Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 116

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 

Гуравдагч этгээд: “Ф ББСБ” ХХК

Нэхэмжлэгчийн “И” ХХК-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, “И” ХХК-ийн 5100 ширхэг хувьцааг “Е” ХХК-ийн нэр дээр бүртгэх өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах” шаардлага, 

Гуравдагч этгээдийн “И” ХХК-ийн хувьцааг АНУ-ын “Д” компанид шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болггож, “Ф ББСБ” ХХК-ийг “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах” бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хуулийн дагуу бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болох 27******* тоот регистерийн, 9019****** бүртгэлийн дугаартай “И” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт компанийн зарим хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн талаархи мэдээллийг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан болно.

Өргөдлийг хүлээн авсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь “И” компанийн өргөдлийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь “И” ХХК болон АНУ-ын Засгийн газрын агентлаг болох Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци “ОПИК” хооронд байгуулсан 2010 оны 4-р сарын 20-ний өдрийн “Санхүүжилтийн гэрээ”-г Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газрын агентлаг болох Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци “ОПИК”-с дуудлага худалдаагаар шилжүүлэн авсан хэмээн Монгол Улсад бүртгэлтэй “Ф ББСБ” ХХК-с Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан “И” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авах гэсэн хууль бус хүсэлттэй холбоотой юм.

“И” ХХК-ийн хувьцааг ямар нэгэн байдлаар худалдаагүй, арилжаалаагүй, барьцаалаагүй бөгөөд манай компанийн ашигт малтмалын орд барьцаалж “ОПИК”-той байгуулсан зээлийн гэрээний барьцааны эрхийг шилжүүлэн авсан “Ф ББСБ” ХХК-с үндэслэлгүй хууль бус хүсэлтийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж компанийг шилжүүлэн авахаар оролдож хүсэлт гаргасан гэж үзэж байна. 

“И” ХХК-ийн хувь эзэмшил өмчлөлтэй холбоотой өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг хориглосон хуулийн хязгаарлалт хориг байхгүй болно. 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь компани хооронд үүссэн зээл санхүүгийн асуудалтай холбоотой аж ахуйн асуудлыг Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай хутгалдуулан Монгол Улсын Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан бүртгэх чиг үүргээсээ үндэслэлгүй татгалзсан, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад манай компанийн өргөдлийг бүртгэхээс татгалзаж 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 03 тоот хариу мэдэгдлийг өгсөн.

Захиргааны акт, гэрээтэй холбоотой үйл ажиллагааг захиргааны шийдвэр гэж нэрлэдэг. Гуравдагч этгээдийн тайлбарлаж байгаа зээл болон барьцаатай холбоотой асуудал бол өнөөдрийн шүүх хуралд ярих шаардлагагүй. Учир нь нэхэмжлэлийн шаардлага захиргааны байгууллагын хууль  бус шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, “И” ХХК-ийн улсын бүртгэлийн өөрчлөлтийг бүртгэхийг даалгах шаардлагын хүрээнд ярих нь зөв юм. 

Энэ асуудлын шүүхийн харьяалал бол иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх юм. Мөн хуулийн 19.1.2 дахь заалтыг харахаар баримт бичиг бүртгүүлэхтэй холбоотой заалт юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу бүртгэл хийлгэхээр материалаа өгсөн. Үндэслэлгүйгээр бүртгэхээс татгалзаж өнөөдрийг хүртэл энэ үйл ажиллагаа хэвээр үргэлжилж байна. “Ф” ББСБ өнөөдөр “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлж авъя гэж хүсэлт гаргасанд 02 тоот албан бичгээр хариу өгөөд мэдэгдсэн. “И” ХХК хуульд заасны дагуу бичиг баримтаар бүрдүүлбэр хангаад бүртгэл хийлгэе гэхээр өмнө нь өөр байгууллага хүсэлт гаргасан тул боломжгүй гэсэн тайлбар өгч байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт Америкийн нэгдсэн улсын төрийн байгууллагаас “И” ХХК-нд олгосон зээлийн асуудал огт хамааралгүй юм. Хуульд заасан баримт бичгийг хангаад эрхээ хэрэгжүүлээд шийдвэрийг гаргах асуудал. Хууль хяналт болон төрийн зохих байгууллагын зүгээс “И” ХХК-ийн хувьцааг шилжүүлж болохгүй гэсэн ямар нэгэн шүүхийн шийдвэр, захирамж, эрх бүхий байгууллагын тогтоол байхгүй. Хувьцаатай холбоотой асуудал Компанийн тухай хуулиар зохицуулагддаг тул Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хамааралгүй юм.

“Д” ХХК АНУ-д бүртгэлтэй “Д” ХХК-нд шилжиж байгаа нь хувьцааг зарж байгаа асуудал огт биш юм. Шилжүүлж байгаа юм. “И” ХХК бол хараат охин компани. “Д” ХХК бол толгой компани юм. Толгой компанийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2015 оны 8-р сарын 20-нд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас уг бүртгэлийг хуулийн дагуу гэж үзэж зохих шийдвэрийг гаргасан. Манайх зээлээ төлнө

Иймд хууль бус захиргааны акт болох “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9-р сарын 26-ний өдрийн 03 тоот шийдвэрийг хүчингүй болгон, манай компанийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК нь анх 2003 онд Б LTD-ийн 100%-ийн хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Д-г томилсныг 2004 онд улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Б LTD нь өөрийн эзэмшлийн “И” ХХК-ийн 100%-ийн хувьцааг Б ХХК-д шилжүүлж, гүйцэтгэх захирлаар Г Р.Б томилсныг 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байна. Швейцарь улсын Д компани нь “И” ХХК-ийн 100%-ийн хувьцааг “Б” ХХК-аас шилжүүлэн авч гүйцэтгэх захирлаар АНУ-ын иргэн У М.М-ийг томилсныг 2008 оны 03  дугаар сарын 28-ний өдөр улсын бүртгэлд бүртгэсэн болно.

Улмаар 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр И ХХК-ийн 100%-ийн хувьцааг Швейцарь улсын Д Ю Э компаниас АНУ-ын Д компанид шилжүүлснийг бүртгэсэн байна.

“Ф ББСБ” ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “И ХХК АНУ-ын Засгийн газрын агентлаг болох Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци /ОПИК/-иас 10 сая ам.доллар зээл авахдаа 2010 оны 11-р сарын 12-ны өдөр “Хувьцааны барьцааны гэрээ” байгуулж зээл эргэн төлөгдөх хүртэл хувьцаагаа шилжүүлэхгүй байх үүрэг хүлээсэн.

Гэвч “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Швейцарь улсын хуулийн Д  компани нь өөрийн эзэмшлийн “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг гэрээгээ зөрчин АНУ Д-д шилжүүлэн бүртгүүлсэн байна.Тус Ф ББСБ нь ОПИК-тай гэрээ байгуулан “И” ХХК-д олгосон 10 сая ам.доллар зээл болон түүний үүргийн гүйцэтгэлийг хангахаар барьцаалсан барьцааны бүхий л эрх, өмчийн эрх, ашиг сонирхлыг шилжүүлэн авсан болно. Иймд уг хууль зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгон, цаашид “И” ХХК-ийн хувьцааг шилжүүлэхгүй байхад анхаарна уу” гэх утга бүхий гомдол гаргасан.

Уг гомдолд хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Э “Тус бүртгэлийн маргаантай асуудлаар шүүх болон арбитрын журмаар хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн хариуг өгсөн байна.

“Ф ББСБ” ХХК нь “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэн авахаар баримт бичгээ бүрдүүлэн ирүүлсэн байх ба улсын бүртгэгч 2016 оны 9-р сарын 23-ний өдрийн 02 дугаартай улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлээр “бүртгэх боломжгүй талаар” хариу өгсөн. 

“И” ХХК нь нийт хувьцааныхаа 51 хувийг “Е” ХХК-ийн нэр дээр бүртгүүлэхээр баримт бичгээ бүрдүүлэн ирүүлсэн байх ба улсын бүртгэгч 2016 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 03 дугаартай улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлээр “бүртгэх боломжгүй талаар” хариу өгсөн байна. 

“И” ХХК Америкийн нэгдсэн улсын Засгийн газрын агентлаг болох Хилийн чанад дахь Хувийн хөрөнгө оруулалтын корпораци ОПИК-той 2010 онд гэрээ байгуулан зээл авсан байдаг. Үүргийг “Ф” ББСБ шилжүүлж авсан. Швейцарийн “Д” ХХК нь Америкийн нэгдсэн улсын “Д” ХХК-нд “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлж авсан талаар огт мэдэгдээгүй. Гэрээнд энэ зээлийг төлж барагдуулах хүртлээ хувьцааг бусдад ямар нэгэн байдлаар шилжүүлэхгүй тухай үүрэг хүлээсэн талаар манайд мэдэгдээгүй юм. Сүүлд материалыг манайд ирүүлэх үед гэрээ байгуулсан талаар мэдсэн. “И” ХХК нь үүргээ биелүүлээгүй байгаа юм. Энэ нь бүртгэхээс татгалзах үндэслэл болсон.

“ОПИК”-оос 2010 онд “И” ХХК нь ашигт малтмалын 3 тусгай зөвшөөрөл, хувьцаа, эд хөрөнгө зэргийг барьцаалан 10 сая долларын зээлийг 5 жилийн хугацаатай, тодорхой хүүтэйгээр, эргэн төлөх графиктайгаар зээлж авсан. Уг хугацаанд ашигт малтмалын зөвшөөрөл авсан. Зээлийн төлөлтийг тодорхой хэмжээгээр төлж байсан. 

Гэтэл 2009 онд Урт нэртэй хууль гарч үйл ажиллагаа явуулах боломжгүй болж доголдол гарсан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газарт хүсэлт гаргаж байсны эцэст Урт нэртэй хуультай холбоотой асуудлыг шийдвэрлэж өгсөн. Худалдаа аж үйлдвэрийн газраас зээл төлөх хүнд нөхцөлийг гаргуулж авсан. Зээл төлөх бололцоо 2015 оноос эхэлж бүрдэж эхэлсэн. 2015 онд үйл ажиллагаа явуулахад бэлэн болох үетэй зэрэгцэн “ОПИК” зээлээ “Ф ББСБ” ХХК-д шилжүүлсэн. Энэ шилжүүлэг хууль, дүрэм журмын дагуу хийгдсэн гэдэг нь эргэлзээтэй юм. Хувьцаа хувь хадгалах гэрээ хуулийн дагуу хийгдээгүй юм. Хувьцаа нь Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу нэрийн үнэт цаас юм. Үнэт цаасыг барьцаалж байгаа тохиолдолд Иргэний хуулиас гадна Компанийн тухай хууль давхар хэрэглэгддэг. Хувьцааг барьцаалсан гэж үзвэл “И” ХХК-ийн хувьцаагаар барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд зайлшгүй үнэт цаасны төвлөрсөн төвд бүртгүүлэх, тусгаарлуулах ёстой. 

Иймд улсын бүртгэгчийн татгалзах үндэслэл хуулинд нийцсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Ф ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, өмгөөлөгч Б.Э нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” ХХК нь уул уурхайн төсөлдөө санхүүжилт татахын тулд АНУ-ын Засгийн газрын агентлаг болох Хилийн чанад дахь Хувийн хөрөнгө оруулалтын корпораци (цаашид “ОПИК” гэх)-тай 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Санхүүжилтийн гэрээ байгуулж 10 сая ам доллар зээлж авсан байдаг бөгөөд Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлд барьцаа болгож, “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Щвейцарь улсын компани нь өөрийн эзэмшлийн “И” ХХК-ийн гаргасан энгийн хувьцаагаа 100 хувь барьцаалуулан “Хувьцааны барьцааны гэрээ” (цаашид “Барьцаа”гэх) байгуулсан байдаг . 

Зээл болон барьцааны гэрээг барьцаалуулагч буюу Щвейцарийн хуулийн этгээд болох Д компанийн дампуурлын ажиллагааг хэрэгжүүлж байгаа дампуурлын хэрэг эрхлэх газар 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд уг хуулийн этгээдийн хөрөнгийн жагсаалтын 4-т бүртгэгдсэн “И” ХХК-ийн хувьцааг ОПИК-ийн барьцаанд байгааг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг. 

Өөрөөр хэлбэл, хэдийгээр Монголд “И” ХХК-ийн барьцааг АНУ-ын хуулийн этгээд эзэмшиж, өмчилж байгаа гэсэн бүртгэлийг хийлгэсэн хэдий ч Щвейцарийн хуулийн этгээдийн хөрөнгийг жагсаалтаас хасалт хийлгээгүй байсан нь тус компанийн хувьцаа Щейвцарийн компаниас АНУ-ын компани руу бүрэн шилжээгүй, гэрээ байгуулсан талуудын хувьцаа шилжүүлсэн хэлцэл бүрэн төгс дуусгавар болоогүй, шилжүүлэгч хуулийн этгээд нь хүлээн зөвшөөрөөгүй, Щейвцарь Улсын хуулийн дагуу хувьцааны бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байгааг нотлон харуулж байна.

“И” ХХК-ийн Толгой компани (Щвейцарь Улсын хуулийн этгээд болох Д), түүний Толгой компани (АНУ-ын хуулийн этгээд болох Д ЛЛС), тус компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд эдгээр бүх компанийн эцсийн үр ашгийг хүртэгч нь АНУ-ын иргэн В М. М юм. 

Мөн түүнчлэн дээрх зээлийн нэг нөхцөл болгон Хувь эзэмшлээ хадгалах тухай гэрээг мөн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ОПИК-той байгуулсан бөгөөд уг гэрээнд Монгол Улсын “И” ХХК, АНУ-ын Да компани , Щвейцарь Улсын Д, АНУ-ын иргэн В М.М байгуулан ОПИК-ийн өмнө охин компани буюу “И” ХХК-ийн хувьцаа эзэмшлээ хэвээр хадгалах үүрэг хүлээсэн байсан.

Тухайлбал тус гэрээний 2 дугаар заалтад “Санхүүжилтийн гэрээний дагуу төлөгдөх ёстой бүх дүн ам доллараар бүрэн төлөгдөж дуусах хүртэл санхүүжүүлэгч нь эцсийн толгой компанийн хувьцаа эзэмшлээ 100 хувиас доошгүй хадгалах, эцсийн толгой компани нь толгой компанид эзэмших хувь эзэмшлээ 100 хувиас доошгүй хадгалах, толгой компани нь зээлдэгчийн хувьцааг 100 хувиас доошгүй эзэмших үүрэг хүлээнэ” гэжээ.

Мөн гэрээний 3 дугаар заалтад “Зээлдэгч болон Хувьцаа эзэмшигчид нь энэ гэрээний дагуу шаардлага гаргах, мэдэгдэл өгөх, эсэргүүцэх, хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл өгөх, эсхүл эдгээрт үндэслэсэн бусад үйлдэл хийх эрхээсээ үүгээр татгалзаж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчдийн аливаа үүргийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, үүргээ биелүүлэхгүй байх, албадан хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа мэдэгдэл өгөх, шаардах эрх, түүнчлэн аливаа төрлийн бусад шаардах эрх, мэдэгдэл өгөх эрх, Хувьцаа эзэмшигчдийн үүргээ хэсэгчлэн буюу бүхэлд нь дордуулсан аливаа бүх эрх, тэдгээр үүрэгтэй холбоотой бусад этгээдийн үүргээс чөлөөлөх аливаа эрхээсээ мөн татгалзаж байна” гэжээ.

Уг гэрээний 5 дугаар хэсэгт “цаашид гаргах баталгаа” гэж өгсөн бөгөөд үүнд “зээлдэгч болон хувьцаа эзэмшигч тус бүр хувьцаа эзэмшигчдийн үүрэг, эсхүл зээлдүүлэгчийн энэ гэрээгээр эдлэх эрхийг баталгаажуулах, хамгаалах, хадгалж үлдэх үүднээс цаг тухайд нь, эсхүл зээлдэгч шаардсан үед нь, өөрийн зардлаар цаашид шаардлагатай баримт бичгийг даруй үйлдэж, гарын үсэг зурах, хүргүүлэх, шаардлагатай бүх арга хэмжээг авна” гэжээ.

Хувьцаа эзэмшигч тус бүр Хувьцаа эзэмшигчдийн үүрэг дуусгавар болоогүй цагт ОПИК бичгээр зөвшөөрснөөс бусад тохиолдолд дараахь зүйлийг хэрэгжүүлэхээр хүлээн зөвшөөрнө гээд үүгээр тусгайлан хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд аливаа хувьцааг худалдах, шилжүүлэх, барьцаалах, ямар нэг байдлаар захиран зарцуулах, бэлэглэх зэргээр уг Хувьцааны хувьд ямар нэг шаардах эрх үүсгэхгүй байх үүрэг хүлээсэн.

Гэтэл барьцааны болон хувь эзэмшлээ хадгалах тухай гэрээгээр хүлээсэн “хувьцаагаа бусдад ямар нэг байдлаар шилжүүлэхгүй байх” үүргээ Щвейцарь Улсын хуулийн этгээд болох “Д” компани зөрчиж, 2015 оны 8-р сарын 21-ний өдөр улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэн АНУ-д бүртгэлтэй “Д” буюу толгой компанидаа шилжүүлсэн байна.

Улмаар энэ бүртгэлд үндэслэн шинээр хувьцаа эзэмшигч болсон АНУ-ын Д компани нь өөрийн гэрээгээ зөрчин эзэмшсэн “И” ХХК-ийн гаргасан хувьцааны 51 хувийг “Е” ХХК-д шилжүүлж зээлийг эргүүлэн төлөх барьцаагүй болгож, барьцааны зүйлийг зувчуулах оролдлого хийж байна.

Ингэж барьцааны зүйлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээдэд шилжүүлэх гэж байгаад Улсын бүртгэлийн байгууллага татгалзах нь хууль ёсны үйлдэл бөгөөд энэ талаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд... түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг...”, “19.1.2. үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй” тохиолдолд... улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана” гэсний дагуу авч хэрэгжүүлсэн зүй ёсны арга хэмжээ гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн барьцааны зүйлийн зохицуулалтын дагуу барьцаалагдсан хувьцааг үндсэн гэрээний үүрэг бүрэн хангагдаагүй тохиолдолд Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр, нууцаар бусдад шилжүүлэх нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлд заасан барьцаалагчийн эрхийг зөрчин “хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй”-д тооцох юм. 

Нэгэнт эцсийн үр ашгийг хүртэгч буюу эцсийн барьцаалуулагч нь нэг этгээд АНУ -ын иргэн В М.М байгаа тохиолдолд барьцаалуулагч хэн байх нь түүний хувьд чухал биш бөгөөд харин зээл болон барьцааны эрхийг шилжүүлэн авсан Монгол Улсын хуулийн этгээд болох тус банк бус санхүүгийн байгууллагын хууль ёсны барьцаа хэрэгжих боломжгүй болж, зээл эргэн төлөгдөх баталгаагүй болж байна.

Учир нь тус байгууллага ОПИК-той 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Зээл шилжүүлэх, хүлээн авах гэрээ” байгуулан ОПИК-оос “И” ХХК буюу зээлдэгчид олгосон 10 сая ам.долларын зээл болон түүнд холбогдох Хувьцааны барьцааны гэрээ зэргийг 8 сая ам.доллар төлж факторингийн гэрээний дагуу худалдаж авсан юм.

Зээл шилжүүлэх, хүлээн авах гэрээ 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “ОПИК” зээлийн дүнг өөрийн банкны дансанд хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон байтал ийнхүү ашиг сонирхол нэгтэй талууд хууль болон гэрээний үүргээ зөрчин санаатайгаар бие бие рүүгээ шилжүүлж барьцаалагчийн хууль ёсны эрх ашгийг хохироож байна.

Санхүүжилтийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ зээлдэгчийн зүгээс биелүүлээгүй тул зээлдүүлэгч гэрээний үүргээ зөрчсөн болон үүргээ биелүүлэхгүй нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж зээл болон барьцааны бусад эрхээ даруй хэрэгжүүлж зээл санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн үүргээ дуусгавар болгосноо 2013 онд албан ёсоор мэдэгдсэнээр зээлийн гэрээний хугацаа хугацаанаасаа өмнө дуусгавар болсон.

Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгэгчид шилжинэ” гэж тодорхой заасан бөгөөд энэ заалтын дагуу зээл болон зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээний шаардах эрх факторингийн гэрээний дагуу ОПИК-оос тус ББСБ-д бүрэн шилжсэн юм.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-т заасны дагуу “Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрх буюу ...эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхийг эдлэх” бүрэн эрхтэй. 

Энэ эрхийнхээ хүрээнд энэ шүүх хуралд тус ББСБ нь бие даасан шаардлага гарган оролцох бөгөөд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг энэхүү тайлбараас тусад нь гаргах болно. 

Түүнчлэн Иргэний хуулийн 160 дугаар зүйлд барьцааны эрх дуусгавар болох нөхцөлийг тодорхой заасан бөгөөд үүнд барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон, барьцаалагч барьцааны зүйлээс татгалзсан тухай барьцаалуулагч буюу өмчлөгчид мэдэгдсэн, барьцаалагч эзэмшилдээ байсан барьцааны зүйлийг барьцаалуулагчид буцаан өгсөн, барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн, барьцааны зүйл устаж үгүй болсон, хуульд заасан бусад үндэслэл гэсэн бол эдгээр үндэслэлийн аль нь ч “И” ХХК-ийн хувьцааны барьцааны хувьд бий болоогүй тул гуравдагч этгээдийн барьцааны эрх хуулийн дагуу ийнхүү бүрэн дуусгавар болоогүй байна.

Захиргааны акт бол үйл ажиллагаа, шийдвэр, үйлдлээс хамааран бүрддэг. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн, архивт хадгална”, 29.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 29.1, 29.2, 29.3 дахь хэсэг бичмэл хэлбэрээр гаргах захиргааны шийдвэрт хамаарна” гэж байгаа юм. Мэдэгдлийг салган авч хүчингүй болгуулах гэж байгаа юм. Үүнээс гадна хувийн хэрэгт маш олон материалууд байдаг. Нэхэмжлэлийн шаардлага бүрэн бус гэх бодол төрж байна. “И*******” ХХК-тай ОПИК 2012 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр санхүүжилтийн гэрээ байгуулж 10 сая доллар зээлүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох Швейцар улсын компанитай “И” ХХК-ийн гаргасан энгийн хувьцааг 100 хувь барьцаалах хувьцаа барьцаалах гэрээ байгуулсан. Швейцарь улсын “Д” ХХК “И” ХХК-иас олгосон 100 хувь энгийн хувьцааг эзэмших хувьцааны гэрчилгээг хадгалуулсан. Хувьцааныхаа гэрчилгээг хадгалуулсан гэж  хэлж  гэрээ байгуулж аваад сүүлд нь өөр этгээдэд шилжүүлэх нь хууль зөрчиж байна гэж гомдол гаргаж байна. Тиймээс “И” ХХК-ийн хувьцаа дампуурч байгаа компанийн хөдлөх эд хөрөнгийн жагсаалтад орсон байгаа тул манай хөрөнгө хөдөлгөж болохгүй гэсэн мэдэгдэл ирүүлдэг. Хувьцааг Швейцарын банкнаас хасуулаагүй. Энэ нь дүр үзүүлсэн хэлцэл гэж харагдаж байна. 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хувь эзэмшигчдийн хадгаламжийн гэрээ гэж байгуулсан. Америкийн нэгдсэн улсын банк руу шилжүүлж авсан гэж байгаа компани бол эцсийн толгой компани юм. 

“ОПИК”-ийн өмнө АНУ-ын компани Швейцарын компанийхаа хувь эзэмшлийг өөрчлөхгүй байх үүрэг хүлээсэн. Монголын компанийн хувийг би өөрчлөхгүй, шилжүүлэхгүй гэдэг байдлаар гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний дагуу төлбөр төлөөгүй байна. 10 сая доллар хагас жил тутам 1 сая доллараар нэмэгдээд дуусах ёстой байсан. Гэтэл 2013 оноос хойш нэг ч удаа төлбөр төлөөгүй учир “ОПИК”-оос төлбөрөө төлөөгүй байгаа тул үүргээ биелүүлээгүйд тооцож зээлийн гэрээний хугацааг хүлээлгүйгээр зээл төлөх хугацааг цуцалж, төлбөрөө яаралтай төлөх тухай агуулга бүхий мэдэгдэл өгсөн.

Гэрээнд зээлдэгч болон хувьцаа эзэмшигч нь энэ гэрээний дагуу шаардлага гаргах, мэдэгдэл өгөх, эсэргүүцэх, хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл өгөх, эсвэл эдгээрт нийцсэн үйлдэл хийхээсээ татгалзаж байгаа бөгөөд хувьцаа эзэмшигчийн аливаа үүргийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, үүргээ биелүүлэхгүй байх, аливаа мэдэгдэл өгөх, шаардлага өгөх, аливаа эрх үүрэг, тэдгээртэй холбоотой бусад этгээдийн эрхээс татгалзаж байгаа тул гэдэг нь нэгэнт барьцаалсан тул өөр этгээдэд шилжүүлэх ямар нэгэн эрх байхгүй, уг эрхээс татгалзаж барьцааны эрхийг бүртгэхээр баталгаа гаргаж өгөх зэрэг тодорхой үүргийг хүлээж гэрээ байгуулсан юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” 3.1.5 “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан. Эдгээр заалтууд Улсын бүртгэлийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад улсын бүртгэлийн байгууллага шаардлага хангаж байна гээд бүртгэж болохгүй. Барьцаагаар хангагдах үүрэг хангагдаагүй тохиолдолд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад нууцаар шилжүүлвэл Иргэний хуулийн барьцаалагчийн эрхийг зөрчсөн гэж тооцно. Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчиж байна. Швейцарын компаниас АНУ-ын компани руу шилжүүлэхдээ 16 сая долларын өрөнд өгсөн. Өөрөөр хэлбэл “И” ХХК-ийн хувьцаа 16 сая долларын үнэтэй юм.

Гэтэл “Е” ХХК руу 51.000 доллараар 51 хувийг шилжүүлж байна. Хувьцааны өртгийг бууруулж байгаа нь хууль зөрчиж хийж байгаа хэлцэл, дүр үзүүлж хийсэн хэлцэл, нийтээр хүлээсэн зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг зөрчин хийж байгаа хэлцэл юм. 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “ОПИК”-той “Ф ББСБ” ХХК-аас зээл шилжүүлж хүлээн авах гэрээ байгуулж 10 сая долларын зээлэнд 8 сая доллар шилжүүлж авсан. 

Зээл шилжүүлэх гэрээ 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр төлбөрийг шилжүүлснээр хүчин төгөлдөр болсон. Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч барьцаагаар хангагдах шаардлагыг гуравдагч этгээдэд шилжүүлэхэд барьцааны эрх шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжинэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл “ОПИК”-ийн гүйцэтгүүлж байгаа үүрэг нь “Ф” ББСБ-д шилжсэн юм. Иргэний хуулийн 157.4 дэх хэсэгт “Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан эрхийг эдэлнэ” гэж заасан. “Е” ХХК манай компанийн урдуур орж 51 хувийн хувьцааг авах гэж байна. Мөн хуулийн 160.1-д “барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон” тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно. Барьцаагаар хангагдах эрх дуусгавар болоогүй юм.

Барьцаанд анх зээлийг хүлээж авсан зээлдүүлэгч буюу “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа, хувьцааг дагаж ирсэн бусад эд хөрөнгө, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх дагаж ирсэн. Зээлийн гэрээ буюу төлбөр төлөх хугацаа тухайн талуудын хооронд байгуулсан санхүүжилтийн гэрээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгчийн үүрэг зөрчигдсөн байна. Зээлийн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийг буцаан төлүүлэх нөхцөл байдал руу орсон тухай мэдэгдлийг одоогоос 4 жилийн өмнө ирүүлсэн. Үүнээс хойш зээл төлөгдөөгүй. Тэгэхээр нэмээд 10 сая доллар аваад дууссан тохиолдолд тухайн мөнгөн дүнгээ зээлдүүлсэн зээлдүүлэгч барьцаанаас эрхээ хангуулна. 

Хувьцааг шилжүүлсэн нь хувь эзэмшигч хадгалах гэрээ, хувьцааны барьцааны гэрээний дагуу “И” ХХК-ийг хувьцааг өөр этгээд рүү шилжүүлэхгүй, “И” ХХК-ийн хувьцаа уг зээлийг төлж дуусах хүртэл хугацаанд танай өмч гээд “ОПИК”-т итгэмжлэл олгосон байдаг. 

2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гомдол гаргахаас өмнө 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 3916 тоот дугаартай “И” ХХК-ийн өөрийнх нь мэдэгдэл бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газарт У М гүйцэтгэх захирлын гарын үсэгтэй мэдэгдлийг хуулбар үнэн тэмдэг дарж өгсөн. Мэдэгдэл хүргүүлэх тухай  захианаас харахад “ОПИК”-т олгосон итгэмжлэл хүчингүй болсон талаар дурдсан. Манайхыг гомдол өгөхөөс өмнө Оюун өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт “И” ХХК мэдэгдэл өгсөн байна. Бидний олгосон итгэмжлэл хүчингүй болсон талаар мэдэгдсэн. Гомдол гаргахаас өмнө итгэмжлэлээ хүчингүй болсон талаар мэдэгдэж байгаа нь өмнө нь бичгээр Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт мэдэгдэж байсан мэт харагдаж байна. Швейцарын дампуурлын байгууллагаас албан ёсоор хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага руу хэд хэдэн мэдэгдэл албан ёсоор ирүүлсэн. Хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн мэдэгдлийг харахад Монгол улсын Швейцарын компанийг дампууруулах ажиллагаа явагдаж дуусаж байгаа нь харагдаж байна. “Ф ББСБ” ХХК-ын  байсаар байхад барьцааны зүйлийг хамгаалах эрхийг шууд зөрчсөн. Гэрээний хугацаа дууссан, төлбөр төлөгдөөгүй тул бид барьцааны зүйлээр гэрээний үүргийг хангуулах эрхийг зөрчиж байгаа нь Захиргааны хэргийн шүүхэд хандах нөхцөлийг үүсгэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Ф ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, өмгөөлөгч Б.Э нар бие даасан шаардлагадаа холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг зөвшөөрөлгүйгээр бусад этгээдэд шилжүүлэн санхүүжилтийн гэрээний дагуу олгосон зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах аргагүй болгож байгаа нь барьцаалагч гуравдагч этгээдийн хууль ёсны барьцааны эрхийг ноцтой зөрчиж, барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.

Энэхүү барьцааны эрхээ хангуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт зохих журмын дагуу өргөдөл гаргасан боловч “И” ХХК-ийн өмчлөгч солигдсон тул бидний өргөдлийг хүлээн авч бүртгэл хийх боломжгүй хэмээн мэдэгдсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар бүртгэлийн байгууллага нь “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” (Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.7 дахь заалт) бүрэн эрхээ хэрэгжүүлж бидний зөрчигдсөн эрхийг сэргээх талаар ямар ч арга хэмжээ аваагүй. 

Бүртгэлийг хүчингүй болгосноор барьцааны холбогдолтой хууль тогтоомж, барьцааны гэрээгээ зөрчсөн нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээд, тэдгээрийн эцсийн үр шимийг хүртэгч АНУ-ын иргэн В М.М эцсийн хариуцлага хүлээх болохоос өөр хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж, хохирохгүй.

Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг зөвшөөрөлгүйгээр бусад этгээдэд шилжүүлэн Санхүүжилтийн гэрээний дагуу олгосон зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах аргагүй болгож байгаа нь барьцаалагч гуравдагч этгээдийн хууль ёсны барьцааны эрхийг ноцтой зөрчиж, барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна. Энэхүү барьцааны эрхээ хангуулахаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт зохих журмын дагуу өргөдөл гаргасан боловч “И” ХХК-ийн өмчлөгч солигдсон тул бидний өргөдлийг хүлээн авч бүртгэл хийх боломжгүй хэмээн мэдэгдсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулиар бүртгэлийн байгууллага нь “улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж заасан бөгөөд зөрчигдсөн эрхийг сэргээх талаар ямар ч арга хэмжээ аваагүй бөгөөд бид захиргааны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахын өмнө энэхүү маргаан үүсч бид гуравдагч этгээдээр оролцож байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно. 48.2.2-д бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 48.2.4-д захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, ... буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн, 48.2.5-д нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан. гээд мөн зүйлийн 48.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш 5 жилийн дотор хүчингүй болгож болно" гэсэн хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй барьцаалагчийн эрхийг зөрчсөн байна. 

Даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд бүртгэлийг хүчингүй болгосноор барьцааны холбогдолтой хууль тогтоомж, барьцааны гэрээгээ зөрчсөн нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээд, тэдгээрийн эцсийн үр шимийг хүртэгч АНУ-ын иргэн В М. М эцсийн хариуцлага хүлээх болохоос өөр хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж, хохирохгүй.

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.4-т “барьцаалуулагч энэ хуулийн 157.6.1-д заасан буюу барьцаалуулагч өөрийнхөө эзэмшилд байгаа барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байна гэж үзвэл барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах” эрхтэй гэсэн бол 157.4-т “Барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан нөхцөл байдал бий болсон тохиолдолд барьцаалагч нь Иргэний хуулийн 92 дугаар зүйлд заасан эрх буюу ...эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхийг эдэлнэ” гэжээ.

Өөрөөр хэлбэл, барьцаалуулагч нь барьцаа хөрөнгийг өөр этгээдэд гэрээний үүргээ зөрчин шилжүүлж байгаа нь барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаад тооцогдох тул барьцаалагч нь өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхийг эдэлж барьцааны зүйлийг өөрийн эзэмшилд шилжүүлэхээр барьцааны гэрээний эрхийнхээ дагуу Улсын бүртгэлийн албанд хандсан ч татгалзсан хариу авсан билээ. Захиргааны ерөнхий хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “...хаяглагдсан этгээдийн хүсэлтээр дараах тохиолдолд захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийж болно. 50.1.1-д захиргааны актын үндэслэж байгаа бодит эсхүл эрх зүйн нөхцөл байдал нь хаяглагдсан этгээдийн талд хожим эерэгээр өөрчлөгдсөн; 50.1.2.-д хаяглагдсан этгээдийн хувьд ашигтай нотлох баримт бий болсон” гэжээ.

Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэлийн байгууллага барьцаалагч буюу ББСБ-ын шилжүүлэн авсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ баримт бичгийг хувьцаа шилжүүлэн авах өргөдлийн хамт хүлээн аваад Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны акт гаргах ажиллагааг дахин хийх үүрэг хүлээсэн атлаа заавал шүүхээр гүйцэлдүүлэх талаар мэдэгдэл өгч татгалзсан үйлдэл нь барьцаалагчийн эрх ашгийг зөрчиж байгаа хэрэг тул даалгах нь хууль зүйн үндэслэлтэй юм. Итгэмжлэлээр манай гаргасан хувьцааны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралдаж байгаа асуудлаар шийдвэр гаргах бүх эрхийг барьцаалагчид олгосон. Тиймээс уг итгэмжлэлийн дагуу бид тодорхой эрхээ эдлэх ёстой. Америкийн нэгдсэн улсын компанид шилжүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр нь улсын бүртгэлийн албанд эерэг нөлөөлөх акт мөн эсэхийг тогтоох хэрэгтэй байх. Уг акт нь аливаа этгээдэд эрх олгосон, давуу эрх олгосныг эерэг акт гэнэ. АНУ-ын компанид “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг бүртгэж байгаа нь барьцаалагч буюу АНУ-ын компанид эрх олгож байгаа эерэг нөлөөлөл бүхий акт мөн юм. 

Барьцаалагчаас зөвшөөрөл аваагүй гэдэг бол хуулийг, гэрээг зөрчиж байгаа юм. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл. Уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж анхнаасаа хүчин төгөлдөр бус гэж үздэг. Иймд улсын бүртгэлийн албанаас тус “Ф ББСБ” ХХК-ыг хувьцааны эзэмшигчээр бүртгэхээс татгалзсан үйлдэл нь хууль бус бөгөөд түүний улмаас барьцаалагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн болохыг тогтоож шаардагдах бүртгэлийг хийхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, П.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.И нар гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг төрийн захиргааны байгууллага юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд улсын бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотой заалт байхгүй байх бөгөөд харин хуулийн 19 дүгээр зүйлд улсын бүртгэлийг бүртгэхээс татгалзах тухай зохицуулалтыг тусгаж өгсөн байна. 

Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлдэг бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “И” ХХК-ны толгой компаниар АНУ-д бүртгэлтэй “Д” компани болгон бүртгэсэн бүртгэлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэсэн байна.

“Ф” ББСБ нь бие даасан шаардлага гаргахдаа санхүүжилтийн гэрээ, хувьцааны гэрээ, хувь эзэмшлээ хадгалах тухай гэрээ зэргийг дурьддаг боловч энэхүү гэрээнүүд нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдаагүй, эрх бүхий байгууллагад бүртгэгдээгүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл байна.

“Ф ББСБ” ХХК-ийг “И” ХХК-ны хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай шаардлага гаргажээ. Уг шаардлагыг гаргахдаа гуравдагч этгээд нь шаардлагынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй ба бусдын өмч хөрөнгө, үнэт цаасыг хууль бусаар эзэмших, өмчлөх гэсэн хууль бус шаардлага гаргасан гэж үзэж байна.

“И” ХХК болон “Д” ХХК, “Д” ХХК гурван компанийн үйл ажиллагааны эцсийн үр шимийг хүртэх этгээд бол У М юм. 2015 оны 07 сард “ОПИК”-оос мэдэгдлийн дагуу хувьцааг шилжүүлэхдээ Монгол Улсын бүртгэлийн газарт холбогдох бүх материалыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж өгсөн. Тухайн үед “ОПИК” болон “И” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдээгүй. 

Хууль ёсны барьцааны гэрээ хийгдэж Иргэний хуулийн 150-160-р зүйлд зааснаар барьцаалагчид эрх, үүрэг үүснэ. Иргэний хуулийн 164 дүгээр зүйлд 150-160 дахь заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан. Гуравдагч этгээдийн тал өөрсдийгөө барьцаалагч гэж үздэг. Бидний зүгээс гэрээ, хууль зэргийг харахаар “Ф” ББСБ хууль ёсны барьцаалагч биш юм. Ярьж байгаа зүйлс хууль ёсны барьцаалагчид хамаарах зүйлс байгаа юм. Иргэний хуулийн 153 дугаар зүйлд барьцаа гэж юуг хэлэх талаар тусгаж өгсөн байгаа юм. Шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага бол үнээс шаардлага хангуулах гэж байгаа биш барьцаалагч тул энэ компанийн хувьцааг өмчлөлдөө 100 хувь авах эрхтэй гэдэг байдлаар шаардлага гаргаж байна. Бие даасан шаардлагын үндэслэл хуулийн агуулгатай хэр уялдаж байгаа юм бэ? Өөрсдийгөө барьцаалагч гэж үзэж байгаа бол барьцааны үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай юм. Ийм маргаантай зүйлс байгаа тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй байгаа юм

Улсын бүртгэлийн үйл ажиллагаа Монгол Улсын хуулийн дагуу явагдсан байхад бүртгэгдээгүй барьцааны эрхийн дагуу хүчингүй болгуулах, “Ф ББСБ” ХХК руу шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад холбогдуулан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “И” ХХК-ийн 100%-ийн хувьцааг Швейцарь улсын “Д” компаниас АНУ-ын “Д э” компанид шилжүүлснийг бүртгэхдээ УБ-05 маягт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, АНУ-ын “Д э” компанийн үүсгэн байгуулагчийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01/15 дугаар шийдвэр, Швейцарь улсын “Д Э” компанийн 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа шилжүүлэх шийдвэр, хувьцаа шилжүүлэх гэрээ, АНУ-ын “Д э” компани болон Швейцарь улсын “Д Э” компанийн бичиг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, “И” ХХК-ийн шинэчилсэн дүрэм монгол, англи хэлээр өгсөн баримтыг үндэслэсэн. Энэ бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон холбогдох журамд нийцсэн байх тул хүчингүй болгох үндэслэлгүй байна. “Ф” ББСБ-ыг “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж” өгнө үү гэсэн шаардлагын тухайд хууль, журамд заасан баримтуудыг бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд бүртгэх боломжтой юм.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхдээ ямар баримтууд шаардлагатай болохыг зохицуулсан байдаг.

“И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч компаний 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг Америкийн Нэгдсэн Улсын компани руу шилжүүлсэн. Шилжүүлж бүртгэл хийлгэхдээ хуульд заасан бүх баримтын шаардлагыг хангаж бүртгүүлсэн байсан тул бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй. Талууд хоорондоо гэрээ байгуулсан талаар мэдэх боломжгүй. Ямар нэгэн бүртгэлд өөрчлөлт оруулахыг хориглосон эрх бүхий албан тушаалтны шийдвэр байгаагүй, тул энэ бүртгэл нь хууль дүрэм, журамд нийцсэн бүртгэл гэж үзэж байна.

Швейцарын компаниас АНУ-ын компани руу шилжүүлсэн гэдгийг талууд хүлээн зөвшөөрсөн. Манайд аль ч талаас гэрээнүүдийн талаар бичиг ирүүлээгүй тул мэдэх боломж байгаагүй. Хувьцааны барьцааг бүртгэх хуулийн заалт байхгүй. Хувьцаа АНУ-ын компани руу шилжсэн байна. Хувьцаа эзэмшигчийн хувьд  У М гэх гадаадын иргэн байдаг. Итгэмжлэл, гэрээг үндэслэн бүртгэх хууль эрх зүйн орчин байхгүй юм. 

Иймд “Ф ББСБ” ХХК-ын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “И” ХХК-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, “И” ХХК-ийн 5100 ширхэг хувьцааг “Е*******” ХХК-ийн нэр дээр бүртгэх өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий,

Гуравдагч этгээд “Ф ББСБ” ХХК-ийн “И” ХХК-ийн хувьцааг АНУ-ын “Д э” компанид шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, “Ф ББСБ” ХХК-ийг “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах бие даасан шаардлага бүхий захиргааны хэргийг дараах үндэслэлээр шийдвэрлэв.

“И” ХХК-ийн хувьцааг Швейцарь улсын “Д э” компани 2008 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Вермудын Khan resources компаниас анх шилжүүлэн авчээ . 

“И” ХХК нь АНУ-ын Засгийн газрын агентлаг болох Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци /цаашид “ОПИК” гэх/-тай 2010 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр санхүүжилтийн гэрээг байгуулж, 10 сая долларын зээл авсан байна . 

Уг гэрээний хамт Хувь эзэмшлээ хадгалах тухай гэрээг мөн өдөр байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Санхүүжилтийн гэрээний дагуу төлөгдөх ёстой бүх төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл Швейцарийн “Д Э М э” компани нь зээлдэгч болох “И” ХХК-ийн хувьцааг 100 хувиас доошгүй эзэмших үүрэг хүлээжээ . Хувьцаа эзэмшигч нь үүргээ дуусгавар болоогүй, “ОПИК” бичгээр зөвшөөрөөгүй тохиолдолд хувьцааг худалдах, шилжүүлэх, барьцаалах, ямар нэг байдлаар захиран зарцуулах, бэлэглэх зэргээр уг хувьцааны хувьд шаардах эрх үүсгэхгүй байхаар тохиролцжээ . 

Мөн дээрх гэрээний хамт Хувьцааны барьцааны гэрээг байгуулж, Швейцарь улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа “Д э  э” компани буюу барьцаалуулагч нь Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан Зээлдэгч буюу “И” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч болох талаар уг гэрээнд тодорхой тусгажээ .  

Эдгээр гэрээ байгуулагдсаны дараа Швейцарь улсын “Д э э” компанийн 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Хувьцаа шилжүүлэх шийдвэрээр  Швейцарийн Дампуурлын шүүхээр компанийг татан буулгах хүртэл “Д э э” компанийн хөрөнгийг өрний оронд шилжүүлж, компанийг татан буулгахаар шийдвэрлэж, “И” ХХК-ийн хувьцааг АНУ-ын “Д” компаниас зээлсэн 16 сая долларын зээлийн төлбөрт шилжүүлэхээр болжээ. 

Уг шийдвэрийн үндсэн дээр мөн өдөр хувьцаа шилжүүлэх гэрээг  байгуулж, үүсгэн байгуулагчийн 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр  дүрмийг шинэчлэн баталж, хувьцаа эзэмшигчийн өөрчлөлтийн бүртгэл хийх шийдвэрийг гаргажээ. 

Эдгээр баримтуудыг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “И” ХХК-ийн 100 хувийн хувьцааг  АНУ-ын “Д” компанид шилжүүлсэн бүртгэлийг хийжээ . 

Дээр дурдсан хувьцаа шилжүүлэх шийдвэр, хувьцаа шилжүүлэх гэрээ, үүсгэн байгуулагчийн шийдвэр зэргээс үзвэл Швейцарь улсын “Д э э” компани болон АНУ-ын “Д” компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь дан ганц АНУ-ын иргэн У М.М байна. 

Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нэхэмжлэгч “И” ХХК нийт хувьцааны 51 хувийг “Е” ХХК-д шилжүүлэхээр хүсэлт гаргасныг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас “Танай компани АНУ-ын Засгийн газрын агентлаг болох Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци нарын хооронд 2010 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр хувьцаа барьцаалах гэрээг байгуулсан, хувьцаа “Ф” ББСБ-д байна” гээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтыг үндэслэн татгалзжээ . 

Дээр дурдсан Санхүүжилтийн гэрээ, Хувь эзэмшлээ хадгалах гэрээ, Хувьцааны барьцааны гэрээний заалтуудаас үзвэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын “И” ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг “Е” ХХК-д шилжүүлэх бүртгэл хийхээс татгалзсан үйлдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 ”Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана”, 19.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;” гэсэн үндэслэлээр татгалзсан нь үндэслэлтэй байна. 

Учир нь “И” ХХК, АНУ-ын “Д”, Швейцарь улсын “Д э э”, В.М.М нарын хооронд  2010 оны 4 дүгээр сарын 20-ний өдөр байгуулсан Хувь эзэмшлээ хадгалах тухай гэрээгээр Санхүүжилтийн гэрээний дагуу төлөгдөх ёстой бүх төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл Швейцарь улсын “Д э э” компани нь зээлдэгч болох “И” ХХК-ийн хувьцааг 100 хувиас доошгүй эзэмших үүрэг хүлээж, уг хувьцааны хувьд шаардах эрх үүсгэхгүй байхаар тохиролцсон атлаа уг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, “И” ХХК-ийн хувьцааны 51 хувийг “Е” ХХК-д шилжүүлэх шийдвэр гаргаж, улсын бүртгэл хийлгэхээр хандсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4 дэх хэсэгт заасан барьцаалагчийн барьцааны эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон үйлдлийг хийсэн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  

Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

1. “И” ХХК-ийн хувьцааг АНУ-ын “Д” компанид шилжүүлэх шийдвэрийг  Швейцарь улсын “Д э э” компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч У М.М дээрх гэрээнүүдийг байгуулсаны дараа гаргасан байх бөгөөд хувьцаа шилжүүлэх шийдвэр, хувьцаа шилжүүлэх гэрээг  үндэслэн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийн байгууллага уг бүртгэлийг хийжээ.

“Ф ББСБ” ХХК нь Зээл шилжүүлэх, хүлээн авах гэрээгээр “ОПИК”-ийн “И” ХХК-ийн хувьцааны хувьд өмчлөх болон шаардах эрхийг бүрэн шилжүүлэн авчээ. /Энэ талаарх үндэслэлийг дор дэлгэрэнгүй тайлбарлав/

Дээр дурдсанчлан Хувь эзэмшлээ хадгалах тухай гэрээгээр “И” ХХК-ийн хувьцааг 100 хувиас доошгүй эзэмших үүргийг Швейцарь улсын “Д э э” хүлээж, уг хувьцааны хувьд шаардах эрх үүсгэхгүй байхаар тохиролцсон атлаа уг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, “И” ХХК-ийн хувьцааг АНУ-ын “Д” компанид шилжүүлэх шийдвэр гаргаж улсын бүртгэл хийлгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд бүртгэл үнэн зөв байх зарчим алдагдсан байх тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын эхний хэсэг болох “И” ХХК-ийн хувьцааг АНУ-ын “Д" компанид шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлтэй байна. 

2. “Ф ББСБ” ХХК нь “ОПИК”-той Зээл шилжүүлэх, хүлээн авах гэрээг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан талаар дээр дурдсан бөгөөд уг гэрээгээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас “И” ХХК-д олгосон ашиглалтын 3 лиценз бүхий Туул голын хөндийд байрлах Заамарын Их тохойролтын алтны уурхайг ашиглах өргөжүүлэхэд зориулан олгосон 10 сая ам.долларын зээлийг “И” ХХК төлөх боломжгүй болж, Санхүүжилтийн гэрээний хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж зээлдэгч “ОПИК”-оос хүлээн зөвшөөрч, “Ф" ББСБ” ХХК-д 8 сая ам.доллараар зээлийг шилжүүлэхээр, ийнхүү шилжүүлснээр “ОПИК”-ийн гэрээнүүдийн дагуу шаардах эрхийг гуравдагч этгээд хүлээн авахаар харилцан тохиролцжээ . 

Улмаар “Ф ББСБ” ХХК 3 удаагийн гүйлгээгээр 8 сая ам.долларыг “ОПИК” руу шилжүүлж,  гэрээний хавсралтад заасан төсөлтэй холбоотой бүхий л баримт бичгүүдийг хүлээн авсан байна .  

Ийнхүү “ОПИК”-ийн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, шаардах эрх, барьцааны эрхийг хүлээн авсны үндсэн дээр “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр “Ф ББСБ” ХХК-ийг бүртгүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт ханджээ . 

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2.6 дахь заалтыг баримтлан татгалзсан нь үндэслэлгүй байна. 

Учир нь дээр дурдсанаар “ОПИК”-ийн шаардах эрхийг “Ф ББСБ” ХХК хүлээн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд гуравдагч этгээд “И” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхээр хүсэлт гаргах эрхтэй байна. 

Тодруулбал, Хувьцааны барьцааны гэрээний Барьцааны эрхээ хэрэгжүүлэх 6-р зүйлд 

6.01 хэсэг Албадан хэрэгжүүлэх: Санхүүжилтийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгээгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд барьцааг албадан хэрэгжүүлэх нөхцөл байдал бүрдэнэ. Барьцааг албадан хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсвэл барьцаалагч нь  өөрийн шаардлагатай гэж үзсэн аливаа хэлбэрээр барьцааны аль нэг хэсгийг эвсэл түүнийг бүхэлд нь албадан хэрэгжүүлнэ. 

6.02 хэсэг Барьцаалагчийн эрх: Барьцаалагч нь барьцааг албадан хэрэгжүүлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд барьцаалуулагчид мэдэгдэлгүй дараах зүйлсийг хийж болно. 

а. Барьцаатай холбоотой барьцаалуулагчид төлөх ёстой бүхий л мөнгийг хүлээн авах,

b. Хувьцаатай холбогдуулан хувьцааны зарим нэг хэсгийг эсвэл түүнийг бүхэлд нь барьцаалагчийн эсвэл түүнээс эрх олгосон аливаа этгээдийн нэр дээр шилжүүлэх, тус шилжүүлэгтэй холбогдуулан зээлдэгчийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлийг шинэчлэх,

c. Барьцаалагч нь хувьцаанд холбогдуулан хувьцааны зарим нэг хэсэгт эсвэл бүх хувьцаанд санал өгөх болон хувьцааг барьцаалагчийн болон түүнээс эрх олгосон этгээдийн нэр дээр шилжүүлсэн эсэхээс үл хамааран хувьцааны шууд өмчлөгчийн эрх /Барьцаалуулагч нь энэхүү гэрээ байгуулагдмагц тус гэрээний хавсралт 1-д заасан итгэмжлэлийн дагуу барьцаалагчийг барьцаалуулагчийн бүрэн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилно/-ийг эдэлнэ. 

d. Барьцаалагчийн тодорхойлсны дагуу хувьцаа /түүний зах зээлийн ханшаас доогуургүй үнээр/-г бүхэлд нь эсвэл түүний зарим хэсгийг хувийн болон нийтийн дуудлага худалдаагаар худалдах захиран зарцуулах,

e. Хувьцаатай холбогдуулан Барьцаалуулагчийн эдлэх аливаа шаардлага, үйлдэл, эрхийг бүхэлд нь барьцаалуулагчийн өмнөөс эдлэх болон 

f. Холбогдох хууль тогтоомжийн дагуу барьцаалагчийн эдлэх бүх эрхийг хэрэгжүүлэх гэж тодорхой тусгажээ .

Гэрээний уг заалтын с-д заасны дагуу Швейцарь улсын “Д э э” компанийн ерөнхийлөгч У М.М Хувьцаа барьцаалах гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн “Д э э” компанийн нэрийн өмнөөс дараах үйлдлийг хийж гүйцэтгэх бүрэн эрхийг ОПИК-т 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдөр итгэмжлэлээр олгосон  нь хэрэгт авагджээ. Итгэмжлэлд:

а. Монгол улсад бүртгэлтэй “И” ХХК-ийн Швейцарь улсын “Д э э” компанийн өмчлөлд буй 10000 ширхэг саналын эрхтэй энгийн хувьцаа болон цаашид “Д э э” компанийн өмчилж болох “И” ХХК-ийн хувьцаа ОПИК буюу түүний төлөөллийн этгээдэд шилжсэн эсэхээс үл хамааран энэхүү итгэмжлэлийг олгосон өдрөөс хойш Компанийн хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож, түүний нэрийн өмнөөс санал өгөх бүрэн эрхийг эдлэх

b. ОПИК нь хувьцааны өмчлөгч мэт бусад аливаа эрхийг эдлэх

Энэхүү итгэмжлэлийг 2010 оны 4-р сарын 20-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний дагуу ОПИК-оос “И” ХХК-нд олгосон 10 сая ам,долларын зээлийн баталгаа болох Хувьцаа барьцаалах гэрээтэй холбогдуулан олгосон болно. “И” ХХК нь Зээлийн гэрээгээр биелүүлсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл “Д э э” энэхүү итгэмжлэлийг цуцлах эрхгүй гэжээ. 

Гэтэл “И” ХХК-ийн захирал У М.М-ээс “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан Швейцарь улсын “Д э э” нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр АНУ-ын “Д э э с” болж өөрчлөгдсөн тул 2015 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн АНУ-ын Засгийн газрын агентлаг болох Хилийн чанад дахь хувийн хөрөнгө оруулалтын корпораци “ОПИК”-т олгосон итгэмжлэл хүчингүй болсныг энэхүү албан бичгээр мэдэгдэж байна. Иймд танай байгууллагад “И” ХХК-ийг бусдад шилжүүлэх хүсэлт гаргавал манай компанийн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр нэр болон хувьцааг шилжүүлэхгүй байхыг албан ёсоор мэдэгдэж байна гэсэн албан бичгийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гарган хүргүүлсэн  нь үндэслэлгүй бөгөөд Хувьцааны барьцааны гэрээ болон итгэмжлэлээс үзвэл уг итгэмжлэл одоо хүчин төгөлдөр байна. 

Өөрөөр хэлбэл Санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хүртэл итгэмжлэл хүчинтэй ажээ.

Санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн үүргээ “И” ХХК биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн, үүргээ биелүүлэхгүй нөхцөл бүрдсэн талаар “ОПИК” 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр мэдэгджээ .  

Хувьцаа барьцаалах гэрээ болон итгэмжлэлээс үзвэл ОПИК нь “И” ХХК-ийн хувьцааны өмчлөгчийн эдлэх бүх эрхийг эдлэхээр байх бөгөөд уг эрхээ Зээл шилжүүлэх, хүлээн авах гэрээгээр “Ф ББСБ” ХХК-д шилжүүлсэн, ийнхүү эрх, үүрэг шилжсэн талаар албан бичгийг  бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн байна. ОПИК-ийн барьцааны эрхийг Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар “Ф ББСБ” ХХК шилжүүлэн авсан талаар нэхэмжлэгч үгүйсгээгүй бөгөөд харин гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар гуравдагч этгээдтэй тохиролцохоор хандаж хариу авч байсан нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, тэдгээрээс гаргаж өгсөн хариу албан бичгээс  харагдаж байна.   

 “Ф ББСБ” ХХК-иас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан баримт бичгүүдийг гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан өргөдөл болон түүний хавсралт баримтуудаар  тогтоогдож байна.

Түүнчлэн мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.5 дахь заалтад заасан итгэмжлэлээр эрх олгогдсон “Ф ББСБ” ХХК уг өргөдлийг гаргасан байх бөгөөд үүнийг нотолсон албан бичгийг  “ОПИК”-оос бүртгэлийн байгууллагад хандан гаргасан байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, “Ф ББСБ” ХХК-ийг “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхгүй татгалзсан эс үйлдэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 Улсын бүртгэлийн байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ, 9.1.1 Хуулийн этгээд... түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх...” гэж заасан хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. 

Өөрөөр хэлбэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр татгалзах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын 2 дахь хэсгийг мөн хангаж, “Ф ББСБ” ХХК-ийг “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.1.2, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 3.1.5, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 03 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, “И” ХХК-ийн 5100 ширхэг хувьцааг “Е” ХХК-ийн нэр дээр бүртгэх өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 3.1.5, 17 дугаар зүйлийн 17.3,  Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн 9.1.1, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн 16.1.5, 23 дугаар зүйлийн 23.3, 23.4,  Иргэний хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 157 дугаар зүйлийн 157.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд “Ф ББСБ” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, “И” ХХК-ийн хувьцааг АНУ-ын “Д” компанид шилжүүлэн бүртгэсэн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн бүртгэлийг хүчингүй болггож, “Ф ББСБ” ХХК-ийг “И” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээдээс төлсөн 70200 төгрөгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж, түүнд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ