| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2020/03020/И |
| Дугаар | 210/МА2023/00325 |
| Огноо | 2023-02-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2023/00325
2023 02 06 210/МА2023/00325
О.Сгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/04275 дугаар шийдвэртэй,
О.Сгийн нэхэмжлэлтэй,
Л.И ХХК, Д.Б нарт холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагч Л.И ХХК-ийн төлөөлөгч Т.Чимэддулам, хариуцагч Д.Бгийн өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
О.С нь хариуцагч Л.И ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 012 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулан, Д.У аймгийн Д сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол Ласти таун хотхон, 144 айлын орон сууцны барилгын блок, ... дугаар орц, ... тоот хаягт байрлах 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлж, дутуу орхигдсон дуусгаагүй засварын ажлыг өөрийн зардлаараа гүйцээн, гарсан зардлыг нийт төлбөрт тооцон хөнгөлөх, мөн төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд байрны гэрчилгээг өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. О.С нь орон сууцны төлбөрийг Л.И ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банкин дахь 464004610 тоот дансанд 67,219,200 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч Л.И ХХК нь уг орон сууцны барилгыг 2016 оны сүүлээр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан боловч байрны гэрчилгээг нэгдсэн журмаар гаргаж өгнө гэж хойшлуулсаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. О.Сгийн авсан ... тоот орон сууцыг Л.И ХХК нь мэдэгдэлгүйгээр хөрөнгө оруулагч иргэн Д.Бтай 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж орон сууцыг барьцаалсан бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн Д.Бгийн нэр дээр 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гаргуулсан.
Хариуцагч Л.И ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Д.Бтай 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, уг гэрээндээ ирээдүйд баригдах орон сууцны барилга барьцаална хэмээн тохиролцсон байдаг. Хариуцагч Л.И ХХК нь Д.Бгийн зөвшөөрөлгүйгээр О.Стай 2014 оны 06 дугаар сарын 30-ны орон сууц захиалгын гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Нэхэмжлэгч миний бие хариуцагч Л.И ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу шилжүүлсэн 59,840,000 төгрөгийг хариуцагч Л.И ХХК-аас гаргуулах үндэслэлтэй. Мөн нэхэмжлэгч О.С нь Төрийн банктай 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулсан бөгөөд хариуцагчийн нарын буруутай үйлдлийн улмаас зээлийн хүүд өнөөдрийн байдлаар 14,344,936 төгрөг төлж хохирсон болно. Иймд хариуцагч нараас орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу орон сууцны үнэд төлсөн 59,840,000 төгрөг, ханшийн зөрүү 38,896,000 төгрөг, зээлийн хүүд төлсөн 14,344,936 төгрөг, нийт 113,080,936 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж өөрчилж, нэмэгдүүлсэн болно.
Гэвч бид хэлэлцэж ярилцсаны үндсэн дээр гэрээний үнэ, учирсан хохиролд 113,080,936 төгрөг гаргуулах шаардлагаа дахин өөрчилж, анх шүүхэд гаргасан шаардлагаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.6-д заасны дагуу Д.У аймаг, Д сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол Ласти таун хотхон, 144 айлын орон сууцны барилгын блок, ... дугаар орц, ... тоот хаягт байрлах 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны шударга өмчлөгчөөр тогтоолгох, дээрх орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагч нарт даалгах шаардлагаа дэмжиж байгаа болно гэжээ.
2.Хариуцагч Л.И ХХК-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Орон сууц захиалагч О.С нь төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан, 10А дугаар байрны ... тоотод байрлах 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ байлган 2016 оны 12 сараас өнөөдрийг хүртэл захиалсан байрандаа амьдарч байгаа болно. Миний бие Т.Чимэддулам нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Л.И ХХК-ийг гүйцэтгэх захирал Ц.Батаагаас шилжүүлэн авсан. Миний бие тухайн үед Ц.Батаа захирлын компанийн нягтлангаар ажиллаж байсан. Компанийг шилжүүлэн авсны дараа орон сууцыг худалдахдаа хөрөнгө оруулагч, иргэд, захиалгаар орон сууц барьсан барилгын компаниудтай гэрээг давхардуулан хийсэн байсныг мэдсэн. Иймээс өмнө компанийн хувьцаа эзэмшигч байсан А.Лхагвасүрэнтэй уулзаж, хөрөнгө оруулагч, өмгөөлөгч нарыг байлцуулан хуралдаж Л.И ХХК нь бусдын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулан компанийг өмнөх хувьцаа эзэмшигч А.Лхагвасүрэнд 100 хувь шилжүүлсэн. Гэтэл А.Лхагвасүрэн нь гэрээний үүргийн дагуу улсын бүртгэлийн албанд бүртгэл хийлгээгүйгээр, бидэнд мэдэгдэлгүй 2018 оны 03 дугаар сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй, олдохгүй байгаа болно. Иймээс Улсын бүртгэлийн албанд Л.И ХХК-ийн захирлаар Т.Чимэддулам миний нэр бүртгэлтэй байгаа. Д.Б нь Л.И ХХК-ийн өмнөх захирал А.Лхагвасүрэнтэй 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцны зориулалттай барилгад 1,000,000,000 төгрөгийн санхүүжилт хийж, барилга баригдсаны дараа орон сууц худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжид ашиг авахаар тохиролцсон. Д.Б 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах барьцааны гэрээ болон орон сууцны барилгаа 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон 2667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг барьцааны гэрээний гэрээнд бүртгүүлсэн 46 айлын дотор нэхэмжлэгч О.Сгийн захиалсан 10А дугаар байрны ... тоот орон сууц барьцаалагдаагүй болно. Мөн О.С 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч Л.И ХХК-тай гэрээ байгуулсан ба гэрээнд компанийг төлөөлж Д.Хүрэлбаатар гарын үсэг зурсан, тэднийг гэрээ байгуулах үед тус компанийн гүйцэтгэх захирал нь А.Лхагвасүрэн гэх иргэн байсан, гэвч одоо энэ гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах зүйл байхгүй гэжээ.
3. Хариуцагч Д.Бгийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Д.Б анх 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Л.И ХХК-тай 01/14 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулж, Д.У аймаг, Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороололд баригдахаар болсон 144 айлын 8,470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон. Л.И ХХК-аас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул Л.И ХХК-аас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Барьцааны гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээнүүдийг байгуулах үед Л.И ХХК-тай байгуулсан дээрх гэрээний хугацааг сунгасан гэрээнүүдийг байгуулж байх үед нэхэмжлэгч О.Сгийн зүгээс Д.У аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж Д.У аймаг, Д сум, ... дүгээр баг, 13 дугаар хорооллын Ласти таун хотхоны 10А дугаар блокийн ... тоотын 2 өрөө орон сууцтай холбоотой ямар нэгэн эрхийн бүртгэл хийлгээгүй, энэ талаар урьдчилсан тэмдэглэл огт хийгдээгүй байсан тул нэхэмжлэгч О.Сд мэдэгдэлгүй барьцааны гэрээ болоод дээрх гэрээнүүдийг байгуулсан гэж үзэж, уг гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Д.Бд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа нэгдүгээрт 1,650,000 төгрөгөөр орон сууцны талбайг тооцож гэрээ хийж байгаа, зөрүү 650,000 төгрөгийг 59.84 м.кв-аар тооцоход 38,896,000 төгрөг болж байгаа тул уг төлбөрийг гаргуулах гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Тодруулбал, Д.Б, нэхэмжлэгч О.С нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа огт үүсээгүй, бидний хооронд гэрээ байгуулахаар ярилцаж, тохиролцсон зүйл огт байхгүй бөгөөд бодитоор бидний хооронд ямар ч гэрээ байгуулагдаагүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас Д.Бд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 343 дугаар зүйлийн 343.1, 110.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Сгийн хариуцагч Л.И ХХК, Д.Б нарт холбогдуулан гаргасан орон сууцны шударга өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 730,355 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.С болон хариуцагч Д.Б нарын хэн нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байх талаар бодитой дүгнэлт хийгээгүй бөгөөд хууль ёсны өмчлөгчийн талаарх бодитой дүгнэлт гаргахын тулд хамгийн түрүүнд өмчлөх эрх хэнд эхэлж үүссэн талаар хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн бодитой дүгнэлт хийх шаардлагатай.
Миний бие О.С нь Л.И ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 012 дугаартай Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулан уг гэрээний дагуу Д.У аймгийн Д сумын ... дүгээр баг, 13 хороолол Ласти таун нэртэй 144 айлын 9 давхар орон сууцны блокны ... дугаар орцны 5 давхарт ... тоот 59.84 м.кв орон сууц 2 өрөө дутуу гүйцэтгэлтэй байрыг харилцан тохиролцсоны үндсэн дээр урьдчилгаа төлбөрийг тушаан дутуу орхигдсон дуусгаагүй засварын ажлыг өөрийн зардлаараа гүйцээн орж гарсан зардлыг нийт төлбөрт тооцон хөнгөлөх, мөн төлбөрийг 100% төлсөн тохиолдолд байрны гэрчилгээг миний өмчлөлд гаргаж өгөх үүрэг зэргийг тус тус хүлээсэн болзолтойгоор засаж дуусган хүлээн авч орохоор тохиролцон гэрээ байгуулсан. Миний бие орон сууцны төлбөрийг Л.И ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь 464004610 тоот дансанд 2014 оны 06 дугаар сарын 30-нд 17,000,000 төгрөг, мөн 2014 оны 11 дүгээр сарын 19-нд 50,219,200 төгрөг тус тус төлж төлбөрийг гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлсэн. Орон сууц захиалгаар барих тухай гэрээний 2.2, 2.3-т зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй. Гэтэл дээрх ... тоот байрыг Л.И ХХК нь Хөрөнгө оруулагч иргэн Болормаатай 2016 оны 03 сарын 11-нд Зээлийн гэрээ мөн тэр өдрөө хууль ёсны өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр бусадтай хуйвалдан барьцааны гэрээ хийн орон сууцыг барьцаалсан байх бөгөөд, мөн 2018 оны 12 сарын 10-ны Л.ИХХК, түүний захирал Т. Чимэддулам нь Д.У аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гарган өмчлөх эрхийг иргэн Д.Бгийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг 2019 оны 02 дугаар сарын 21-нд гаргуулсан болохыг мэдээгүй.
5.2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар Орон сууц захиалгаар барих тухай гэрээ нь хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн атлаа Д.Бгийн "Л.И ХХК-тай байгуулсан 2014 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2017/08942 дугаартай захирамж, уг захирамжийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, 2018 онд хийгдсэн Д.Бгийн нэр улсын бүртгэлд орон сууцны өмчлөх эрх бүртгэгдсэн байдал, Захиргааны 3 шатны шүүхийн шийдвэр зэргийг шийдвэртээ ямар ч үндэслэлгүй дараалуулан бичиж байгаад нэхэмжлэгчийг шударга өмчлөгчөөр тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй болсон.
5.3. Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, гэрээ хүчин төгөлдөр ба нэхэмжлэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн, харин хариуцагч Л.И ХХК нь гэрээний үүргээ биелүүлэлгүйгээр нэхэмжлэгчийн орон сууцыг хариуцагч Д.Бд шилжүүлсэн, тэрээр өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт тогтоогдсон. Хариуцагч Д.Бгийн хувьд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017-08-30-ны өдрийн 8942 дугаар захирамжаар хариуцагч компаниас 2.5 тэрбум төгрөг гаргуулан, Д.Бд олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж Л.И ХХК-ийн өмчлөлийн байрны орон сууцуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Бгийн нэр дээр 44 орон сууцны өмчлөх эрх шилжсэний дотор нэхэмжлэгчийн шаардаж буй Ласти таун хотхоны 10А байрны ... дугаар орцны 5 давхрын ... тоот орон сууц багтаасан байдаг боловч 2016 онд хийгдсэн барьцааны гэрээнд уг байр огт тусгагдаагүй ороогүй байсан. Гэвч маргаж байгаа орон сууцыг нэхэмжлэгч О.С, хариуцагч Д.Б нарын хэн аль нь өмчлөх эрхтэй гэж маргаж байгаа тул хариуцагч Д.Бгийн хувьд орон сууцыг шударгаар шилжүүлж аваагүй, тэрээр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар түүний өмчлөх эрх хамгаалагдахгүй юм.
5.4. Д.Б нь уг орон сууцыг шалгаж тогтоож нягтлалгүйгээр зориуд эзэнд нь мэдэгдэлгүйгээр эзэмшигчээс нь түрүүлж өрсөж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж авсан болох нь нотлогдож байгаа бөгөөд орон сууцны өмчлөх эрх буруу ташаа болохыг мэдэж байсан гэж үзнэ. Иймд уг орон сууц нь бусдын эзэмшилд шилжсэн бодит нөхцөл байдлын үед хариуцагч Д.Бгийн хувьд Л.ИХХК нь орон сууцыг бусдад борлуулсан эсэх, бусдын эзэмшилд шилжсэн эсэхийг шалгах, ингэснээр эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шударгаар олж авах бүрэн боломжтой байсан боловч ийнхүү шалгаж хүлээн аваагүй тул шударга хууль ёсны өмчлөгч байх боломжгүй. Дээрх байдлаар хариуцагч Д.Бгийн шударга өмчлөгч байх эрх үгүйсгэгдэж хамгаалагдахгүй тохиолдолд нэхэмжлэгч О.С Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.И ХХК-аас шаардах эрх орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч иргэн О.Сг Д.У аймгийн Д сумын 11-р баг, 13 хороолол Ласти таун 144 айлын 9 давхар орон сууцны 10 блокын 2-р орцны 5 давхрын ... тоотод байрлах 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны шударга өмчлөгчөөр тус тус тогтоож өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагч Л.И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмнө нь нягтлан байсан н.Оюунчимэгийн гаргасан жагсаалтад 144 айлын орон сууцны өмчлөгчийн овог нэр, төлбөр төлсөн мөнгөн дүн болон орон сууцыг давхардуулан олгосон эсэх баримтуудаас харахад нэхэмжлэгчийн 2 өрөө орон сууц нь давхардаагүй байсан. Мөн тооцоо нийлсэн акт нь О.Сгийн ... тоот орон сууц нь багтаагүй. Д.Бгийн барьцаалсан 46 айлын орон сууцад Д.У аймгийн Д сумын ... дүгээр баг, ... дугаар хороолол Ласти таун хотхон, 144 айлын орон сууцны барилгын блок, ... дугаар орц, ... тоот хаягт байрлах 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь барьцаалагдаагүй гэжээ.
7.Давж заалдах гомдолд хариуцагч Д.Бгийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч Д.Бгийн хувьд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх үүссэн. Д.Б нь О.Стай эрх зүйн харилцаанд ороогүй бөгөөд түүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Д.Бд үүссэн өмчлөх эрхийн бүртгэлийн асуудлаар О.С нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч Д.Бгийн өмчлөх эрх хуульд нийцсэн гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч О.С нь хариуцагч Л.И ХХК, Д.Б нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Л.И ХХК зөвшөөрч, хариуцагч Д.Б эс зөвшөөрч татгалзжээ.
3.Нэр бүхий зохигчдын хооронд 2014 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч Л.И ХХК нь Д.У аймаг, Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол Ласти таун хотхон 9 давхар орон сууцны блок ... дугаар орц ... тоот хаягт байршилтай, 59.84 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан барьж хүлээлгэн өгөх, захиалагч О.С нь орон сууцны үнэд 59,840,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Дээрх гэрээгээр нэг талаас Л.И ХХК нь орон сууц шилжүүлэх, нөгөө талаас О.С нь орон сууцны үнийг төлөх үүрэг хүлээснээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч Д.Б нь тус гэрээнд Л.И ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан Д.Хүрэлбаатар компанийг төлөөлөх эрхгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргасан ба шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй гэсэн хариуцагч Л.И ХХК-ийн тайлбарт Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.
4.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж чадаагүйгээс хэргийн үйл баримтыг зөв дүгнээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.
4.1.Нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа 17,400,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 50,219,200 төгрөгийг хариуцагч Ласти интернэшнл ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК дахь 464004610 тоот дансанд шилжүүлсэн, талууд 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр, мөн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр тус тус төлбөрийн тооцоо нийлж акт үйлдсэн, 2016 онд барилга ашиглалтад орсноор хариуцагч Л.И ХХК нь орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн байна. Энэ талаар зохигчид маргаагүй.
4.2.а.Хариуцагч Д.Бгийн хувьд, 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Л.И ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, орон сууцны зориулалттай барилгад 1,000,000,000 төгрөгийн санхүүжилт хийж, барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос тэргүүн ээлжинд ашиг авахаар харилцан тохиролцсон.
4.2.б.Мөн 2015 оны 03, 10 дугаар сард гэрээний хугацааг сунгаж, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон орон сууцны барилгаас 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон нийт 2,667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулж, уг гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Харин уг барьцааны гэрээнд нэхэмжлэгчийн орон сууц барьцаалагдаагүй.
4.2.в.Л.И ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд Д.Б нь эвлэрүүлэн зуучлагчид хандан эвлэрэлд уригдсан тал Л.И ХХК-аас 2,500,000,000 төгрөгийг өргөдөл гаргагч Д.Бд 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор бүрэн төлж дуусгахаар тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан, улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 8942 дугаар захирамжаар тус гэрээг баталгаажуулсан.
4.2.г.Л.И ХХК шүүгчийн захирамжийг биелүүлээгүйгээс албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Л.И ХХК-ийн өмчлөлийн байрны орон сууцуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Бгийн нэр дээр 44 орон сууцны өмчлөх эрх шилжсэний дотор нэхэмжлэгчийн шаардаж буй Ласти таун хотхоны 10А байрны ... тоот орон сууц багтсан байна.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт 144 айлын орон сууцны байршил, захиалагчийн овог, нэр, регистрийн дугаар, худалдах үнэ, төлөлт, үлдэгдэл, гэрээний дугаар зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл бүхий жагсаалт авагдсан байх ба түүнд блок ... тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны захиалагч Очирбатын Соёлмаа, гэрээний үнэ 59,840,000 төгрөг төлсөн, үлдэгдэлгүй талаар тусгагдсан байна. Түүнчлэн Д.У аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс барьцааны гэрээгээр барьцаалагдсан 46 орон сууцны жагсаалтыг тодорхой байршил, талбайн хэмжээний мэдээллийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад ирүүлсэн байна.
4.3.Эдгээрийг харьцуулахад, нэхэмжлэгч О.Сгийн орон сууцын өмчлөх эрхийг хариуцагч Д.Б нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өөрийн нэр дээр бүртгүүлэх үедээ хариуцагч Л.И ХХК-ийг өмчлөгч биш болохыг мэдээгүй байсан гэж үзэхээргүй, Л.И ХХК-аас эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг шударгаар олж авах бүрэн боломжтой байсан гэж дүгнэх үндэстэй.
5.Анхан шатны шүүх хариуцагч Д.Бд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон өмчлөх эрхийн 000691004 тоот гэрчилгээ хүчин төгөлдөр байгаа үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт нийцээгүй. Тус хуулийн зохицуулалтад эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байснаас бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор заасан бөгөөд дээр дурдсанаар хариуцагч Д.Бгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлээр баталгаажсан, үнэн зөв гэж тооцох үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууц, түүнтэй холбоотой баримт бичгийг өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч Л.И ХХК-аас шаардах эрхтэй.
6.Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч Д.Б нарын хэн нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байх талаар бодитой дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгчийг шударга өмчлөгчөөр тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Д.Б орон сууцыг шударгаар шилжүүлж аваагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
7.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг хариуцагч нарт даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/04275 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Сг Д.У аймаг, Д сум, ... дүгээр баг, ... дугаар хороолол, Ласти таун хотхон, 10а байрны ... тоот хаягт байршилтай, 59.84 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч О.Сд шилжүүлэхийг хариуцагч Л.И ХХК, Д.Б нарт даалгасугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Л.И ХХК, Д.Б нараас 457,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Сд олгосугай. гэж өөрчилж, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Сгаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Д.ЗОЛЗАЯА