Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00423

 

 

 

Е- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/04229 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Е- ХХК-ийн хариуцагч Х- ХХК, Н- нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 182,637,364 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбаяр, түүний өмгөөлөгч Д.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Е- ХХК нь Х- ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Е- ХХК нь гэрээний дагуу Х- ХХК-д шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүн (автобинзен АИ 92, дизель түлш)-ийг худалдах, Х- ХХК бүтээгдэхүүн худалдан авсны төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөхөөр тохиролцсон. Гэрээний 2.4-т Талууд тухайн сар бүр нийлүүлэх бүтээгдэхүүний төрөл, хэмжээ, нийлүүлэх үнийг энэхүү гэрээний салшгүй баримт гэрээний хавсралт №1-т тодорхойлж байгуулна гэж заасан. Е- ХХК нь Х- ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр нэмэлт гэрээ №2 байгуулж мөн оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 51,140 литр дизель түлшийг 1 литрыг 2,930 төгрөг, нийт 149,840,200 төгрөгөөр, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нэмэлт гэрээ №3 байгуулж тухайн өдрөө 25,500 литр дизель түлшийг литр тутмыг 3,150 төгрөг, нийт 80,325,000 төгрөгөөр тус нийлүүлж, худалдан борлуулсан. Х- ХХК нь нэмэлт гэрээ №2-ын 2.1-д заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нийлүүлэгдсэн 51,140 литр дизель түлшний төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн төлөхөөс 82,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 67,840,200 төгрөгийг төлөөгүй. Мөн нэмэлт гэрээ №3-ын 2.1-д заасны дагуу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нийлүүлэгдсэн 25,500 литр дизель түлшний төлбөрийг мөн оны 05 дугаар сарын 20-ны дотор бүрэн төлөх үүрэгтэй байсан ч төлөөгүй.

Е- ХХК нь Х- ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Н-тай батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 2.5-д Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэж, мөн 2.6-д Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцна гэж заасан. Х- ХХК-аас худалдан авсан дизелийн түлшний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардахад эдийн засгийн болон бусад хүндрэл тулгарсны улмаас төлөх боломжгүй нөхцөл үүслээ, ...удахгүй төлнө... гэх хариуг өгч төлбөрийг төлөөгүй.

Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний 5.2-т ...Худалдан авагч нь энэхүү гэрээний 3-т заасан хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож хоног тутам алдангийг худалдагч талд үл маргах журмаар төлнө... гэж заасныг үндэслэн хариуцагчаас авах төлбөр 148,165,200 төгрөг, алданги 34,472,164 төгрөг гаргуулна. Иймд Х- ХХК, Н- нараас газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 48,165,200 төгрөг, алданги 34,472,164 төгрөг, нийт 182,637,364 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Х- ХХК нь 2022 он гарснаас хойш байнга алдагдалтай ажиллаж байсан учраас үйл ажиллагаагаа зогсоосон. Нэхэмжлэгчийн шаардсан төлбөрийг одоогоор төлөх боломжгүй байгаа тул хугацааг хойшлуулахыг хүсэж байна. Мөн алдангийг багасгаж өгнө үү. Манай компанийн ажил ирэх жилийн 3 сараас эхлэх учраас 4 хуваагаад төлөх боломжтой. Нэхэмжлэлийн үнийн дүн, алдангийн тооцоололд маргахгүй гэжээ.

 

3. Хариуцагч Н- шүүхэд тайлбар өгөөгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х- ХХК-аас 182,637,364 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н-ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,071,137 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х- ХХК-аас 1,071,137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Х- ХХК-аас 182,637,364 төгрөгийг гаргуулан Е- ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас Н-ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Шүүх ...Талууд гэрээндээ үүргийг хамтран хариуцахаар заагаагүй тул шууд батлан даагчаас шаардах эрхгүй, тодруулбал, үүрэг гүйцэтгэгч Их ундарга маининг ХХК нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх эсэх үүргээ гүйцэтгэхгүй нөхцөл байдал бий болох эсэх нь тодорхой бус, батлан даагчийн үүргийг хангуулах урьдчилсан нөхцөл бүрдсэн болох нь тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэв... гэж дүгнэсэн. Е- ХХК болон Х- ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н- нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээний 2.6-д Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцна гэж заасан. Өөрөөр хэлбэл, Х- ХХК-ийн үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч Н- хүлээхээр заасан байтал анхан шатны шүүхээс ...үүргийг хамтран хариуцахаар гэрээнд заагаагүй тул батлан даагчаас шууд шаардах эрхгүй... гэж дүгнэсэн нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх хуулийн зохицуулалтыг зөрчсөн.

Е- ХХК нь Х- ХХК-д нийт 230,165,200 төгрөгийн дизель түлш худалдан борлуулсан. Х- ХХК нь 148,165,200 төгрөгийг төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, 8 сарын хугацаа өнгөрсөн. Мөн хариуцагчийг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Иргэний хууль болон батлан даалтын гэрээнд заасан ... үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, ...хугацаа хэтрүүлсэн, ...үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой ...төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадаагүй, гүйцэтгэхээс татгалзсан ... зэрэг батлан даагчаар үүргийг хангуулах хуулийн урьдчилсан нөхцөл бүрдсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Х- ХХК-ийг үүргээ гүйцэтгэхгүй нөхцөл байдал бий болох эсэх нь тодорхой бус, батлан даагчийн үүргийг хангуулах урьдчилсан нөхцөл бүрдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Х- ХХК болон Н- нараас 182,637,364 төгрөгийг гаргуулан Е- ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, шүүх талуудын хооронд үүссэн батлан даатгалын гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

2. Нэхэмжлэгч Е- ХХК нь хариуцагч Х- ХХК болон Н- нарт холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 148,165,200 төгрөг, алданги 34,472,164 төгрөг, нийт 182,637,364 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Х- ХХК төлбөр төлөх хугацааг хойшлуулж хэсэгчлэн төлөхийг хүссэн, харин Н- тайлбар татгалзал гаргаагүй байна.

 

3. Талуудын хооронд 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр №2 Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, мөн оны 04 дүгээр сарын 06-ны өдөр №2, 05 дугаар сарын 06-ны өдөр №3 нэмэлт гэрээг тус тус байгуулж эдгээр гэрээгээр худалдагч Е- ХХК нь дизель түлш болон Аи-92 автобензиныг нийлүүлэх, худалдан авагч Х- ХХК нь дээрх бүтээгдэхүүний төлбөрийг төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөхөөр тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. (хх-ийн 7-13)

 

4. Худалдагч Е- ХХК нь худалдан авагч Х- ХХК-д дээрх №2 гэрээний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 51,140 литр буюу 149,840,200 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг, мөн №3 гэрээний дагуу 25,500 литр буюу 80,325,000 дизель түлшийг тус тус нийлүүлсэн ба хариуцагч дээрх төлбөрөөс 82,000,000 төгрөг төлж үлдэгдэл 148,165,200 төгрөг төлөөгүй үйл баримтын талаар хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Е- ХХК нь гэрээгээр тохиролцсон дизель түлшийг нийлүүлсэн тул мөн хуульд зааснаар дизель түлшний үлдэгдэл төлбөр 148,165,200 төгрөгийг гаргуулахаар хариуцагч Х- ХХК-аас шаардах эрхтэй.

 

5. Талууд гэрээний 5.2-т Худалдан авагч нь энэхүү гэрээний 3-т заасан хугацаанд худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож хоног тутамд алдангийг худалдагч талд үл маргах журмаар төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцжээ. Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид 34,472,1654 төгрөгийн алданги төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч нь уг алдангийг шаардах эрхтэй.

 

6. Дээрх газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэхэмжлэгч Е- ХХК нь Н-тай 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр батлан даалтын гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. (хх-ийн 14)

 

6.1. Талууд гэрээний 1.2-т батлан даагч нь худалдан авагч худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн төлбөрийн үүргийг гүйцэтгэж чадаагүй, гүйцэтгэхээс удаа дараа татгалзсан тохиолдолд үл маргах журмаар үүрэг гүйцэтгэгчийн төлбөрийг хувийн хөрөнгөөрөө хариуцан үүрэг гүйцэтгүүлэгчид төлнө гэж, 2.6-д Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцна гэж тус тус тохиролцсон нь газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүргийг хамтран хариуцах үүрэг хүлээсэн гэж үзнэ. Гэтэл анхан шатны шүүх Талууд гэрээндээ үүргийг хамтран хариуцахаар заагаагүй тул шууд батлан даагчаас шаардах эрхгүй гэж дүгнэж, хариуцагч Н-ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгч Е- ХХК нь хариуцагч Х- ХХК болон Н- нараас газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 182,637,364 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Х- ХХК болон Н- нараас газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 148,165,200 төгрөг, алданги 34,472,164 төгрөг, нийт 182,637,364 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Е- ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээрх дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 102/ШШ2022/04229 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Х- ХХК, Н- нараас 182,637,364 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е- ХХК-д олгосугай гэж,

2 дахь заалтын Х- ХХК-иас гэснийг Х- ХХК, Ц.Ундарга нараас гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,071,137 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Н.БАТЗОРИГ