Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 203

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ц.Д-д холбогдох эрүүгийн 1826000000205 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн Ц.Д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг, “Ширээ Баруун-Дэнж” гэх газар гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Н-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хүүхдийн сургалтын төлбөрөөс болж эхнэртэйгээ маргалдаад ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ц.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р баг “*******” гэх газарт гэртээ байсан. Манай нөхөр Ц.Д бас хамт байсан. Бид 2 ямаагаа саах гэж байсан юм. Би нөхөртөө охины байрны төлбөр болох 1.800.000 төгрөг бүгдийг нь охин О данс руу шилжүүлчихлээ гэж хэлсэн. Манай нөхөр Ц.Д хамаг мөнгө шилжүүлсэн байна цуваргаж өгөхгүй гэж надад уурласан. Бас хуучин 400.000 төгрөгний байранд нь оруулахгүй яасан юм гэж надад уурлаад хэрүүл маргаан хийсэн. Би ямаагаа саах гэж байсан чинь Д миний зүүн хөлний гуян тус газар нэг удаа өшиглөж аваад гэрээс гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд гэрт байсан 10 литрийн бидон төмөр сав аваад над руу шидсэн. Миний толгойн тус газарт оносон. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан. Ц.Д гараад явсан. Би сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Миний цус тогтохгүй байхаар нь өөрөө гэрийн гадаа байсан машинаа унаад сумын эмнэлэг рүү явсан. Сумын төв манай гэрээс 4 км зайтай байдаг. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралд оролцохгүй”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Хохирогч Ц.Н-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед би гэртээ байсан. Манай гэр Өвөрхангай аймгийн ******* сумын 6-р баг “*******” гэдэг газарт байдаг. Манай нөхөр Ц.Д бид 2 гэртээ хэрүүл маргаан хийсэн. Манай нөхөр хүн уурлахааргүй юман дээр надад уурлаад байдаг юм. Манай охин Улаанбаатар хотод байдаг. Би охиндоо сургалтын төлбөрийг нь бүгдийг нь шилжүүлээд өгсөн. Харин манай нөхөр хүүхдийн мөнгө бүгдийг нь шилжүүлсэн байна. Цуваргаж өгөхгүй яасан юм гээд надаас хэрүүл гуйж хэрүүл маргаан хийсэн. Би гарч ямаагаа саах гэж байсан чинь Ц.Д миний зүүн талын гуян тус газар нэг өшиглөж аваад гараад буцаж гэрт орж ирээд гэрт байсан 10-н төмөр бидон сав над руу шидсэн. Миний толгойн тус газар оносон. Миний толгой хагарч цус гараад тогтохгүй байсан. Манай нөхөр гараад явчихсан. Би сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Би өөрөө гадаа байсан машина унаад сумын төв орж эмнэлэгт ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Б.З-н мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн үед манай эмнэлгийн 103-т иргэн Ц.Н нөхөр Ц.Д-д зодуулсан байна гэж дуудлага ирсэн. Би уг дуудлаганд явах гэж байсан чинь Ц.Н өөрөө эмнэлэг дээр ороод ирсэн. Иргэн Ц.Н-н биеийн байдлыг үзэхэд, толгойн дээд хэсгээсээ цус гарсан нүүр нь цус болсон байдалтай орж ирсэн. Би үзлэг хийхэд Ц.Н-н толгойн баруун чихний дээд зулайн хэсэгт 5см орчим янзарсан шархтай цус гарсан байдалтай байсан. Би уг шарханд нь мэс заслын 6 оёдол тавьж боолт хийж өгсөн. Эм бичиж, зөвөлгөө өгсөн. Ц.Н манай нөхөр 10  литрийн бидон саваар цохьсон гэж надад хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Л.А-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед хонин ямаагаа саах гээд ялгаж байсан чинь Ц.Д ганцаараа мотоцикльтой ирсэн. Би Ц.Д-г эхнэрээ зодсон талаар нь орой нь л мэдсэн. ...Би Ц.Д-н гэрээр хааяа л ордог мөрөөрөө,   үг дуу цөөтэй л хүн байдаг. Эхнэр Ц.Н нь хөл муутай, Ц.Д өөрөө байнга малдаа явдаг, 2 хүүхэд нь хотод байдаг гэсэн. Ц.Д хүмүүстэй эвтэй л байх шиг байдаг. Хүнтэй муудалцаад байдаггүй л хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энэ хоёр хоорондоо хэвийн харилцаатай байдаг. Жижиг сажиг юман дээр хэрүүл маргаан хийдэг л байх. Хоорондоо хэрүүл маргаан хийж байхыг нь би харж байгаагүй. ... Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байсан. 17 цагийн үед Ц.Н над руу залгаад манай ямааг нийлүүлчихээрээ гээд уйлаад байсан. Би нэг юм болж дээ гэж бодсон. Харин орой нь Ц.Д ах Ц.Н-г зодсон байсан. ...Манай ах Ц.Д их томоотой, үг дуу цөөн хүн байгаа юм. Тэр өдөр оюутан хүүхдийнхээ төлбөрөөс болж хэрүүл маргаан болсон байсан. Эхнэр Ц.Н нь хөл муутай. Ц.Д ах өөрөө байнга малдаа явдаг, 2 хүүхэд нь Улаанбаатар хотод байдаг. Нэг хүүхэд нь ажил хийдэг, нэг охин нь оюутан байдаг. ... Ц.Д тамхи татдаг, архи хаяа хэрэглэдэг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Д-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “... Эхнэр бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийсэн. ... Би уурандаа Н-н зүүн хөлийн гуян тус газар нь нэг удаа өшиглөж авсан. Эхнэр гэрийн баруун орон дээр сууж байсан. Би гэрээс гарчихаад буцаж орж ирээд 10-ын бидон сав аваад шидсэн Нийн толгойн тус газар цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 531 дугаартай: “... Үзүүлэгч Ц.Н-н биед тархи доргилт, зулайн баруун, зулайн хажуу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 2 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Д-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 28, 30, 45-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Д-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 6 дугаар баг, “Ширээ Баруун-Дэнж” гэх газар гэр бүлийн хамаарал харилцаатай хүн болох хамтран амьдрагч Ц.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ц.Д-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч  Ц.Н-н шүүгдэгч Ц.Д-д зодуулсан талаар мэдүүлсэн “...Би ямаагаа саах гэж байсан чинь Д миний зүүн хөлний гуян тус газар нэг удаа өшиглөж аваад гэрээс гараад явсан. Удалгүй буцаж орж ирээд гэрт байсан 10 литрийн бидон төмөр сав аваад над руу шидсэн. Миний толгойн тус газарт оносон. Миний толгойноос цус гараад тогтохгүй байсан. Ц.Д гараад явсан. Би сумын эмнэлэгт дуудлага өгсөн”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9/, хохирогч Ц.Н-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Б.З-н “... Хохирогч Ц.Н-г шүүгдэгч Ц.Д зодсоныг сонссон талаар” өгсөн мэдүүлэг /хх-ийн 13/, гэрч Л.Амартүвшин, Ц.Ц нарын “... Хохирогч Ц.Н-г шүүгдэгч Ц.Д зодсоныг  орой нь мэдсэн талаар...” өгсөн  мэдүүлгүүд /хх-ийн 14, 15/, шүүгдэгч Ц.Д-н үйлдлийн улмаас хохирогч Ц.Н-д хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 531 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Эд мөрийн баримтаар хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 2/, Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-5/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт Ц.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Ц.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Д нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан...” үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд тус бүр 125.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 литрийн багтааамжтай 22см х 22см өргөнтэй саарал өнгийн бидон сав 1 ширхэгийг устгахыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Ц Д-г хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт Ц Д-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд тус бүр 125.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 литрийн багтааамжтай 22см х 22см өргөнтэй саарал өнгийн бидон сав 1 ширхэгийг устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.