахад хоёр залуу нэг эмэгтэй гүйж ирээд миний машины урдуур ороод зогссон. Нөгөө залуучууд миний машинд суусан залууг ална, тална гээд орилоод машины шил хэсэг рүү цохиод байхаар нь би машинаасаа буугаад нөгөө залууг яах гээд байгаа юм бэ? гээд холдуулахад эргээд дайраад байхаар нь цааш нь холдуулаад байж байтал миний машин асахаар нь эргээд хартал нөгөө машинд сууж байсан залуу миний машины жолооны хүрдэн дээр суучихсан байхаар очоод хаалганаас нь таттал цоожилчихсон байхаар нь машиныхаа урд гараад хаагаад зогстол урагш яваад байхаар нь хажуу тийшээ болтол яваад өгсөн. Тэгээд би араас нь таксинд зогсож байсан нэг залуутай хамт дагаад явахад нөгөө залуу миний машиныг унаж 3 дугаар хороонд нэг хашааны гадаа зогсоод тэр хашаа руу орчихоор нь би араас нь очоод гэрийнх нь хаалгыг нүдэхэд гэр нь цоожтой байсан. Тэгээд машинаа авъя гэхэд гэрийнхээ тооноор миний машины түлхүүрийг 5000 төгрөгийн хамт шидсэн. Тэгээд би машинаа аваад явсан. Миний машин саарал өнгийн Тоёота Эксив маркийн автомашин. Тэр залуу надаас ямар нэг зөвшөөрөл аваагүй. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 33-34 хуудас/,

Гэрч Л.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.П гүйгээд талбайн баруун талд зогсдог нэг таксинд орж суугаад хаалгыг нь дотроос нь түгжчихсэн байсан. З эхнэртэйгээ хамт араас нь гүйж очоод утсаа авъя, хаалгаа онгойлго гээд байсан. Тэгтэл Б.П тэр машиныг асаагаад хөдлөөд явсан. Тухайн машины эзэн нь өөр нэг такситай хамт араас нь хөөгөөд явсан. /хх-ийн 9 хуудас/,

Гэрч Б.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.П талбайн баруун талын зогсоол дээр очоод мөнгөлөг саарал өнгийн жижиг тэргэнд ороод суучихаар нь гараад ир гэхэд машинаа дотор талаас нь түгжчихээд гарч ирэхгүй байсан. Тэгээд тэр машиныг асаагаад яваад өгсөн. /хх-ийн 13-14 хуудас/,

Гэрч П.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.З С.Л нар утас байхгүй байна гээд тухайн залуугийн араас гүйгээд явсан. Би араас нь Л.Б ахын хамт алхаад очтол нөгөө танихгүй залуу талбайн баруун талын таксины зогсоол дээр зогсож байсан таксинд орж суугаад хаалгыг нь түгжчихсэн байсан. Тэгээд тухайн залуу тэр машиныг унаад зугтаагаад явчихсан. /хх-ийн 17-18 хуудас/,

С.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Б.П гэх залуу талбайн баруун талын такси зогсдог зогсоол дээр очоод тэнд зогсож байсан саарал өнгийн жижиг машинд ороод суучихсан. Араас нь манай нөхөр З очоод гараад ир гэхэд машиныг дотор талаас нь түгжчихээд суугаад байсан. Тэгээд тэр машиныг асаагаад яваад өгсөн. /хх-ийнн 22-23 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №08/32 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.П-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38-40, 69, 74-75 хуудас/,

Шүүгдэгч Б.П-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50, 71 хуудас/,

Шүүгдэгч Б.П-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.П нь 2018 оны 03 дугаар сарын 09-ний шөнийн 01-02 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, төв талбайн баруун талын автомашины зогсоол дээрээс хохирогч Л.Б-н өмчлөлийн саарал өнгийн Тоёота Эксив маркийн автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Батболдын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байсан санагдаж байна. Тухайн үед Мартын 8 буюу эмэгтэйчүүдийн баярын өдөр болоод өнгөрч байсан. Шөнийн 01-02 цагийн үед байсан байх. Намайг талбайн баруун талын автомашины зогсоол дээр зогсож байтал нэг залуу гүйж ирээд таксидах уу? гэхээр нь би за гэхэд тэр залуу миний машин дотор ороод суусан. Би ч машиндаа орж суугаад шууд машинаа асаахад хоёр залуу нэг эмэгтэй гүйж ирээд миний машины урдуур ороод зогссон. Нөгөө залуучууд миний машинд суусан залууг ална, тална гээд орилоод машины шил хэсэг рүү цохиод байхаар нь би машинаасаа буугаад нөгөө залууг яах гээд байгаа юм бэ? гээд холдуулахад миний машин асахаар нь эргээд хартал нөгөө машинд сууж байсан залуу миний машины жолооны хүрдэн дээр суучихсан байхаар очоод хаалганаас нь таттал цоожилчихсон байхаар нь машиныхаа урд гараад хаагаад зогстол урагш яваад байхаар нь хажуу тийшээ болтол яваад өгсөн. Тэр залуу надаас ямар нэг зөвшөөрөл аваагүй. Гэрч Л.Б-н Б.П гүйгээд талбайн баруун талд зогсдог нэг таксинд орж суугаад тэр машиныг асаагаад хөдлөөд явсан. Тухайн машины эзэн нь өөр нэг такситай хамт араас нь хөөгөөд явсан. Гэрч Б.З-н Б.П талбайн баруун талын зогсоол дээр очоод мөнгөлөг саарал өнгийн жижиг тэргэнд орж суугаад тэр машиныг асаагаад яваад өгсөн. Гэрч П.Ж-н нөгөө танихгүй залуу талбайн баруун талын таксины зогсоол дээр зогсож байсан таксинд орж суугаад тэр машиныг унаад зугтаагаад явчихсан. Хохирогч С.Л-н Б.П гэх залуу талбайн баруун талын такси зогсдог зогсоол дээр очоод тэнд зогсож байсан саарал өнгийн жижиг машинд ороод тэр машиныг асаагаад яваад өгсөн гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК-ий 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №08/32 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Б.П-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.П-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Б.П-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.П-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь автомашинаа буцааж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Б.П-г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь автомашинаа буцааж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.