| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/04048/И |
| Дугаар | 210/МА2023/00322 |
| Огноо | 2023-02-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2023/00322
2023 02 06 210/МА2023/00322
Д.Лгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/04332 дугаар шийдвэртэй, Д.Лгийн нэхэмжлэлтэй, Т.Г.С.Ө.Хнд холбогдох гэм хорын хохиролд 590,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Г.Нямдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Миний бие 2022 оны 08 дугаар сарын 19-ний орой 22 цагт өөрийн өмчлөлийн, .... (улсын дугаар өөрчлөгдөж ... УЕК болсон) улсын дугаартай, тоёота приус-20 загварын автомашинаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Богд-Ар хорооллын .... байрны баруун талын машины зам дагуу байшингийн хананд шахаж байрлуулж хонуулсан. Маргааш өглөө 08 цагт харахад .... байрны баруун талын ханын плита, шавар нурж, миний машин дээр унаж, урд салхины шил хагалсан, дээврийг цөмлөж, будгийг нь хуулсан, мөн баруун хойд талын хаалгыг цөмлөсөн байсан.
1.2.Тэр даруй би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн, цагдаа ирж үзсэн ба 7 хоногийн дараа Б.Г гэх хүн яриад автомашиныхаа эвдрэлийн үнэлгээг хийлгээд ир гэж мэдэгдсэн. Дамно ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн БГ1-22-469 тоот үнэлгээний тайлангаар миний автомашинд 570,400 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон, үнэлгээний ажлын хөлсөнд 19,800 төгрөг төлсөн.
1.3.Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцсан орон сууцныхаа дотор, гадна бүх бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой. Тухайн байшинг одоо ч засаагүй, доогуур нь хүн явахад анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ ч тавиагүй.
Иймд хариуцагч Т.Г.С.Ө.Хноос 590,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын ...., ... байрууд ашиглалтад ороод 13 жил болсон, цаг хугацааны аясаар элэгдэл гэмтэл үүсдэг ч энэ асуудлыг хэн ч тооцоолох боломжгүй. ...., ... байр нь зөвхөн урд хэсэгтээ авто зогсоол, хүүхдийн тоглоомын талбай байдаг, харин баруун талын хэсэг газар нь сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн газар биш, авто зогсоол биш, зөвхөн авто зам байдаг.
2.2.Д.Л нь автомашинаа байрлуулахдаа замын хөдөлгөөнд саад учруулж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь илт байдаг. Авто зогсоол биш газар дур мэдэн тавьсан, мөн даатгалтай компаниа дуудаж хохирлоо барагдуулах бүрэн боломж байсан ч боломжоо ашиглахыг хүсээгүй, өөрийн буруутай үйлдлийг нуун дарагдуулж цагдаа болон даатгалд мэдэгдээгүй, зөвхөн сууц өмчлөгчдийн холбооны буруу гэж мушгин гуйвуулж байгаа нь өөрийн буруугаа бусад руу тохох арга тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Иргэдийн төлөөлөгч С.Золтуяагийн дүгнэлтийн агуулга:
Сууц өмчлөгчдийн холбоо тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх нь зүйтэй, мөн нэхэмжлэгч автомашинаа зогсоолд байршуулж сурах хэрэгтэй гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Г.С.Ө.Хноос 295,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 295,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,356 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 9,178 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
5.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1.Д.Л нь автомашинд нь өөр газар учирсан хохирлоо барагдуулж чадаагүй, эсвэл эзэн холбогдогчийг тогтоож чадаагүй байж болзошгүй үедээ автомашинаа орон сууцны доор, авто зогсоолын зориулалтгүй зам дээр, замын хөдөлгөөн хааж зогсоосон. Улмаар хэзээ хагарсан нь үл мэдэгдэх урд салхины шил, өмнө хонхойж зэвэрсэн дээвэр хэсэг, хажуу босоо буюу хаалганы хонхорхойг орон сууцны ханын плита унаж хохирол учруулсан гэх ямар ч баримт нотолгоо, дүгнэлт байхгүй, зөвхөн өөрийн үзэмжээр шууд сууц өмчлөгчдийн холбооны буруутай үйлдэл болгож шүүхэд хандсан. Нэхэмжлэгч тухайн үед цагдаад дуудлага өгсөн боловч хаана, ямар нөхцөлөөр гэмтэл учирсныг тогтоох боломжгүй учраас гэмт хэргийн шинжгүй гэж тухайн дуудлагыг хаасан.
5.2.Сууц өмчлөгчдийн холбооны зүгээс шүүх хуралдаанд орон сууцны плита унаж бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсныг яаж тогтоосон, шинжээч томилуулъя, нотлох баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэхэд шүүгч авч хэлэлцээгүй.
5.3.Мөн шүүх хуралдаан болох цаг нь эхэлсэн байхад тухайн нотлох баримтууд ирээгүй байсан, гэтэл шүүгч шүүх хуралдааныг цагтаа эхлүүлэхгүй бараг нэг цаг өнгөрсний дараа баримт ирлээ гээд шүүх хуралдаан эхлэхэд нэхэмжлэгч зарлагын баримт хаанаас ч олж ирсэн юм бүү мэд хэрэгт хавсаргасан байсан. Иймд 295,100 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулах шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч Д.Л нь хариуцагч Т.Г.С.Ө.Хнд холбогдуулан гэм хорын хохиролд 590,200 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 22 цагт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Богд-Ар хорооллын .... байрны хажууд байрлуулсан, түүний өмчлөлийн .... улсын дугаартай, тоёота приус-20 загварын суудлын автомашины дээрээс байрны баруун талын ханын плита, шавар нурж унаж, автомашины урд салхины шил хагарсан, дээвэр цөмөлж, будаг хуулсан, баруун хойд талын хаалгыг цөмөлсний улмаас 590,200 төгрөгийг хохирол учирсан гэж тайлбарласан.
4.Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч автомашинаа зогсоол биш газар дур мэдэн тавьсан, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, .... байрны ханын плита, шавар унаж автомашинд хохирол учруулсан гэх нотолгоо байхгүй гэж маргасан.
5.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
5.1.Нэхэмжлэгч Д.Лгаас 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан ... автомашин дээр байшингийн плита нураад шил хагалчихсан байна гэх гомдлын дагуу томилогдсон шинжээч Дамно ХХК-ийн үнэлгээний тайланд .... улсын дугаартай, тоёота приус 20 загварын суудлын автомашины дээвэр хонхойж халцарсан, баруун хойд хаалга хонхойж будаг халцарсан, салхины шил хагарсныг сольсон, эдгээр гэмтлийг засах зардал нийт 570,400 төгрөг гэж тогтоосон байна. (хэргийн 4-7, 8, 50, 51 дэх тал)
5.2.Мөн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай Богд-Ар хорооллын .... байр нь хариуцагч Т.Г.С.Ө.Хны харьяанд бүртгэлтэй болох нь Баянгол дүүргийн Засаг даргаас олгогдсон 291 тоот гэрчилгээгээр нотлогдсон байна. (хэргийн 11 дэх тал)
5.3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагч Т.Г.С.Ө.Х нь Богд-Ар хорооллын .... байрны ашиглалтын хэвийн байдлыг хангах чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч Д.Лгийн өмчлөлийн автомашинд гэм хор учруулсан үйл баримтыг Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу зөв тогтоосон.
5.4.Мөн шүүх гэм хор учрахад нэхэмжлэгч Д.Лгийн автомашинаа зориулалтын бус талбайд байршуулсан буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэж, хариуцагч Т.Г.С.Ө.Хны хариуцах гэм хорын хэмжээг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан багасгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд үүнд нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй.
5.5.Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Золтуяагийн ... сууц өмчлөгчдийн холбоо тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх үүрэгтэй, нэхэмжлэгч автомшинаа тусгайлсан зогсоолд тавьж хэвших шаардлагатай гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байгааг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
6.Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас шинжээч томилуулах тухай хүсэлт шүүхэд гаргаагүй, 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй болно.
7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/04332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Г.С.Ө.Хны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Г.С.Ө.Хноос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА