Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0172

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

       Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Б.А-ын нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

       Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр 81.4.5, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 6 сарын 20 -ны өдрийн “Албанаас халах тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Б.А-г Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн  хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах харуулын цагдаагийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 734 739 /дөрвөн сая долоон зуун гучин дөрвөн мянга долоон зуун гучин есөн/ төгрөгийг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг хариуцагч Ховд аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

       Хариуцагч Ховд аймаг дахь Цагдаагийн газрын дарга давж заалдах гомдолдоо: “Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолоор “...Аймаг, нийслэл, сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн байр”-ыг улсын онц чухал обьект болох Булган сум дахь Сум дундын шүүхийн байранд харуулын үүрэг гүйцэтгэж байх үедээ Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 12.14 дахь хэсэг буюу “Шүүх шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам зөрчсөн.

       ... Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган сум дахь Сум дундын Цагдаагийн  хэлтсийн алба хаагчдыг түргэн цугларах “Ц-111” дохиогоор түргэн цугларалтад дуудахад түргэн тасалж, албаны бэлэн байдал хангаагүй ажлын цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үйлдэл нь баримтаар тогтоогдсон, ноцтой зөрчил гаргасан эсэхтэй Б.А маргаагүй, хүлээн зөвшөөрсөн.

       Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт “...албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх, 69 дүгээр зүйлийн 69.1.13-д “...хуулиар хориглосон бусад” гэж хориглосон үйлдлүүдийг заасан.

       Хэдийгээр маргаан бүхий захиргааны актад шийтгэл оногдуулах хуулийн заалтыг давхардуулан бичсэн ч энэ нь Б.А-ын гаргасан ноцтой зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

       Цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан улсын онц чухал обьектын хамгаалалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байтал Б.А нь улсын онц чухал объект болох шүүхийн байр, барилга байгууламж дотор архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, түргэн цугларах дохиогоор алба хаагчдын албаны бэлэн байдлыг шалгахад архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэж, тасалсан.

       Дээрх зөрчлүүд нь албаны шалгалтаар бүрэн тогтоогдсон байтал “захиргааны акт нь зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөл байдалд тохироогүй” гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

       Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Нэхэмжлэгч Б.А-оос “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Албанаас халах тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх“ тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Б.А-ыг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах харуулын цагдаагаар томилж, цагдаагийн дэд ахлагч цол олгожээ.

       Маргаан бүхий актаар Б.А-ыг цагдаагийн алба хаагчийн сахилга, ёс зүйг удаа дараа зөрчсөн гэж үзэн цагдаагийн албанаас халсан байна.

       Цагдаагийн дэд ахлагч Б.А 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн байранд харуулын цагдаагийн албан үүргээ гүйцэтгэх үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь хэрэгт авагдсан Б.А-ын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн илтгэх хуудас[1], Булган сумын Цагдаагийн хэлтсийн даргад 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлт[2], гэрчүүдийн мэдүүлгүүд[3]-ээр,

       түүнчлэн архидан согтуурсны улмаас 2018 оны 06 дугаар сарын 16-ны өглөөний 06 цагт Цагдаагийн хэлтэс түргэн цугларалт дохиогоор ажиллахад цагдаагийн алба хаагчийн албаны бэлэн байдал хангаагүй, улмаар 1.18 хувийн согтолттой байсан нь гэрчүүдийн мэдүүлгүүд, хэв журмын ажил хариуцсан байцаагчийн илтгэх хуудас[4], “Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, согтолтын зэрэг шалгасан тухай тэмдэглэл”[5], Б.А-ын 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Илтгэх хуудас”[6], түүний тайлбар, “Албаны шалгалт явуулсан илтгэх хуудас”[7], Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар тогтоогджээ.

       Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 /албан үүргээ гүйцэтгэх болон албаны бэлэн байдал зарласан үед, ажлын байранд болон дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэх/-д цагдаагийн алба хаагч ажлын байранд, дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон,

       Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 1.3.2-т “”ноцтой зөрчил” гэж Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд тус бүр тодорхойлон заасан, цагдаагийн албаны нэр хүндийг гутаах, ... зэргээр эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг санаатай буй болгосон, энэ дүрэмд заасан зөрчлийг сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй үед 2 буюу түүнээс дээш зөрчсөн, үйлдэл, эс үйлдэхүй”-г,

       2.4.6-д “ажлын байранд, ажлын цагаар, албан үүрэг гүйцэтгэж явахдаа болон цагдаагийн дүрэмт хувцастай согтуурах ундаа хэрэглэх, ...” нь ёс зүйн зөрчилд хамаарахаар,

       3.4-т “Ёс зүйн хэм хэмжээг ноцтой зөрчсөн алба хаагчийг Цагдаагийн албаны тухай хуулийн 82.1.1-д заасны дагуу албанаас халах”-аар тус тус заажээ.

       Цагдаагийн дэд ахлагч Б.А албан үүрэг гүйцэтгэх үедээ ажлын байранд, дүрэмт хувцас өмссөн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн нь албаны шалгалт болон бусад баримтуудаар тогтоогдсон нь хуулийн дээрх заалт, Ёс зүйн дүрмийг зөрчсөн гэх үндэслэл болно.

       Үүнээс үзвэл хариуцагч албан тушаалтан Б.Аыг өргөсөн тангараг, Ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн гэж үзэж, цагдаагийн албанаас халсан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 /өргөсөн тангараг, ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн/-д нийцсэн байна.

       Иймд хариуцагч албан тушаалтан Б.А-ыг цагдаагийн албанаас халсан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

       Хариуцагч маргаан бүхий захиргааны актад Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгтэй хамт мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.5 /цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах/, “Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм”-ийн 12.6 /Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журам зөрчсөн бол сануулах, ... эсхүл цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэл ногдуулах/ дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 /Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн/ дэх заалтуудыг удирдлага болгосон нь зөрчилтэй болсон, өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчийг албанаас халах харилцаанд тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэглэх бөгөөд Төрийн албаны тухай хуулийг хэрэглэхгүй, өөр өөр асуудлуудыг зохицуулсан Цагдаагийн албаны тухай хуулийн 81, 82 дугаар зүйл зэргийг хамтад нь хэрэглэсэн нь буруу байна.

       Гэвч хариуцагч актад ийнхүү Төрийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хууль, сахилгын дүрмийн хамааралгүй заалтуудыг баримталсан нь Б.А-ын гаргасан зөрчлийг зөвтгөх, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

       Нөгөөтэйгүүр, Б.А-д маргаан бүхий актын хувийг Захиргааны удирдлагын тасгийн дарга гардуулсан нь Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 2.3.13-д нийцсэн тул хариуцагч захиргааны актыг Б.А-д мэдэгдээгүй гэж үзэх боломжгүй бөгөөд шүүх маргаан бүхий захиргааны актыг “бодит нөхцөлд тохироогүй, эрх зүйн зөрчилтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

       Анхан шатны шүүх дээрх асуудлуудаар үндэслэлгүй, буруу дүгнэлт хийснээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 03 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ын “Ховд аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Албанаас халах тухай” Б/51 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

                                        ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.БАТБААТАР

 


[1] 1 дэх хавтсын 50 дахь тал,

[2] 1 дэх хавтсын 49 дэх тал

[3] 1 дэх хавтсын 81-82, 196-197 дахь тал

[4] 1 дэх хавтсын 45 дахь тал

[5] 1 дэх хавтсын 46 дахь тал

[6] 1 дэх хавтсыг 54 дэх тал

[7] 1 дэх хавтсын 64 дэх тал