Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 210

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: П.Т нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Пийн Тт холбогдох 1812004920269 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Б овгийн П Т /РД:/

 

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч П.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийтийн 03-25 тоотод хамтран амьдрагч Д.Уг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

 

    Хохирогч Д.Уийн өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 20 цагийн үед манай нөхөр Т согтуудаа намайг хардаж, хэрүүл маргаан үүсгэн миний толгойн ар дагз руу гурил элддэг модоор цохиж гэмтээсэн. Би тухайн үед 3 аяга пиво уусан байсан. Манай нөхөр Т их согтуу байсан. Би нөхөр Тай хамт амьдраад 5 жил болж байгаа. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй. Хүү маань 2 настай. Бид хоёр албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Согтуу байхдаа агсан тавьдаг байсан болохоос эрүүл үедээ зодож байгаагүй. Орилж хашгирч дайрдагаас биш зодож нүдэж байгаагүй, өмнө нь би цагдаад хандаж байгаагүй...Манай нөхөр Т нь согтуудаа гурилын ганжин аваад  над руу шидээд миний толгойг гэмтээсэн. Тэрнээс  сүхээр цохиогүй. Би нөхрийгөө айлгах гээд эмнэлэг дээр сүхээр цохисон гээд худлаа ярьсан юм. Миний толгой руу шидсэн гурилын ганжин одоо манай гэрт байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 11-13, 14-15 хуу/

    Гэрч Д.Эийн өгсөн: ...Манай эгч Ууганцэцэг болон түүний хамтран амьдарч Т нар нь дундаасаа нэг хүүхэдтэй. 2015 оноос хойш хамтран амьдарч байгаа. Манай эгч дагавар нэг охинтой. Охин нь манай аав ээж хоёр дээр байдаг. Манай эгч Ууганцэцэг нь маш хурдан уурладаг. Ууралсан үедээ хамаагүй хэл амаар нөхрөө доромжилдог. Нөхөр болох Т нь архи уух дуртай. Архи уухаараа агсан тавьдаг гэсэн. Би агсан тавьж байхыг нь хараагүй. Манай эгч нөхөртэйгээ байнгын хэрүүл маргаантай байдаг ба хоёулаа нэг нэгнийхээ дээр гарах гээд худлаа яриад байдаг. Т нь архи уугаагүй үедээ сайхан зантай, ажилсаг хүн байгаа юм. Эрүүлдээ эгчид маань загнуулж, доромжлуулж гомдоод архи уусан үедээ тэрийгээ гаргаж агсан тавьдаг байх гэж би бодож байна. Тэр хоёр гэр бүлийн харилцааны тал дээр жаахан асуудалтай юм шиг санагддаг. Т хүн зодлоо гэж дуулдаж байгаагүй. Ер нь томоотой хүн шиг санагддаг. Архи уусан үед нь би загнаж үзсэн. Тийм айхтар зан авир гаргадаггүй үгэнд ордог. Эгчийн маань нийлдэг найз нөхөд нь архи дарс уух дуртай хүмүүс байдаг. Нийлэхээрээ ганц нэг пиво уугаад гэртээ харихаар нь нөхөр нь уурлаж маргаан үүсгэдэг. Тэднийх байнгын хэрүүлтэй байдаг. Манай эгчийг эмнэлэгт хэвттэл нь зодож байгаагүй. Миний ойлгосноор эгчийн маань архины хэрэглээ, ааш занг засах гэж гар хүрдэг байх гэж боддог... гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/ 

Гэрч Д.Сн өгсөн: ...Хэргийн талаар мэдэх зүйл байхгүй. 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Эгчийн нөхөр болох Т /Бааяа/ агсан тавьсан гэж дуулсан. Ямар учраас ийм асуудал гарсан талаар мэдэхгүй. Өмнө нь ийм асуудал гаргаж байгаагүй. Хааяа л архи уучихдаг байх. Өөр ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. Би хот хооронд явдаг болохоор сайн мэдэхгүй. Хүргэн ах маань асуудал гаргаж байгаагүй, хүмүүст уруу татагдаад архи уучих гээд байдаг.... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/

     Гэрч Д.Аын өгсөн: ...Ууганцэцэг нь ажил дээрээ ирэхгүй байж байгаад ирэхээрээ нүүр ам нь хөхөрсөн ирдэг. Нөхөр болох Т нь эхнэрийнхээ ажил дээр согтуу ирдэг. У надад ярихдаа Т согтуу ирээд мөнгө нэхчихээд явлаа гэж ярьж байсан. саяхан 9 сарын сүүлээр Т нь согтуу ирээд Ууганцэцэг миний өрөөнд айгаад гүйж орж ирсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Өмнө нь согтуу ирээд байдаг байсан. Гэмтэл учруулж зодож байхыг би хараагүй. Ууганцэцэг нөхрөө согтуу байхад нь айгаад байдаг шинжтэй санагдсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

      Гэрч С.Б өгсөн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны орой ажил дээрээ байж байтал У толгойноос нь цус гарчихсан байдалтай, толгойныхоо хагарсан хэсгийг даавуугаар дарсан байдалтай эмнэлэг дээр орж ирсэн. Тэгэхээр нь би үзлэг хийхэд У толгойн ар дагзны хэсэгт зүсэгдсэн мэт 3-4 см орчим шархтай байсан. Би шархыг нь цэвэрлэж 4 оёдол тавьж өгсөн. У эмчилгээ хийлгэж байхдаа нөхөр согтуу байгаа араас ирж байгаа гэж байсан. Удалгүй нөхөр нь эмнэлэг дээр орж ирсэн. Тухайн үед нөхөр нь согтуу байсан. Эмнэлэг дээр нөхөр нь орж ирчихээд юм ярихгүй, дуугүй байж байгаад гараад явсан. У тухайн үед нөхөр маань намайг сүхээр цохиод ийм болгочихлоо гэж хэлж байсан, У өөрөө эрүүл байсан. Өмнө нь Ууганцэцэг нөхөртөө зодуулаа гээд миний ээлжин дээр орж ирсэн удаа байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/

     Гэрч О.Аын өгсөн: ...би Тыг өөрийн эрхэлж байгаа ажилдаа хааяа туслуулж, мал харуулж, ойр зуурын ажилдаа туслуулж хөлсийг нь өгдөг. Тыг бага байхаас нь мэднэ. Цэцэрлэг сумын хүн байгаа юм. Манай сумын У гэдэг хүүхэнтэй суугаад Эрдэнэмандал суманд амьдарч байгаа. Энд ирээд 4 жил болж байгаа. 2017 оноос эхлээд надад тус болж мал харах зуурын ажил хийж өгч байгаа. Их даруухан хүний үгнээс гардаггүй тийм л залуу. Архи уухаараа эхнэртээ агсан тавьчихдаг гэсэн. Надтай архи ууж байгаагүй. Т согтуу ганцхан удаа тааралдсан, тэр үедээ миний үгэнд ороод харьж унтлаа гээд явж байсан. Ер нь хүнтэй муудалдаж, маргалдаж байхыг нь хараагүй. Харин эхнэр Ууганцэцэгт нь их учир байдаг. Эхнэр нь архи уудаг, тэгэхээр нь Т уурлаад байдаг юм шиг санагдсан. Т найз нөхөд муу, өөрийгөө бусдад ойлгуулахдаа муу. Мал байхгүй, ажил төрөл хийдэггүй болохоор би амьдралд нь нэмэр болж өөрийн хийж байгаа ажилдаа туслуулж амьжиргааны мөнгийг нь өгдөг.... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

П.Тын яллагдагчаар өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 20-нд Эрдэнэмандал сумын Өлзийт багийн нутагт байх иргэн О.Алаг-Уулын хөрөө раманд ажиллаж байгаад ажлаа дуусгаад гэр рүүгээ харих замдаа дэлгүүрээс нэг шил 0.75 гр-ийн Түмний хишиг нэртэй архи авч уугаад талд нь оруулаад гэртээ орсон. Тэгэхэд эхнэр маань гэртээ байсан. намайг гэрт ороход хэнтэйгээ архи уугаад ирж байгаа юм бэ гэж уурлаж загнаад байхаар нь эргэж гараад үлдсэн тал шил архиа уугаад эргэж гэртээ ороод эхнэртэйгээ хэрэлдэж байснаас хойш болсон асуудлыг санахгүй байна. Би ухаангүй болтлоо согтсон, юу хийснээ санахгүй байна. Маргааш нь сумын цагдаагийн албан өрөөнд сэрсэн. Би эхнэрийнхээ толгойг юугаар цохиж гэмтээсэн талаар сайн санахгүй байна. Эхнэр маань сүүлд надад хэлэхдээ гурил элддэг ганжин аваад шидчихсэн гэж хэлсэн. Ууганцэцэг бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёр 7 жил хамт амьдарч байгаа. Бид хоёр дундаасаа нэг хүүхэдтэй, бас эхнэр маань дагавар нэг охинтой. Одоо бол манайд байгаа. Би хойд урд гэж хүүхдүүдийн талаар эхнэртэйгээ маргалдаж байгаагүй. Охин маань надад их сайн байдаг. Намайг ээжээсээ өмөөрч байгаа харагддаг. Манай эхнэр суманд үсчин хийдэг. Би мэргэжилгүй болохоороо айлын хар бор ажил хийж мөнгө олж амьдралдаа нэмэр болдог. Манай эхнэр Ууганцэцэг архи уух дуртай. Би архи уулгахгүй гэж эрүүл байхдаа хэлж үзсэн, аргадаж үзсэн, үгэнд орохгүй найз нөхөдтэйгээ нийлж архи уучихаад байдаг. Би хоёрын хэрүүл маргаан үүнээс эхэлдэг. Би эрүүл үедээ үг хэлээд ойлгохгүй байхаар нь архи ууж байгаад агсан тавих гэсэн боловч ухаанаа алдтал архи уугаад ийм асуудал гаргасан байна. Би эхнэртээ гар хүрсэндээ гэмшиж байна..... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 449 дугаартай дүгнэлт:

1. Д.ийн биед гэмтэл учирчээ. 

2. Д.ийн биед баруун зулай орчим хуйханд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

4. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 29 хуу/ 

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8 хуу/

Эд мөрийн баримтаар хураан авсан гурил элддэг модны гэрэл зураг /хх-ийн 8 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний маяг /хх-ийн 16-18 хуу/

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын сум дундын эмнэлэгийн эмчийн тодорхойлолт /хх-ийн 30 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 41 хуу/

П.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42  хуу/ 

 

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43 хуу/

Эрдэнэмандал сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Д.Ичинхоролын гаргаж өгсөн тодорхойлолт /хх-44 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 45-46 хуу/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч П.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч П.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 20 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийтийн 03-25 тоотод хамтран амьдрагч Д.У согтуугаар маргалдан гурил элддэг модоор толгойд нь цохиж түүний баруун зулай орчим хуйханд 4 см орчим хэмжээтэй язарсан шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгч П.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.У, гэрч Д.Э, Д.С, Д.А, С.Б, О.А нарын мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 449 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй тул түүний мэдүүлгийг шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.   

  Шүүгдэгч П.Т нь хохирогч Д.Уг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун зулай орчим хуйханд язарсан шарх гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 449 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

 

Аймгийн Прокурорын газраас П.Тын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ. 

Иймд шүүгдэгч П.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 3, 4, 5 хуу, 48 дугаар хуу/  гарын үсэг зуржээ.   

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч П.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч П.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 40 см урттай, бөөрөнхий хэлбэртэй, 4 см диаметртэй гурил элддэг модийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Хохирогч Д.У нь мөрдөн байцаалтын үед “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэлт / хх-ийн 4 хуу/ гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 46 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн Пийн Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг дагуу шүүгдэгч П.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч П.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 40 см урттай, бөөрөнхий хэлбэртэй, 4 см диаметртэй модыг устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг  шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОДХҮҮ