Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 207

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч А.Ариунаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Э.Б-д холбогдох эрүүгийн 1826001650117 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн урьд Завхан аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1.4-т зааснаар 150000 төгрөгөөр торгох ял, Завхан аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 20/а дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овгийн Э.Б, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 02-03 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, 153 дугаар байрны гаднах автомашины зогсоол дээрээс иргэн Д.С-н эзэмшлийн “Тоёота Кроун” маркийн автотээврийн хэрэгслийн 4 дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800000 /Найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 04 дүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Улаанбаатараас Өвөрхангай аймаг руу гарсан. Надад бензиний мөнгө байгаагүй учир 4 хүн олоод аймагт авчирж буулгасан. Тэндээсээ эргээд явах гэтэл нойр хүрээд байхаар нь унтах газар хайж явж байгаад замын урд талын байрны дунд зогсоод машиндаа хэсэг унтсан. Хойд талын дэлгүүрээс ундаа авах санаатай очтол гэрэл нь асаалттай, хаалттай байсан. Тэгээд эргээд машин дээрээ иртэл миний машины ойролцоо “Crown” маркийн машин байсан. Тэр машины дугуй нь манай найзынхтай адилхан байсан учраас найздаа тэр дугуйг өгье гэж бодоод тайлж авсан. Дугуйг тайлж аваад урд талын гараж дээр гаргаж тавиад уранхай брезент байхаар хучиж орхисон. Тэгээд өглөө Хужирт сум руу явсан. Хужирт сумаас хот орчихоод эргээд Өвөрхангай аймагт ирсэн. Тэгээд Говь-Алтай аймгаас явж байгаа Протер машинд нөгөө 4 дугуйгаа ачаад хот оруулсан. Тэгээд дугуйгаа өөрөө хадгалж байгаад болохгүй юм хийсэн гэж бодоод Эрүүгийн цагдаагийн Б гэдэг хүнд дугуй хулгай хийсэн талаараа хэлсэн. Би өөрөө хэргээ илчилсэн. Дугуйг хадгалж байгаад эзэнд нь хүлээлгэж өгч хохирлоо төлж барагдуулсан. Үнэлгээ хийлгүүлсний 30000 төгрөгийг төлсөн. Сая 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд хуримаа хийсэн. Эхнэр 2 хүүхдийн хамт Хужирт суманд амьдарч байгаа. Одоо байнга энд амьдрах болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.

Хохирогч Д.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 06-ны орой гэртээ ирээд байрныхаа гадаа машинаа тавьчихаад гэртээ ороод унтсан. Маргааш өглөө нь босоод явах гэтэл миний “Тоёота кроун” маркийн автомашины 4 дугуйг тайлаад аваад явчихсан байсан. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн. Миний алдсан дугуйнууд “Тоёота кроун” маркийн автомашины стандарт обудтай, өвлийн дугуйнууд байсан. Хар будгаар обуднуудыг нь будсан, энэ тэндээ жаахан будаг нь халцарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-21 хуудас/,

Шүүгдэгч Э.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Би 2018 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө хадмындаа очих зорилгоор Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явсан. Драгон автовокзал дээрээс Өвөрхангай аймгийн төв орох 4 хүн авч замд гарсан. Хотоос 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 21 цагийн орчимд гарсан. Өвөрхангай аймагт шөнийн 01 цагийн орчимд ирсэн. Хотоос гарахдаа би Соната-7 маркийн 11-27 УНӨ улсын дугаартай хар өнгийн автомашиныг би өөрөө жолоодож явсан. Тэгээд Өвөрхангай аймгийн төвд орж ирээд нэг хүнийг эмнэлгийн урд уулзвар дээр, хоёр хүнийг эмнэлгийн хойд уулзвар дээр, нэг хүнийг "*******" зочид буудалд буулгасан. Тэндээсээ хөдлөөд төв замаар баруун чиглэлд явж “*******” таурын уулзвараар зүүн тийш эргээд амрах газар харан явж байгаад хоёр байрны завсараар эргээд орсон. Тэгээд эргэж ороод зүүн тийшээ харсан орцтой тоосгон байрны зогсоол дээр очиж зогсоод машинаа байрлуулаад 10 гаран минут унтаад хойд талд нь байсан худалдааны төв дээр явганаар очиж үзэхэд тэр төв хаалттай, гэрэл нь асаалттай байсан. Тэгээд буцаад машин руугаа алхаж явах үед миний машинаа тавьсан байрны үүдэнд цагаан өнгийн “Кроун” маркийн машиныг байрны орц руу харуулаад байрлуулсан байгаа харагдсан. Манай нэг найзын машины гурван дугуй муудсан байсан болохоор тэр машины 4 дугуйг аваачиж өгье гэж бодоод тэр машины 4 дугуйг тайлж авсан. Машиныг нь домкратаар өргөж байгаад ойр хавьд нь байсан бетоны хагархай блок зэргийг эвж тавьж байгаад 4 дугуйг нь тайлж аваад урд талын гараж дээр гаргаж тавьсан. Тэгээд тэнд нэг муу брезент байхаар нь хучиж тавьсан. Тэгээд өөрийнхөө машин дээр ирээд гараа арчиж цэвэрлэчихээд Хужирт сум руу явсан. Тэгээд 06 цаг өнгөрч байх үед хадам Х-н гэрт очсон. 12 цаг болтол тэнд байж байгаад тэндээсээ Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2 хоногийн дараа Өвөрхангай аймагт таксигаар ирж нөгөө дугуйгаа авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-69 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №04/12 дугаартай “...“Тоёота Кроун” маркийн авто машины 4 ширхэг дугуйны зах зээлийн дундаж үнэ 400000 төгрөг, 4 ширхэг обудны зах зээлийн дундаж үнэ 400000 төгрөг, нийт 800000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 41-43 хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 хуудас/, 

Яллагдагч Э.Б-с 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “автомашины 4 ширхэг обудтай дугуй”-г түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн120-121 хуудас/,

Хохирогч Д.С-д 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Тoyota crown” маркийн автомашины 4 ширхэг обудтай дугуй”-г хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 122-123 хуудас/,

Шүүгдэгч Э.Б-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа /хх-87/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-77/, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дугаартай албан бичиг, охин Б.М, хүү Ч.С нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-74/, 

Хохирогч Д.С-н шүүхэд ирүүлсэн “...Д.С миний бие Э.Б-д холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон. Алдсан дугуйнуудаа буцаагаад авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул надгүйгээр шийдвэрлэж өгнө үү..” гэсэн хүсэлт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Б нь 2018 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 02-03 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн  153 дугаар байрны гаднах автомашины зогсоол дээрээс иргэн Д.С-н эзэмшлийн “Тoyota crown” маркийн автомашины обудтай 4 дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 800000  төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Э.Б нь хохирогч  Д.С-н эзэмшлийн “Toyota crown” маркийн автомашины 4 ширхэг обудтай дугуйг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.С-н /хх-18-21/ мэдүүлэг, Э.Б-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-67-69/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №04/12 дугаартай үнэлгээний тайлан /хх-41-43/, яллагдагч Э.Б-с “Toyota crown” маркийн автомашины 4 ширхэг обудтай дугуйг  түр хураан авч үзлэг хийж, хохирогч Д.С-д хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-120-123/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-67-69/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Э.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байх тул  шүүгдэгч ******* овгийн Э.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв. 

Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-121-123/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж  учруулсан хохирлоо төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг,  7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ. 

Шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 GB багтаамжтай “San Disk” гэсэн улаан, хар өнгө хосолсон флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болно.

Шүүгдэгч Э.Б нь Улаанбаатар хот ******* дүүрэг, 1-р хороо, Толгойтын 59 дүгээр гудамжны 43 тоотод оршин суух хаягтай боловч Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багт амьдарч байгаа болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 89 дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б-д тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус дурьдаж,

Шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Э.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* овгийн Э.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавж байгаа эрх бүхий албан байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Э.Б-г бүртгэн, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 GB багтаамжтай “San Disk” гэсэн улаан, хар өнгө хосолсон флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.