Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00326

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 06 210/МА2023/00326

 

 

 

 

М.Б.КХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02834 дугаар шийдвэртэй,

М.Б.КХХК-ийн нэхэмжлэлтэй,

У.З.К ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 384,141,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

М.Б.КХХК нь У.З.К ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Дам нуруут гүүрний ажил туслан гүйцэтгэх гэрээгээр Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын Дам нуруут гүүрний хамгаалалт, РЕТ материал дэвсэх ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллан гэрээний дагуу ажлаа хугацаанд нь гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. У.З.К ХХК нь гэрээний нөхцөлийн 5.3-т зааснаар гүйцэтгүүлсэн ажлын төлбөрөө төлөөгүй бөгөөд нийт төлбөр болох 1,111,924,281 төгрөгөөс тооцоо нийлсэн актаар 256,094,036 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд У.З.К ХХК-аас манай компанийн гүйцэтгэсэн ажлын төлбөрийн үлдэгдэл болох 256,094,936 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 128,047,000 төгрөг нийт 384,141,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлсөн 195,000,000 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцож байна гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Манай компани нь М.Б.КХХК-тай Дам нуруут гүүрний ажил туслан гүйцэтгүүлэх гэрээг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан. Манай компани тооцоо нийлсэн актын 256,094,036 төгрөг дээр маргахгүй. Дээрх гэрээний төлбөр болох 256,094,036 төгрөгөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 35,000,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн дээрх гэрээний гүйцэтгэлд 2014 онд үйлдвэрлэсэн, тоёота ланд круйзер 200 маркийн автомашиныг 150,000,000 төгрөгт тооцож, М.Б.КХХК-ийн гүйцэтгэх захиралд шилжүүлсэн. Одоогийн байдлаар манай компани гэрээний үүрэгт 61,094,036 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй. Иймд нэхэмжлэлд дурдсан хариуцлага, үүрэгтэй холбоотой 128,047,000 төгрөгийн алдангийг төлөх боломжгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232.6-д заасныг баримтлан хариуцагч У.З.К ХХК-аас 61,094,036 төгрөгийг гаргуулж, М.Б.КХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128,046,964 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч М.Б.КХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,078,655 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.З.К ХХК-аас 463,420.18 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Б.КХХК-д олгож шийдвэрлэсэн.

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй. Талууд 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэн хариуцагч 256,094,037 төгрөгийн өртэй талаар маргаагүй. Мөн тооцоог нийлэхдээ гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасан нөхцөлөөр нарийвчлан тооцож төлбөрийг хэзээ, хэрхэн төлөх талаар тохиролцсон. Тооцоо нийлснээс хойш ажлын 7 хоног буюу 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан гэж үзэх ба энэ талаар нотлох баримт хэрэгт авагдсан. Гэрээний 10 дугаар зүйлийн 10.4-т алданги тохиролцсон ба алдангийн хувь хэмжээг 0.2 хувиар тогтоосон бөгөөд хариуцагч талаас шүүх хуралдаанд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх алданги төлөх талаар хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн байхад шүүх ханган шийдвэрлээгүйд гомдолтой байна. Нийт алдангид 53,021,973 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт алдангид 53,021,973 төгрөгийг ханган бусад хэсгийг хэвээр үлдээн нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Мөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа өөрчилсөн. Алдангийг хэзээ, ямар хугацаанд, яаж тооцох талаар тодорхой заагаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч М.Б.КХХК нь хариуцагч У.З.К ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 256,094,036 төгрөг, алданги 128,047,000 төгрөг, нийт 384,141,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагчаас 195,000,000 төгрөг төлөгдсөн талаар анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа 189,141,000 төгрөг болгон багасгасныг хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрт 61,094,036 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийн хэсгийг татгалзжээ.

3.У.З.К ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Дам нуруут гүүрийн ажил туслан гүйцэтгүүлэх гэрээг М.Б.КХХК-тай байгуулж, Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн ID66, ID78-ийн төмөр замын төслийн дам нуруут гүүрийн чулуун асгаасны ухмал буюу угаагдалтаас хамгаалах хамгаалалт PET материал дэвсэх ажлыг туслан гүйцэтгүүлэх, ажлын гүйцэтгэлээр чулуун асгаасны ухмалын нэгжийн үнэд 20,857 төгрөг, угаагдалтаас хамгаалах хамгаалалтын нэгжийн үнэд 41,637 төгрөг, РЕТ материал дэвсэх нэгжийн үнэд 19,295 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

4.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан тооцоонд ажлын гүйцэтгэл 1,111,924,281 төгрөгөөс 855,830,244.39 төгрөг төлсөн, 256,094,036.61 төгрөг төлөгдөөгүй талаар тусгагдсан ба талууд тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд үүссэн тооцоог дүгнэж, хариуцагч 256,094,036.61 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх өртэй болохыг баталгаажуулжээ. (хэргийн 7, 8 дахь тал)

Хариуцагч нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 35,000,000 төгрөг тус тус шилжүүлж, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр 7900 УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 150,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн гэж тайлбарлаж, холбогдох баримтуудыг шүүхэд гаргасан. (хэргийн 28-30 дахь тал) Энэ талаар зохигчид маргаагүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын хөлс 61,094,036 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болохыг шүүх зөв тогтоосон байна.

6.Гэрээний 10.4-т талууд гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

Гэвч гэрээний 5.3-т Явц дундын болон эцсийн төлбөрийг ... суутгалуудыг бодож Гүйцэтгүүлэгчийн гаргасан мөнгөн дүнгээр Туслан гүйцэтгэгчийн нэхэмжлэхэд үндэслэн ажлын 7 хоногт олгоно гэж заасан ба нэхэмжлэгчээс хариуцагчид төлбөрийн нэхэмжлэх хүргүүлж байсан талаар хэрэгт баримт авагдаагүй, хариуцагч төлбөр шилжүүлэх үүргээ ямар хугацаагаар хэрхэн хэтрүүлсэн нь тодорхойгүй, нотлох баримт шүүхэд гаргаагүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн алдангитай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.

7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь, тооцооны үлдэгдлийн баталгаанд талууд төлбөр төлөх хугацаа хугацааг тохироогүйн дээр тооцооны үлдэгдлийн баталгааг гэрээнд заасан нэхэмжлэхэд хамаатуулж дүгнэх үндэслэлгүй. Тооцооны үлдэгдлийн баталгаа болон нэхэмжлэх нь Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар батлагдсан анхан шатны бүртгэлийн маягт бөгөөд тооцооны үлдэгдлийн баталгаагаар талуудын хооронд гарсан ажил гүйлгээг тодруулан тайлант үеийн эцэс дэх хоорондын тооцооны үлдэгдлийг баталгаажуулдаг бол нэхэмжлэх нь ачуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний хөлсийг нэхэмжлэх үндсэн баримт болдог.

8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад маргаанд хамааралтай хуулийн зүйл, заалтыг алдаатай тусгасныг залруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02834 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 343 дугаар зйүлийн 343.1, 232.6-д гэснийг 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Б.КХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 424,000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА