Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 149/2015/0075/И |
Дугаар | 05 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 05
*******, ******* нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: ********************
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Б.Батзориг
Шүүгчид Л.Амарсанаа
Г.Давааренчин
Оролцогчид:
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцож,
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 104 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор *******, ******* нарын нэхэмжлэлтэй *******д холбогдох “6085000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч *******, ******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“…2015 оны 04 дүгээр сарын 20-доор *******, эхнэр ******* хамт манайд ирж мөнгө зээлээч, “Бонго-3” машинаа засаж янзлаад зарах гэсэн юм. Мөнгөний хэрэг гараад байна гэж ирсэн. Манайх ч мөн өнгөрсөн жил Портер машинаа томруулах санаатай байгаа тухай ярилцаж байгаад наймаа хийхээр болж, 2 машинаа солилцож, зөрүүд нь манайх 5500.000 төгрөгийг *******, ******* нарт бэлнээр өгсөн. Тухайн үед бид хэн хэнийгээ таньдаг тул цэвэр итгэлцлээр энэ наймааг хийсэн. Гэтэл Бонго-3 машиныг дөнгөж өөрсдийн нэр дээр шилжүүлэх үеэс асуудал гарч эхэлсэн тул больё гэдэг санал тавиад 5500.000 төгрөгнөөс 3000.000 төгрөгийг буцааж авсан. Үлдэх 2500.000 төгрөгийг Хишигсүрэн машинаа зараад өгнө гэж тохирсон. …Иймд бид уг Бонго-3 автомашиныг худалдан авахаар өгсөн мөнгөний үлдэгдэл 2500.000 төгрөг, машинд зарцуулсан зардал 3585000 төгрөг, бүгд 6085.000 төгрөгийг ******* гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
“…*******, ******* нар надаас 6085000 төгрөг нэхэмжилжээ. Үүний 2500.000 төгрөгийг би төлөх ёстой нь үнэн тул хүлээн зөвшөөрнө. Харин илүү нэхэмжилсэн 3585000 төгрөгийг би төлөх үндэслэл байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад энэ хүмүүс Бонго машиныг өөрсдөө эзэмшээд, унаж авч явчихаад эвдэрсэн хойно нь надаас мөнгө нэхээд байгаа юм бэ? Иймд илүү нэхэмжилсэн 3585000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Мандал сум дахь Сум дундын шүүх дээрх иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 104 дугаартай шийдвэрээр:
Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо:
“...Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлээс би 2500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч илүү нэхэмжилсэн 3585000 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул үл зөвшөөрч бичгээр маш тодорхой тайлбар өгсөн, шүүх хуралдаан дээр ч амаар тодорхой тайлбар өгсөн билээ. Гэтэл шүүх миний тайлбарыг үл хайхран нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүрэн ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд миний төлбөрөөс 3585000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн дээрх шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч *******, ******* нар давж заалдах гомдолтой танилцаад гаргасан тайлбартаа:
“…Бид хуулийн дагуу нотлох баримтаа шүүхэд өөрсдөө цуглуулж гаргаж өгсөн. Хуулийн дагуу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“…Би *******гийн эгчийг таньдаг. Эгч нь туслаач гэсэн үүднээс итгэмжлэлээр шүүх хуралдаанд оролцож байна. 2015 оны 04 дүгээр сарын 20-нд *******, ******* нар машиныг нь аваад явсан, удалгүй буцаалаа гэж авчирч өгчихөөд 2015 оны 06 дугаар сарын 09-нөөс буцаад авья гэж аваад явсан атлаа шүүхэд хуульд харшилсан, үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан. Учир нь энэ асуудлыг урьд нь шүүхээр шийдвэрлүүлж, тухайн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
“…Итгэмжлэгдсэн төлөөлөгч хавтаст хэрэгтэй танилцаагүй болохоор андуу яриад байх шиг байна. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа эд хөрөнгийн эрхийн доголдолтой хөрөнгө ******* авсан үүний дагуу зардлын баримтаа бүрдүүлж нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Үндэслэх нь:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй боловч давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтанд үндэслэн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан автомашины зөрүү үнэ 2.500.000 төгрөг, автомашинд учирсан хохирол 3.585.000 төгрөг, нийт 6.085.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас автомашины зөрүү үнэ 2.500.000 төгрөгийг төлөх үндэслэлтэй харин хохирол 3.585.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
2015 оны 04 дүгээр сард нэхэмжлэгч ******* нь СЭА **** улсын дугаартай “Портер” маркийн машинаа хариуцагч *******д өгч, ******* нь СЭҮ ***** улсын дугаартай “Бонго-3” маркийн машинаа *******д өгч солилцон автомашины үнийн зөрүүд нэхэмжлэгч ******* нь 5.500.000 төгрөгийг хариуцагч *******д хүлээлгэн өгсөн байна.
Үүнээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-т заасан Арилжааны гэрээ байгуулагдсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хэргийн зохигчид маргаагүй байна.
Нэхэмжлэгч ******* нь арилжааны гэрээгээр шилжүүлэн авсан “Бонго-3” маркийн автомашин нь доголдолтой байсан гэсэн үндэслэлээр автомашиныг засварлахад гаргасан зардлыг гаргуулахаар хариуцагчид холбогдуулан шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас “Бонго-3” маркийн автомашины доголдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзаж байгаа боловч автомашин нь эвдэрсэн талаар хариуцагч мэдсэн, түүнтэй холбоотойгоор талууд гэрээг цуцалж, машинаа харилцан буцаан авахаар тохиролцон автомашины үнийн зөрүүд шилжүүлсэн мөнгөнөөс 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3-т зааснаар арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар заажээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар нэхэмжлэгч ******* нь автомашины доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх шаардлага гаргах эрхтэй, түүний нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1-т доголдлыг арилгахад холбогдон хариуцагчаас гаргуулах зардлыг тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд нотлох баримттай үндэслэл бүхий автомашины сэлбэг 292.000 төгрөг /хх-ийн 4 дүгээр тал/, сэлбэг 335.000 төгрөг /хх-ийн 5 дугаар тал/, тос, тосолгооны материалын үнэ 272.500 төгрөг /хх-ийн 11 дүгээр тал/, хэргийн 9 дүгээр талд авагдсан сэлбэгний үнэ 411.000 төгрөгний зарлагын баримтны 4 дэх жагсаалтанд байгаа акумляторын үнэ 165000 төгрөг нь хэргийн 4 дүгээр талд авагдсан зарлагын баримтны 4 дэх жагсаалтанд мөн бичигдэж давхардсан байх тул хасаж, сэлбэгний үнэд 246.000 төгрөг, автомашины үнийн зөрүү 2.500.000 төгрөг, нийт 3.645.500 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэлтэй байна.
Хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлынхоо үндэслэлийг энэхүү маргаан нь урьд шүүхээр шийдвэрлүүлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр хэвээр байхад шүүх хэргийг хүлээн авахаас татгалзах байтал хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж тайлбарладаг.
Хэргийн 35 дугаар хуудсанд авагдсан Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 277 дугаартай шийдвэрээс үзэхэд хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******, ******* нарт холбогдох автомашин гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэхүү хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дугаар сарын 25-ны өдрийн 104 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн:
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 274.3, 253 дугаар зүйлийн 253.1, 253.2, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* 3.645.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.439.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
2 дахь заалтыг “ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 112.310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 73.278 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112.310 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Л.АМАРСАНАА
Г.ДАВААРЕНЧИН