Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 204

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Энхжаргал,

Гэрч: Ч.Ш,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: О.Б,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Хандмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Галбадрах,

Шүүгдэгч: Ч.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ч.А-д холбогдох 1826000160097 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн улсаас авсан гавъяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/193 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1992 оны Эрүүгийн хуулийн 1231 дүгээр зүйлийн 1231.3-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, ******* овогт Ч.А

Шүүгдэгч Ч.А нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” хүнсний дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, жолоодох эрхийн үнэмлэхгүй жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, О.Л-н амь нас хохирсон, зам тээврийн ослын газрыг орхиж явсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Ад шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн өдөр 1 шил Харзтай нэртэй архи 5-уулаа хувааж уусан. Тэгээд тэндээс гараад “*******” дэлгүүрийн урд уулзвараар явж байгаад мотоцикльтойгоо унасан. Тэгээд босоод хохирогчийг таксинд суулгаж өгөөд би араас нь явсан. Гэрийн гадаа очоод хохирогчийг буулгахад энд жаахан сууя гэсэн. Орой 06 цаг 30 минутын орчимд О.Б-г эмч дуудъя гэхэд согтуу байгаа юм чинь хэрэггүй гэсэн. Тэгээд 09 цаг 30 минутын орчимд би эмч дуудсан. Тухайн осол гарах үед хохирогчийн биеийн байдал хэвийн байсан. Манай талийгаач маргааш ажилтай эртхэн харьж амаръя явъя гээд байсан тул осол болсон газраас хөдлөөд явсан. Гэм буруугаа ойлгож байгаа. Хохирлоо нөхөн төлнө гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Манай эгч тухайн өдөр ухаангүй ирсэн. Эгчийг ирэхээс өмнө 2 хүүхэд нь түрүүлж манайд орж ирээд аав ээж 2 мотоциклиос унасан гэж хэлсэн. Удалгүй Ч.А манайд орж ирэхээр нь би эгч хаана байгаа юм бэ? гэхэд Ч. А эгч чинь гадаа байгаа гэсэн. Тэгээд Ч.А-д би цай хийж өгтөл уучихаад гарсан. Би дагаад гартал манай эгч ухаангүй хашааны үүдэнд хэвтэж байсан. Тэгээд эгчээ гээд дуудахад сэрэхгүй байхаар нь Ч.А бид хоёр эгчийг гэрт оруулаад хувцас нь шороо болсон байхаар нь цэвэрлэж байтал эгчийн чихнээс цус гараад байсан. Ч.А эмчид дуудлага өгье гэхээр нь би тэгвэл чи өөрөө эмчид дуудлага өг гээд Ч.А-р түргэн дуудуулсан. Тэгээд эмнэлэг дээр очтол эмч энэ хүний бие маш муу байна. Ар гэрийнхнийг нь дуудаарай гэж хэлсэн. Тэгээд би ах дүү нараа дуудаад Ч.А-г чи хүн дуудаач гэхэд би дуудахгүй. Хэргээ өөрөө үүрнэ гэж хэлсэн. Тухайн үед эгч ухаангүй, хацар нь шалбарсан, хувцас нь шороо болсон байдалтай ирсэн. Гадаа удаагүй. Таван минут орчим болсон. Гомдолтой байна гэв.

Гэрч Ч.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт би Ч.А-тэй садан төрлийн холбоотой тул мэдүүлэг өгөхгүй гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай эгч Л нь 18 цаг 40 минутын үед Ч.А ахын хамт ирсэн. Манайд ирэх үедээ Л эгч ямар ч ухаангүй, толгой цээж хэсэг нь цус болчихсон байдалтай ирсэн. Яг юугаар ирсэн талаар мэдэхгүй. Эхлээд нөхөр нь манай гэрт орж ирэхээр нь би эгчийг сурахад хаачдаг юм, айлд л орох гэж байгаа биз гэж хэлсэн. Тэгээд Ч.А ахад цай хийж өгчихөөд халуун савтай цайгаа тавьчихаад эргээд харах хооронд Ч.А ах гэрээс гарахаар нь би араас нь гарсан. Тэгтэл манай эгч Л манай хашааны үүдэнд газар хэвтэж байхаар нь би очоод эгчээ босоочээ гэж дуудахад эгч маань ямар ч ухаангүй байдалтай, хурхираад унтаад байгаа юм шиг байхаар нь би нөхөр Ч.А-н хамт өргөж гэртээ оруулсан. Гэртээ орж ирээд харахад хувцас нь нил шороо болчихсон, нүүр нь цусаар бохирлогдсон байхаар нь би нүүрийг нь цэвэрлэхэд хацар хавьд нь шалбарчихсан байхаар нь цэвэрлээд харж байтал чих болон толгой орчмоос нь цус гарч байгаа харагдсан. Тэгээд 30-40 минут орчмын дараа нөхөр нь түргэн дуудъя гээд түргэн рүү залгаж ярьсан. Хаана яасан талаар нь асуухад мотоцикль дээрээс унасан гэж байсан. Хаана унасан талаараа бол яриагүй. Дунд хүүхэд нь 4 дүгээр хорооны эмнэлгийн харалдаа мотоциклиос унасан гэж ярьж байсан. Тэгээд байж байтал түргэний эмч ирж үзээд яаралтай эмнэлэг авч явна гээд эмнэлэг рүү авч явсан. Би нөхөртэй нь хамт эмнэлэг орсон. Өөрөө мотоциклио унаж ирсэн байх. Ямарч байсан мотоцикль нь гэрийн гадаа байсан. Хамт явсан хүмүүс нь ямар хүмүүс байсныг сайн мэдэхгүй байна. Өөрийнх нь А, Б гэх хүүхдүүд нь хамт явж байсан юм билээ. Хүүхдүүд нь ослын талаар сүүлд нь асуухад аав мотоцикль дээрээсээ уначихсан. Тэрний дараа мотоцикльтойгоо явж байгаад мотоциклийнхоо каск малгайгаар ээжийн толгой руу нэг удаа цохьсон гэсэн зүйл ярьсан. Тэрнээс хойш дахиж уулзаагүй байгаа. Мотоциклиос унах үедээ бол гайгүй байсан гээд байгаа юм. Гавлын яс цуурсан гэмтэл учирсан гэсэн. /1-р хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Б.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 20 цаг 58 минутад 43 настай эмэгтэй ухаангүй, зүүн чихнээс нь цус гоожсон, хурхирсан, 2 чихний дээд тал чамархай хэсэгт хүрэнтэж хавдсан байдалтай хүргэгдэж ирсэн. Эмч нар үзэж шаардлагатай эмчилгээг хийж хагалгааны хэсэг рүү шилжүүлсэн. Биеийн байдал нь маш хүнд байсан. Тухайн үед ухаангүй эмэгтэйтэй хамт нөхөр гэх хүрэн дээлтэй согтуу эрэгтэй хүн болон нэг эмэгтэй хүн хамт ирсэн байсан. Нөхөр нь болохоор мотоцикльтой мөргөлдсөн гээд байсан. Харин хамт явсан эмэгтэй нь чи зодсон юм биш үү гээд нөхөр рүү нь хандаад уйлаад байсан. Тэгэхэд нөхөр нь гэх хүн би юу гэж тэгэх вэ дээ гээд бид нар хамт архи уусан талаараа ярьж байсан. Ухаангүй эмэгтэйгээс спиртийн зүйл үнэртэж байсан. /1-р хх-ийн 27-28 хуудас/,

Гэрч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тэр үед Б.П явган хүний замаар уруудаж явсан хүнтэй мэнд мэдэлцээд зогсож байтал гэнэт хажуугаас мотоцикльтой хүн мөргөөд тас хийгээд явчихсан. Тэр үед би мотоциклийн арын суудал дээр байж байгаад мөргөх үед хойшоо унасан. Миний зүүн хөл Ч.А-н мотоциклийн дугуйн доогуур нь орчихсон байсан. Ч.А-н эхнэр Ц мотоциклийн ард сундалсан явж байгаад мотоциклиосоо шидэгдээд замын гол хавьд ойчсон. Хамар юм уу, амнаас нь юм уу мэдэхгүй цус гоожсон байдалтай зам дээр хэвтэж байсан. Ёо ёо гээд орилоод байсан. Тэр үед Ч.А хэлэхдээ Б.П бид хоёрыг та хоёр өмнүүр ороод дайруулчихлаа шүү дээ гээд байсан. Тэр үед нь би өөрөө ирээд мөргөсөн гэдгийг нь хэлээд хэрэлдээд зогсож байтал хажуугаар явж байсан хүмүүс бид нар дээр ирцгээгээд зогсож байсан хүмүүсийг мөргөсөн юм чинь наад хоёр чинь буруугүй шүү дээ. Цагдаа дууд гээд нэг танихгүй эмэгтэй цагдаад дуудлага өгөхөд Ч.А эхнэрийгээ араараа дүүрээд явчихсан. Хоёр хүүхэд нь явган хүний замаар гүйгээд явчихсан. Тэгээд байж байтал Х.Түмэнбайлдагч цагдаа ирээд зураг аваад байсан. Тэр үед манай нөхрийн зүүн хөл нь өвдчихсөн бололтой гишгэж чадахгүй болчихсон байсан. Тэгээд Х.Түмэнбайлдагч цагдаа бид хоёрыг гэрт хүргэж өгчихөөд явсан. Шөнө 24 цагийн үед Х.Түмэнбайлдагч буцаж ирээд манай мотоциклийг аваад явсан. Шүүх эмнэлэгт үзүүлж дүгнэлт гаргуулахгүй. Учир нь манай нөхөр Б.П нь Ч.А ойрхон ах дүүсийн хүүхдүүд гэж ярьдаг юм. Миний тухайд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /1-р хх-ийн 31-32 хуудас/,

Гэрч Б.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Ч.А-г урдаа гарга гэхээр нь би урдаа гаргах санаатай зөөлхөн явж байтал гэнэт хажуу талаас Ч.А мотоцикльтойгоо ирээд намайг мөргөөд мотоцикльтой хамт унагаасан. Миний араас жишүүдүү чиглэлтэй орж ирээд миний мотоциклийг мөргөсөн. Ч.А-н мотоциклийн урд дугуй миний зүүн хөлийн өвдөг орчимд мөргөсөн. Тэгээд бид хоёрын мотоцикль зүүн тийшээ хамт унасан. Бид хоёр мотоциклийн дунд хавчуулагдсан байдалтай унасан. Манай эхнэр Д.Д засмал дээр дээшээ хараад уначихсан. Ц засмал замын голын зураас хавьд дээшээ харсан байрлалтай газар хэвтэж байсан. Хоёр хүүхдийн нэг нь Д.Д-н дээр унасан байсан. Нөгөө хүүхэд нь хаана байсныг би анзаараагүй. Ч.А мотоциклийнхоо гарны орчимд сууж байсан. Ц газар хэвтэж байгаад босож ирсэн байсан. Тэгээд Ч.А Ц хоёр мотоциклтойгоо давхиад яваад өгсөн. Цагдаа нар ирэх үед Ч.А ослын газраас явчихсан байсан. Эхнэр бид хоёрыг явах гэтэл тэнд байсан хүмүүс явж болохгүй байж байсан нь дээр гээд байсан болохоор цагдаа иртэл хүлээгээд байж байсан. /1-р хх-ийн 33-35 хуудас/,

Насанд хүрээгүй гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тэр осол болох үед ээж манай аавын мотоциклийн ард сундалж явсан. Захаас зүүн тийшээ байдаг дэлгүүрийн хажуугийн засмал зам дээр явж байгаад аав хамт явсан хүнийхээ мотоциклийг мөргөөд унасан. Тэр үед ээж мотоциклиос унаад замын гол дунд ойчсон. Тэгээд дүү бид хоёр ээж дээр очоод дуудахад сэрэхгүй байсан. Тэр үед аав мотоциклио босгож тавьчихаад ээж дээр ирээд дуудахад ээж ухаан орсон. Мөн тэр үед нэг эгч ирж зогсоод машиндаа суулгах гэснээ согтуу хүн байна гээд машинаасаа буулгачихсан. Ээж ирээд аавын мотоциклийн ард дахиж суугаад цаашаа явсан. Тэгээд 4 дүгээр хорооны хуучин өрхийн эмнэлгийн тэр хавьд явж байгаад аав дахиад мотоцикльтойгоо унасан. Тэр үед ээж аавын ард явсан. Дүү бид хоёр араас нь явган алхаж явсан. Тэгэхэд ээж биеийнхээ хажуу хэсгээрээ газар унасан. Тэр үед ээж босож ирээд баруун гараа бариад байсан. Яг тэр үед аав ээжийг чи янхандаад явахгүй яасан юм бэ, хоёр хүүхдээ аваад зайл гээд өөрийнхөө өмсөж явсан цагаан өнгийн хамгаалах малгайгаараа ээжийн толгойн орой хавьд нэг удаа цохьсон. Ээж аавын өөдөөс харчихсан газар өвдөглөөд сууж байсан. Ээж хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Тэгэхэд ээжээс гайгүй юу гэхэд гайгүй ээ гээд байсан. Тэгтэл манай ээжийг таньдаг хүн нь гээд нэг эрэгтэй ах таараад тэр ах дүү бид хоёрыг О.Б эгчийн гэрт хүргэж өгсөн. Ээж маань засмал зам дээр ойчих үедээ нэг хэсэг ухаангүй байсан. Тэгээд босож ирэх үедээ хөл дээрээ тогтож чадахгүй унаад байсан. Тэр үед хамт явж байсан Ш гэх ах хажуугаас нь өргөж мотоцикль дээр нь мордуулсан. О.Б эгчид эгчийгээ ав гэж хэлээд О.Б эгч манай аав хоёр гарч яваад ээжийг дамжлаад ороод ирсэн. Тэр үед ээж унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Тэгээд түргэний эмч ирж үзсэн. Ээжийн чихнээс нь цус гараад байна гэхэд эмч ээжийг эмнэлэг рүү аваад явсан. Тэгээд тэр шөнөдөө ээж маань тархины хагалгаанд орсон. /1-р хх-ийн 39-40 хуудас/, 

Гэрч Т.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Тухайн эмэгтэй 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд БОЭТ-ийн хүлээн авах дээр ухаангүй, зүүн чихнээс нь цус гарсан, ямар ч хөдөлгөөнгүй байдалтай, шээс нь гарахгүйгээс хэвлий дүүрч цардайсан байдалтай ирсэн байсан. Тэгээд биеийн ерөнхий үзлэг хийгээд компьютер томографикт харуулахад зүүн чамархай дагзыг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураатай байсан. Эмийн эмчилгээ хийгдэж байсан. Тэгээд ар гэрийнхэнд нь биеийн байдлыг нь танилцуулаад яаралтайгаар хагалгаанд орсон. Хагалгаанд орж зүүн талын зулай чамархай хэсгийг хамарсан 6x6 см орчим хэмжээтэйгээр гавлын ясыг авахад нөжөрсөн хар хүрэн өнгийн цус гарсныг нь авсан. Нийт 150-200 миллитр орчим хэмжээний нөжирсөн цус гарсан. Компьютерийн зураг дээр харахад аалзавчийн доорх цус харвалт, баруун талын тархины эдийн цусархаг няцралттай байсан санагдаж байна. Мөн дагз чамархайг хамарсан ясны хугарал, хугарал нь цаашаа суурь руугаа орсон байсан зэрэг гэмтлүүдтэй байсан. Компьютерийн зураг болон сиди зэргийг дүү охинд нь өгсөн. Ер нь бол мотоцикльтой явж байгаад хүчтэй шидэгдэж унах үед нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Малгайгаар цохисон үед няцрал нь арай бага үүсэх байх. Л-н хувьд гэмтэл нь хүнд байсан. Тийм болохоор Л-н биед учирсан гэмтэл нь зам тээврийн ослын улмаас учирсан байх магадлал өндөртэй. Учир нь няцрал болон цусан хураа зэрэг нь хүнд хэлбэртэй илэрч байсан. Мотоциклиос шидэгдсний улмаас хүнд хэлбэрээр илэрсэн байх магадлалтай. /1-р хх-ийн 42-43 хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн Л-н толгойн компьютер томографийн шинжилгээгээр тархины дунд бүрдэл баруун тийш 1,2 см хазайсан, хажуугийн ховдлууд шахагдаж нарийссан, 3 дугаар ховдол дарагдсан харагдахгүй, 47 дүгээр ховдол нарийссан, субьрахнойд зай бүхий хэсгээр нарийссан, зүүн чамархай, дагзны хэсгээр 7,5х3,8х8,3 см хэмжээтэй эпидураль цус хуралт байна. Баруун дух чамархай хэсгийг хамарсан сактай, баруун суурийн хэсгээр 5,9х2,4х2,3 см цусархаг няцралтай, баруун дагзны хэсгээр 2,7х0,3х2,8 см субьдураль цус хуралт байна. Зүүн зулай хэсэгт тархины эдэд 0,5х0,3, 1,1х0,5 см хэмжээтэй цус хуралтууд байна. Зүүн чамархай дагзны хэсгийн зааг орчмоор босоо цууралтай, доош настойд сэртэн, чихний суваг дайрч суурийн хөндий хүрсэн хугаралтай, зүүн ухархайн ар, дотор хана нь бага зэрэг цөмөрсөн хугаралтай, зүүн хацар яс цөмөрч хугарсан, хамрын таславч S хэлбэрийн муруйсан, хамар цөмөрсөн хугаралтай, гавлын духны хөндий, баруун гайморийн хөндий, баруун мастойд сэртэнгийн агааржилт хэвийн. Гавлын суурийн хөндий, итмойд хөндий, зүүн гайморийн хөндий, зүүн мастойд хөндий, зүүн чихний сувагт цусархаг шингэнтэй. Зүүн чамархай, дагзны босоо цууралт нь 5 см урттай, цааш суурь хэсэг рүү үргэлжилсэн байдалтай байна. Баруун дагзны хэсэгт зөөлөн эдэд 2х0,8 см, зүүн дагз чамархай хэсэгт 5,8х1,2х5,5 см зөөлөн эдийн хаван, цус хуралт байна. Зүүн хацар, шанаа хэсгээр зөөлөн эдийн бага зэргийн хавантай байна. /1-р хх-ийн 48-49 хуудас/, 

Гэрч Г.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Л нь тархины гэмтлийн гаралтай цус харвалтын үлдэц, тархины үйлийн хямрал гэсэн оноштой эмчийн хяналтанд байгаа. Одоо ухаангүй орчиндоо харьцах чадваргүй, бусдын асаргаа сувилгаанд байгаа.Цаашид биеийн байдал хэвийн байдалд орох боломж бараг байхгүй. Ухаан орсон ч бусдын асаргаанд л байхаар байдалтай байгаа. Тархиндаа болон аалзан бүрхэвч доор их хэмжээний цус хуралттай байсан. Цус хуралт нь бүх төрлийн тархины гэмтлийн үед үүсгэгдэх боломжтой. /1-р хх-ийн 50-51 хуудас/, 

Гэрч А.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай аав архи уудаг, архи уусан үедээ ээжийг зодож нүддэг. Намайг эзгүй байж байгаад гэртээ нэг ирэхэд ээжийн гарыг заазуураар зүсэж гэмтээсэн байсан. Энэ асуудал болсон цаг хугацааг сайн мэдэхгүй байна. Архи уугаад ирэхээрээ л агсан согтуу тавьж, цохиж зоддог байсан. Гурван хүүхдээ аваад яв, зайл гээд ээжийг зоддог байсан. Би одоо яг тэдний өдөр тэгэж зодсон гэж цаг хугацаагаар нь нарийн хэлж мэдэхгүй байна. Энэ асуудлууд манай гэр буюу 11 дүгээр хороонд болдог байсан. Тэнд нүүж очихоос өмнө манайх 4 дүгээр хороонд байдаг байсан. Тэр үед ч гэсэн агсан сотгуу тавьж ээжийг цохиж зоддог байсан. Ганцхан ээжийг л цохиж зоддог байсан. Архи уусан үедээ агсан согтуу тавиагүй өдөр ховорхон байдаг байсан. Ер нь л агсан согтуу тавиад ээжийг зодож нүддэг байсан. Тухайн үедээ ээжийн биед хөхрөх хавдах зэрэг гэмтэл учирдаг байсан. Яг зодуулсан үедээ бол эмнэлгээр явж байгаагүй. Нуугаад өнгөрдөг байсан. /2-р хх-ийн 1-2 хуудас/,

Шинжээч Э.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 05 сарын 21-ний өдөр гаргасан №334 дугаартай дүгнэлтийн 5, 6-д хохирогч О.Л-н зүүн гарын бугалганы ар, доод хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, зүүн хөлийн гадна доод хэсэгт цайвар цагаан өнгийн сорви гэмтлийг үүсгэсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтэл авснаас хойш сорвижих эдгэх хугацааг тогтоох боломжгүй. Сорви гэдэг нь холбогч эдийн ургалтыг хэлэх бөгөөд тухайн сорви гэмтлийн хугацааг тогтоох боломжгүй. Сорви гэмтэл нь үүссэн цаг хугацаанаас үл хамааран цайвар өнгөөр тогтож эдгэсэн байдаг. Сорви гэмтэл гэдэг нь арьсны бүх давхаргыг хамарсан байдаг учраас сорви гэмтэл тогтдог. Тийм учраас шарх гэж үзэж болох бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.1-т зааснаар гэмтлийн хөнгөн гэмтэлд хамруулдаг. Гуя, гарын бугалганд үүссэн сорви нь тус тусдаа үүссэн гэдгийг тогтоох боломжгүй. /2-р хх-ийн 33 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ¹53 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Үзүүлэгч О.Л-н биед баруун дух зулай, чамархай хэсгийг хамарсан аалзан бүрхүүл доорхи цус харвалт, баруун чамархай суурийн хэсэгт тархины хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн чамархай, чамархай хэсэгт цусархаг няцрал, гавлын хөндийн цус дүүрэлт, хамар ясны цөмөрсөн хугарал, зүүн чамархай хэсгээс суурийн хөндий рүү цуурч хугарсан хугарал, зүүн чихний сувгийн цус дүүрэлт, толгойн зүүн хэсэгт мэс заслын шарх, зүүн хацрын төвгөр, зүүн гарын хурууны үе, алганы ар хэсэг, зүүн өвдөг, зүүн чамархай хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал зам тээврийн ослийн үед үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюул учруулах боломжтой. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /1-р хх-ийн 56 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ¹334 дугаартай /нэмэлт/ шинжээчийн дүгнэлтэнд:… Үзүүлэгчийн толгойн баруун зүүн хэсэгт үүссэн гэмтэл нь зам тээврийн ослийн үед үүсэх боломжтой гэмтэл бөгөөд дээрх гэмтлийг нарийвчлан тогтоох боломжгүй. Үзүүлэгчийн толгойн оройн хэсэгт цохигдсоноос үүссэн гэмтлийг зам тээврийн ослын үед үүссэн гэмтлээс ялгах боломжгүй. Үзүүлэгч О.Л-н цаашид амьдрах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Үзүүлэгч О.Л-н 2017 оны 11 сард нөхөртөө зодуулж хавирга гэмтэж байсан талаар эмнэлгийн бичиг баримт ирүүлээгүй байна. Зүүн гарын бугалганы ар доод хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, зүүн хөлийн гуяны гадна доод хэсэг цайвар цагаан өнгийн сорви гэмтэл тогтоогдлоо. Ахар сүүл, баруун зүүн хөлийн шагайн гадна ба дотор хэсэгт хэвтрийн цоорол бүхий хүрэн улаан өнгийн зулгаралттай байв. Дээрх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хамар ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь зам тээврийн осол болон цохигдох үед үүсэх боломжтой ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /1-р хх-ийн 62 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Түмэнбайлдагчийн осол дээр тогтоосон актанд:... 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн “*******” хүнсний дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан иргэн Ч.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а дахь заалт “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.2.а дахь заалт “Монгол улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2 дугаар бүлгийн 2.3.в дэх заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 2 дугаар бүлгийн 2.5.а дахь заалт “3ам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий л эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2 дугаар бүлгийн 2.5.б заалт “3ам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгуулагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврин хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газар буцаж ирнэ”-уудыг зөрчсөн.Мөн Кингстон маркийн улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан иргэн Б.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а дахь заалт “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.2.а дахь заалт “Монгол улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2 дугаар зүйлийн 2.3.в дэх заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”-уудыг тус тус зөрчсөн байна гэж актыг тогтоов. /1-р хх-ийн 10-12 хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 02 сарын 07-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлтэнд:… Гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн үзлэгийн тэмдэглэл, ослын схем зураг, фото зураг зэрэг хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас авч үзэхэд: Жолооч Ч.А нь замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн байна. Жолооч Ч.А нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а заалт “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтөй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2.а дахь заалт “3амын хөдөлгөөний тухай олон улсын конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”-ыг. Мөн Зам хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.в дахь заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”-ыг. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”-ыг. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.а дахь заалт “3ам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий л эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”-ыг, 2 дугаар бүлгийн 2.5.б дэх заалт “3ам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгуулагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврин хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газар буцаж ирэх”-ыг, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.в дэх заалт “3ам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”-ыг тус тус зөрчсөн байна. Жолооч Ч.А Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2.а дахь заалтыг зөрчсөн учраас осол болсон. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.5.а, 2.5.б, 2.5.в дэх заалтыг зөрчиж ослын газрыг орхиж явсан байна. Жолооч Б.П нь Замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн байна. Жолооч Б.П нь улсын дугааргүй Кингстон маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а заалт “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.1.а дахь заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”-ыг Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.в дэх заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”-ыг тус тус зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол болоход нөлөөлөхгүй зөрчлийн шинжтэй байна. /1-р хх-ийн 70 хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ¹66 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… Талийгаач О.Л-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр зүүн баруун дал, баруун зүүн ташаа, бүсэлхий нуруу, ахар сүүл, баруун өвдөг, баруун хөлийн шагайн өсгий, зүүн өвдөг, шагай хэсэгт хар хүрэн өнгийн тав тогтсон шархтай байв. Дээрх гэмтэл өөрчлөлт нь удаан хугацааны хэвтрийн үед үүсэх боломжтой. Талийгаач О.Л нь тархины гэмтлийн улмаас олон эрхтэн системийн дутагдалд орж нас баржээ. Хохирогчийн биед үүссэн тархины хүнд гэмтэл нь нас барахад нөлөөлсөн байх боломжтой. Талийгаач нь 2017 оны 11 дүгээр сард зодуулсан гэх ба хавирганы ясанд гэмтэл тогтоогдсонгүй. /2-р хх-ийн 4-6 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагааны хуудас, хохирлын баримтууд, шүүгдэгч Ч.А-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /1-р хх-ийн 5-9, 16-17, 20-21, 67-69, 94-96, 100-102, 106, 236-241 хуудас/,

Шүүгдэгч Ч.А-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 28 тоот тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаа, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /1-р хх-ийн 103, 105, 117, 2-р хх-ийн 12-13, 15 хуудас/,

Шүүгдэгч Ч.А-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 108 хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ч.А-г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А нь тухайн үед 1 шил Харзтай нэртэй архи 5-уулаа хувааж уусан гэж мэдүүлж байгаа, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Т-н мэдүүлгээр шүүгдэгч Ч.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх боловч Эрүүл мэнд, спортын сайд, хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 дугаартай Журам батлах тухай тушаалын хавсралт “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.4-т “Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж /Драгер 6810, 7510 цаашид “согтуурал шалгах багаж” гэх/ ашиглана.”, 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.А-н согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг дээр дурьдсан журмын хавсралтад зааснаар шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй, энэ талаархи нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй байна.

Мөн шүүгдэгч Ч.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй, эргэлзээтэй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.А нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “*******” хүнсний дэлгүүрийн зүүн талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.2.а “замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2.3.в “мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 9 дүгээр бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хохирогч О.Л-н амь нас хохирсон /хүнд гэмтлийн улмаас/ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-н манай эгч тухайн өдөр ухаангүй ирсэн. Эгчийг ирэхээс өмнө 2 хүүхэд нь түрүүлж манайд орж ирээд аав ээж 2 мотоциклиос унасан гэж хэлсэн. Удалгүй Ч.А манайд орж ирэхээр нь би эгч хаана байгаа юм бэ? гэхэд Ч.А эгч чинь гадаа байгаа гэсэн. Тэгээд Ч.А-д би цай хийж өгтөл уучихаад гарсан. Би дагаад гартал манай эгч ухаангүй хашааны үүдэнд хэвтэж байсан. Тэгээд эгчээ гээд дуудахад сэрэхгүй байхаар нь Ч.А бид хоёр эгчийг гэрт оруулаад хувцас нь шороо болсон байхаар нь цэвэрлэж байтал эгчийн чихнээс цус гараад байсан. Ч.А эмчид дуудлага өгье гэхээр нь би тэгвэл чи өөрөө эмчид дуудлага өг гээд Ч.А түргэн дуудуулсан. Тухайн үед эгч ухаангүй, хацар нь шалбарсан, хувцас нь шороо болсон байдалтай ирсэн гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-н 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай эгч Л нь 18 цаг 40 минутын үед Ч.А ахын хамт ирсэн. Манайд ирэх үедээ Л эгч ямар ч ухаангүй, толгой цээж хэсэг нь цус болчихсон байдалтай ирсэн. Эхлээд нөхөр нь манай гэрт орж ирэхээр нь би эгчийг сурахад хаачдаг юм, айлд л орох гэж байгаа биз гэж хэлсэн. Тэгээд Ч.А ахад цай хийж өгчихөөд халуун савтай цайгаа тавьчихаад эргээд харах хооронд Ч.А ах гэрээс гарахаар нь би араас нь гарсан. Тэгтэл манай эгч Л манай хашааны үүдэнд газар хэвтэж байхаар нь би очоод эгчээ босоочээ гэж дуудахад эгч маань ямар ч ухаангүй байдалтай, хурхираад унтаад байгаа юм шиг байхаар нь би нөхөр Ч.А-н хамт өргөж гэртээ оруулсан. Тэгээд 30-40 минут орчмын дараа нөхөр нь түргэн дуудъя гээд түргэн рүү залгаж ярьсан. Хаана яасан талаар нь асуухад мотоцикль дээрээс унасан гэж байсан. Дунд хүүхэд нь 4 дүгээр хорооны эмнэлгийн харалдаа мотоциклиос унасан гэж ярьж байсан. Гэрч Б.Т 2017 оны 12 дугаар сарын 30-ны орой 20 цаг 58 минутад 43 настай эмэгтэй ухаангүй, зүүн чихнээс нь цус гоожсон, хурхирсан, 2 чихний дээд тал чамархай хэсэгт хүрэнтэж хавдсан байдалтай хүргэгдэж ирсэн. Эмч нар үзэж шаардлагатай эмчилгээг хийж хагалгааны хэсэг рүү шилжүүлсэн. Биеийн байдал нь маш хүнд байсан. Нөхөр нь мотоцикльтой мөргөлдсөн гээд байсан. Гэрч Д.Д-н Б.П явган хүний замаар уруудаж явсан хүнтэй мэнд мэдэлцээд зогсож байтал гэнэт хажуугаас мотоцикльтой хүн мөргөөд тас хийгээд явчихсан. Тэр үед би мотоциклийн арын суудал дээр байж байгаад мөргөх үед хойшоо унасан. Миний зүүн хөл Ч.А-н мотоциклийн дугуйн доогуур нь орчихсон байсан. Ч.А-н эхнэр Ц мотоциклийн ард сундалсан явж байгаад мотоциклиосоо шидэгдээд замын гол хавьд ойчсон. Хамар юм уу, амнаас нь юм уу мэдэхгүй цус гоожсон байдалтай зам дээр хэвтэж байсан. Гэрч Б.П-н Ч.А миний араас жишүүдүү чиглэлтэй орж ирээд миний мотоциклийг мөргөсөн. Ч.А-н мотоциклийн урд дугуй миний зүүн хөлийн өвдөг орчимд мөргөсөн. Тэгээд бид хоёрын мотоцикль зүүн тийшээ хамт унасан. Ц засмал замын голын зураас хавьд дээшээ харсан байрлалтай газар хэвтэж байсан. Насанд хүрээгүй гэрч А.А-н тэр осол болох үед ээж манай аавын мотоциклийн ард сундалж явсан. Захаас зүүн тийшээ байдаг дэлгүүрийн хажуугийн засмал зам дээр явж байгаад аав хамт явсан хүнийхээ мотоциклийг мөргөөд унасан. Тэр үед ээж мотоциклиос унаад замын гол дунд ойчсон. Тэгээд дүү бид хоёр ээж дээр очоод дуудахад сэрэхгүй байсан. Тэр үед аав мотоциклио босгож тавьчихаад ээж дээр ирээд дуудахад ээж ухаан орсон. Ээж ирээд аавын мотоциклийн ард дахиж суугаад цаашаа явсан. Тэгээд 4 дүгээр хорооны хуучин өрхийн эмнэлгийн тэр хавьд явж байгаад аав дахиад мотоцикльтойгоо унасан. Тэр үед ээж унтаж байгаа юм шиг хурхираад байсан. Ээжийн чихнээс нь цус гарч байсан. Гэрч Т.Б тухайн эмэгтэй ухаангүй, зүүн чихнээс нь цус гарсан, ямар ч хөдөлгөөнгүй байдалтай, шээс нь гарахгүйгээс хэвлий дүүрч цардайсан байдалтай ирсэн байсан. Тэгээд биеийн ерөнхий үзлэг хийгээд компьютер томографикт харуулахад зүүн чамархай дагзыг хамарсан хатуу хальсан дээрх цусан хураатай байсан. Тэгээд ар гэрийнхэнд нь биеийн байдлыг нь танилцуулаад яаралтайгаар хагалгаанд орсон. Хагалгаанд орж зүүн талын зулай чамархай хэсгийг хамарсан 6x6 см орчим хэмжээтэйгээр гавлын ясыг авахад нөжөрсөн хар хүрэн өнгийн цус гарсныг нь авсан. Нийт 150-200 миллитр орчим хэмжээний нөжирсөн цус гарсан. Дагз чамархайг хамарсан ясны хугарал, хугарал нь цаашаа суурь руугаа орсон байсан зэрэг гэмтлүүдтэй байсан. Мотоцикльтой явж байгаад хүчтэй шидэгдэж унах үед нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Л-н хувьд гэмтэл нь хүнд байсан. Тийм болохоор Л-н биед учирсан гэмтэл нь зам тээврийн ослын улмаас учирсан байх магадлал өндөртэй. Учир нь няцрал болон цусан хураа зэрэг нь хүнд хэлбэртэй илэрч байсан. Мотоциклиос шидэгдсний улмаас хүнд хэлбэрээр илэрсэн байх магадлалтай. Гэрч Д.Б-н Л-н толгойн компьютер томографийн шинжилгээгээр тархины дунд бүрдэл баруун тийш 1,2 см хазайсан, хажуугийн ховдлууд шахагдаж нарийссан, 3 дугаар ховдол дарагдсан харагдахгүй, 47 дүгээр ховдол нарийссан, субьрахнойд зай бүхий хэсгээр нарийссан, зүүн чамархай, дагзны хэсгээр 7,5х3,8х8,3 см хэмжээтэй эпидураль цус хуралт байна. Баруун дух чамархай хэсгийг хамарсан сактай, баруун суурийн хэсгээр 5,9х2,4х2,3 см цусархаг няцралтай, баруун дагзны хэсгээр 2,7х0,3х2,8 см субьдураль цус хуралт байна. Зүүн зулай хэсэгт тархины эдэд 0,5х0,3, 1,1х0,5 см хэмжээтэй цус хуралтууд байна. Зүүн чамархай дагзны хэсгийн зааг орчмоор босоо цууралтай, доош настойд сэртэн, чихний суваг дайрч суурийн хөндий хүрсэн хугаралтай, зүүн ухархайн ар, дотор хана нь бага зэрэг цөмөрсөн хугаралтай, зүүн хацар яс цөмөрч хугарсан, хамрын таславч S хэлбэрийн муруйсан, хамар цөмөрсөн хугаралтай, гавлын духны хөндий, баруун гайморийн хөндий, баруун мастойд сэртэнгийн агааржилт хэвийн. Гавлын суурийн хөндий, итмойд хөндий, зүүн гайморийн хөндий, зүүн мастойд хөндий, зүүн чихний сувагт цусархаг шингэнтэй. Зүүн чамархай, дагзны босоо цууралт нь 5 см урттай, цааш суурь хэсэг рүү үргэлжилсэн байдалтай байна. Баруун дагзны хэсэгт зөөлөн эдэд 2х0,8 см, зүүн дагз чамархай хэсэгт 5,8х1,2х5,5 см зөөлөн эдийн хаван, цус хуралт байна. Зүүн хацар, шанаа хэсгээр зөөлөн эдийн бага зэргийн хавантай байна. Гэрч Г.Ц-н Л нь тархины гэмтлийн гаралтай цус харвалтын үлдэц, тархины үйлийн хямрал гэсэн оноштой эмчийн хяналтанд байгаа. Одоо ухаангүй орчиндоо харьцах чадваргүй, бусдын асаргаа сувилгаанд байгаа. Тархиндаа болон аалзан бүрхэвч доор их хэмжээний цус хуралттай байсан. Шинжээч Э.Хүрэлсүхийн 2018 оны 05 сарын 21-ний өдөр гаргасан №334 дугаартай дүгнэлтийн 5, 6-д хохирогчийн зүүн гарын бугалганы ар, доод хэсэг, зүүн гарын шууны гадна доод хэсэг, зүүн хөлийн гадна доод хэсэгт цайвар цагаан өнгийн сорви гэмтлийг үүсгэсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ¹53, 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ¹66 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ¹334 дугаартай /нэмэлт/ шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2018 оны 02 сарын 07-ны өдрийн техникийн шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол дээр тогтоосон акт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн системийн жолоочийн лавлагааны хуудас, хохирлын баримтууд, шүүгдэгч Ч.А-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тодорхой хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.А-д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Буянжаргал нь шүүгдэгч Ч.А-с нийт 5096126 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч арилжааны банкны зээл гэх 3107800 төгрөгийн нэхэмжлэл нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол биш байх тул хэрэгсэхгүй болгож, оршуулгын болон эмчилгээний зардал болох нийт 1988326 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 500000 төгрөгийг хасч, үлдэх 1488326 төгрөгийг шүүгдэгч Ч.А-с гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-д олгож, 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-с шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинээр гаргасан хохирлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангаагүй /үнийн дүн тодорхой бус/ баримтуудыг шүүх үнэлэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь уг хохирлоо нотлох баримтын шаардлага хангаж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.А-д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, 

Шүүгдэгч Ч.А-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Ч.А-д оногдуулсан тодорхой хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж,

Шүүгдэгч Ч.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг,

Мөн шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-д 500000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэсэн болохыг,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг шүүгдэгч Ч.А буцаан олгож, DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч ******* овогт Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.Шүүгдэгч ******* овогт Ч.А-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ч.А-д оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Ч.А-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, мөн шүүгдэгч Ч.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирол төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-д 500000 төгрөг төлсөн, шүүгдэгч нь учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдолтой гэсэн болохыг тус тус дурьдсугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-н нэхэмжлэлээс 3107800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж /хэлэлцэхгүй орхисон/ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүгдэгч Ч.А-с оршуулгын болон эмчилгээний зардал болох 1488326 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-д олгосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклийг шүүгдэгч Ч.Адъяасүрэнд буцаан олгож, DVD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал уг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.