| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2018/0175/э |
| Дугаар | 196 |
| Огноо | 2018-10-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 196
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Улсын яллагч Д.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах
Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.Б-д холбогдох 1826002830170 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн Ч.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын “*******” 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота Вилл” маркийн автотээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 “Адил замын-уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Н.Н-ийн жолоодож явсан “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Н.Н, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Н.Н-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр сумын төв орж ирээд 3 кг сарлагын хөөвөр тушаасан. Тэгээд дэлгүүр орж ойр зуурын хүнс аваад үдээс хойш 18 цагийн үед эхнэр Б-ийн хамт өөрийн улсын дугааргүй улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикльтой хоёул сундлаад ******* сумын төвийн баруун хороолол руу явах замдаа гэр хорооллын гудамжаар баруун зүгт чиглэлтэй яваад гудамжнаас гарч ирээд урдаас хойшоо чиглэлтэй жижиг цагаан машин тулж ирээд юу юугүй мөргөлдсөн. Тухайн үедээ сумын эмнэлэг орж өвчин намдаах тариа хийлгээд тэр шөнөдөө аймгийн эмнэлэгт ирж гэмтлийн тасагт 12-13 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Осол болсны дараа миний баруун хөлний шилбэ хугарсан. Эхнэр Д.Б-ийн баруун эгэм хугарсан гэж эмч нар ярьж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14-18 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байсан. Нөхөр Н.Н бид хоёр сумын төв орж ирээд дэлгүүрээс хэрэглээний юм цуглуулаад буцаад гарах гэж яваад осолд орсон. Тухайн үед ******* сумын төвд хашаа өнгөрөөд гараад ирэхэд нэг машин хурдтай гарч ирээд нөхөр бид хоёрыг мөргөсөн байсан. Би тэр үед эмнэлэгт ухаан алдчихсан хүргэгдэж очсон байсан. Болсон явдлыг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 28 жолооч Ч.Б нь замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.8 дахь заалт “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байна. Мотоциклийн жолооч Н.Н нь замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а дахь заалт “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2а дахь заалт “Замын хөдөлгөөний тухай олон улсьн Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгсэлтэй байна", 2 дугаар зүйлийн 2.3в дахь заалт “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай емсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Замын Цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахмад Х.Түмэнбайлдагчийн гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 390 дугаартай: “...Үзүүлэгч Н.Н-ийн биед зүүн хөлийн доод 1/3 хэсэгт зөрөөтэй хугарал, хөлийн өвдөг, зүүн хөлийн шилбэ хэсэгт шарх мэс заслын оёдол, зүүн хөлийн шилбэ хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 47 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 391 дугаартай: Д.Б-ийн биед баруун эгэм ясны хугарал, баруун мөр, бар гарын бугалга, зүүн хөлийн шилбэ хэсэгт цус хуралт гэм тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт. /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд: “...Шороон зам дээр ертөнцийн зүгээр баруун хойд зүгт чиглэж зогссон мөнгөлөг саарал өнгийн “Will” маркийн автомашин байх ба түүний урд хэсэгт нь баруун урд зүгт чиглэж баруун талаараа хажуулдаж унасан улбар шар өнгийн “Мустанг-5” маркийн улсын дугааргүй, хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль байлаа. Хэрэг учрал болсон газрын баруун талын гудамжны үзүүрт “17, 1-08” гэсэн, зүүн талын гудамжны үзүүрт “18, 1-13” гэсэн хаягтай байх ба “17, 1-08” гэсэн хаягтай гудамжны үзүүрийг үл хөдлөх “Б” цэгээр тэмдэглэв. “Тоёота Will” маркийн автомашин ертөнцийн зүгээр урдаасаа хойш чиглэлтэй шороон замаар “17, 1-08”, “18, 1-13” дугаартай хоёр гудамжны дундуур явж байсан байх ба улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль нь ертөнцийн зүгээр зүүн талын “18, 1-13” тоот гудамжны хойд талаар баруун зүгт “17, 1-8” тоот гудамжны урдуур гарсан шороон замаар явж байсан чиглэлтэй байлаа. Уг хоёр тээврийн хэрэгслийн явж байсан шороон замуудын огтлол цэг дээр газрын хөрсийг огил татсан мөрийг анх осол гарсан “А” цэгээр тэмдэглэв” /хх-ийн 3-8 дугаар хуудас,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем зураг: “... “Тоёота Вилл” маркийн автомашин жолоодож явсан жолооч Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 дахь заалт “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж баруун гар талаас явсан “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасан байна гэж актыг тогтоов...” гэх /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Б, Н.Н нарын №3823, №3824 дугаартай өвчний түүхүүд /хх-ийн87-126 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Б-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 63, 65, 79 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.Б-г яллагдагчаар байцааж авсан мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын “*******” 8 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота Вилл” маркийн автотээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8 “Адил замын-уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, иргэн Н.Н-н жолоодож явсан “Мустанг-5” маркийн улсын дугааргүй мотоциклийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Н.Н, Д.Б нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ч.Б-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Н, Д.Б нарын “...2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зам тээврийн осолд орж гэмтэл авсан талаар...” өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 14-18, 20-21/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8/,Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар дээрх эд мөрийн баримтыг бэхжүүлсэн схем зураг /хх-ийн 10-11/, шүүгдэгч Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон техникийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай дүгнэлт /хх-ийн 40/, шүүгдэгч Ч.Бын үйлдлийн улмаас хохирогч Н.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 390 дугаартай дүгнэлт /хх-ийн 47/, шүүгдэгч Ч.Б-н үйлдлийн улмаас хохирогч Д.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 391 дугаартай дүгнэлт /хх-ийн 51/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, хохирогч Д.Б, Н.Н нарын №3823, №3824 дугаартай өвчний түүхүүд /хх-ийн 87-126/ зэрэг болно.
Шүүгдэгч ******* овогт Ч.Б-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч ******* овогт Ч.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Ч.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлд тооцож, “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих,
Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт 2.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Н, Д.Б нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг,
Шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ч.Б-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ч.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд тус бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.
5. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нарт 2.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Н, Д.Б нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.