Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 200

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Галбадрах,

Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Т.Б-д холбогдох 1826003050191 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 159 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 1231.2-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялыг нэг жил зургаан сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэж байсан, ******* овогт Т.Б

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчим иргэн Э.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар түүний толгой, зүүн гар хэсэгт модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Т.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсандаа харамсаж байна. Миний буруутай үйлдлээс болж хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсныг ойлгож байна. Хэрэгт хураагдаж ирсэн сандал хохирогчийн биед гэмтэл учруулсан сандал мөн. Хохирогчид хохирол төлбөрт 2443000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Э.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд Т.Б-д бид хоёр Г ахын гэрт очсон. Д.Г ах орондоо хэвтэж байсан. Тэгтэл Т.Б босоод П.С эгчтэй юм ярьснаа гарч яваад 2.5 литрийн том савтай пиво барьж орж ирсэн. Тэр пивоноос ууж байтал хажуу айлынх нь хүмүүс хашгираад байхаар нь Т.Б бид хоёр гарсан. Тэгтэл хажуу айлынх нь хүмүүс хоорондоо маргалдаад байгаа бололтой байхаар нь би буцаад орсон. Тэгтэл миний араас Т.Б орж ирснээ гэнэт чамайг гүйцээнэ гээд сууж байсан сандлаараа миний толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Би гараараа хамгаалах гэж оролдсон. Тэгтэл Д.Г ах боль гээд Т.Б-г барьж аваад гадаа гарсан. Тэгээд Д.Г ах такси дуудаж намайг гэрт хүргэж өгсөн. Гэртээ ороход эхнэр намайг эмнэлэгт үзүүл гэхээр нь эмнэлэг явсан. Эмнэлэгт толгойдоо оёдол тавиулж, боолт хийлгэсэн. Миний толгойн ар хэсэг тэр чигээрээ язарсан бөгөөд 2 газар 10 гаран оёдол тавиулсан. Зүүн гарын шуу хугарсан. Духны зүүн хэсэгт язарсан. Тухайн өдрийн өмнөх өдөр манай байгууллага салхинд гарсан. Тэгэхэд бөхийн барилдаанд барилдаж байхдаа зүүн өвдөг, зүүн шилбэ хэсгийн цус хуралт, зулгаралт гэмтэл үүссэн. Миний эмчилгээний зардалд Т.Б нийт 2443000 төгрөг өгсөн. Миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 7-8, 28-29, 84 хуудас/,

Гэрч Э.Цэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн үед манай нөхөр Э.Д ажлынхаа газрын Д.Г гэх ахтай хамт толгойгоо маарлиар боочихсон, цустайгаа холилдчихсон, зүүн гар өвдөөд байна гэсээр орж ирсэн. Тэгээд би толгойг нь харахад хоёр газар ярагдчихсан, оёо тавиулахаар харагдаж байсан. Мөн зүүн гарыг нь харахад шуу хэсэгтээ овойчихсон байхаар нь хугарсан байж магадгүй гэж бодоод эмнэлэг явахгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Би өөрөө явах гэхээр нялх хүүхэдтэй явж чадахгүй байсан. Хамт орж ирсэн Д.Г гэх хүн Э.Дашзэвэгийг хамт ажилладаг Т.Б гэгчтэй юм ярьж сууж байтал Т.Б нь Э.Д-г модон сандлаар цохисон гэж хэлсэн. /хх-ийн 26 хуудас/,

Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Намайг унтаж байхад сандал дуугарах шиг чимээ гарахаар нь хартал Т.Б модон сандлаар Э.Д-н толгой руу цохиж байгаа харагдсан. Э.Д-н толгойноос цус гарч байсан. Намайг босоод ирэхэд Т.Б модон сандлаар Э.Д-н толгой руу нэг удаа, зүүн гар руу нь нэг удаа цохиж байхыг би харсан. /хх-ийн 30-31 хуудас/,

Гэрч П.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… Хажуу айл руугаа орж айлынхаа залууг манайд ирсэн хоёр хүнийг хүргээд өгөөч гэж хэлчихээд гарч иртэл хашаан дотор Д.Г Т.Б-г барьчихсан зогсож байсан. Тэгээд би юу болов гээд гэрт ортол Э.Д толгойгоо барьчихсан толгойноос нь цус гарчихсан байж байсан. /хх-ийн 32 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ¹437 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Э.Д-н биед зүүн гарын богтос ясны далд хугарал, дагзны зүүн дээд хэсэг, дагзны зүүн дунд хэсэг шарх /тус шарханд мэс заслын оёдол/, дух, хүзүү, баруун гарын бугалга, баруун дал, баруун ар хэсэгт 8 дугаар хавирганы түвшинд, зүүн 10 дугаар хавирганы түвшинд, баруун, зүүн гуя, зүүн өвдөг, зүүн шилбэ хэсэгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамраана. /хх-ийн 35 хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч *******ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 72, 76-77 хуудас/,

Шүүгдэгч Т.Б-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 901 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 57-58 хуудас/,

Шүүгдэгч Т.Б-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр баг 53-04 тоотод хохирогч Э.Д-н зүүн гар болон толгойн тус газар нь модон сандлаар цохиж, хохирогч Э.Д-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.Д-н 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн орчимд Т.Б гэнэт чамайг гүйцээнэ гээд сууж байсан сандлаараа миний толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. Би гараараа хамгаалах гэж оролдсон. Миний толгойн ар хэсэг тэр чигээрээ язарсан бөгөөд 2 газар 10 гаран оёдол тавиулсан. Зүүн гарын шуу хугарсан. Духны зүүн хэсэгт язарсан. Гэрч Э.Ц-н 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 22 цагийн үед манай нөхөр Э.Д-г ажлынхаа газрын Д.Г гэх ахтай хамт толгойгоо маарлиар боочихсон, цустайгаа холилдчихсон, зүүн гар өвдөөд байна гэсээр орж ирсэн. Тэгээд би толгойг нь харахад хоёр газар ярагдчихсан, оёо тавиулахаар харагдаж байсан. Мөн зүүн гарыг нь харахад шуу хэсэгтээ овойчихсон байхаар нь хугарсан байж магадгүй гэж бодоод эмнэлэг явахгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Д.Г гэх хүн Э.Д-г хамт ажилладаг Т.Б гэгчтэй юм ярьж сууж байтал Т.Б нь Э.Д-г модон сандлаар цохисон гэж хэлсэн. Гэрч Д.Г-н сандал дуугарах шиг чимээ гарахаар нь хартал Т.Б модон сандлаар Э.Д-н толгой руу цохиж байгаа харагдсан. Намайг босоод ирэхэд Т.Б модон сандлаар Э.Д-н толгой руу нэг удаа, зүүн гар руу нь нэг удаа цохиж байхыг би харсан. Гэрч П.С-н хашаан дотор Д.Г Т.Б-г барьчихсан зогсож байсан. Гэрт ортол Э.Д толгойгоо барьчихсан толгойноос нь цус гарчихсан байж байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ¹437 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Т.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Т.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.

Шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Мөн шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Э.Д хохирол төлбөрт 2443000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27х27 см хэмжээтэй улаан шаргал өнгийн модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт Т.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Т.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Э.Д хохирол төлбөрт 2443000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27х27 см хэмжээтэй улаан шаргал өнгийн модон сандал 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.