Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 194

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Галбадрах,

Шүүгдэгч: Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* дархан овогт Л.Н-д холбогдох 1826000000220 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* дархан овогт Л.Н

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар баг 45-02 тоотод оршин суух иргэн Р.Л-н гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Р.Л мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө охин Н.Н-д гар утсаа /таблет/ жижиг хүрэн цүнхэнд хийчих гэж хэлээд цүнхэнд хийлгээд зурагтны доод талын хүрэн шүүгээнд хувцаснуудын доор хийлгэчихээд явсан. Тэгээд орой 20 цагийн үед гэртээ ирээд гишгүүр доогуур байсан түлхүүрээ авах гэхэд түлхүүр байхгүй байсан бөгөөд гэрийн цоожийг цоожлолгүй зүүгээд орхисон байхаар нь цоожоо аваад гэртээ ортол нөгөө хүрэн цүнх баруун орон дээр байсан ба дотор нь байсан юмнуудыг нь гаргаад тараагаад тавьчихсан, дотор нь байсан утас /таблет/ байхгүй байсан. Би гэрээсээ гарахдаа хаалгаа цоожлоод түлхүүрийг нь үүдний гишгүүр доогуур хийгээд гарсан. Түлхүүрийг хайхад байхгүй байсан. Л.Н-с алдсан таблетаа бүрэн бүтэн буцааж авсан тул одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 11-12 хуудас/,

Гэрч О.Р мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 16-ны орой манай охин Р.Л манайд орж ирээд манай гэрт хулгайч ороод цүнхэнд байсан хүүхдийн гар утас /таблет/ байхгүй байна, өглөө байсан юм гэж хэлсэн. /хх-ийн 17 хуудас/,

Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тэр өдөр би ээжийгээ асраад орж гаран тэднийд болон аавынхаа гэрийг хараад байж байсан. Тэр айлын эзэн Л.Н-тэй хамт хааяа ******* зах дээр мод буулгадаг. Ерөнхийдөө тэдний гэр цагаан өнгийн цоожоор цоожилсон байгаа харагддаг. Тэр өдөр ч бас цагаан өнгийн цоожтой харагдаж байсан. /хх-ийн 18 хуудас/,

Гэрч Г.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Л.Н-г ******* суманд хаана байдаг талаар мэдэхгүй. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат, хүүхэд нь хөдөө мал малладаг гэж ярьж байсан. Эцэг эх нь нас барсан гэсэн. Эгч дүү нарын хамт аймгийн төвд амьдардаг гэж байсан. Л.Н нь элдэв хараалын үг их хэрэглэдэг, архи ууж, тамхи татдаг, гадуур их тэнэдэг, байнга л талбай дээр ирж найзуудтайгаа уулздаг юм шиг байсан. Л.Н урьд ******* модны захад ажилладаг байсан. Харин одоо хаана юу хийдэг талаар мэдэхгүй. Зан аашын хувьд ааш муутай, ууртай хүн. /хх-ийн 20-21 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08/34 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Л.Н-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Р.Л-с аймгийн прокрорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 6, 24-26, 34, 37-40, 71 хуудас/,

Шүүгдэгч Л.Н-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41, 47 хуудас/,

Шүүгдэгч Л.Н-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Н нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар баг 45-02 тоот хохирогч Р.Л-н гэрт нэвтэрч Lenovo брэндийн Tab2 A7-20F загварын гар утсыг /таблет/ хулгайлж, хохирогч Р.Лд 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Н-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Р.Л-н орой 20 цагийн үед гэртээ ирэхэд цүнхэнд байсан гар утас /таблет/ байхгүй байсан. Гэрч О.Р-н 2018 оны 08 дугаар сарын 16-ны орой манай охин Р.Л манайд орж ирээд манай гэрт хулгайч ороод цүнхэнд байсан хүүхдийн утас /таблет/ байхгүй байна. Гэрч М.Б-н тэр айлын эзэн Л.Н-тэй хамт хааяа ******* зах дээр мод буулгадаг. Тэдний гэр цагаан өнгийн цоожоор цоожилсон байгаа харагддаг гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08/34 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч Р.Лгээс аймгийн прокрорын газарт гаргасан хүсэлт, шүүгдэгч Л.Нн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Л.Н-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгч Л.Нн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж,

Шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Р.Л-д Lenovo брэндийн Tab2 A7-20F загварын гар утсыг /таблет/ буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* дархан овогт Л.Н-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Н-д нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Р.Л-д Lenovo брэндийн Tab2 A7-20F загварын гар утсыг /таблет/ буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.