Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/00336

 

2023.02.08 210/МА2023/00336

Э.Эийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03456 дугаар шийдвэртэй,

Э.Эийн нэхэмжлэлтэй,

НШШГГт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 02112 дугаар шийдвэрээр Э.Эээс 315,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ганбатад олгож, улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Олимп хороолол 13311 Хүннү гудамж ... байр ... тоот хаягт байрлах 169.42 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс төлбөр гаргуулахыг НШШГГт даалгаж шийдвэрлэсэн.

1.2.Тус шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарч гүйцэтгэх гүйцэтгэх хуудас олгосны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 676,809,689 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4-221/16179 тоот мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.

1.3.Төлбөр төлөгч Э.Э дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь зах зээлийн үнээс бага бодит бусаар үнэлэгдсэн. Иймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Иймд үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 676,809,689 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2112 дугаар шийдвэрээр Э.Эээс 316,803,150 төгрөг гаргуулж Д.Ганбатад олгох, төлбөрийг төлөөгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Олимп хороолол /13311/ Хүннү гудамж ... байр ... тоот хаягт байрлах 169.42 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэсэн.

2.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор үүсгэсэн, төлбөр төлөгч нь 118,303,150 төгрөгийг төлж, 200,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөр төлөгч Э.Эт шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөр бүрэн төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, түүний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор хураасан.

2.3.Төлбөр төлөгчид 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд Э.Э нь 1,200,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба төлбөр авагч Д.Ганбат шинжээч томилуулж, зах зээлийн үнээр тогтоолгох хүсэлт ирүүлсэн. Улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилж зах зээлийн үнэлгээгээр тогтоолгоход 670,809,689 төгрөгөөр үнэлснийг 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгээр талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Э.Эийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч НШШГГт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/02112 дугаар шийдвэрээр Э.Эээс зээлийн гэрээний үүрэгт 315,000,000 төгрөг гаргуулан Д.Ганбатад олгож, Э.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг ... дугаар хороо, Олимп хороолол, Хүннү гудамж, .... дүгээр байрны ... тоот хаягт байрлах 169.42 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба хариуцагчийн гомдлоор хэргийг хянаад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2071 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өприйн 001/ХТ2022/00263 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4.Хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

4.1.Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 22410282 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 22410282/01 дугаар тогтоолоор нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, мөн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22410282/02 дугаар тогтоолоор хураасан байх ба эдгээр ажиллагааны талаар зохигчид гомдол гаргаагүй байна.

4.2.Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг 1,200,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг төлбөр төлөгч Э.Э бичгээр гаргасан, төлбөр авагч Д.Ганбат уг саналыг эс зөвшөөрч шинжээчээр үнэлүүлэх тухай хүсэлт гаргасан, улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 8/215 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхээр Бэсгэ ХХК-ийн үнэлгээчин С.Мөнхжаргалыг шинжээчээр томилсон байх ба уг ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцжээ.

4.3.Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 676,809,689 төгрөгөөр тогтоосон байна. Хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 4-221/16179, 4-221/16180 дугаар мэдэгдлүүдээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдсэн, нэхэмжлэгч Э.Э нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

5.Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлт зах зээлийн үнээс бага, бодитой бус гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Мөн түүний давж заалдах гомдолд шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй талаар тодорхой тусгаагүй тул гомдол үндэслэлгүй.

 

6.Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Э.Эээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА