Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00674

 

 

Ариг банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 17 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ариг банкны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Саранчимэг, С.Батзориг, С.Батзолбоо нарт холбогдох,

“Банкинд өмчлөлтэй байрнаас албадан чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаагийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Санчир, хариуцагч Ц.Саранчимэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот нь Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 535 тоот захирамжаар Ариг банк ХХК /хуучин нэрээр Эрэл банк/-ний өмчлөлд шилжсэн бөгөөд 2012 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 286 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас ажиллагаа явуулж 000348626 тоот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн Ү-2003013348 тоот хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан болно. Хуулийн дагуу өмчлөх эрх шилжсэн, хувийн сууцанд өнөөдрийг хүртэл Ц.Саранчимэг, С.Батзориг, С.Батзолбоо гэх иргэд нь оршин суусаар байгаа тул банкны өмчлөлийн хувийн сууцнаас албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Ц.Саранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хүү Эрэл банкнаас 15 000 000 төгрөгийн зээл авч Дархан сумын 15-р баг 1-85 тоот байрыг худалдан авахаар урьдчилгаа төлбөрт өгсөн. Зээл авсны дараа С.Батзолбоо нь автын осол гаргасны улмаас шүүхээс хорих ял авсан. Үүнээс болж зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Маргаан бүхий хашаа байшин нь Л.Батхүү, Ц.Саранчимэг, С.Батзориг, С.Батзолбоо бидний дундын хөрөнгө юм. Гэтэл хорих ангид очоод С.Батзолбоогийн гарын үсэг зуруулаад явсан байсан. Хамтран өмчлөгч 3 хүнээс зөвшөөрөл аваагүй Ариг банкны өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот хашаа байшинг хариуцагч Ц.Саранчимэг, С.Батзориг, С.Батзолбоо нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Төрийн сангаас шүүгчийн захирамжаар гаргуулж түүнд буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дулмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч нарын хууль бус эзэмшлээс Ариг банкны маргаан бүхий сууц, газрыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийж, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд магадлалын үндэслэлээ хариуцагч нар нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгч хууль бусаар олж авсан гэж маргасан тул гэж тайлбарласан. Давж заалдах шатны шүүх ямар нэгэн баримт нотолгоогүй, зөвхөн бичгээр гаргасан тайлбарыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгааг нэхэмжлэгчийн зүгээс хууль бус гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан шаардлагад нийцжээ. 

Нэхэмжлэгч Ариг банк нь өмчлөлийн газар, хувийн сууцыг хариуцагч Ц.Саранчимэг, С.Батзориг, С.Батзолбоо нарыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэн, тэдгээрийн эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосноос гадна Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрхийн урьдчилсан нөхцөлийг бүрэн дүгнэж чадаагүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй болжээ. 

Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгч буюу банк хууль бусаар олж авсан гэж үзэж байгаа бол энэ тайлбараа нотлох үүрэгтэй болно.

Ариг банк нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р баг, Цэнгэлдэхийн 3-31 тоот  1644,3 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах 91 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөгч болох нь 000348626, 000193167 дугаар бүхий эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон ба хариуцагч С.Батзолбоогийн зээлийн үүргийг уг эд хөрөнгөөр хангуулснаар өмчлөгч болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

 Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 535 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нарын нэг С.Батзолбоо нь зээл 16 326 526 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны зүйлээр хангуулах Ариг банкны нэхэмжлэлийг зөвшөөрсөн гэж дурдсан байна. Харин хариуцагч нар барьцааны эд хөрөнгө болох өмчлөлийн зүйлийг эзэмшиж, ашигласан хэвээр байгаа ажээ.

Хэрэгт байгаа баримтаар эд хөрөнгөд ногдуулсан зээлийн үүрэг хэрхэн хангагдсан,  хариуцагч нарын эзэмшлийг хууль бус гэж үзэх эсэх талаарх үйл баримт тодорхой бус байхад хэрэглэвэл зохих хэм хэмжээг сонгох, хэрэглэх үндэслэл бий болохгүй бөгөөд улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй,  магадлалыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Х.СОНИНБАЯР

  ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА