Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00332

 

 

2023 02 08 210/МА2023/00332

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/03609 дугаар шийдвэртэй,

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

В.Эхөд холбогдуулан гаргасан

Түрээсийн гэрээний үүрэгт 4,274,392 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Т ХХК нь В.Эхтэй түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр В.Эх нь Т ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд, нэг сарын 2,600,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, түрээсэлжээ. Түрээсийн төлбөрт цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, газрын төлбөр, хог хаягдлын хураамж, харуул хамгаалалт, гал, хулгайн дохиоллын системээр үйлчилсний төлбөр, НӨАТ-ийн төлбөр зэрэг зардлууд багтаж байгаа. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг зохих ёсоор биелүүлэхгүй явсаар 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэрээг цуцалсан ба мөн өдрийн байдлаар талбай ашигласан хугацааны төлбөрт 4,274,392 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон ба төлбөрөө төлөхийг мэдэгдсэн ч төлөөгүй өдийг хүрсэн. Иймд түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир 4,274,392 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Т ХХК-ийн өмчлөлийн, *үйлчилгээний төвийн В1 давхарын худалдааны танхимд байрлах талбайг 2016 оны 10 сараас эхлэн түрээсэлж, үйл ажиллагаа явуулж, Ковид-19 цар тахал гарах хүртэл төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Нэхэмжлэгч нь урьдчилан сануулалгүй, гэнэт л гэрээгээ цуцалж талбайг чөлөөл гэсэн. Бид уг түрээсийн талбайг засаж, янзалж их хэмжээний зардал гаргасан. Түрээсийн талбайг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр чөлөөлж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тооцоо нь ойлгомжгүй байна. Нэхэмжилсэн түрээсийн төлбөрийн 70 хувь буюу 2,992,074 төгрөгийн хэмжээнд төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар хариуцагч В.Эхөөс 2,992,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,282,317 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,340 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч В.Эхөөс улсын тэмдэгтийн хураамжид 62,823 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: "Т" ХХК нь түрээслэгч В.Эхөд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4,274,392 төгрөг гаргуулхаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх хурал 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр товлогдсон бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч 2022 оны 12 сарын сарын 03 - 10-ны өдрийн хугацаанд Тайланд улс руу шууд нислэгтэй болж онгоцны тасалбарыг шүүх хурал хойшлуулах хүсэлтийн хамт шүүхэд хүргүүлсэн. Гэтэл шүүх нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчим хангагдаагүй, нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурал хойшлуулах хүсэлтээ нотлох баримтын хамт гаргасан байхад нэхэмжлэгчийн нэхэмжлэлээ нотлох боломжийг олголгүй хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч В.Эхөд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 4,274,392 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 2,992,074 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Т ХХК нь В.Эхтэй 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр түрээсийн гэрээ гэж нэрлэсэн гэрээ байгуулж, уг гэрээгээр Т ХХК-ийн өмчлөлийн, *үйлчилгээний төвийн В1 давхрын худалдааны танхимд байрлах талбайг В.Эх нь бэлэн хувцас гоо сайхны барааны худалдаа үйлчилгээний зориулалтаар, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1 жилийн хугацаатай ашиглах, сарын 2,600,000 төгрөгөөр тооцон Т ХХК-д төлөхөөр тохиролцсоныг анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв тогтоожээ. Гэрээ хүчин төгөлдөр байна. /хх 9-11/

 

3.1. Гэрээний дагуу В.Эх нь * үйлчилгээний төвийн В1 давхрын худалдааны танхимд байрлах талбайг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ашигласан талаар талууд маргаагүй[ZE1] . Иймд нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч В.Эхөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд эд хөрөнгө ашигласны хөлсийг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

3.2. Нэхэмжлэгч Т ХХК нь эд хөрөнгө ашигласны хөлсөнд 4,274,392 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтыг шүүхэд баримтаар гаргасан боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангасан гэж дүгнэхээргүй байна. Учир нь уг баримтыг хариуцагч В.Эх зөвшөөрөөгүй тохиолдолд нэг талын үйлдсэн баримтыг үнэн зөв гэж дүгнэхгүй юм.

 

3.3. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн буюу 2,992,075 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон байх ба , тухайн өдрийн шүүх хуралдаан хойшилж дараагийн шүүх хуралдааны товыг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагт товлосныг зөвшөөрчээ.

 

4.2. Шүүх хуралдаан товлогдсон хугацаанд тэрээр гадаад улсад зорчихоор тасалбар авсан баримтыг хүсэлтийн хамт шүүхэд ирүүлсэн нь шүүх хуралдааныг хойшлуулбал зохих зайлшгүй хүндэтгэх шалтгаан гэж үзэхээргүй байна. Иймд шүүх 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/20862 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гадаад улс руу явсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж дүгнэснийг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/03609 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,350 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ

 

 


 [ZE1]Үүргийн зөрчил ,, эсхүл зүгээр цуцалсан юм ууш аль нь маргаангүй юм дээ??