| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2018/0194/Э |
| Дугаар | 206 |
| Огноо | 2018-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Энхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 206
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж,
Улсын яллагч: Ч.Энхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Галбадрах,
Шүүгдэгч: С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн С.Б-д холбогдох 1826000000196 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1/08 дугаар шийтгэх тогтоолоор 1992 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, ******* овог С.Б
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн төрсөн дүү С.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Хохирогч С.У нь миний төрсөн дүү бөгөөд 2001 он хүртэл хамт амьдарсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч С.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд гэртээ байж байгаад хөдөө явж хоолтой болох санаатай төрсөн ах Д ах руу залгахад утас нь холбогдохгүй байхаар нь дараагийн ах болох С.Б-рүү залгаад Д axыг байна уу? гэж асуухад С.Б-д ах халамцуу юм уучихсан бололтой мэдэхгүй тийм хүн танихгүй шүү дээ гээд 2, 3 удаа хэлэхээр нь би утсаа салгачихсан. Тэгтэл над руу эргээд дохихоор нь би буруу зөрүү ойлгочихсон юм болов уу гэж бодоод буцаагаад залгаад би нэрээ хэлэхэд намайг чи хэн юм бэ? би чамайг танихгүй шүү дээ гэхээр нь юу гэсэн үг юм бэ? юу яриад байгаа юм бэ? танихгүй байхдаа яадаг юм бэ? гээд би жоохон уурлаж хэлсэн. Тэгтэл өөдөөс уурлаад чиний яаж явах хамаагүй. Чамайг ямар би тэр хөгшин хүнтэй чинь суулгачихсан биш. Чи ахыгаа гэж боддоггүй, бас өнгөрсөн ээжийн нэр гаргаад, эхтэйгээ чи нийлж зовоож байсан гээд байхаар нь би өмнөөс нь өнгөрсөн ээжийгээ өмөөрөөд хэдэн үг хэлчихсэн. Тэгээд хэрэлдэж байтал чамайг ална шүү. Байгаа газар чинь очиж ална гээд утсаа салгасан. Түд удалгүй гэрийн гадна давхиж ирээд шууд гэрт орж ирээд үснээс зулгаагаад зодсон. Мөн орон дээр дарж аваад цохиж аваад газраас сандал авч сандлаар цохихоор нь би гараараа хаагаад байсан. Нуруу хэсэг рүү мөн цохиод байсан. Сүүлдээ би одоо болъё, гурван хүүхдээ бодож байна гэхэд тоохгүй ахиж барьж авч сандлаар зодоод үснээс зулгаагаад байсан. Арай хийж нэг үс тавихаар нь гарч зугтаагаад хажуу хашааны айлын утсаар цагдаад дуудлага өгсөн. Би төрсөн ахдаа зодуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 6, 9-10 хуудас/,
Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... С.Б нь даруу уг дуу цөөтэй, олонтой эвсэг. Гэр бүлтэй байж байгаад 2011 онд гэрлэлтээ цуцлуулсан. Хоёр охинтой байсан. С.Б нь миний ажилд тусалж манай хашаанд тусдаа гэрт ганцаараа амьдардаг. Архи нэлээн уудаг байсан. Сүүлийн үед архи уух нь багасаж байгаа. Хагас таван ханатай гэртэй. Өөр эд хөрөнгө болон мал байхгүй. Цэргийн алба хааж байгаагүй. Өвөрхангай аймгийн Тарагт суманд 3 дугаар анги хүртлээ сураад сургуулиас гарсан. /хх-ийн 18 хуудас/,
Гэрч Ш.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... С.Б нь хүүхэд байхдаа элдэв янзын зангүй хүүхэд байсан. Өвөрхангай аймгийн Тарагт суманд 3 дугаар анги хүртлээ сураад сургуулиас гарсан. Аймгийн төвд Д ахынхаа барааг зарж хашаанд нь амьдардаг. /хх-ийн 19 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №495 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... С.У-н биед зүүн гарын бугалга, шуу, зүүн дал, багана нуруу, баруун гарын бугалга, алганы ар хэсэг, баруун хөлийн шилбэ хэсэгт цус хуралт, баруун гарын 4 дүгээр хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 13 хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №925 тоот албан бичиг, шүүгдэгч С.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүхийн мэдэгдэх хуудас /хх-ийн 21, 23, 35 хуудас/,
Шүүгдэгч С.Б-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №38 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 26, 29 хуудас/,
Шүүгдэгч С.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч С.Батболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч С.Б, хохирогч С.У нар нь төрсөн ах дүү болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа хэдий ч шүүгдэгч С.Батболдыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дүү С.У-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч С.Б, хохирогч ******* нар нь хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн маргалдсаны улмаас дүү С.У-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар баг Гэндэнгийн гудамжны 1-01 тоотод хохирогч С.У-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б-н үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч С.У-н 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр С.Б гэрт орж ирээд үснээс зулгаагаад зодсон. Мөн орон дээр дарж аваад цохиж аваад газраас сандал авч сандлаар цохихоор нь би гараараа хаагаад байсан. Нуруу хэсэг рүү мөн цохиод байсан гэх мэдүүлэг, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №495 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн №925 тоот албан бичиг, шүүгдэгч С.Б-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Б-д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх онцгой нөхцөл байдлыг болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулсан болно.
Шүүгдэгч С.Б-д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,
Мөн шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч ******* овог С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.Шүүгдэгч ******* овог С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг, мөн шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.