Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00324

 

 

 

 

 

 

 

 

2023 02 06 210/МА2023/00324

 

 

М.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2022/02871 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч М.Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.Н ХХК холбогдох,

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,

Шүүхийн шийдвэрийн дагуу олгосон олговор 3,912,727 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.М.Э нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр И.Н ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, Хэнтий аймгийн төв дэх Сод монгол шатахуун түгээх станцад түгээгчээр, ээлжийн ахлах түгээгчээр ажиллаж байсан. Гүйцэтгэх захирлын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 49 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлснийг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02472 дугаар шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд намайг эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. И.Н ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/18 тоот тушаал гаргаж, ажилд буцаан томилсон гэх боловч ажил үүргээ биечлэн бодитой гүйцэтгэх боломж олгоогүй, ажилд аваагүй.

1.2.Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 02378 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэсэн. Үүний дагуу миний ажилгүй байсан 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны цалин болох 5,380,000 төгрөгийг И.Н ХХК нь бүрэн өгсөн.

1.3.Гэвч И.Н ХХК нь М.Эыг ажил үүргээ гүйцэтгэх, ажилдаа орох боломжийг олгохгүй, элдэв шалтаг тоочих, айлгах, сүрдүүлэх, нийгмийн даатгалыг нөхөж өгөхгүй гэх зэрэг арга хэрэглэсээр өнөөдрийг хүрсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8,280,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 02472 дугаар шийдвэрийн дагуу гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 тоот тушаалаар М.Эыг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилсон. Компанийн зүгээс М.Эт ажилд томилсон тушаалыг өөрт нь биечлэн танилцуулсан, эргээд ажилдаа орж ээлжиндээ гарах болсныг мэдэгдэж байсан ч М.Э ажилдаа ирж ороогүй, ээлжиндээ огт гараагүй, ажилдаа хэзээ ч ирсэн үед авахад нээлттэй хүлээж байгаа.

2.2.Мөн 2020 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин 5,380,000 төгрөг нэхэмжилснийг шүүхийн шийдвэрийн дагуу бүрэн төлж барагдуулсан. М.Э нь ажилдаа буцаж орохгүй, ажил хийх ямар ч сонирхолгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн үйлдлийг гаргаж байна.

Иймд нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1.Нэхэмжлэгч М.Эт шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан цалин хөлс болох 5,380,000 төгрөгийг манай компани төлсөн.

3.2.Нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сараас Дашваанжил ХХК-д ажилд орж, одоог хүртэл ажиллаж байгаа нь нийгмийн даатгалын лавлагаагаар тодорхой болсон. Нэхэмжлэгч нь өөр байгууллагад ажиллаж байгаагаа мэдэгдэхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 5,380,000 төгрөгийг авсан, одоо дахин ажилгүй байсан хугацааны хөлс нэхэмжилж байгаад гомдолтой байна. Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байгаа тул М.Эаас 5,380,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

И.Н ХХК-ийн нэхэмжилж буй мөнгө нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу надад олгогдсон ажилгүй байсан хугацааны цалин бөгөөд үүнийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116 дугаар зүйл 118, дугаар зүйлд заасныг удирдлага болгон 2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан И.Н ХХК-аас нэхэмжлэгч М.Эын ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 8,280,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч И.Н ХХК-ийн 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 8 сарын хугацааны цалин хөлс болох 3,912,727.3 төгрөгийг нэхэмжлэгч М.Эаас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 147,430 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 77,554 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, И.Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 147,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Эт олгож шийдвэрлэсэн.

 

6.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1.И.Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 тоот тушаалаар М.Эыг ээлжийн ахлах түгээгчийн ажилд эргүүлэн томилсон. Түүнийг компанийн төв оффист дуудан ирүүлж, тушаалыг танилцуулж, хуулбарлан өгсөн бөгөөд хуучин ажилдаа орж ээлжийн гараандаа ажил үүрэг гүйцэтгэх болохыг албан ёсоор мэдэгдсэн. М.Э нь Хэнтий аймагт байрлах шатахуун түгээх станцад 1-2 гараанд гараад дахиж ажилдаа ирээгүй.

6.2.М.Э нь манай компаниас ажлаас гарсан тэр даруй Дашваанжил ХХК-д манайхаас авдаг цалингаас 2 дахин илүү цалинтай ажилд орсон байгаа нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байна. Гэтэл шүүхээс түүнийг эргүүлэн ажилд нь авах ямар нэгэн арга хэмжээ аваагүй, мэдэгдээгүй гэж үзсэн нь хууль бус, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

6.3.Мөн анхан шатны шүүх 8,280,000 төгрөгийг ямар тооцооллоор гаргасан нь тодорхойгүй, тухайн түгээгчийн үндсэн цалин хэд, сард хэдэн гараа гарах байсан, хэдэн литр шатахуун борлуулж хэчнээн төгрөгийн нэмэлт цалин бодогдох зэрэг нь огт тодорхойгүй байхад тухайн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:

2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 3,912,727 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч И.Н ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,

Хариуцагч И.Н ХХК нь нэхэмжлэгч М.Эт холбогдуулан шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт төлсөн 3,912,727 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг зохигчид эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч И.Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигчид давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02472 дугаар шийдвэр гарснаас хойш хариуцагч 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч ажлын байр, ажиллах нөхцөл, бололцоогоор хангахгүй байгаа тул ажилгүй байсан 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8,280,000 төгрөгийг гаргуулна. 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,380,000 төгрөгийг шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02378 дугаар шийдвэрээр гаргуулж авсан гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч татгалзлын үндэслэлээ М.Эыг гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон боловч өөрөө ажилдаа ирж ороогүй, ажил хийх хүсэл сонирхолгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн үйлдэл гаргаж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/02378 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,380,000 төгрөгийг бүрэн төлсөн байтал 2019 оны 10 дугаар сараас Дашваанжил ХХК-д ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

5.Шүүх нэхэмжлэгч М.Эын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

5.1.Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийн дагуу ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд хариуцагч И.Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/18 тоот тушаалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2020/02472 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч М.Эыг ээлжийн ахлах түгээгчийн албан тушаалд эгүүлэн томилсон байна.

5.2.Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг гардаж авсан талаар маргаагүй. Харин хариуцагч тушаал гаргасан хэдий ч ажлын байр, ажиллах нөхцөл, бололцоогоор хангаагүй гэж тайлбарласан ба шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 2 жил гаруй хугацаанд тушаалын дагуу урьд эрхэлж байсан ажилдаа эргэн орох талаар ажил олгогчид хэрхэн хандсан, хүсэл зоригоо хэрхэн илэрхийлж байсан талаар хэрэгт баримт авагдаагүй.

Үүнээс гадна нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн Дашваанжил ХХК-д тасралтгүй ажиллаж байгаа үйл баримт нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор нотлогдсон.

5.3.Дээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд, хариуцагч байгууллагын 2020 оны Б/18 тоот тушаалын дагуу нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах үүргээ зөрчсөн гэж дүгнэхгүй.

 

6.Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч И.Н ХХК-д холбогдуулан гаргасан 8,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03302 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч И.Н ХХК-д холбогдуулан гаргасан 8,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Эын нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч М.Эт холбогдуулан гаргасан 3,912,727 төгрөг гаргуулах тухай хариуцагч И.Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч И.Н ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,430 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА