Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
Хэргийн индекс | 131/2022/0634/И |
Дугаар | 213/МА2023/00004 |
Огноо | 2023-02-15 |
Маргааны төрөл | Газартай холбогдсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 213/МА2023/00004
Баянхонгор аймгийн Онцгой байдлын
газрын нэхэмжлэлтэй “******* ******* ******* *******”
ХХК-д холбогдох иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Нямдорж, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2022/00718 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-д холбогдох
Баянхонгор сум, Номгон 1 дүгээр баг, тээвэрчдийн гудамж, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, 300 дугаар тоот хаягт байрлах, нэгж талбарын 6409007394 дугаар бүхий 9341 м.кв (га) төрийн захиргааны байгууллагын зориулалттай газарт байрлах “******* ******* ******* *******” ХХК-ийн эзэмшлийн уурын зуухны барилгын газрыг Онцгой байдлын эзэмшил газраас чөлөөлүүлэхийг хүссэн иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг нар оролцов.
1.Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******ийн нэхэмжлэл болон тайлбарын агуулга:
1.1 Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1 дүгээр баг, тээвэрчдийн гудамж, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, 300 дугаар тоот хаягт байрлах, нэгж талбарын 6409007394 дугаар бүхий 9341 м.кв (га) төрийн захиргааны байгууллагын зориулалттай газарт “******* ******* ******* *******” ХХК нь уурын зуухыг ажиллуулж үйл ажиллагаа явуулдаг.
1.2 Баянхонгор аймаг дахь төрийн аудитын газраас тус газрын 2020,2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланд баталгаажуулах аудит хийгдэж, байгууллагын эзэмшлийн талбайд “******* ******* ******* *******” ХХК-ийн эзэмшлийн уурын зуухны барилга байршиж, халаалтын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлийг арилгах тухай зөвлөмжийг өгсний дагуу 2021 онд “******* ******* ******* *******” ХХК-д манай байгууллагаас 2 удаа, Газрын харилцаа барилга хот байгууллагын газраас 1 удаа тус тус албан бичгээр хандсан боловч “******* ******* ******* *******” ХХК нь уурын зуухны барилгын газрыг чөлөөлөөгүй, тус байгууллагын эзэмшлийн газрыг “******* ******* ******* *******” ХХК-аас чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
1.3 “******* ******* ******* *******” ХХК нь зөвшөөрөл байхгүй, манай байгууллагатай газар ашиглах гэрээ байгуулаагүй... одоо дулаан үйлдвэрлэх үйл ажиллагаагаа явуулж өөрийн болон хувийн эзэмшлийн олон газруудын дулаан халаалтыг холбож дулаанаар хангаж байна. ... Манай газар дээр хариуцагч байгууллагын газар давхацсан асуудал байхгүй гэжээ.
2.Хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ын тайлбарын агуулга;
2.1 2016 онд Онцгой байдлын газрын дарга хурандаа Т.Мөнхбаатар бидэнтэй уулзан санал тавьсны дагуу 2016 оны 08 сард Онцгой байдлын газрын хашааны ард ямар ч эзэмшилгүй байсан 2-3 метр гаруй өндөртэй 12 метр гаран диаметртэй овоолго шороо байсныг тэгшлэн уурын зуухны барилгыг эхлүүлэн дулаан эрчим хүч үйлдвэрлэх орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж бүхий уурын зуухыг 11 сард барьж ашиглалтад оруулан Онцгой байдлын газрын ажилчдын 26 айлын орон сууцны барилга, Онцгой байдлын газрыг холбож Баянхонгор аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлд дулаан үйлдвэрлэх, түгээх тусгай зөвшөөрлийг авахаар холбогдох материалыг журмын дагуу өгч 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 10/2017 дугаартай тусгай зөвшөөрлийг албан ёсоор авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
2.2 Одоо уурын зуухны барилга, тоног төхөөрөмж, 1865 метр дулааны шугам сүлжээ нийт 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бий болгож, Баянхонгор эрчим хүч ХХК, Онцгой байдлын газар, МТ ШТС, НИК ШТС, Тана угаалга, засварын газар, Монос АХЦС, Од сэлбэгийн дэлгүүр, Цагаан зам угаалга, сэлбэгийн дэлгүүр, МБ зочид буудал, үйлчилгээний 7 давхар, Вакум цонхны үйлдвэр зэрэг ААН байгууллага, 518, 614, 616 дугаар байр мөн Дашцэрэнгийн 9-н давхар худалдаа үйлчилгээний орон сууц нийт 150 орчим айл өрхийг дулаанаар 6 дахь жилдээ найдвартай хангаж ажиллаж байна.
2.3 2018 онд Онцгой байдлын газар нь шинээр баригдах гал унтраах ангийн барилгын дулааны техникийн нөхцөлийг манай компаниас авч зураг төсөл нь баригдаж 2019 оны улсын төсөвт суухаар болсон байсан.
2.4 2018 оны 03 сард хурандаа Т.Мөнхбаатар дуудаж уулзан танайх зуухны газрынхаа асуудлаа шийдээгүй байсан юм уу. Төрийн байгууллагуудын газрыг шинэчлэн гаргасан захирамж дээр танай зуухны газрыг манай байгууллага дээр нэмж гаргасан байгаа учир манайх буцааж газрын албанд хасуулах тоот явууллаа.
Танайх мөн газрын албанд хүсэлт гаргахгүй бол манай газартай давхцах нь байна шүү гэж хэлсний дагуу хөөцөлдөж, Онцгой байдлын байгууллагын газраас хасуулсан захирамж гарч байсан.
Мөн оны 6 дугаар сард хурандаа Т.Мөнхбаатар ажлаа хүлээлгэж өгөхдөө Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Алтанбаганад, Онцгой байдлын газрыг ГХБХБГ-ын мэргэжилтэн Отгончимэгээр кадастрын дагуу хэмжилт хийлгэн уурын зуухны газрын заагийг хэмжин хүлээлцэж, газрын давхцал маргаангүй гэсэн тэмдэглэл, акт үйлдэн гарын үсэг зуруулан хүлээн авсан.
2.5 Тус газрыг 2017, 2018 онд аймгийн ГХБХБГ-т хуулийн дагуу хүсэлтээ өгснөөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын хуралдаанаар 2019 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдан батлагдаж явуулах байсныг Онцгой байдлын газартай давхцал үүсэж маргаантай гэсэн үндэслэлээр явуулаагүй.
2.6 Манай компанид ямар үндэслэлээр давхцал үүссэн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй.
2020 оны 04 сарын 17-ны өдрийн А/277 тоот аймгийн засаг даргын захирамжаар манай уурын зуухны газрыг Онцгой байдлын газарт нэмж олгосон байсныг сүүлд мэдсэн..гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:
Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д тус тус заасныг баримтлан Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Номгон 1 дүгээр баг, тээвэрчдийн гудамж, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, 300 дугаар тоот хаягт байрлах, нэгж талбарын 6409007394 дугаар бүхий 9341 м.кв (га) төрийн захиргааны байгууллагын зориулалттай газраас хариуцагч “******* ******* ******* *******” ХХК ийн хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа уурын зуухны барилгын зориулалттай газрыг чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэгч нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 03-р сарын 14- ний өдрийн А/179 дүгээр захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамжийг нэхэмжлэлдээ хавсаргаснаас харахад үүгээрээ өөрийн эрхээ нотолж байна. Харин А/179 дүгээр захирамж нь “Эзэмшил газрын талбайн хэмжээ залруулах тухай” гэсэн нэртэй ба түүний хавсралтын “Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар” гэсэн 4 дэх мөрний мэдээллээс харахад 7490 м2-ыг 9341м2 болгон залруулж байна
4.2 7490 м2 газрыг эзэмшиж байснаа нотлохын тулд газрын тухай хуульд зааснаар газрыг гэрээний үндсэн дээр гэрчилгээгээр эзэмшиж байснаа харуулаад, дараа нь ямар хүсэлт, холбогдох баримтаар, ямар хэмжээний газрыг нэмж эзэмших эрх олж авч байснаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх ёстой.
4.3 шинээр олж авсан эрхээ 2018 оны 03-р сарын 14-ний өдрөөс эдэлж эхэлснээ нотлох баримт болох 9341м2 газрыг эзэмших эрхийн төрийн байгууллагын гэрчилгээ болон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээ шүүхэд гаргаж өгсөн байх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлох хамгийн чухал үүрэг.
4.4 хэрэгт авагдсан баримтаар бол 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгогдсон Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн өдөр байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ нь 2018 оны 03-р сарын 14-ний өдрөөс 2020 оны 06-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны нэхэмжлэгчийн “эрх”-ийн асуудлыг хаанаас олж харах нь шүүхээс өгөх дүгнэлтэд маш чухал ач холбогдолтой болохыг харуулж байсан.
4.5 Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 дугаар захирамж нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.” гэсэн нь хэзээний, ямар хэмжээг, хэний хүсэлтээр, ямар хэмжээгээр, яаж залруулсан А/452 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь энэ А/277 дугаар захирамжаас огт харагдахгүй байна.
4.6 Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 137 дугаар тогтоол нь Онцгой байдлын газартай газрын давхардал үүсэж маргаантай байгаагаас дуудлага худалдаа хойшилсон асуудлыг хэрхэн яаж шийдэгдсэн нь хэрэгт цугларсан баримтуудаас харагдахгүй байна.
4.7 маргаан бүхий газар 2019 онд дуудлага худалдаанд оруулах төлөвлөлтөд орж байна. А/179, А/277 дугаар захирамжууд дангаараа нэхэмжлэгчийн “эрх”-ийг хөдөлбөргүй нотолж чадахгүй
4.8 анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана,
Мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”гэсэн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрэ******* иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэв. Учир нь:
Нэг:
1.1 Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар нь хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-нд холбогдуулан Баянхонгор аймгийн Онцгой байдлын эзэмшлийн 6409007394 дугаар нэгж талбарын дугаартай 9341 м.кв (га) газарт “******* ******* ******* ******* ХХК” нь уурын зуух ажиллуулж байгаа газрыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “...Баянхонгор аймаг дахь төрийн аудитын газраас тус газрын 2020, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланд баталгаажуулахдаа байгууллагын эзэмшлийн талбайд “******* ******* ******* *******” ХХК-ийн эзэмшлийн уурын зуухны барилга байршиж, халаалтын үйл ажиллагаа явуулж байгаа зөрчлийг арилгах тухай зөвлөмж өгсний дагуу 2021 онд ” ******* ******* ******* *******” ХХК-д манай байгууллагаас 2 удаа, Газрын харилцаа барилга хот байгууллагын газраас 1 удаа тус тус албан бичгээр хандсан боловч “******* ******* ******* *******” ХХК нь уурын зуухны барилгын газрыг чөлөөлөөгүй…” гэж тайлбарлажээ.
1.2 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2016 онд тухайн байгууллагын дарга Т.Мөнхбаатар уурын зуух барих саналыг удаа дараа тавьсны дагуу бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдээс санал хүсэлтийг авсны үндсэн дээр ямар ч эзэмшилгүй, ашиглах боломжгүй овоолго шороо байсан газрыг тэгшлэн, уурын зуухаа барьсан.
2018 оны 03 сард Онцгой байдлын байгууллагын газраас хасуулсан захирамж гарч байсан. Мөн оны 6 дугаар сард мэргэжилтэн Отгончимэгээр кадастрын дагуу хэмжилт хийлгэн уурын зуухны газрын заагийг хэмжин хүлээлцэж, газрын давхцал маргаангүй гэсэн тэмдэглэл, акт үйлдэн гарын үсэг зуруулан хүлээн авсан. Тус газрыг 2017, 2018 онд аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хуулийн дагуу хүсэлтээ өгөхөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 12 сарын хуралдаанаар 2019 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдан батлагдаж явуулах байсныг Онцгой байдлын газартай давхцал үүсэж маргаантай гэсэн үндэслэлээр явуулаагүй. Манай компанид ямар үндэслэлээр давхцал үүссэн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. 2020 оны 04 сарын 17-ны өдрийн А/277 тоот аймгийн засаг даргын захирамжаар манай уурын зуухны газрыг Онцгой байдлын газарт нэмж олгосон байсныг сүүлд мэдсэн..”гэж маргаж, гомдол гаргажээ.
1.3 Анхан шатны шүүх маргаан бүхий газарт байх, хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн уурын зуухны барилга бүхий газрыг чөлөөлж нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын албан контор, сургалтын байрны зориулалт бүхий газар нь өмнө нь 7490м2 байсныг 9341 м2 болгон өөрчилж эзэмших хугацааг 15 жилээр тогтоосон Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 14-ний өдрийн А/179 захирамж, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн Э-0320000549 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэргийг үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.
1.4 Хэргийн үйл баримтаар ******* эйч ******* ди ХХК-ийн уурын зуух түүний доорх газрын эзэмшлийн талаарБаянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/179 тоот захирамжид:
Эзэмшил газрын хэмжээ зөрөөтэй байгаа төрийн байгууллагуудын эзэмшил газрын хэмжээг залруулж хавсралтаар баталж 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх бөгөөд хавсралтаар “газар эзэмших эрхийн гэрчилгээний талбайн хэмжээ өөрчлөгдөж байгаа байгууллагын нэрс”-ийн 4-т Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар, албан контор сургалтын байр, одоо байгаа талбайн хэмжээ 7490м2, захирамжлагдаж буй талбайн хэмжээ 9341м2, эзэмших эрхийн хугацаа 15 жил гэжээ./хавтаст хэргийн 4-6 дугаар тал/
- Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 тоот захирамжид:
“Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээг залруулах тухай” Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар захирамжийг хүчингүй болгосугай гэжээ./ хавтаст хэргийн 7 дугаар тал/
- Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 137 тоот тогтоолд:
Аймгийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг нэгдүгээр хавсралтаар баталж,хангалттай хэрэгжсэн гэж дүгнэж, аймгийн инженерийн шугам сүлжээ бүхий газрын 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийн гэсний 2-т Баянхонгор, онцгой байдлын газрын хойд талд, газрын хэмжээ 0,076 дэд бүтцийн байгууллага, Онцгой байдлын газартай газрын давхцал үүсэж маргаантай байгаа тул дуудлага худалдаа явуулаагүй хойшлуулсан байна гэжээ./ хавтаст хэргийн 47-48 дугаар тал/
1.5 Эрх бүхий этгээдүүдээс гаргасан дээрх эрхийн актуудыг өөр хооронд нь харьцуулан харахад Баянхонгор аймгийн Засаг дарга нь 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/179 тоот захирамжаар нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт 9341м2 газрыг эзэмшүүлсэн, энэ талбайд хариуцагч “******* ******* ******* *******” ХХК-ийн 2016 онд ашиглалтад оруулсан уурын зуухны барилга бүхий газар багтаж байна.
Харин Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 тоот захирамж, болон Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 137 тоот тогтоолын агуулгаас харахад Баянхонгор аймгийн онцгой байдлын газрын хойд талд байх 0,076 га газар нь Онцгой байдлын газартай газрын давхцал үүсэж маргаантай байжээ.
Мөн Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/277 тоот захирамжаар Онцгой байдлын газрын эзэмшил газрын хэмжээг залруулах тухай” Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/452 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх боловч энэ захирамж нь хавтаст хэрэгт авагдаагүй орхигджээ.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч “... 9341 мкв газрыг 7341 мкв газар болгож буулгаад захирамж гаргасныг А/452 дугаар захирамжаар хүчингүй болгосон...” / шүүх хуралдааны тэмдэглэл/ гэж тайлбарлаж байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт: “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах... эрхийг шүүх эдлэх”-ээр заасан зохицуулалтыг анхаараагүй буюу шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчид өмнө нь мэтгэлцээгүй шинэ баримтыг зааж тайлбарласан тохиолдолд шүүх тэдгээрт уг баримтыг гаргаж өгөх боломжийг нь олгож талуудыг мэтгэлцэ******* оролцох тэгш эрх эдлэх боломжоор хангаагүй байна.
1.6 Анхан шатны шүүх эрх бүхий бүхий этгээдүүдээс гаргасан эрхийн актуудын уялдаа холбоо, утгын агуулга бүрийг нэг бүрчлэн үнэлж дүгнэлгүйгээр Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны 03 сарын 14-ний өдрийн А/179 захирамж, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн Э-0320000549 дугаар гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ зэргийг үндэслэн уурын зуух бүхий газар нь Онцгой байдлын газрын эзэмшлийн газар болох нь тогтоогдож байна гэж дүгнэн тухайн газраас уурын зуухны барилгыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
1.7 Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-ийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”,мөн хуулийн 60 дугаар зүйлд заасан “газартай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг анхаараагүй байна.
1.8 Хариуцагч “******* ******* ******* *******” ХХК нь маргаан бүхий газарт уурын зуухны барилгыг 2016 онд барьж ашиглалтад оруулсан үйл баримтыг тухайд зохигч талууд маргаагүй байх бөгөөд энэ цаг хугацаанаас хойш маргаан бүхий газрын эзэмшлийн асуудлаар гаргасан Аймгийн Засаг даргын захирамж бүр хэрэгт авагдаагүйгээс эргэлзээтэй байдлыг бий болгосон болон холбогдох нотлох баримт бүрдээгүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасан “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцээгүй байна.
Хоёр;
Иймд хариуцагч байгууллагын төлөөлөгчийн А/179, А/277 дугаар захирамжууд дангаараа нэхэмжлэгчийн эрхийг хөдөлбөргүй нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж заасантай нийцээгүй гэх агуулгаар бичсэн гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь үг үсгийн алдаа ихтэй бичигдсэн байгааг цаашид анхаарах шаардлагатайг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2022/000718 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч байгууллагаас төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ,
Ч.ЭНХТӨР