Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00424

 

 

 

Н- ХК-ийн нэхэмжлэлтэй

 

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/03385 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н- ХК-ийн хариуцагч А-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 219,507,605.43 төгрөг гаргуулах, орон сууц болон автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг барьцааны бүртгэлээс чөлөөлүүлэх, автомашинуудын эзэмших эрхийг эзэмшигчид буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Н- ХК А-тай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр В10020010901 тоот зээлийн гэрээ, Р10020010901 тоот Фидуцийн гэрээг байгуулан, 100,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай сарын 4,4 хувийн хүүтэй, бизнесийн зээлийн зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд JTMYVO5J504106619 арлын дугаартай, 22-22 УНА улсын дугаартай,Тoyota Land cruiser-200 маркийн автомашин болон 08-08- УНК улсын дугаартай, Рorscne masan маркийн автомашинуудыг тус тус барьцаалсан. Зээлдэгч гэрээний хуваарийн дагуу төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан. Хариуцагч А-тай байгуулсан В10020010901 тоот зээлийн гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар эргэн төлөх зээлийн үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,325,139.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3,182,465.75, нийт 219,507,605.43 төгрөгийг гаргуулна. Талууд В10020010901 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор С10020010901 тоот барьцааны гэрээ, Р10020010901 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан тул зээлийн үүргийн гүйцэтгэлийг энд дурдсан барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

А- нь Н- ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 200,000,000 төгрөгийг сарын 4,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож В10020010901 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Мөн Р10020010901 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, С10020010901 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулсан байдаг. Талууд 200,000,000 төгрөгийн зээл авах талаар харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдүүлэгч 100,000,000 төгрөгийн зээлийг дутуу олгосон. Нэхэмжлэлийн шаардлагаас 169,133,333 төгрөг төлөхийг зөвшөөрч 50,374,272 төгрөг гаргуулах болон барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

А- нь Н- ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр 200,000,000 төгрөгийг сарын 4,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож В10020010901 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Мөн Р10020010901 дугаартай Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, С10020010901 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулсан. Талууд 200,000,000 төгрөгийн зээл авах талаар харилцан тохиролцон зээлийн гэрээ байгуулсан боловч зээлдүүлэгч 100,000,000 төгрөгийн зээлийг дутуу олгосон. Мөн талууд 2020 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр байгуулагдсан Р10020010901 дугаартай Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, С10020010901 дугаартай зээлийн барьцааны гэрээнүүдийг дуусгавар болгон барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулж тус эвлэрлийн гэрээг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр баталгаажуулан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 02695 дугаартай захирамж гарсан. Эвлэрлийн гэрээг байгуулахдаа барьцаанаас чөлөөлж өгнө гэж гэрээ байгуулан захирамж гаргуулсан боловч чөлөөлж өгөөгүй. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054546 дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон (13302), Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 дугаар байр, 92 тоот хаягт байршилтай, 55.0 кв.м талбайтай орон сууцыг барьцааны бүртгэлээс чөлөөлөх, JTMYVO5J504106619 арлын дугаартай, 22-22 УНА улсын дугаартай, Toyota Land Cruiser 200 маркийн08-08- УНК улсын дугаартай автомашин болон Рorscne macan маркийн 22-22 УНА улсын дугаартай автомашины эзэмших эрхийг эзэмшигчид буцаан шилжүүлэхийг даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан Р10020010901 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ болон С10020010901 дугаартай барьцааны гэрээг тус тус дуусгавар болсонд тооцон барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөх үндэслэлгүй. Учир н: эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ болон барьцааны гэрээ нь аливаа үүргийн гүйцэтгэлийн хангах баталгаа буюу үндсэн үүрэг бүхий гэрээг дагалдан байгуулагддаг гэрээ бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэлтэй шууд хамааралтай. Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр В10020010901 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Р10020010901 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ болон С10020010901 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. Эвлэрлийн гэрээ зээл, барьцаа, фидуцийн гэрээтэй хамааралгүй буюу талуудын хооронд өмнө нь үүссэн зээлийн харилцаанд талууд эвлэрснийг түүний дараа үүссэн шинэ зээлийн харилцаатай холбон тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. А- Н- ХК-аас дахин зээл олгох авч өмнөх зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлсөн 2 автомашин, 1 орон сууцыг барьцаалахаар талууд харилцан тохиролцсон. А- зээлийн төлбөрийг төлөөгүй тул барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх шаардлага үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 116,325,139.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,182,465.75 төгрөг, нийт 219,507,605.43 төгрөгийг (хоёр зуун арван есөн сая таван зуун долоон мянга зургаан зуун таван төгрөг дөчин гурван мөнгө) гаргуулж нэхэмжлэгч Н- ХК-д олгож,

5.2. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасныг баримтлан хариуцагч А-гийн Н- ХК-д холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054546 дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 дугаар байр, 92 тоот хаягт байршилтай, 55 м.кв талбайтай орон сууцыг барьцааны бүртгэлээс чөлөөлж, 22-22 УНА улсын дугаартай,08-08- УНК улсын дугаартай, Porsne masan маркийн автомашинуудын эзэмших эрхийг эзэмшигчид буцаан шилжүүлэхийг даалгахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

5.3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч А-г төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон Энхтайваны өргөн чөлөө гудамж 108 дугаар байр, 92 тоотод байрлах 55 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, фидуцийн зүйл болох Porscne masan маркийн08-08- УНК улсын дугаартай, Toyota Land Cruiser 200 маркийн 22-22 УНА улсын дугаартай суудлын автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Н- ХК-ийн 1,325,688 төгрөг, хариуцагч А-гийн 799,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,325,688 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н- ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болоогүй байна. А- Н- ХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 200,000,000 төгрөгийг сарын 4,4 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож В10020010901 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Мөн В10020010901 дугаартай эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, С10020010901 дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулсан ба Н- ХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй буюу 101,000,000 төгрөгийн зээл олгох үүргээ гүйцэтгээгүй. 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ХААН банк ХХК 5099770717 тоот дансанд 99,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Н- ХХК-аас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцоолсон байхад анхан шатны шүүхээс 50,374,272 төгрөгийг ямар үндэслэлээр төлөхгүй тухай баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас 40,005,523 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх 72-29 УНА улсын дугаартай, Toyota Land Cruiser 200 маркийн автомашин,08-08- УНК улсын дугаартай Porscne Masan маркийн автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Харин эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054546 дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон /13302/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 дугаар байр, 92 тоот хаягт байршилтай, 55,0 кв.м талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Талууд эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ, зээлийн барьцааны гэрээнүүдийг дуусгавар болгон барьцаанаас чөлөөлөхөөр харилцан тохиролцсоныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр баталгаажуулан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 02695 дугаартай захирамжаар баталгаажуулсан. Н- ХК нь шүүгчийн захирамжийг биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 40,005,523 төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлээс 22-22 УНА улсын дугаартай,08-08- УНК улсын дугаартай маркийн автомашинуудтай холбоотой хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

А- Ж.Сансартай хамтарч зээл авахаар тодорхой нөхцөл бүхий зээлийн шийдвэр гаргасан. А- анх зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөг авч, нэмэлт гэрээгээр 100,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Ж.Сансар нь нэмэлт зээлийн гэрээнд оролцоогүй тул үлдсэн 100,000,000 төгрөгийг нэмж олгох нөхцөл бүрдээгүй. Түүнтэй холбоотой А- 100,000,000 төгрөгийг төлөхгүй бол 100,000,000 төгрөгөө буцаагаад шилжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл өөрөө үргэлжлүүлэн зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг авч ашигласан атлаа гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Мөн фидуцийн гэрээгээр автомашиныг барьцаалсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж8 шүүх талуудын хооронд үүссэн фидуцийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч Н- ХК хариуцагч А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 116,325,139.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,182,465.75 төгрөг, нийт 219,507,605.43 төгрөг гаргуулах, С10020010901 тоот барьцааны гэрээний зүйл болох орон сууц, Р10020010901 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээний зүйл болох08-08- УНК, 22-22 УНА улсын дугаартай автомашинуудаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч зээлийн төлбөрт 169,133,333 төгрөг төлөхийг зөвшөөрч, барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 дугаар байр, 92 тоот хаягт байршилтай, 55 м.кв талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлөх, Тoyota Land cruiser-200 маркийн 22-22 УНА улсын дугаартай, Porscne masan маркийн08-08- УНК улсын дугаартай автомашинуудын эзэмших эрхийг эзэмшигчид буцаан шилжүүлэхийг даалгахыг тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

1.1. Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр В10020010901 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Н- ХК нь 200,000,000 төгрөгийг зээлдэгч А-д зээлэх, зээлдэгч нь 200,000,000 төгрөгийг 18 сарын хугацаанд сарын 4,4 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дах хэсэгт тус тус заасантай нийцсэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Зээлдүүлэгч Н- ХК зээлдэгч А-д дээрх зээлийн гэрээний дагуу олгох 200,000,000 төгрөгөөс 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 99,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч Н- ХК нь хариуцагч А-гаас В10020010901 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, зээлийн хүү 116,325,139.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,182,465.75 төгрөг, нийт 219,507,605.43 төгрөг гаргуулахаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

1.2. Нэхэмжлэгч Н- ХК-ийн гаргасан зээлийн гэрээний дагуу тооцсон үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй гэх тооцооллыг хариуцагч баримтаар үгүйсгэж няцаагаагүй ба зээлийн төлбөрөөс 40,005,523 төгрөг төлөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, давж заалдах гомдолдоо уг тооцоолол буруу болгох үндэслэлийг заагаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч А-гаас зээлийн гэрээний үүрэгт 219,507,605.43 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н- ХК-д олгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 

2. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон (13302), Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 байр, 92 тоот хаягт байрлах 55 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ. (1хх-ийн 80)

Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна. Тиймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Хариуцагч давж заалдах гомдолдоо нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан хэсгийг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна.

 

3. Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр F10020010901 тоот эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулагдаж, Porsche Masan маркийн08-08- УНК улсын дугаартай автомашины, Toyota Land Cruiser 200 маркийн 22-22 УНА маркийн автомашиныг тус тус өмчлөх эрх нэхэмжлэгч Н- ХК-д шилжсэн байна. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци) байгуулагдсан.

 

Гэтэл анхан шатны шүүх автомашинуудыг дахин барьцаалсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ба ийнхүү дүгнэхдээ эд хөрөнгө өмчлөх эрхийг нэхэмжлэгч өөртөө шилжүүлэн авсан байгааг анхаараагүй байна. (1хх-ийн 14)

 

3.1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр "фидуци" үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зээлдэгч А- зээлийн гэрээний үүрэг 219,507,605.43 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй бол зээлдэгч Н- ХК өмчлөлдөө шилжүүлсэн хөдлөх хөрөнгө болох автомашиныг гаргуулан авснаар фидуцийн гэрээ дуусгавар болохоор зохицуулсан байна.

 

Зээлдүүлэгч Н- ХК нь фидуцийн зүйл болох автомашинуудыг бодитоор гаргуулан авах шаардлагаа өөрчилж барьцааны зүйл болох автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргажээ. Талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч мөнгөн төлбөрийн үүргийг шаардсан тул нэхэмжлэгчийг фидуцийн гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч Н- ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцааны зүйл болох автомашинуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, фидуцийн зүйл болох Porsche Masan маркийн08-08- УНК улсын дугаартай, Toyota Land Cruiser 200 маркийн 22-22 УНА маркийн автомашины эзэмших эрхийг буцаан шилжүүлэх сөрөг нэхэмжлэлийг хангах нь зүйтэй давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/03385 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан JTMYVO5J504106619 арлын дугаартай, Toyota land cruiser маркийн 22-22 УНА улсын дугаартай, Porscne masan маркийн08-08- УНК улсын дугаартай автомашинуудын эзэмших эрхийг эзэмшигчид буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч Н- ХК-д даалгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204054546 дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Баянзүрх хотхон, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 108 дугаар байр, 92 тоот хаягт байршилтай, 55,0 м.кв талбайтай орон сууцыг барьцааны бүртгэлээс чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянзүрх хотхон Энхтайваны өргөн чөлөө гудамж 108 дугаар байр, 92 тоотод байрлах 55 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, барьцааны зүйл болох Porsche Masan маркийн08-08- УНК улсын дугаартай, Toyota Land Cruiser 200 маркийн 22-22 УНА маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Н- ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Н- ХК-ийн 1,325,688 төгрөг, хариуцагч А-гийн 799,000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 1,325,688 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н- ХК-д, нэхэмжлэгч олгож Н- ХК-аас 140,400 төгрөг гаргуулж хариуцагч А-д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 499,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Н.БАТЗОРИГ