Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 653

 

С.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч Ё.Э, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар магадлалтай, С.Б-д холбогдох 1912006950082 дугаартай хэргийг хохирогч Ё.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Н овогт С.Б нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд хохирогч Ё.Э нь “Улсын сайн, мянгат малчин С.Б нь саахалт айлын 8 тооны хонийг шөнийн цагаар өөрийн тээврийн хэрэгсэлд ачин Архангай аймаг руу явж байгаад 2019 оны 10 дугаар сарын 13-ны шөнө баригдаад өөрийнхөө амийг хорлоно гээд явсан юм. Улмаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний нөхөр Д.Х нь С.Б-ийн төрсөн дүү С.Н-ийн гарт олон удаагийн үйлдлээр харамсалтайгаар амь насаа алдсан. С.Б, С.Н нарын гэмт хэргийг хоёр өөр хэрэг болгон салгаж шийдвэрлээд байгаад гомдолтой байна. С.Б-ийн хулгайн гэмт хэргээс шалтгаалан дүү С.Н нь хүний амь нас хөнөөсөн. Талийгаач С.Н-д “яагаад та нар хонь хулгай хийж байгаа юм бэ, танай ах давааны ард баригдсан, ах дээр чинь хамт очъё” гэж хэлэхэд С.Н нь маш их сандраад “та хоёр гэртээ харь, би маргааш С.Б ахтай хамт танайд очъё” гэсэн... Талийгаач С.Н-д хандан “та нар үнэнээ хэлэхгүй бол өмнөх хулгайн хэргийг чинь илчлэнэ шүү” гэж хэлээд гарсан. С.Б манай хоёрын гэр саахалт буюу 200 орчим метрийн зайтай юм. Тиймээс манай хоёрын хонь өдөр болгон шахам нийлдэг бөгөөд манай малын им, тэмдгийг С.Б нь сайтар мэдэж байгаа. Гэтэл түүнийг алдуул мал завшсан хэмээн үзэж байгаад гомдолтой байна. Хэрэв С.Б нь өөрийн үйлдсэн хулгайн гэмт хэргээ тухайн үед үнэн зөвөөр хүлээсэн бол хүний амь нас эрсдэхгүй байсан. Одоогоор би сард 320,000 төгрөг хүнд өгч малаа маллуулж байна. Энэ нь 1 жилд 3,840,000 төгрөг болж байгаа бөгөөд үүнийг би охиныхоо сургалтын төлбөрийг төлөх байсан юм. Мөн талийгаачийн мэдүүлэгт өөрчлөлтүүд орсон. Бидний зүгээс сэтгэл санааны болон эд материалын маш их хохирол амсаж байна. Гэтэл С.Б нь юу ч болоогүй мэт архи уугаад явж байгаад харамсаж байна. Тиймээс ахан дүүс, үр хүүхэд бидний гомдлыг барагдуулж, хэргийг ил тод, үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Хохирогч Ё.Э-ийн өмгөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхээс эхлэн хэргийн зүйлчлэлд маргасаар ирсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. С.Б-ийн хоёр айлын 8 хонийг сорчилж, шөнийн цагаар ачиж явсан үйлдэл нь идэвхтэй үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг гэж үзэж байна. Ё.Э-ийн нөхөр “хулгайлах гэмт хэргийг илрүүлнэ” гэж хэлсний төлөө С.Б-ийн дүүгийн гарт амь насаа алдсан. Малын бэлчээр болон мал хулгайлах гэмт хэргээс болж хүний амь нас хохирсон байхад С.Б-ийг торгосон нь ял хөнгөдсөн. С.Б мянгат малчин хүн бөгөөд архи ууж талийгаачийн гэр бүлийг доромжилдог. Иймд хэргийн зүйлчлэлийг зөвтгөж өгнө үү” гэсэн байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хохирогч Ё.Э, Э.Н, шүүгдэгч нар нь тэдний хонь хоорондоо нийлсэн байсан талаар мэдүүлсэн бөгөөд С.Б хохирогч нарын 8 тооны хонийг ачиж авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Шүүх С.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийдвэрүүдийг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хохирогч Ё.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд прокуророос шүүгдэгч С.Б-ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн Согоот гэх газраас иргэн Э.Н-н 5 тооны, Ё.Э-ийн 3 тооны, нийт 8 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.

 

Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч С.Б-ийг алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Хохирогчийн гаргасан гомдол, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн санал зэргийг судлан үзэхэд энэ хэрэгт шууд хамааралгүй С.Н гэгчийн хэрэгт нэгтгүүлэх, С.Б-ийн үйлдлийг мал хулгайлах гэмт хэргээр зүйлчлэх болон ял шийтгэл хөнгөдсөн гэсэн агуулга бүхий байна.

 

Мал хулгайлах болон алдуул мал завших гэмт хэргүүдийн хувьд хууль ёсны эзэмшигчээс далд аргаар үйлдэгддэгээрээ хоорондоо төстэй боловч хууль ёсны эзэмшлээс гэмт этгээдийн эзэмшилд шилжиж буй байдлаараа ялгагдан зүйлчлэгдэнэ. Гэмт этгээдийн идэвхтэй үйлдлийн үр дүнд эд хөрөнгийн шилжилт хийгдэх нь хулгайн гэмт хэрэг бөгөөд мал өөрийн хөлөөр эсхүл гэмт этгээдээс үл хамаарах хүчин зүйлийн үр дүнд түүний эзэмшилд шилжин ирсэн бол завших гэмт хэргийн шинжтэй гэж үзнэ.

 

Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.

 

Энэ хэргийн тухайд 2019 оны 10 дугаар сард С.Б нь өөрийн хоньтой нийлсэн Ё.Э-ийн 3, Э.Н-н 5, нийт 8 тооны хонийг энэхүү нөхцөл байдлыг ашиглан машин механизм ашиглан тээвэрлэж борлуулсан үйлдэл нь завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, хэргийг дахин шалгуулахаар мөрдөн байцаалтад буцаах эрх хяналтын шатны шүүхэд хуулиар олгогдоогүй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчөөгүй тохиолдолд хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх, прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнээс хальж тухайн хэрэгт өөр этгээдийг гэм буруутайд тооцох, эсхүл нэгтгүүлэх боломжгүй тул энэ хэрэгт шууд хамааралгүй С.Н гэгчийн хэрэгтэй уг хэргийг нэгтгүүлэхийг хүссэн хохирогч Ё.Э-ийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 30 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогч Ё.Э-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                      Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                               Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                      С.БАТДЭЛГЭР

                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН