Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00420

 

 

Р-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/05016 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р-гийн хариуцагч Х- СӨХ-д холбогдуулан гаргасан дутуу олгосон цалин хөлс, ээлжийн амралтын олговор 1,422,140 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Санчирсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Р- Х- СӨХ-нд хөдөлмөрийн гэрээний дагуу 2015 оны 11 дүгээр сараас хойш үйлчлэгчээр ажиллаж байсан. Гэвч байгууллагын удирдлага солигдсонтой холбоотой 2022 оны 02 дугаар сарын цалин 699,256 төгрөг, амралтын олговор 722,884 төгрөгийг олгоогүй. Иймд Х- СӨХ-оос 2022 оны 2 дугаар сарын цалин 699,256 төгрөг, 2021 оны ээлжийн амралтын олговор 722,884 төгрөг, нийт 1,422,140 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлд зааснаар Р- хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, харьяа дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах хороонд хандан дутуу олгосон цалин хөлстэй холбоотой гомдлоо шийдвэрлүүлэх, уг хорооноос гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд шүүхэд хандах байтал шууд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан журмыг зөрчсөн.

Р- 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Р- Х- СӨХ-той хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан. Х- СӨХ-ны нягтлангаар Н.Мөнхтулга ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн атлаа 2022 оны 01 болон 02 сарын тайланг өөрчилж цалин аваагүй хүмүүсийн цалинг олгосон мэтээр шивж, ажилласан хүмүүсийн нийгмийн даатгалыг хасаж, байгууллага болон одоо ажиллаж байгаа ажилчдыг хохироосон. Энэ хэргийн хариуцагч Н.Мөнхтулга тул Р- түүнээс цалин хөлсөө нэхэмжлэх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн (1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн) 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан Х- сууц өмчлөгчдийн холбооноос 722,884 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р-д олгож, нэхэмжлэгчийн шаардлагаас 699,256 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,705 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х- сууц өмчлөгчдийн холбооноос 21,899 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн (1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн) 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг баримтлан Х- СӨХ-ноос 722,884 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд энэ мөнгийг жилийн эхэнд буюу 2021 оны 01 дүгээр сард урьдчилан олгосон, давхардуулан олгохгүйн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Хариуцагчаас талаас амралтын мөнгийг давхардуулж олгосон гэж байгаа нь үндэслэлгүй. Хуульд зааснаар өмнөх амралтын мөнгийг тухайн үед авсан. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Р- хариуцагч Х- СӨХ-нд холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын цалин 699,256 төгрөг, ээлжийн амралтын олговор 722,884 төгрөг, нийт 1,422,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн, энэ хэргийн хариуцагч нь нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Мөнхтулга тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... маргажээ.

 

1. Р- нь Х- СӨХ-нд 2015 оны 11 сараас үйлчлэгчээр ажилласан болох нь талуудын тайлбар болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаагаар тогтоогдсон тул тэдгээрийн хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа шинэ Хөдөлмөрийн тухай хуулиас өмнө үүссэн, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гарсан тул Хөдөлмөрийн тухай хуулиар (1999 оны) маргааныг шийдвэрлэнэ гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна. (хх-ийн 14)

 

1.1. Хөдөлмөрийн тухай 1999 оны хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ гэж заасан нь хөдөлмөрийн маргаан таслах комисстой байгууллагад хамаарах боловч нэхэмжлэгч Р- цалин болон ээлжийн амралтын олговор олгоогүй гэж нэхэмжлэл гаргах үед Хөдөлмөрийн тухай хуулийн (2021 оны) 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байсан тул нэхэмжлэгчийг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

1.2.Хариуцагч Х- СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ГЗ2021/1227/02 дугаар тушаалаар Р-г 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн (хх-ийн 114) байхаас гадна Р-гийн нийгмийн даатгалын шимтгэлийг 2022 оны 01 дүгээр сард Энканто СӨХ-ноос төлсөн, нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалын талаар гомдол гаргаагүй, нэхэмжлэгчийг 2022 оны 02 дугаар сард Х- СӨХ-нд ажиллаж байсан гэж үзэхгүй тул мөн хугацааны цалин 699,256 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.3. Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна гэж заасан.

 

Нэхэмжлэгч Р- нь 2021 оны ээлжийн амралтыг 2022 оны 01 дүгээр сард эдлэхээр хүсэлтээ гаргасан боловч ийнхүү ажлаас чөлөөлөгдсөний улмаас ээлжийн амралтыг биеэр эдлээгүй байх тул ээлжийн амралтын олговрыг хариуцагч нь олгох үүрэгтэй. (хх-ийн 7) Иймд анхан шатны шүүх хариуцагч Х- СӨХ-ноос 722,884 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р-д олгосон нь Хөдөлмөрийн тухай (1999 оны) 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

2. Хариуцагч Х- СӨХ нэхэмжлэгч Р-д ээлжийн амралтын олговор 722,884 төгрөгийг 2021 онд 01 дүгээр сард олгосон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй ба хариуцагч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нь цалин хөлсөө Төрийн банк ХХК дахь харилцах дансаар авдаг байх бөгөөд түүний Төрийн банк ХХК дахь харилцах 346900110006 тоот харилцах дансны хуулгаас үзэхэд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өмнөх 2020 оны ээлжийн амралтын олговрыг олгосон, харин 2022 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд 2021 оны ээлжийн амралтын олговор олгогдоогүй байна. /хх-ийн 8-12/

 

Хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сард ээлжийн амралтын олговрыг олгох үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 129 дүгээр зүйлийн 129.1, Хөдөлмөрийн тухай 2021 оны хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийг бичихдээ хууль зүйн техникийн хувьд алдаа гаргасныг зөвтгөн өөрчилж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/05016 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн/ гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 21,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ