Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 203

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Улсын яллагч Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах

Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Э-д холбогдох 1826000000220     дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* овогт Э.Э

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр иргэн Л.Н-н үүрч явсан үүргэвчтэй эд зүйл болон цүнхтэй зөөврийн компьютер зэргийг “Би та-нд тусалъя, цүнхээ надад үүрүүлчих” гэж хэлж илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан, 386000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Э нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Л.Н-н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон асуудлын талаар ярьсан. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан. Нэг цаг дутуу байгаа. Эвдэрч гэмтсэн зүйл байхгүй. Энэ бугуйн цагийг би Афганистан улсад 2014 онд ажиллагаад явж байхдаа 40 доллароор худалдаж авч байсан. Бугуйн цагаа олж авах хүсэлттэй байна. Мөн эд зүйлийн үнэлгээг би өөрийн мөнгөөр гаргуулсан. Үүний ажлын хөлс 65000 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/,

Хохирогч Л.Н-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ээлжийн манаанаас буучихаад Өвөрхангай аймгийн ******* сумын  10 дугаар багт харих гээд явж байтал нэг дугуйтай залуу араас ирээд “...ах аа та яасан юм бэ, наад хөмсөгнөөс чинь цус гарчихсан байна, та наад цүнхнүүдээ надад өгч байгаад хувцас хунараа янзлаад өмсчих, манай аав цэргийн ангид ажилладаг хүн...” байсан. Би өөрөө цэргийн ахлах дэслэгч хүн байна гэж хэлэхээр нь би итгээд үүрч явсан үүргэвчтэй хувцас, цүнхтэй нөүтбүүк зэргийг өгсөн юм. Тэгээд тэр залуу надтай хамт явж байгаад ах аа би танд нэг шил архи авч өгье гэж хэлээд дугуйтайгаа зугтаачихсан юм. Би араас нь хөөгөөд гүйцээгүй, дуудаад ирээгүй. Хар өнгийн цүнхтэй “Асеr” маркийн notebook цэнхэр дээрээ улаан цэцгэн зураастай цэнэглэгч гар, хар өнгийн бугуйн цаг, утасны фовер банк цэнэглэгч, гаранд зүүлт болдог USB холбогч, гар утасны андройд цэнэглэгч зэрэг байсан. Нөгөө цүнх нь цэргийн дижитал ногоон өнгөтэй үүргэвч байсан. Дотор нь цэргийн дугуй захтай цамц, газ, газын хошуу, ундааны савтай айраг, ааруул 1кг орчим, 2 уут боорцог зэрэг эд зүйл байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байсан санагдаж байна. Би 10 дугаар хороонд явж байгаад найз Э.Э, М.Х нартай таарсан. Өмнөх өдөр нь уулзана гээд ярьчихсан байсан. Тэгээд бид гурав *******ын гэрт очоод Э.Э авч явсан хоёр ширхэг цүнхтэй эд зүйлээ үлдээгээд бид гурав гарсан. ... Манай нэг таньдаг ахын notebook  болон эд зүйл нь байгаа юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Э.Э-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: “...Цэрэг хувцастай согтуу залуу хөмсөг нь язарчихсан цус нь гоожоод явж байхаар нь уулзаад манай аав цэргийн хүн байгаа юм. Ах аа, би бас цэргийн ангид ажилладаг юм гэж хэлээд би танд тусалъя, үүрч яваа цүнхээ надад үүрүүлчих гэж хэлээд үүрч явсан үүргэвч, цүнхтэй notebook зэргийг нь үүрээд хамт явж худаг дээр очиж цусыг нь угаачихаад хамт дэлгүүр ороод тэр цэрэг хувцастай ах нэг жижигхэн дөрвөлжин шилтэй ерөөл архи аваад дэлгүүрээс урагшаа гараад тэр архиа хувааж уучхаад би цүнхийг нь үүрсэн чигээрээ зугтаачихсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ий 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08/33 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн Э.Э-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 27-28,

Шүүгдэгч Э.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Н-н үүрч явсан үүргэвчтэй эд зүйл болон цүнхтэй зөөврийн компьютер зэргийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан, 386000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Э.Э-н мөрдөн байцаалт, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Н-н хохирогчоор болон гэрчээр “...шүүгдэгч Э.Э-д цүнхтэй эд зүйлээ өгөөд явж байтал авч зугтаасан, алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан талаар...” өгсөн мэдүүлэг /хх-ийн 45, 7-8/, гэрч Ц.Бат-Амгалангийн “...10 дугаар хороонд явж байгаад найз Э.Э, М.Х нартай таарсан. ...М.Х-н гэрт очоод Э.Э авч явсан хоёр ширхэг цүнхтэй эд зүйлээ үлдээгээд бид гурав гарсан. ...Манай нэг таньдаг ахын notebook  болон эд зүйл нь байгаа юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6/, шүүгдэгч Э.Э-н үйлдлийн улмаас хохирогч Л.Н-д эд хөрөнгийн хохирол учирсан болохыг тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ий 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 08/33 дугаартай дүгнэлт /хх-ийн 13-15/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* овогт Э.Э-д холбогдох хэргийн мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч ******* овогт Э.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Э.Э-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Э.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулахдаа  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүгдэгч Э.Эыг бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Э.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг,

Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Э.Э-д авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Э.Э-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч ******* овогт Э.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн   хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Э-д оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Э-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

6. Шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Э-д   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.