| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 181/2022/03371/И |
| Дугаар | 210/МА2023/00391 |
| Огноо | 2023-02-15 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2023/00391
И.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/02790 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И.Г-ийн хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 2,812,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ч нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: И.Г-ийн эзэмшлийн тоёота короллау маркийн 83-55 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Х- согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож хохирол учруулсан. М- ХХК-тай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн тээврийн хэрэгслийн төгс даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөр хүссэн өргөдөл өгөхөд даатгалын гэрээний 9.2.6, 9.2.8-д зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуг өгсөн. Мөн Санхүүгийн зохицуулах хороо нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй, гэрээнд тусгагдсан үндсэн эрсдэлүүдэд хамаарахгүй байна гэсэн хариу өгсөн. И.Г- миний бие тус тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсоноос хохирол гараагүй, бусдын буруутай үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд хохирол учирсан. Хариуцагч нөхөн төлбөр олгохоос татгалзсан үндэслэлээ согтуугаар авч явсан гэж татгалзсан нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч өөрөө согтуугаар тээврийн хэрэгслийг бариагүй, харин түүний хүсэл зоригоос гадуур гуравдагч этгээд тээврийн хэрэгслийг авч явснаас хохирол учруулсан. Даатгалын гэрээний 4.1-д зааснаар зам тээврийн осол даатгалын эрсдэлд хамаарахаар заасан. Нэхэмжилсэн 2,812,000 төгрөгт тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2,200,000 төгрөг, алданги 612,000 төгрөг багтсан гэжээ.
2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Даатгуулагчийн даатгагдсан тээврийн хэрэгсэлд хохирол учирсантай холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/694 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт "Шүүгдэгч Б.Х-ыг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай ... гэж тогтоосон байна. Дээрх баримтаас дүгнэхэд Б.Х- даатгалын зүйлийг завших зорилгогүйгээр даатгуулагчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас хохирол учруулсан тохиолдол нь даатгалын гэрээний эрсдэлд хамаарахгүй нөхцөл үүссэн. Мөн Б.Х- согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ даатгалын зүйлийг жолоодож явсан нь тогтоогдож шүүхээр шийдвэрлэгдсэн. Иймд талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 9.2.6-д даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас гарсан хохирол, 9.2.8-д Тээврийн хэрэгслийг согтуугаар ... жолоодсоноос үүдэн гарсан хохирол, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж заасныг тус тус үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Нөхөн төлбөрийн маргааныг Санхүүгийн зохицуулах хорооноос хянан үзэж 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 9/3425 тоот албан бичгээр гэрээнд тусгагдсан үндсэн эрсдэлүүдэд хамаарахгүй байна гэж үзсэн. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг талууд тохиролцож байгуулсан тул гэрээ ойлгомжгүй асуудал байхгүй. Өөр этгээд зөвшөөрөлгүй авч явсан байгаа нь шийтгэх тогтоолд тусгагдсан тул гэрээний 4 дүгээр зүйлд заасан эрсдэлд хамаарахгүй. Шийтгэх тогтоолд танхайн сэдэлттэй гэж тусгагдаагүй харин завших зорилгогүйгээр авч явсан гэж дурдсан тул гэрээний 4.16-д заасан танхайн сэдэлттэй үйлдлээс учирсан хохирол биш байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан М- ХХК-иас нөхөн төлбөрт 2,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Г-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 612,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 50,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Даатгалын гэрээний нэршил "төгс" даатгал нэртэй байгаа нь даатгагчийн зүгээс боловсруулж батлуулсан даатгалын бүтээгдэхүүн /даатгалын гэрээний онцлог, даатгах эрсдлийн төрлөөс хамааруулж нэрлэсэн нэршил байдаг. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг гуравдагч этгээд түүний зөвшөөрөлгүй авч хохирол учирсан. Тэрхүү нөхцөл байдлын талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан этгээдийн үйлдлийг танхайн үйлдлээс учирсан хохирол гэж шууд тодорхойлсон анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж байна. Даатгалын гэрээнд гуравдагч этгээдийн аливаа үйлдэлээс учирсан эрсдэл гэх агуулга бүхий эрсдэл даатгагдаагүй. Мөн даатгуулагчийн зөвшөөрлийн үндсэн дор тээврийн хэрэгслийг унаж, ашиглаж байгаа үед даатгуулагчийн нэгэн адил гэрээний бусад нөхцөлүүд бүгд хамаарч үйлчилнэ. Хэрэв анхан шатны шүүхийн дүгнэж буйгаар гуравдагч этгээд согтуу байсан эсэх нь гэрээнд ямар ч хамааралгүй гэж үзвэл гуравдагч этгээд жолоочоос өөр этгээд жолоо барьж гэрээнд заасан ямар нэгэн эрсдэл бий болсон бол даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж дүгнэж байгаатай адил болж даатгалын гэрээний жолоо шилжүүлэх эрсдэлийн заалт нь агуулга, ач холбогдлоо алдах болно. Иймд хуулийн хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хэргийн шүүхийн шийтгэх тогтоолоор даатгалын зүйлд хохирол учруулсан этгээдийн сэдэлт, үйлдэл, гэм бурууг тогтоосон байхад дахин буруутай этгээдийн үйлдлийн сэдэлтийг иргэний шүүх тогтоож, шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Б.Х- гэдэг хүн даатгалын зүйл болох 83-55 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулагч И.Г-ийг унтаж байхад түлхүүрийг нь авч тээврийн хэрэгслийг жолоодон гудамжны гэрлийн шон мөргөж, даатгалын зүйлд хохирол учруулсан. Энэ нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн тогтоол болон Б.Х-, н.Мөнхзул нарын мэдүүлгээр тогтоогддог. Хариуцагч 2,200,000 төгрөгийн хохирлын үнэлгээн дээр маргадаггүй. Харин даатгалын тохиолдол нь даатгалын гэрээнд заасан эрсдэлд орохгүй, тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэсэн 2 нөхцөлөөр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалздаг. Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9.2-т нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг заасан. Мөн гэрээний 9.4.1-д зам тээврийн осол, 9.4.16-д танхайн сэдэлттэй үйлдлийн улмаас хохирол учирсан бол даатгалын нөхөн төлбөр олгохоор заасан. Хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хурал дээр тус гэрээний 9.2.8 дахь заалт хэнд хамааралтай болох нь тодорхойгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх заалт хэнд хамааралтай болохыг асуухад энэхүү тээврийн хэрэгслийн гэрчилгээг М- ХХК болон И.Г- нар нь харилцан тохиролцож, байгуулсан сайн дурын гэрээ юм. Даатгалын гэрээний нөхцөл нь даатгуулагч буюу И.Г- даатгагч М- ХХК-д хамааралтай гэж хариулсан. Тус заалт нь зөвхөн даатгуулагчид хамааралтай болохыг тайлбарласан байдаг тул 9.2.8-д заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл болохгүй байгаа нь харагддаг гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч И.Г- нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт нийт 2,812,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч гэрээний агуулгыг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.
4.Зохигчид 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч И.Г- нь 83-55 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, хариуцагч М- ХХК нь даатгалын тохиолдол учирсан үед гарсан хохирлыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 5-р тал/. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэжээ.
4.а.Даатгалын зүйл болох И.Г-ийн эзэмшлийн 83-55 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Х- нь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж явсны улмаас хохирол учруулан, гэмт хэрэгт холбогдож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/694 дугаар шийтгэх тогтоолоор Б.Х-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжээр торгох ял оногдуулан, түүнээс 2,812,000 төгрөг гаргуулан, И.Г-т олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 22-25-р тал/
4.б.Нэхэмжлэгч И.Г- нь бусдын буруутай үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн ба анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг даатгалын гэрээний 4.16-т заасан танхай, хулгайн сэдэлтэй үйлдлээс үүссэн эрсдэл-д шууд хамааруулан дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.в.Учир нь танхай, хулгайн сэдэлтэй үйлдлийн улмаас даатгалын зүйлд хохирол учирсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй буюу дээрх шийтгэх тогтоолоор Б.Х-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь даатгалын гэрээний 4.16-т заасан нөхцөл байдалтай хамааралгүй байна. Өөрөөр хэлбэл, танхайрах, хулгайлах сэдэлтэй үйлдэл, эс үйлдэхгүйг Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиар тусгайлан тогтоох ба энэхүү үйлдэлтэй холбоотойгоор даатгалын зүйлд хохирол учирсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
4.г.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын тохиролцоог өөрөөр тогтоох эрхийг шүүхэд хуулиар олгоогүй. Талуудын байгуулсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8-т даатгалын нөхөн төлбөр олгох, тооцох нөхцөл, 9-т даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлүүдийг тус тус заасан ба тус гэрээний 8-т зааснаар даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөл бүрдээгүй гэж үзэхээр байна.
4.д.Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9.2.6-т даатгалын гэрээнд тусгагдаагүй эрсдэлийн улмаас хохирол учирсан тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзана гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол учирсан бол даатгагч нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно гэж тус тус заасан тул даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзнэ.
Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 2,812,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
5.Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2022/02790 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрт 2,812,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч И.Г-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч М- ХХК-аас төлсөн 50,150 төгрөгийг тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
Г.ДАВААДОРЖ