Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00353

 

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00353

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03350 дугаар шийдвэртэй,

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 447,296,770 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингүн, хариуцагчийн өмгөөлөгч Г.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “А” ХХК нь “Б” ХХК-д 2012 оноос 2018 оны хооронд 4,853,147,910 төгрөгийн улаан буудай нийлүүлсэн байна.

“Б” ХХК нь “А” ХХК-д 1,913,704,350 төгрөг, 1,613,550,000 төгрөгийг тус тус улаан буудайн төлбөрт шилжүүлсэн байна.

Хариуцагч нь мөн бензин, түлш, гурил, хивэг, тарианы хорогдлын жин, чийгийн хорогдлын жин, буудайн тээврийн зардал, буудайн хатаалгын зардал, аяллын зардал зэрэг хэлбэрээр 255,375,770 төгрөгийг нэхэмжлэгч “А” ХХК-д төлсөн.

1.2. Үүнээс гадна “А” ХХК 930,000,000 төгрөг зээлүүлсэн, 452,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 478,000,000 төгрөг зээлийн төлбөрөөс хасагдах ёстой.

1.3. Нийт 4,790,690,350 төгрөгийн орлогоос хүлээн зөвшөөрөхгүй байгаа 13,400,000 төгрөг, зээлийн 478,000,000 төгрөгийн төлөлт, “В” ХХК-ийн 85,000,000 төгрөгийг хасаж, нийт 4,213,254,350 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.

Үүнээс гадна 2015, 2016, 2017 онд тээврийн зардал, дизель түлшний зардал, улаан буудайн хатаалгын зардлын тооцоо нийлсэн акт дээрээс түүгээд үзэхэд 195,596,790 төгрөг хасагдах ёстой гэж үзэж байна.

1.4. Нийлүүлсэн улаан буудайн дүн дээр зөрүү гарч байгаа. Хариуцагч тал нийлүүлсэн улаан буудайн дүн дээр маргаан байхгүй гэсэн боловч маргаан байгаа. Бид нэхэмжлэл гаргахдаа нийлүүлсэн улаан буудайн дүн дээр өөрсдөө будилсан байдаг тул энэ дээр дүнгүүд хөдөлсөн.

1.5. Нийт үнийн дүн 4,853,147,910 төгрөгийн улаан буудай нийлүүлсэн. Улаан буудайн төлбөрт 447,296,770 төгрөгийг нэхэмжилж, үлдсэн дүнгээс нь татгалзаж байна.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Б” ХХК 2012-2018 оны хооронд нэхэмжлэгчээс нийт 4,715,471,570 төгрөгийн улаан буудай худалдан авсан.  

2.2. 2012-2015 онд худалдан авсан буудайн төлбөрт тээврийн зардал 23,062,430 төгрөг, хатаалгын зардал 10,562,540 төгрөг, уг гэрээний урьдчилгаанд төлсөн 47,677,700 төгрөг, нийт 81,302,670 төгрөгийг хасаж, үлдэх 374,725,830 төгрөгийг,

2016 онд худалдан авсан буудайн төлбөрт тээврийн зардал 83,414,240 төгрөг, хатаалгын зардал 11,015,860 төгрөг, нийт 94,430,100 төгрөгийг хасаж, үлдэх 1,507,237,500 төгрөг дээр тарианы хаягдлын үнэ 10,246,080 төгрөгийг нэмж, бүгд 1,517,483,580 төгрөгийг,

2017 онд худалдан авсан буудайн төлбөрт тээврийн зардал 2,423,520 төгрөг, хатаалгын зардал 3,194,420 төгрөг, нийт 5,617,940 төгрөгийг хасаж, үлдэх 144,763,340 төгрөгийг,

2018 онд худалдан авсан буудайн төлбөрт 163,396,880 төгрөгийг буюу буудайн төлбөрт нийт 4,544,366,940 төгрөг төлөх үүргийг “Б” ХХК хүлээсэн.

2.3. Худалдан авсан улаан буудайн үнэ 4,544,366,940 төгрөгийг “Б” ХХК нь гэрээ ёсоор бүгдийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч “А” ХХК-ийн 993,023,370 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“Б” ХХК-ийн хувьд нягтлан бодогч тооцооны алдаа болон удирдлага солигдсоноос төлбөрийн үүргийг тухайн цаг хугацаанд нь дутуу тооцсон зэргээс үүдэлтэйгээр 354,830,410 төгрөгийг “А” ХХК-д үндэслэлгүйгээр илүү төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна.

2.4. 930,000,000 төгрөгийн зээлийн асуудал анх хамтран ажиллах гэрээ байсан, сүүлд зээл болсон, зээлийг төлөөд дуусахаар ашиг нэхдэг, үүнээс болж талуудын хооронд маргаан үүссэн. Манай талаас 930,000,000 төгрөгийг хүүтэй нь хамт хасч тооцсон.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-д холбогдох Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 447,296,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,822,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд “930,000,000 төгрөгийн зээлийн асуудал нь анх хамтран ажиллах гэрээ байсан, сүүлд зээл болгож оруулж ирсэн, зээлийг төлөөд дуусахаар ашиг нэхдэг, энэ зүйлээс болж талуудын дунд маргаан үүссэн” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагчийн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн болон 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хариу тайлбарт “А” ХХК-аас 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 930,000,000 төгрөгийн зээлийг 2015 оны 07 дугаар сарын 01-ний дотор буцаан төлөх нөхцөлтэй авсан бөгөөд уг зээлд 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 3 сарын хугацаанд 1 сарын 1.8 хувийн хүү тооцож төлөхөөр тохиролцсон байдаг” гэжээ.

4.2. Хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт болон шийдвэрт хавсаргасан тооцооноос харахад 132,500,000 төгрөгийн дүн бүхий “зээлийн хүү” гэсэн утгатай 5 удаагийн гүйлгээ, 452,000,000 төгрөгийн дүн бүхий “зээл төлөв” гэсэн утгатай 12 /шүүгч түүвэр хийхдээ 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 40,000,000 төгрөгийн гүйлгээг орхигдуулснаас шийдвэрийн хавсралтад 11 удаагийн гүйлгээ харагддаг/ удаагийн гүйлгээ байна. Хариуцагч нь 930,000,000 төгрөгийн зээл авснаас 452,000,000 төгрөгийн зээл төлөгдөж, 478,000,000 төгрөгийн зээл төлөгдөөгүй үлдсэн байна. Хариуцагч нь 478,000,000 төгрөгийн зээлийг “Ад” гэсэн утгатай 16 удаагийн гүйлгээгээр төлж барагдуулсан баримт байхад шүүх тухайн баримтуудыг үнэлээгүй, харин эсрэгээрээ зээл төлсөн баримтуудыг улаан буудайн төлбөрт оруулан тооцсон байна.

Үнэлээгүй нь шийдвэрийн үндэслэх хэсэгт “... хариуцагч нь 93,182,780 төгрөгийн илүү төлөлт хийгдсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 447,296,770 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна” гэж алдаатай дүгнэхэд хүргэсэн.

4.3. Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...үүнийг зээлийн гэрээний харилцаа байсан гэж нэхэмжлэгч, харин хариуцагч хамтран ажиллахаар тохиролцоод энэ мөнгийг авсан байсан, сүүлдээ зээл болж хувирсан ба ашиг хуваарилалтын талаар маргалдаад энэхүү маргаан үүсэх үндсэн шалтгаан болсон гэж тус тус тайлбарласан” хэмээн дурдсан атал маргаан үүсэх үндсэн шалтгаан болсон зээл хэрхэн төлөгдсөнийг нягтлаагүй, зээл төлөлттэй холбоотой баримтыг шалгаагүй, энэ тухай хариуцагчаас тодруулаагүй, зохигчдыг мэтгэлцүүлээгүй, зээл төлөлттэй холбоотой нотлох баримтыг үнэлээгүй, “улаан буудайн төлбөрт зээлийн тооцоо холилдсон байна” гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг нягтлан шалгаагүй, “зээл төлсөн” гэсэн хариуцагчийн тайлбарын нотолгоог шаардаагүй, гүйлгээнүүдийн утгыг тусгайлан анхаарч үзээгүй, энэхүү зээл нь зохигчдын төлбөр тооцоонд хэрхэн нөлөөлсөн, харилцан хамаарал нь ямар байгаад үнэлэлт өгөөгүй байна.

Зохигчдын дунд урт хугацаанд аж ахуйн үйл ажиллагаанаас үүссэн өглөг авлагын асуудлыг цогцоор нь авч үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэх ёстой байтал шүүх зөвхөн улаан буудайтай холбоотой тооцоог онцолж, бусад тооцоог анхаараагүй байна.

Нэхэмжлэгчийн иш татсан нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй, зээлийн төлбөр тооцооны маргаантай асуудлаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй, хариуцагчийг татгалзлаа баримтаар нотлохыг шаардаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүх тооцооллын хувьд алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. “Б” ХХК нь 4,715,000,000 төгрөгийн улаан буудай хүлээж авсан гэдэгт маргахгүй. Гэхдээ 2012 оноос 2018 оны хооронд байгуулагдсан улаан буудай худалдах, худалдан авах гэрээг харвал тээвэр болон хатаалгын зардлыг нэхэмжлэгч “А” ХХК хариуцахаар тусгасан байгаа. 2012 оноос 2018 оны хооронд тээвэр болон хатаалгын зардал нь 171,000,000 төгрөг болсон. Үүнийг хасах ёстой гэдгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байгаа. Мөн гэрээнд тохиролцоо байдаг. Гэтэл шүүх үүнийг харгалзаж үзэлгүйгээр “4,715,000,000 төгрөгийг төлөх ёстой” гэсэн шийдвэр гаргасан. Бид нарын төлөх ёстой мөнгө нь 4,544,000,000 төгрөг юм. Бартер хэлбэрээр 79,643,000 төгрөгийг “А” ХХК-д төлсөн бөгөөд “А” ХХК үүнийг хүлээн зөвшөөрдөг. Бид нарын хувьд тооцож үзэхээр 343,930,000 төгрөгийн илүү төлөлттэй байна. Гэхдээ анхан шатны шүүхэд бид нар давж заалдах журмаар гомдол гаргаагүй. “А” ХХК улаан буудай нийлүүлэхээс гадна 930,000,000 төгрөгийг хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан.

Гэвч энэ талаар нэхэмжлэгч тал тайлбарлахдаа “зээл” гэж байгаа бөгөөд “3 сарын хүү авсан” гэж тайлбарладаг. Бид нарын хийсэн тооцооллоос үзэхэд бид нар 980,000,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгч тал тухайн зээлийн талаар нэхэмжлэлдээ огт дурдаагүй. Дээрээс нь 3 сарын хүү төлөх талаар талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байдаггүй. “Б” ХХК нь 4,544,000,000 төгрөгийн улаан буудай, 930,000,000 төгрөгийн зээл, 50,220,000 төгрөгийн 3 сарын хүү буюу нийт 5,524,000 төгрөгийг “А” ХХК-д төлөх ёстойгоос 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хугацаанд нийт 5,963,000,000 төгрөгийг төлсөн. Одоогийн байдлаар 439,000,000 төгрөгийн илүү төлөлттэй байгаа гэдэг нь тухайн тайлбаруудаас харагдана.

5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч бид нарт хандаж “улаан буудайн тооцоолол чинь зээлийн төлөлттэйгөө холилдоод байна. Та дахиад зөвхөн улаан буудайн төлөлттэй холбоотой тооцооллоо гаргаад өгөөч” гэсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор бид нар зөвхөн улаан буудайн төлөлттэй холбоотой тооцооллоо шинээр хийгээд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гаргасан тайлбараасаа буцаж, худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардсан шаардлагадаа зээлийн гэрээний үүрэг шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээсээ огт өөр үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байна. Учир нь “А” ХХК худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 932,000,000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнийг анхан шатны шүүх шийдчихсэн. Гэтэл өнөөдөр шаардлага болон шүүхийн шийдвэрт огт хамаарахгүй үндэслэлээр буюу зээлийн гэрээний асуудлаар гомдол гаргаж байгааг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн байдаг. Тухайн давж заалдах гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт заасан 5 үндэслэлийн алинд ч хамаарахгүй байна. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 447,296,770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.

 

3. “А” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Буудай-2012/10/15-01 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”, 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Буудай-2013/08 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Буудай-2014/07 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”, 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Буудай-2015/11-03 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Буудай-16/12-07 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Буудай-17/12-06 дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ” тус тус байгуулагдаж, нийт 6 ширхэг тооцоо нийлцэн акт үйлдсэн байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан тайлбар, хэргийн үйл баримтаас дүгнэвэл тэдгээрийн хооронд 930,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүссэн байна.

 

5.1. Худалдагч “А” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөгдөөгүй 447,296,770 төгрөгийг хариуцагч “Б” ХХК-аас шаардсан, харин худалдан авагч “Б” ХХК-д дээрх 6 гэрээний үнэд 4,544,366,940 төлөх байтал 354,830,410 төгрөгийг илүү төлсөн байна гэж маргажээ.

 

5.2. Хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрийн аль хэсэг нь худалдах, худалдах авах гэрээний үнэ, аль хэсэг нь зээлийн эргэн төлөлт болох талаарх үйл баримт бүрэн тогтоогдоогүй, энэ талаар зохигчийг мэтгэлцүүлээгүйгээс давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд тооцооллын болон эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээний болон зээлийн төлбөрийг ялган зааглах нь уг маргааныг эцэслэн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

6. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03350 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,394,434 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Г.ДАВААДОРЖ                                            

         ШҮҮГЧИД                                             Д.ЦОГТСАЙХАН                                                                                          

Э.ЗОЛЗАЯА