Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00422

 

 

 

Р-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/03459 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р-ХХК-ийн хариуцагч Э- ХХК-д холбогдуулан гаргасан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ болон бартерын гэрээний дагуу төлөх 379,500,000 төгрөгт 5 ширхэг орон сууцыг биет байдлаар, бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 22,304,000 төгрөг, алданги 200,741,450 төгрөг, нийт 223,045,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Р-ХХК нь Э- ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулж 737,001,000 төгрөг бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон. Гэрээний дагуу тус компанид нийт 663,305,500 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс 261,572,100 төгрөгийн төлбөрийг бэлэн мөнгө болон бартераар авсан. Үлдэгдэл 401,482,900 төгрөгийг төлөөгүй. Гэрээг байгуулахдаа 30 хувьд нь бэлэн мөнгө, 70 хувьд нь бартер буюу орон сууц авахаар тохиролцсон. Бартерын гэрээг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. Э- ХХК-ийн удирдлага солигдсон бөгөөд манай компанийн зүгээс биечлэн уулзаж, тооцоо нийлэх, 5 орон сууцыг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт тавихад шинэ захирал нь шалтгаангүйгээр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ болон бартерын гэрээг хүчингүй болгож төлбөрийг төлөхөөс зайлсхийсэн. Р-ХХК нь Э- ХХК-ийн компанийн барьж буй 2 төсөл буюу Нисэхийн Аэро барилгын төсөл болон Орчлон хорооллын төсөлд тус тус бетон зуурмаг хүлээн авсан бөгөөд гэрээний дагуу төлөх ёстой төлбөр 401,482,900 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл, Э- ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан О.Хаш-Эрдэнэ нь Орчлон хороололд барьж байсан төсөлд 486 м.куб бетон зуурмагийг хүлээн авсан ба үнэд 74,358,000 төгрөг, зуурмаг шахсан помпны түрээс 3,888,000 төгрөг, нийт 78,246,000 төгрөг болсон. Орчлон хороололд авсан бетон зуурмагийн төлбөрт 4 ширхэг 89,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг өгснөөс зөрүү төлбөр 10,754,000 төгрөг болсон. Энэхүү зөрүү төлбөрийг манай компани О.Хаш-Эрдэнэд өгөхөөр болсон. Гэтэл Орчлон хорооллын бетон зуурмагийн зөрүү төлбөр 10,754,000 төгрөгийг Нисэхийн Аэро төсөлд нийлүүлсэн бетон зуурмагийн төлбөрөөс хасаж тооцож байсан гэсэн хариуцагчийн тайлбараас үзэхэд О.Хаш-Эрдэнийн авсан бетон зуурмагийн төлбөрөөс салгах ёстой тул 10,754,000 төгрөгийг Э- ХХК-ийн төлөх ёстой төлбөр дээр гаргуулна. Иймд бетон зуурмаг нийлүүлэх гэрээ болон бартерын гэрээний дагуу төлөх ёстой 401,482,900 төгрөгөөс 379,500,000 төгрөгт тооцогдох Аэро барилгын 2 дугаар давхрын баруун урд талын 47,35 м.кв талбай бүхий орон сууц, 3 дугаар давхрын зүүн урд талын 51,5 м.кв талбай бүхий орон сууц, 3 дугаар давхрын баруун талын 32,6 м.кв талбай бүхий орон сууц, 4 дүгээр давхрын зүүн хойд талын 51,5 м.кв талбай бүхий орон сууц, 4 дүгээр давхрын баруун хойд талын 47,35 м.кв талбай бүхий нийт 230 м.кв талбай бүхий 5 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх, үлдэх бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 22,304,000 төгрөг, алданги 200,741,450 төгрөг, нийт 223,045,450 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Э- ХХК нь Р-ХХК-аас нэхэмжлэлд дурдсан хэмжээний бетон зуурмаг аваагүй. Нийлүүлсэн бетон зурмагийн хэмжээ зөрүүтэй, үнийн дүнг үндэслэлгүйгээр нэмсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн гэх баримтаас үзэхэд 3,258 м.куб бетон зуурмагийг Э- ХХК-д нийлүүлсэн нь тогтоогдсон. Харин зөрүү 557 м.куб бетон зуурмагийг гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд баригдаж буй барилгад нийлүүлсэн гэх баримтгүй, үүнээс 486 м.куб бетон зуурмаг нь өөр барилгад нийлүүлэгдсэн байна. Э- ХХК-д О.Хаш-Эрдэнийн барилга гэх Орчлон хорооллын барилга хамааралгүй бөгөөд тухайн барилгад нийлүүлсэн бетон зуурмагийн тооцоонд Э- ХХК-тай байгуулсан гэрээний үүрэгт тооцож, 4 ширхэг автомашин хүлээн авсан талаараа дурдсан. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцоо нийлсэн гэх баримтаас харахад нийт 6 автомашиныг бартерын дагуу шилжүүлэн авсан талаараа дурдсан байна. Хэрэгт авагдсан тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурж баталгаажуулаагүй.

Э- ХХК нь бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчээс 3,258 м.куб бетон зуурмагийг хүлээн авсан бөгөөд гэрээний 3.5-д зааснаар түлш шатахуун болон түүхий эдийн үнэ 10 хувиас дээш өөрчлөлт орсон үнэ нэмэгдсэн тохиолдолд бетон зуурмагийн үнийн тариф өөрчлөгдөх бөгөөд өөрчлөгдсөн тарифыг мөрдөж эхлэхээс 3 хоногийн өмнө захиалагчид бичгээр мэдэгдэнэ гэж заасны дагуу бичгээр мэдэгдэж, бетон зуурмагийн үнэ нэмэгдсэн гэх баримт авагдаагүй байх тул гэрээнд заасан 1 м.куб 153,000 төгрөгөөр тооцоход 3,258 м.куб бетон зуурмагийн үнэ 498,474,000 төгрөг байх ба нэхэмжлэгчийн нэхэмжилж буй помпны төлбөр гэх 2020 оны 9,320,000 төгрөг, 2019 оны 20,240,000 төгрөг, нийт 528,034,000 төгрөг төлөхөөр байна.

Э- ХХК нь гэрээний дагуу үүссэн дээрх төлбөрөөс 2019 онд 106,992,600 төгрөг, Эстима, 2 ширхэг Харьер, Хамер, 2 ширхэг Приус 20 маркийн төлбөр 110,500,000 төгрөг, мөн помпны төлбөр 12,430,000 төгрөг, 2020 оны бетон зуурмагийн ажлын төлбөрт 44,149,500 төгрөг, помпны төлбөр 9,320,000 төгрөг тус тус төлсөн байна. Бетон зуурмагийн төлбөрт 261,642,100 төгрөг, помпны төлбөрт 21,750,000 төгрөг, нийт 283,392,100 төгрөг төлсөн байх тул 244,641,900 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр 261,642,100 төгрөгийг хүлээн авсан атлаа гэрээний хугацаанд бетон зуурмагаа нийлүүлэхгүй хугацаа хоцорч гэрээний үүргээ зөрчиж барилгын ажилд саад болсон тул бетон зуурмаг хүлээн авахыг зогсоосон. Энэ нь тооцооллын хүснэгтэд дурдсан төлбөр төлсөн огноо болон бетон зуурмаг нийлүүлсэн огноо зөрүүтэй бичигдсэнээр тогтоогдсон. Бетон зуурмагийг тогтсон хугацаанд нийлүүлээгүй тул хариуцагч алданги төлөх үүрэггүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралыг харгалзан алдангийг багасгаж өгнө үү. Мөн бетон зуурмаг нийлүүлэх гэрээ цуцлагдсан учир үүнийг дагаад бартерын гэрээний харилцаа дуусгавар болсон учир нэхэмжлэгчийн шаардаж буй 5 ширхэг орон сууцыг биет байдлаар нь хүлээлгэн өгөх боломжгүй бөгөөд тухайн дурдсан 5 ширхэг орон сууц тус бүрт захиалгын гэрээ байгуулагдаж, бусдын өмчлөлд шилжсэн болно гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э- ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Аэро аппартмент хотхоны барилгаас 379,500,000 төгрөгт ногдох 230 метр квадрат талбай бүхий 5 ширхэг орон сууц буюу 2 дугаар давхрын баруун урд талын 47,35 м.кв талбай бүхий орон сууц, 3 дугаар давхрын зүүн урд талын 51,5 м.кв талбай бүхий орон сууц, 3 дугаар давхрын баруун талын 32,6 м.кв талбай бүхий орон сууц, 4 дүгээр давхрын зүүн хойд талын 51,5 м.кв талбай бүхий орон сууц, 4 дүгээр давхрын баруун хойд талын 47,35 м.кв талбай бүхий орон сууцыг биет байдлаар нэхэмжлэгч Р-ХХК-д шилжүүлэхийг даалгаж, мөн хариуцагчаас гэрээний үүрэг 22,304,000 төгрөг, алданги 100,370,725 төгрөг, нийт 122,674,725 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р-ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 100,370,725 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р-ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,327,123 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э- ХХК-аас 2,668,824 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р-ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдүүдийг гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзсан. Орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөр төлсөн 5 захиалагчийн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан. Р-ХХК нь анх бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөр төлөх үүргийг мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн. Харин Э- ХХК нь ... 2021 онд хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт орсон бөгөөд гүйцэтгэх захирал Б.Болортунгалаг нь ажлыг хүлээн авахад өмнөх гүйцэтгэх захирал О.Хаш-Эрдэнэ бусдад төлөх төлбөргүй гэх талаар ойлголт өгсөн. Э- ХХК-д маргааны үйл баримттай холбоотой баримт байхгүй тул гэрчээр О.Хаш-Эрдэнийг оролцуулах, санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргуулахаар тайлбарласан.

Гэтэл нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 5 тооны орон сууцыг шаардсан. Гэвч 5 орон сууц нь өөр этгээдийн эзэмшилд шилжсэн тул эдгээр этгээдийн эрх ашиг хөндөгдөнө. Иймд орон сууц захиалгын гэрээ, төлбөр тооцооллын баримтыг хэрэгт гарган өгч, тэдгээрийг гуравдагч этгээдээр оролцуулах, бартерын гэрээний талаар тодруулах зорилгоор Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 16 давхар орон сууцны барилгад үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн аваагүй.

Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гуравдагч этгээдүүдийг оролцуулахаас татгалзан шийдвэрлэхдээ ... нэхэмжлэгчийн нэхэмжилж буй орон сууц нь дээрх гэрээ байгуулагдсан этгээдүүдийн орон сууцтай давхацсан гэж үзэхгүй. Учир нь: нэхэмжлэгчийн байгуулсан гэрээнд орон сууцны м.кв, давхар, ертөнцийн зүгээр орон сууцыг тодорхойлсон байх ба нэхэмжлэгч зөвхөн дээрх байрнуудыг авна гэж маргаагүй, нэхэмжлэгчид ижил төрлийн орон сууц хүлээлгэн өгөх байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангах боломжтой гэж үзлээ гэж тайлбарласныг шийдвэрт тусгаагүй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс орон сууцны захиалгын гэрээ байгуулж, орон сууцыг эзэмшилдээ шилжүүлэн авсан, төлбөрөө төлсөн захиалагч нарыг гуравдагч этгээдээр оролцуулаагүйн улмаас хариуцагч Э- ХХК нь 1 орон сууцыг 2 этгээдэд шилжүүлэн өгөх асуудал үүссэн.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй. Р-ХХК-ийн гаргасан тооцоолол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, нийлүүлсэн гэх бетон зуурмагийн хэмжээ нь анхан шатны баримтуудад тусгагдсанаас зөрүүтэй, цаг хугацаа нь тодорхойгүй, санхүүгийн тэмдэг дарагдсан гэх боловч гарын үсэггүй, тооцоо нийлсэн нь тодорхойгүй баримтын талаар шүүх дүгнэлт хийгээгүй.

Талуудын байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 2.4-т ... захиалагчид нийлүүлсэн бетон зуурмагийн тоо хэмжээ нь тээврийн дагалдах баримт бичигт заасан тоо хэмжээгээр тодорхойлогдоно гэж заасан. Санхүүгийн баримтуудаар Р-ХХК нь нийт 15 удаагийн үйлдлээр нийт 3,252 м.куб бетон зуурмагийг нийлүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас тооцоолол 77 м.куб-ээр зөрүүтэй буюу дутуу нийлүүлсэн болох нь тогтоогдож байна. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний 3.5-т Түлш, шатахуун болон түүхий эдийн үнэ 10 хувиас дээш өөрчлөлт орж үнэ нэмэгдсэн тохиолдолд бетон зуурмагийн үнийн тариф өөрчлөгдөх бөгөөд өөрчлөгдсөн тарифын мөрдөж эхлэхээс 3 хоногийн өмнө захиалагчид бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудад Р-ХХК нь захиалагч болох Э- ХХК-д бетон зуурмагийн үнэ нэмэгдэж байгаа талаар бичгээр мэдэгдсэн гэх баримт байхгүй. Санхүүгийн тэмдэг дарагдсан гэх үндэслэлээр хариуцагчаас төлбөрийн зөрүү болон алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдон тогтоогдож байгаа 3,252 м.куб бетон зуурмагийн үнийн дүнг гэрээнд заасан 1 м.куб 153,000 төгрөгийн дүнгээр тооцож, нийт 497,556,000 төгрөгийн төлбөрийн дүнгээс 2019, 2020 онуудад нэхэмжлэгчид төлсөн төлбөр 270,962,100 төгрөгийн төлбөрийг хасаж, нэхэмжлэгчид төлөх бетон зуурмагийн төлбөр 22,593,900 төгрөг болон помпны ажлын төлбөр 7,810,000 төгрөг болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хариуцагч байгууллагын захирал н.Болортунгалаг нь өмнөх захирал н.Хаш-Эрдэнэээс компанийг хүлээж авсан гэж тайлбарласан. Гэтэл н.Хаш-Эрдэнэ, н.Болортунгалаг нар нь уг барилгыг хамтран барина гэж ХААН банк ХХК-аас зээл авсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Мөн н.Хаш-Эрдэнийн эзэмшилтэй газар болон үл хөдлөх эд хөрөнгүүдээ барьцаалж, хамтран зээлийн үйл ажиллагаа явуулсан. Хамтран бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас компанийн хувьцаа эзэмшлийг нэг нэгэндээ шилжүүлсэн. Компанийн хувьцаа эзэмшлийг шилжүүлэхдээ өр төлбөргүй гэж шилжүүлэх ямар ч боломжгүй. Учир нь тухайн барилгын 10, 11 давхар хүртэл Р-ХХК-аас зуурмаг авсан гэж н.Хаш-Эрдэнэ шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо хэлсэн байдаг. Мөн гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг хөндөж байна гэж гомдол гаргасан. Уг маргаанд гуравдагч этгээд гэж байхгүй. Учир нь 4 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар талд н.Хишигмаатай хэлцэл байгуулсан байдаг. Давхрын тоот болон хаалганы дугаар нь өөр байдаг бөгөөд захиалгын гэрээг 2021 он болгож өөрчлөн, тоотыг нь арилгаж 408 тоот гэж нотариатын тамгыг хэвлэж, хэрэгт нотлох баримт болгож өгсөн... н.Хишигмаатай 1 м.кв үнэ 1,098,000 төгрөгөөр гэрээ хийсэн гэж үзэж байна. Гэтэл манай байгууллагатай 1 м.кв үнэ 1,650,000 төгрөгөөр гэрээ байгуулсан. 4 дүгээр хавтаст хэргийн 166 дугаар хуудсанд 13 давхрын орон сууцны гэрээг хавсаргасан атлаа манай байгууллагыг өөр хүнд өгсөн гэж тайлбарласан. Манай байгууллага 2, 3, 4, 5 дугаар давхарт хэлцэл хийгдсэн орон сууц байна. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Номин мишээлт ХХК-тай хэлцэл байгуулсан. Тухайн орон сууц нь манай захиалгатай таарч байгаа боловч он, сар, хугацааны хувьд манай байгууллага түрүүлж хэлцэл хийсэн. Ямар ч гуравдагч этгээд байхгүй байхад давхрын тоотыг гэрээнд өөрчлөлт оруулсан тул үндэслэлгүй байна. Хэргийн 39, 40 дүгээр талд авагдсан нотлох баримтад хэнтэй тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа нь тодорхойгүй гэж гомдол гаргасан Тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зуруулах гээд очсон боловч захирал нь солигдсон гэж тооцоо нийлсэн актад гарын үсэг зураагүй. Хэрэгт авагдсан баримтуудаар бетон зуурмаг өгч, авсан он, сар, өдрүүд нь тодорхой харагдаж байна. Бетон зуурмагийн үнийг нэмсэн талаарх баримт нь 3 дугаар хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан. Кибер зуурмаг ХХК-тай 1 м.куб-ыг үнийг 200,000 төгрөгөөр 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хэлцэл хийсэн. Гэтэл манай зүгээс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 153,000 төгрөг байсан. Нийтэд илэрхий нөхцөл байдлын улмаас цементийн үнэ өссөнөөс 2020 оноос эхэлж, бетон зуурмагийн үнэ 50 хувь өссөн. Манай байгууллагын зүгээс Кибер зуурмаг ХХК-ийн адил 200,000 төгрөгөөр нийлүүлээгүй. н.Хаш-Эрдэнэтэй хэлэлцэн тохиролцож, нийлүүлсэн 39-40 дүгээр хуудсанд байгаа тооцоо нийлсэн баримтаар харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгов.

 

1. Нэхэмжлэгч Р-ХХК хариуцагч Э- ХХК-д холбогдуулж Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ болон бартерын гэрээний дагуу төлөх ёстой 401,482,900 төгрөгөөс 379,500,000 төгрөгт тооцогдох 2 дугаар давхрын баруун урд талын 47,35 м.кв талбай бүхий орон сууц, 3 дугаар давхрын зүүн урд талын 51,5 м.кв талбай бүхий орон сууц, 3 дугаар давхрын баруун талын 32,6 м.кв талбай бүхий орон сууц, 4 дүгээр давхрын зүүн хойд талын 51,5 м.кв талбай бүхий орон сууц, 4 дүгээр давхрын баруун хойд талын 47,35 м.кв талбай бүхий нийт 230 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв-ыг 1,650,000 төгрөгөөр тооцон 5 ширхэг, 379,500,000 төгрөгийн орон сууцыг биет байдлаар, бетон зуурмагийн үлдэгдэл төлбөр 22,304,000 төгрөг, алданги 200,741,450 төгрөг, нийт 223,045,450 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсэг 244,641,900 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, 5 ширхэг орон сууц шилжүүлэх, болон алданги гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

2. Зохигчдын хооронд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Бартерын гэрээ тус тус байгуулагдсан, анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн талаар зөв дүгнэсэн, зохигчид гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, харин нэхэмжлэгчийн хариуцагчид нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээний талаар болон уг бетон зуурмагийн нэгж үнийн талаар, бартерт орон сууц шилжүүлэх эсэх талаар маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь Нисэхийн Аэро барилгын төсөл болон Орчлон хорооллын төсөлд нийт 3815 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн гэж, хариуцагч нь Нисэхийн Аэро барилгын төсөлд 3258 м.куб бетон зуурмаг хүлээн авсан гэж тус тус маргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэхдээ зөвхөн тооцоо нийлсэн баримтыг үндэслэл болгосон, уг баримтыг хэргийн бодит байдалд нийцнэ гэж тус тус үзсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2. дах хэсэгт Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасантай нийцээгүй байна.

 

Учир нь Оргил зуурмаг ХХК /2019/, Оргил зуурмаг ХХК /2020/ гэсэн баримтуудад Э- ХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан, харин хариуцагч компанийн эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй тохиолдолд хүчин төгөлдөр баримт гэж үзэх боломжгүй.

 

Хэргийн 39-40 дүгээр талд авагдсан тооцооны баримтад дарагдсан Э- ХХК-ийн санхүүгийн тэмдгийг тухайн үед тус компанийн эрх бүхий ямар этгээд эзэмшиж байсан, тэрээр гарын үсэг зураагүй учир шалтгаан тодорхой бус байхаас гадна уг тооцооны баримт нь бусад баримтаар давхар нотлогдож байгаа эсэхийг шүүх анхаараагүй, 2 барилгын төсөл тус бүрээр нийлүүлэгдсэн болон 2019, 2020 он тус бүрээр нийлүүлэгдсэн бетон зуурмагийн хэмжээг тус тус тодруулах нь хэрэгт ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, нэг талын баримтаар дээрх нөхцөл байдлыг тогтоогдсон гэж үзэх нь учир дутагдалтай болно.

4.Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхын тулд ойлгомжтой, тодорхой, биелэгдэх боломжтой байх учиртай.

Нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмагийн хэмжээ тодорхой болсноор Бартерын гэрээний дагуу тооцогдох орон сууцны талбай хэмжээ тодорхой болохоос гадна эдгээр орон сууц нь эрхийн доголдолгүй, бусдын эрхээр хязгаарлагдаагүй байх учиртай.

Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэх орон сууцнаас өөр давхарт байрлах, адил талбайн хэмжээ бүхий байрыг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй хэмээн тайлбарласан... тэгэхээр ... 230 м.кв талбайтай 5 орон сууцыг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлэх нь зүйтэй... гэж дүгнэсэн атлаа давхар байршлыг нь заасан 5 орон сууцыг шилжүүлэхээр даалгасан нь буруу байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэх, тогтоох хэсэг нь хоорондоо логик уялдаа холбоогүй болсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд маргааны зүйл болох 5 орон сууцны талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулах нь зүйтэй.

5 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан ...шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэсэн үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2022/03459 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Э- ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,668,824 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын төсвийн орлогоос буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ