| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/0193/Э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганцэцэг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 205
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Д.Ганцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Алдар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Галбадрах,
Шүүгдэгч: Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Т-д холбогдох 1826002850183 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт Э.Т
Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 05 дугаар сарын 01-ээс 06-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын Эмт 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 13 дугаар гудамжны 06 тоотод оршин суух иргэн С.Э-н гэрт түр амьдарч байх үедээ эд хөрөнгө хадгалах зориулалттай модон авдарт нууц, сэм аргаар нэвтэрч шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын хаш хөөргийг хулгайлж 7000000 /Долоон сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2018 оны 01 дүгээр сараас тухайн айлд мал малласан. Өөрөө байнга аймаг явчихдаг байсан. Тэгээд 2018 оны 04 дүгээр сард миний бие өвдсөн. Би өөрөө унаж татдаг өвчтэй. Тэгтэл намайг худлаа өвдөөд байгаа юм уу? гээд загнаад байсан. Тэгээд орой нь өөрөө аймаг явчихаад 3 хоноод ирсэн. Тэгээд ямаа самнана гэхээр нь ямааг нь самнаж байгаад тугалаа хаших гэтэл хоолоо идчихээд бол гэсэн. Тэгээд хоолоо идчихээд гараад иртэл нэг бяруу усанд ороод үхсэн байсан. Тэгтэл намайг алчихлаа гээд янз бүрээр хэлээд доромжлоод байхаар нь би маргааш нь замын унаанд суугаад явсан. Урьд нь С.Э ахын эхнэр нь авдарныхаа түлхүүрийг олдоггүй. Дотроос нь сахар авах гэсэн юм гэхээр нь би цоожийг нь алхаар цохиж онгойлгож өгч байсан. Тэр үед дотор нь хөөрөг байгааг мэдсэн. Хөдөлмөрийн хөлсөө авъя гэж бодоод хөөргийг нь авсан. Хохирогчид хохирол төлбөрт 4000000 төгрөг төлсөн. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байна. Миний буруу гэв.
Хохирогч С.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай эхнэр О авдраа уудалж үзэхэд авдрын зүүн талын буланд жижиг цаасан хайрцаг дотор байдаг байсан шүрэн толгойтой хаш хөөрөг байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн. Би сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр айлын хүн болох Э гэх хүнд тамхилчихаад хойд талын модон авдарт хийж авдраа хятад жижиг хар өнгийн цоожоор цоожилсон. Манайд миний төрсөн ахын хүү Э.Т 01 дүгээр сарын эхээр ирж мал маллаж байсан ба 05 дугаар сард Улаанбаатар хот руу гэр рүүгээ явсан. Тэр залуугийн хойноос Улаанбаатар хот руу 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цагдаагийн хамт очиход Э.Т нь миний хөөргийг авсан гэдгээ хүлээж би хөөрөгнийхөө бөгсөн хэсгийг олж авсан. Миний хөөрөгний алтан нуухтай, ясан халбагатай шүрэн толгойг нь зарсан байсан. Би тэр хөөргийг 2010 онд нутгийнхаа Т гэх хүнээс бэлэн мөнгө болон мал оролцуулан 13000000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хуучны 20 мөнгөн дээр таардаг хэмжээтэй хуучны шүрэн толгой байсан. Нуух халбагыг нь 200000 төгрөгөөр хийлгэж байсан. Хөөрөгний гол үнэ нь толгойндоо байдаг. Миний хөөрөгний бөгсийг нь жорлонд хийсэн байсан ба өнгө нь бүдэг хуучин өнгөгүй болсон байсан. /хх-ийн 14-16 хуудас/,
Гэрч Ц.С-д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Манай гэр 2010 онд Улаанбаатар хот руу нүүсэн. Э.Т нь эхээс 4-үүлээ. Дээрээ 2 ахтай доороо 1 дүүтэй. Э.Т нь 7 дугаар анги хүртлээ Улаанбаатар хотод нөхөр бид хоёртой цуг амьдарч байсан. Тэгээд 2010 онд нөхөр бид хоёрыг салахад Э.Т Өвөрхангай аймгийн ******* суманд байх эмээ буюу манай ээж Ц-тэй хамт амьдрах болсон. Улаанбаатар хот руу хааяа л очдог байсан. Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар сургуулийн 12 дугаар ангийг 2016 онд төгсөж Их засаг их сургуулийн эрх зүйн ангид элсэж орсон боловч төлбөрийн чадваргүйн улмаас сурч чадаагүй. Тэгээд 2017 оны намар Өвөрхангай аймгийн МСҮТ-д элсэн орж 1 жилийн хугацаатай суралцаад хүнд машин механизмын операторын ангийг төгссөн. Энэ оны хавар 6 дугаар сард сургуулиа төгссөн. Сурч байх хугацаанд нь Э.Т-н аавынх нь дүү болох С.Э манай малыг маллалцаад өгөөч, жолооны ангиллыг чинь ахиулж өгнө гэж байна гээд над руу Э.Т ярихаар нь би тэгвэл тэгэхгүй юу, ээж нь мөд жолооных нь ангиллыг ахиулж өгч чадахгүй байх гэж хэлсэн. Тэгээд Э.Т С.Э-н малыг 2018 оны 01 дүгээр сарын дундаас эхэлж малласан байх. С.Э-н малыг маллалцаж байх хугацаанд Э.Т хот руу очоогүй. Би цагаан сараар ирээд Э.Т-тай уулзсан. Намайг ирэхэд Э.Т С.Э-н малыг маллаж байсан. Э.Т 2018 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна. Өдрийг нь санахгүй байна. Улаанбаатар хотод ганцаараа очсон. Хотод ирсэн өдрөө аав Э дээрээ очсон байсан. Тэнд 1-2 хоночихоод манайд ирсэн. Би гэртээ ганцаараа манай нөхөр Э тусдаа амьдардаг. Тэгээд Э.Т манайд ирээд 2-3 хоночихоод буцаад аав руугаа явсан. Манай гэрт Э.Т ирээд шалгалт болоогүй байна. С.Э ахтай муудалцаад ирлээ. Малыг нь үхэхээр төл гээд загнаад, бие өвдөөд байхад тэгвэл зайл гээд хөөгөөд байна гэж хэлсэн. Өмнө ч гэсэн утсаар ярихад энэ тухай яриад аймгийн төвд С.Э ахын гэрт нь ирчихсэн байна гэж хэлж байсан. Намайг мөнгө төгрөг өгсөн үү? гэж асуухад мөнгө өгөөгүй гэхээр нь яахаараа хүүхдийн хөдөлмөр шулдаг юм бэ? гэж утсаар загная гэхэд Э.Т яах юм бэ, хэрэггүй гээд байсан. Тэгээд Э.Т-г Улаанбаатарт ирснээс хойш нэлээн хэд хоногийн дараа 400000 төгрөгийг Э.Т-н дансанд хийсэн байна гэж байсан. Тэгээд Улаанбаатар хотод хэд хонож байхад нь ирж шалгалтаа өг гэсэн гээд Э.Т шалгалтаа өгөхөөр Өвөрхангай аймаг руу явсан. Э.Т-г явсны дараа би 2018 оны 06 дугаар сарын 10-ны орчим Өвөрхангай аймагт очоод тэр өдөртөө Улаанбаатар хот руу буцсан. Э.Т шалгалтаа өгчихөөд 2018 оны 06 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод ирээд манайхаар ирж 2-3 хоночихоод аавындаа очоод байж байтал цагдаа нар ирээд аваад явсан. Би гайхаад юу болсон талаар асуухад С.Э-н хөөргийг хулгайлсан талаар хэлээд манай хашаанд байх модон жорлонд хөөрөгний бөгсийг нь хаясан гэнэ гээд ухаад байсан. Тэгээд жорлонгоос хөөрөгний бөгсийг нь олоод аваад явсан. Э.Т хөөрөгний талаар манайхаар ирж очиж байхдаа ямар нэгэн зүйл надад хэлээгүй. Миний хүү Э.Т хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, жаахан шударгадуу хүүхэд. Багаасаа л хурдан морь унаж наадам хэсээд л явдаг байсан. Одоо болохоор хаана ажил байна тэнд ажил хийгээд л явж байдаг. Архи дарс уудаггүй. Ганцхан тамхи л татдаг. Хүнд их тусархуу, цагаан зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. /хх-ийн 28-29 хуудас/,
Гэрч О.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 05 дугаар сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. Миний утас руу залгаж ярьж шүр байна авах уу? гэсэн. Ямар дугаараас залгасныг нь санахгүй байна. Ямар ч байсан залуухан эрэгтэй хүн байсан ба гэртээ байна үзье гээд хаягаа зааж өгөөд тэр хүмүүс манай байртай ойролцоо ирсэн. Би гарч очиход цэнхэр өнгийн Приүс маркийн машинтай төстэй жижиг машинтай 2 залуу байсан. Жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан туранхай шар залуу машины урд хайрцагнаас шүрэн толгойтой алтан нуухтай, ногоон туяатай дунд гарын хаш хөөрөг үзүүлсэн. Хөөргийг үзэхэд толгой нь цуурч зураас гарсан байсан. Би ямар үнэтэй вэ? Хаанахын гаралтай хөөрөг вэ? гэхэд манай аавын хөөрөг бөгөөд аав нас барсан. Надад үлдсэн энэ хөөргийг би зарж машин авах гэж байгаа. Би Өвөрхангайн хүн. Хөөрөгөө таван сая төгрөгөөр зарна гэсэн. Би зарах гээд хотын бүх авдаг хүмүүсээс асуугаад зарж чадсангүй гэсэн. Би урт цагааны лангуун дээр суудаг. Эхнэрээсээ асуухад 2 залуу зарах гээд 2-3 өдөр дараалан яваад байсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би аавын чинь хөөрөг юм бол би толгойг нь авъя, чи бөгсөнд нь толгой тавьж өөрөө барь гээд толгойг нь 2000000 төгрөгөөр авъя гэхэд тэгье гэсэн. Би мөнгийг нь гар утаснаасаа данс руу нь хийсэн. /хх-ийн 30-32 хуудас/,
Гэрч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би арван настай охин Н-н хамт С.Э-н хөдөө гэрт нь цуг мал малладаг. Энэ өвөл буюу 2018 оны 01 дүгээр сард С.Э-н ахынх нь хүүхэд болох Э.Т бид нартай хамт мал маллахаар очсон. Би Э.Т-г өмнө нь таньдаг байсан. Э.Т бид нартай мал маллалцаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр аймгийн төв рүү яваад буцаж ирээгүй. С.Э-н хөөрөгийг Э.Т хулгайлсан талаар би С.Э-н эхнэр О-с сонссон. Хөөрөг нь авдран дотор байдаг байсан. Хэзээ алдсаныг нь би мэдэхгүй байна. 2018 оны хавар 4 дүгээр сард байсан шиг санагдаж байна. Тухайн үед С.Э-н хөдөө гэрт Э.Т бид хоёр байсан. Тэгээд хурга угжих гэхэд элсэн чихэр байдаг авдар цоожтой, авдрын түлхүүр нь олдоогүй. Тэгэхээр нь би авдрын түлхүүрийг дотор нь хийгээд цоожилчихсон юм болов уу гээд Э.Т алхаар цоожийг нь цохиулж авдрын цоожийг нь онгойлгуулсан. Тэгээд авдрыг онгойлгоход дотор нь түлхүүр нь байсан. Авдрыг БНХАУ-д үйлдвэрлэсэн жижиг цоожоор цоожилдог байсан. Түлхүүр нь ил л байдаг байсан. Уг авдар нь хөдөө байж байгаад цасны ус орчихно гээд аймгийн төв рүү 2018 оны 04 дүгээр сард л авчирсан байх. С.Э-н авдрыг хөдөө байдаг байхад С.Э-н хөөрөг дотор нь байдаг байсан. С.Э хүмүүс гэрт нь орж ирэхээр хөөрөгөө гаргаж ирээд тамхилдаг байсан. Э.Т-г цоож цохиж эвдэлсний дараа түлхүүрээр нь цоожийг нь онгойлгоход онгойж байсан. Нэг үхэр шаварт унаад үхсэн. Тэгтэл С.Э уурлаад Э.Т-г мал харж байхгүй яасан юм бэ? гэсэн. Хөөсөн асуудал байхгүй. /хх-ийн 34-35 хуудас/,
Гэрч Т.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Э.Т нь манай нөхөр С.Э-н төрсөн ахынх нь хүүхэд бөгөөд хөдөө гэрт мал маллахаар 2017 оны 12 дугаар сарын сүүлээр ирсэн санагдаад байна. Шинэ жилээс өмнө л ирсэн байх. Манайх Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг “Навтгар” гэх газарт нутаглаж байсан. Э.Т нь манай нөхөр С.Э, миний төрсөн эгч Д, нөхрийн эгч Ц нартай хамт манай малыг маллаж байсан. Манай нөхөр С.Э-н эгч Ц нь хэлгүй хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Манай хөдөө гэрт 2018 оны 04 дүгээр cap хүртэл Э.Т нь мал малласан. Тэгээд манай хөдөө гэрт мал маллаж байгаад манай нөхөр С.Э-тэй маргасан юм шиг байна лээ. Нэг өдөр манай хөдөө гэрээс мал маллахаа болилоо. С.Э ах аашлаад байна гээд хүрээд ирсэн. 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр 2018 оны 05 дугаар сарын эхээр байсан байх өдрийг нь сайн санахгүй байна. Э.Т нь аймгийн төвд ******* сумын 2 дугаар баг 13-06 тоотод байрлах манай гэрт байж байгаад Улаанбаатар хот руу явлаа гээд явсан. Манай нөхөр С.Э-н хөөрөг байсан авдар манай хөдөө гэрт байсан. Тэгээд шар усны үер орчихно гээд аймгийн төвд ******* сумын 2 дугаар баг 13-06 тоотод байрлах гэрт авчирсан байсан. Хөдөөнөөс авчирсан авдарнаас нөхөр С.Э-н хөөрөг алдагдсан байсан. Хэдийд алдагдсан гэдгийг мэдэхгүй байна. Хамгийн сүүлд манай нөхөр С.Э цагаан сараар өөрийнхөө хөөргийг барьж шинэлсэн. Тэрнээс хойш хараагүй, анзаараагүй. Уг авдрыг хөдөө байхад нь хөөрөг нь алдагдсан юм уу, аймгийн төвд авчирсан хойно хөөрөг нь алдагдсан юм уу мэдэхгүй байна. Зун 2018 оны 06 дугаар сарын 20-ны орчимд манай охин Б аймгийн төвийн гэрт байх авдарнаас хөөрөгний алчуур авч зүүе гээд авдар онгойлгоод үзэхэд хөөрөг нь боосон алчууртайгаа байхгүй байсан. Тэгж л хөөрөг алдагдсан байна гэдгийг мэдсэн. Тэр хөөргийг Түмэнжаргал гэх хүнээс 13 сая төгрөгөөр худалдан авч байсан. Хөдөө гэрт авдар байхад түлхүүр нь ил л байдаг байсан. Аймгийн төвд авдар авчирсан хойно би түлхүүрээ шкафны түгжээтэй татуурганд хийж цоожлоод түлхүүрийг нь биедээ авч явдаг байсан. /хх-ийн 36-37 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ий 2018 оны 07 дугаар сарын 29, 30-ны өдрүүдийн 07/48 дугаартай үнэлгээний тайлангууд, хохирогчид хохирол төлсөн баримтууд, шүүгдэгч Э.Т-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 4-7, 10, 39-42, 44-47, 54, 57-58, 79-80 хуудас/,
Шүүгдэгч Э.Т-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 105 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 60-61 хуудас/,
Шүүгдэгч Э.Т-н урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Т-н хохирогч С.Э-н гэрт байх авдарнаас түүний өмчлөлийн хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байгаа үйлдлийг Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хохирогч С.Э-н гэрт байх авдрыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “...тусгайлан хамгаалсан агуулах...” гэж үзэхэд эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Э.Т-т хохирогч С.Э-н гэрт байх эд хөрөнгө хадгалах зориулалттай модон авдарт нууц, сэм аргаар нэвтэрч шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын хаш хөөргийг хулгайлсан гэж /яллах дүгнэлтэнд бичигдсэн/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Т нь 2018 оны 05 дугаар сарын 01-06-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 2 дугаар баг 13-06 тоотод оршин суух хохирогч С.Э-н гэрт түр амьдарч байхдаа түүний өмчлөлийн шүрэн толгойтой алтан нуухтай, дунд гарын хаш хөөргийг хулгайлж, хохирогч С.Э-д 7000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.Э-н 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай эхнэр О авдраа уудалж үзэхэд авдрын зүүн талын буланд жижиг цаасан хайрцаг дотор байдаг байсан шүрэн толгойтой хаш хөөрөг байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн. Манайд миний төрсөн ахын хүү Э.Т 01 дүгээр сарын эхээр ирж мал маллаж байсан ба 05 дугаар сард Улаанбаатар хот руу гэр рүүгээ явсан. Тэр залуугийн хойноос Улаанбаатар хот руу 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр цагдаагийн хамт очиход Э.Т нь миний хөөргийг авсан гэдгээ хүлээж би хөөрөгнийхөө бөгсөн хэсгийг олж авсан. Миний хөөрөгний алтан нуухтай, ясан халбагатай шүрэн толгойг нь зарсан байсан. Гэрч Ц.С-н Э.Т 2018 оны 06 дугаар сарын дундуур Улаанбаатар хотод ирээд манайхаар ирж 2-3 хоночихоод аавындаа очоод байж байтал цагдаа нар ирээд аваад явсан. Би гайхаад юу болсон талаар асуухад С.Э-н хөөргийг хулгайлсан талаар хэлээд манай хашаанд байх модон жорлонд хөөрөгний бөгсийг нь хаясан гэнэ гээд ухаад байсан. Тэгээд жорлонгоос хөөрөгний бөгсийг нь олоод аваад явсан. Гэрч О.Э-н 2018 оны 05 дугаар сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. Жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан туранхай шар залуу машины урд хайрцагнаас шүрэн толгойтой алтан нуухтай, ногоон туяатай дунд гарын хаш хөөрөг үзүүлсэн. Би толгойг нь авъя, чи бөгсөнд нь толгой тавьж өөрөө барь гээд толгойг нь 2000000 төгрөгөөр авъя гэхэд тэгье гэсэн. Би мөнгийг нь гар утаснаасаа данс руу нь хийсэн. Гэрч Т.Д-н Э.Т бид нартай мал маллалцаж байгаад 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр аймгийн төв рүү яваад буцаж ирээгүй. С.Э-н хөөрөгийг Э.Т хулгайлсан талаар би С.Э-н эхнэр О-с сонссон. Гэрч Т.О-н Э.Т 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр 2018 оны 05 дугаар сарын эхээр байсан байх өдрийг нь сайн санахгүй байна. Э.Т нь аймгийн төвд ******* сумын 2 дугаар баг 13-06 тоотод байрлах манай гэрт байж байгаад Улаанбаатар хот руу явлаа гээд явсан. Манай нөхөр С.Э-н хөөрөг байсан авдар манай хөдөө гэрт байсан. Хөдөөнөөс авчирсан авдарнаас нөхөр С.Э-н хөөрөг алдагдсан байсан гэх мэдүүлгүүд, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС ХХК”-ий 2018 оны 07 дугаар сарын 29, 30-ны өдрүүдийн 07/48 дугаартай үнэлгээний тайлангууд, хохирогчид хохирол төлсөн баримтууд, шүүгдэгч Э.Т-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Т-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Т-т оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж,
Шүүгдэгч Э.Т-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өндөр нь 7 см, амсрын диаметр 2.9 см, суурийн харьцаа 4.2х2.3 см хэмжээтэй цагаан шаргал өнгийн толгойгүй хөөрөг 1 ширхэгийг хохирогч С.Э-д буцааж олгож,
Шүүгдэгч Э.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг,
Мөн шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч С.Э-д хохирол төлбөрт 4000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч ******* овогт Э-н Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч ******* овогт Э-н Т-г бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Төмөрбаатарт оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Т-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өндөр нь 7 см, амсрын диаметр 2.9 см, суурийн харьцаа 4.2х2.3 см хэмжээтэй цагаан шаргал өнгийн толгойгүй хөөрөг 1 ширхэгийг хохирогч С.Э-д буцааж олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар хорих ял оногдуулах болохыг, мөн шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч С.Э-д хохирол төлбөрт 4000000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.