| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2018/00172/Э |
| Дугаар | 209 |
| Огноо | 2018-10-26 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 209
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгч Р.Э-г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Р.Э-д холбогдох эрүүгийн 1826002710199 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Р.Э
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Э нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Рашаант хотхоны 20 айлын орон сууцны барилга дээр мужаанаар ажиллаж байх үедээ хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн "Ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглох", Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д заасан "өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх" үүргээ биелүүлээгүйгээс иргэн С.Б-н эрүүл мэндэд цахилгаан гар хөрөөгөөр хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Р.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Хохирол төлбөрт 1540000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч С.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Рашаант” хотхоны 20 айлын орон сууцны барилга дээр арматур боож байсан. 15 цаг нилээн өнгөрч байсан байх, би бие засах газар орчихоод буцаж яваад Э-с тамхи сурсан чинь байгаа гараад ир гэж хэлэхээр нь Э дээр очсон. Тухайн үед Э миний ажиллаж байсан барилгын урд талын барилга дээр ажиллаж байсан юм. Би Э-с тамхи аваад хураалгаатай хэв хашмал дээр суугаад татчихаад өндийхөд Э миний хажууд гар цахилгаан хөрөөгөөр хэв хашмалын панер зүсч байсан юм. Тэгсэн миний мөрөн дээр юм дэлсэх шиг болсон. Тэгтэл гэнэт эрүү, шанаанаас цус гойжсон. Тэгсэн Э яанаа би найзыгаа алчихлаа, одоо шоронд орох нь гээд сандраад намайг аваад эмнэлэг явсан. Эмнэлэг дээр ирээд хүлээн авахад цусаа тогтоолгож, оёо тавиулж, эмчилгээ хийлгэсэн. Тэгээд эмч нар намайг яаралтай Улаанбаатар хот руу явж үзүүлэхгүй бол болохгүй гээд тэр шөнөдөө Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод 2018 оны 06 дугаар сарын 12-ны өглөө очиж, шууд “Гэмтэл согог судлалын үндэсний төвд” үзүүлж тэнд хэвтсэн. Өвчин намдаах болон, цус төлжүүлэх эмчилгээ хийлгэсэн. 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эрүү хадах мэс засалд орсон. Тэгээд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр эмнэлгээс гарсан. ...Тухайн өдөр 12 цаг өнгөрч байхад үдийн хоолондоо ороод, үдийн амралт 1 цаг байдаг учир амарч байгаад Ч ганц юм авъя, мөнгө нэмэрлээч гэхээр би 1000 төгрөг, Э 500 төгрөг өгч, үлдсэнийг нь Ч гаргасан байх. 1 шил 0.33 литрийн Хараа архи авчирсан.Тэр архиа уучихаад ажилдаа гарсан. Бид нарын ажлыг хуваарилж, ажилд гаргадаг, хяналт тавьдаг хүн бол талбайн инженер С юм. Инженер С өглөө 8 цагт ажилд ирэхэд ажилчдад ажил хуваарилж өгөөд чиглэл чиглэлд нь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны талаар зааварчилга өгч, баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулж ажилд гаргадаг”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас/,
Гэрч Б.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн "... Миний ажилладаг компани нь худалдаа үйлдвэрлэл явуулдаг. Манайх захиалагч компани, харин гүйцэтгэгч компани нь "Эрч хүч хөгжил" ХХК байгаа юм. Б нь "Эрч хүч хөгжил" ХХК-д ажилладаг юм. Би тухайн үед гэртээ амарч байсан. Болсон үйл явдлыг мэдэхгүй. Бумцэнд нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Рашаант хотхоны 20 айлын орон сууцны карказан дээр ажиллаж байсан. Бумцэнд нь барилгын мэргэжилгүй, өдрийн 20000 төгрөгийн цалинтай, туслах ажилтан байгаа юм. Нарийн зүйлийг хариуцан ажиллуулж байгаа "Эрч хүч хөгжил" ХХК-ний инженер даамал С мэдэж байгаа..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 78 хуудас/,
Гэрч Р.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай Арвайхээр сумын 5-р багт байрлах “Шонхор” тауны урд талын барилга дээр ажил хийж байсан. 15-16 цагийн үед барилгын ажил явагдаж талбай дээр Э, З, Т, Б бид нар барилгын урд талын талбай дээр барилгын хэв янзалж байсан. Тухайн үед цахилгаан гар хөрөөний ир нь мохчихсон байхаар Э ах шинэ ир авч ирээд хөрөөний ирийг сольсон. Үүний дараа Э ах ахын дүү залгаадах ах нь прүүс тайраадахъя гэхээр нь би за гэж хэлчихээд прүүс авч ирэх гээд барилгын нөгөө талын хэсэг рүү явсан. Тэгсэн ард хүмүүс шуугилдаад орилолдоод унахаар нь эргээд яваад очтол Б ахын нүүрний шанаа хэсгээс нь цус гарч байсан. Тэгээд шууд эмнэлэгрүү аваад явсан. Би бол тухайн үед яг юу болсныг бол хараагүй. Хоорондоо маргалдсан асуудал байхгүй. Инженер С ажил шалгаж, үүрэг чиглэл өгдөг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 79 хуудас/,
Гэрч Н.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед манай нэг ажилтан миний ажлын өрөөнд орж ирээд Б нил цус болоод хашаанаас гүйгээд гараад явчихлаа араас нь Б ах гүйгээд гарлаа гэж хэлэхээр нь би гарч гүйгээд хашааны гадаа гартал тэд нар Б-н машинтай хөдлөөд явчихсан. Тэгэхээр нь би араас нь эмнэлэг дээр очсон. Эмнэлэг дээр хүлээн авахад ороход Б зүүн талын шанаандаа зүсэгдсэн байдалтай эмнэлгийн орон дээр хэвтэж байсан. Тэгээд би Н-д утсаар хэлээд мөн нэг ажилтнаа Б-н гэрийнхэнд хэлээд дуудаадах гэсэн. Тэгээд удалгүй Н болон Б-н ар гэрээс нь хүмүүс ирсэн. Би тодорхой юм бол мэдэхгүй. Тухайн үед би ажлын өөрөөндөө байсан. Хамт ажиллаж байсан хүний ярианаас болсон үйл явдлыг сонсоход хоорондоо тоглож байгаад санаандгүй байдлаар цахилгаан хөрөөнд орчихсон юм шиг байна лээ. Б нь хойд талын блокон карказ барилга дээр арматур боож байсан. Тэгсэн урд талын блокон барилга дээр очоод Э-тэй ярьж суусан юм шиг байгаа юм. Тэгээд Э цахилгаан гар хөрөөгөөрөө хэв хашмал засаж байсан. Тэр хэв хашмал дээр нь Б суучихсан байсныг Э бос гэсэн чинь Б тэгвэл чи намайг энэ модтойгоо хөрөөдчих гэхээр нь тоглоом шоглоомоор Э барьж байсан хөрөөгөө Б рүү чиглүүлсэн чинь Б босоод ирэхээр нь Э цочихдоо хөрөөнийхөө асаах товчийг дарчихсан юм шиг байна лээ. Тэгээд яах ийхийн зуургүй хөрөөний ир эрүүнд нь хүрчихсэн юм шиг байна гэж Э надад ярьсан. ...”Эрч хүч хөгжил” ХХК нь барилга угсралтын ажиллагаа явуулдаг компани. Би уг компанид талбайн даамал ажилтай. Барилгын талбайн болон хөдөлмөрийн процессыг хянаж, ажил үүргийн хуваарилалт хийдэг. Би барилга дээр ажиллаж байгаа ажилчдад ажил үүргийг нь хуваарилан өгч, ажилтай нь танилцуулж, тухайн ажилтай нь холбогдуулж хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг өглөө бүр ажилд гарахад нь бичгээр болон амаар өгч, гарын үсэг зуруулж авдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 хуудас/,
Гэрч Б.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн “...: 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед байх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Рашаант” хотхоны 20 айлын орон сууцны 2 блокон карказан барилгын урд талын карказан барилга дээр тамхи татаад сууж байтал гэнэт станцаар хүн юм ярихаар нь сонсох гээд эргэж хараад станцаа чагнаж байх хооронд ард чимээ гарсан. Юу болов гэсэн чинь Б-н нүүрний зүүн шанаанаас цус гарч байсан. Тэгээд бид нар юу болов, яав гээд Б, Э хоёрыг эмнэлэг яв гээд тэд нар эмнэлэг рүү явсан. Ийм л юм болсон. Ослоос 1 цаг гараны өмнө Э, Б бид гурав 0.33 литрийн 1 шил Хараа архи хувааж уусан. Тэгээд ажлын цаг болоод инженер дуудаж бүртгээд ажилдаа гарцгаасан. Инженер С бүх ажилчдыг цуглуулаад ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх талаар болон хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаар зааварчилгаа өгдөг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 84 хуудас/,
Гэрч Н.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед байх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Рашаант” хотхоны 20 айлын орон сууцны 2 блокон карказан барилгын урд талын карказан барилга дээр прүүс мод зөөж, эмхлүүлж байсан юм. Тэгээд нэг харсан чинь тэд нарыг байхгүй болохоор нь доошоо буусан чинь Б-г хөрөөнд шанаа эрүүгээ зүсчихлээ, эмнэлэг явсан гэж Н хэлсэн. Тэгж л би болсон явдлын талаар мэдсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85 хуудас/,
Гэрч С.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би ажлын шугамаар Өвөрхангай аймгийн Богд суманд ажиллаж байсан. Тухайн өдрийн 17 цагийн үед болсон ослын талаар манай талбайн даамал буюу талбайн инженер С надад утсаар мэдэгдсэн. Энэ талаар би мэдээд Б суман дахь ажлаа орхиод шууд Арвайхээрт ирсэн. Замд явж байхад Б-н эгч нь утсаар ярьж, Б-г эмч нар Улаанбаатар хот руу яаралтай авч явахгүй бол болохгүй гэж байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлгээс хот руу явах түргэний автомашин олдохгүй байна гэхээр нь би Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал руу нь утсаар ярьж эмнэлгийн түргэний автомашиныг гаргуулж, Б-г Улаанбаатар хот руу явуулсан. Мөн гэр бүлийн хүмүүс нь явах гэсэн унаа байхгүй байна гэхээр нь албаны автомашиныг /жип/ гаргаж хамт явуулсан. Намайг Арвайхээр сум дээр ирэхэд Улаанбаатар хот руу гарах гээд эмнэлгээс хөдөлж байсан. Манай компани нь улирлын чанартай ажилладаг болохоор 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр С.Б, Р.Э нар нь барилгын туслах ажилтнаар /мужаан/ манайд ажилд орсон. Тухайн өдрөөр бид С.Б, Р.Э нартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Өглөө бүр 08 цагт манай компанийн талбайн инженер С ажилчдад хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч, гарын үсэг зуруулж, ажил үүргийг хувиарлаж, ажилд нь гаргадаг. Хэрвээ ажилчдаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд тухайн ажилтныг ажилд нь гаргадаггүй. ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87 хуудас/,
Шүүгдэгч Р.Э-н яллагдагчаар өгсөн “...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед байх Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Рашаант хотхоны 20 айлын орон сууцны 2 блокон карказан барилгын урд талын карказан барилга дээр би хэв хашмал хийж байсан юм. Тэгтэл хойд барилга дээр ажиллаж байсан манай найз Б нойл орчихоод явж байхдаа надаас тамхи байна уу гэж асуухаар нь байгаа гэсэн чинь над дээр хүрээд ирсэн. Тэгээд надаас тамхи аваад татаж байх зуур би цахилгаан гар хөрөөгөөр панер зүсч байсан юм. Тэгээд хэв хашмалыг зүсэх гэтэл дээр нь Б суучихсан байсан. Тэгэхээр нь би босож бай гэсэн чинь Б тэгвэл намайг хамтад нь хөрөөдчих гээд тоглоом шоглоом хийж хэлэхээр нь би хөрөөгөө барьж байсан чигтээ хэв хашмалаас илүү гарсан байсан прүүсийг хөрөөдөх гээд эргэхэд Б гэнэт босоод би цочихдоо хөрөөний асаах товчийг дарчихсан байсан. Тэгсэн Б-н нүүрнээс цус гоожоод доошоо шат руу гүйхээр нь би араас гүйгээд хамт хашаанаас гараад бид 2 шууд эмнэлэг дээр ирсэн. Эмнэлгийн гаднаас би Б-г үүрч эмнэлгийн хүлээн авах дээр ороод Б-д эмчилгээ хийлгэсэн. Тэгсэн миний араас манай инженер даамал С орж ирсэн. Дараа нь Н ирсэн. Тэгээд Н цагдаад мэдэгдсэн байсан. Тухайн үед би яах учраа олохгүй сандраад ямар ч байсан эмнэлэг рүү очиж эмнэлгийн тусламж үзүүлье гээд л эмнэлэг рүү авч явсан. Надтай хамт Т, Н гэх 2 залуу ажиллаж байсан. Тухайн өдрийн 12 цаг 30 минутанд бид нар хоолондоо ороод 13 цаг 30 минут хүртэл түр амардаг юм. Хоолондоо ороод амарч бай хугацаанд Ч ганц юм авъя мөнгө нэмэрлээч гэхээр нь би 500 төгрөг, Б 1000 төгрөг өгөөд үлдсэнийг нь Чг өөрөө гаргасан байх. Нэг шил 0.33 литрийн 1 шил Хараа архи авчирч Б Ч бид гурав хувааж уусан. Ч-н авч ирсэн архийг бид гурав миний ажиллаж байсан блокон карказан барилгын подволд нуугдаж хувааж уусан. Манай инженер даамал С үүрэг чиглэл өгч, хяналт тавьж ажилладаг. Тухайн үед 13 цаг 30 минут болж инженер С амарч байсан бүх ажилчдыг дуудаж бүртгээд хийх ёстой ажлыг нь зааж өгч, хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зааварчилгаа зөвлөмж өгч гаргасан. Өглөө ажилд гарахад инженер С хөдөлмөр аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зааварчилга өгдөг. Тухайлбал хуруу гараа авчих вэ болгоомжтой ажиллах, барилга дээрээс унах вэ гэх зэргээр зааварчилгаа өгч, өглөө бүр баталгаа авч гарын үсэг зуруулж авдаг. Би С.Б н эмчилгээний зардалд нийт 1245000 төгрөгийг өгсөн. Би өөрийн хийсэн үйлдэл, гэм буруугаа ойлгож байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцах ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Өөрт оногдсон ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7747 дугаартай шинжээч эмчийн:
1.С.Б-н биед эрүүний зүүн булангийн хугарал, зүүн хацар, эрүү, хүзүүний
шарх, зүүн дээд зовхи, дээд уруулын саажил гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр
үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
5.Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн шинэ гэмтэл байна.
6. Учирсан гэмтэл нь амь насанд аюулгүй болно” гэсэн дүгнэлт /хх-ийн 94хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6616 дугаартай химийн шинжээчийн:
1.Шинжилгээнд ирүүлсэн “ Нас 37 Ч ӨВ” гэсэн хаягтай цусанд промилли
спиртийн агууламж илэрч байна.
2.Цусанд илэрсэн 1.2 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 98 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6617 дугаартай химийн шинжээчийн:
1.Шинжилгээнд ирүүлсэн “ Нас 38 Э ӨВ” гэсэн хаягтай цусанд 0.6
промилли спиртийн агууламж илэрч байна.
2.Цусанд илэрсэн 0.6 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт
хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 104 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6618 дугаартай химийн шинжээчийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн “ Нас 37 Т ӨВ” гэсэн хаягтай цусанд 0.7 промилли
спиртийн агууламж илэрч байна.
2. Цусанд илэрсэн 0.7 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 109 хуудас/,
Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 05 тоот шинжээчийн:
1. 2018 оны 04 дүгээр сарын 20-нд “Эрч, хүч, хөгжил” ХХК-ийн захирал С.Г С.Б-тэй 2018 оны 04 дүгээр сарын 20-ноос 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл барилгын туслах, мужааны ажил гүйцэтгүүлж, ажилласан өдрөөр тооцож өдрийн 22000 төгрөгийн цалин олгохоор тусгаж хөдөлмөрийн гэрээ байгуулсан, Эрч хүч хөгжил ХХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны 57/18 дугаар тушаалаар ажилд авсан 10 хүний жагсаалтын 2-т С.Б туслах ажил гүйцэтгэх гэсэн байгаа тул хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.
2. 2018 оны 04 дүгээр сарын 20-нд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч ажлын багаж, техник хэрэгслээр хангаж хүлээлгэж өгөх, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, гүйцэтгэх ажлын чиглэл, ажлын байрны тодорхойлолт гаргаж өгөх, гэрээгээр тохиролцсон цалин олгох, харин ажилтан ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд тавьсан шаардлагыг биелүүлэх, ажлын багаж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, ажил үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, ур чадвар эзэмших, болзошгүй аюул эрсдэл учруулахгүй байх үүрэгтэй гэж заасан байна.
3. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 д "ажил олгогч дараах үүрэгтэй "28.1.8-д "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэж заасан байдаг. “Эрч хүч хөгжил” ХХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 10-ны 65/14 тоот тушаалаар “Өв Гурван лут” ХХК-ийн THREE L VILLAGE орон сууцны хорооллын 3, 4 дүгээр ээлжийн орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны ажилтнаар Н.Б-г 2018 оны 04 дүгээр сарын 10-наас томилсон байна.
4. “Эрч хүч хөгжил” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 65/14 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 /ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй/, 6.2 /ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй/, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйл /ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны нийтлэг эрх үүрэг/, 28 дугаар зүйл /ажил олгогчийн эрх үүрэг/, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйл /барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг/ зэргийг үндэслэн гаргасан байна. Иймд ажилд томилох тухай тушаалын хууль эрх зүйн үндэслэл хангагдаагүй байна.
5. Тухайн тушаал хүчин төгөлдөр эсэхэд хариулт өгөх боломжгүй.
6-8. С.Б-н согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гараагүй байгаа тул эдгээр асуултуудад хариулт өгөх боломжгүй байна.
9. Ажил олгогч ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулж аюулгүй ажиллах арга барилд сургаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны бүртгэлийн дэвтэрт хэнийг ямар ажилд хуваарилж, хэнд ямар зааварчилга өгсөн тодорхой бус, нийтэд нь зааварчилга өгсөн талаар тэмдэглэж гарын үсэг зуруулдаг зэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх; сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS 49695:2000 стандартын 4 дүгээр сарын 4.16-д “...Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө" гэж заасныг зөрчсөн байна.
Ажилтан С.Б Б.Ч, Р.Э нар нь ажлын байраа орхин явсан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д "хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх", 18.2.2-т "хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх", 18.2.7-д "өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх" гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-115-121/,
Шинжээч Б.З-н мөрдөн байцаалтанд өгсөн “...С.Б нь ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол үйлдвэрлэлийн осолд тооцогдохгүй. Энэ нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-д заасан байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 176-177 хуудас/,
Барилга угсралт, их засварын “Эрч хүч хөгжил” ХХК-ийн захирал С.Г, Р.Э нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-16 хуудас/,
Барилга угсралт, их засварын “Эрч хүч хөгжил” ХХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 56/18 тоот “Ажилтан ажилд авах тухай” тушаалын хуулбар /хх-18 хуудас/,
Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-9 хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 42 хуудас/,
С.Б-н өвчний түүх /хх-ийн 50-67 хуудас/,
Шүүгдэгч Р.Э-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-135/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-154/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1/424 дугаартай тодорхойлолт /хх-125/,
Хохирогч С.Б-н 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Р.Э холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Барилга угсралт, их засварын “Эрч хүч хөгжил” ХХК нь Р.Э-г 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс мужаанаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, шүүгдэгч Р.Э нь тус компанид мужаанаар ажиллаж байсан болох нь Барилга угсралт, их засварын “Эрч хүч хөгжил” ХХК-ий захирлын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ажилтан ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээгээр,
Шүүгдэгч Р.Э нь 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Рашаант хотхоны 20 айлын орон сууцны барилга дээр мужаанаар ажиллаж байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, хохирогч С.Б, гэрч Б.Ч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6617 дугаартай дүгнэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Р.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж буй Рашаант хотхоны 20 айлын орон сууцны барилга дээр мужаанаар ажиллаж байхдаа Барилга угсралт, их засварын “Эрч хүч хөгжил” ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.5-д заасан “ажилтан ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хатуу хориглоно”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д “ажилтан өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчиж, хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс цахилгаан гар хөрөөгөөр хохирогч С.Б-н эрүүл мэндэд “Эрүүний зүүн булангийн хугарал, зүүн хацар, эрүү, хүзүүний шарх, зүүн дээд зовхи, дээд уруулын саажил гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Р.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Б /хх-45-46/, гэрч Б.Н /хх-78/, гэрч Р.Н хх-79/, гэрч Н.С /хх-80-81/, гэрч Б.Ч /хх-84/, гэрч Н.Т /хх-86-87/, шинжээч Б.З /хх-176-177/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7747 дугаартай дүгнэлт /хх-94/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6617 дугаартай дүгнэлт /хх-104/, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 05 тоот шинжээчийн дүгнэлт /хх-115-121/, Барилга угсралт, их засварын “Эрч хүч хөгжил” ХХК-ийн захирал С.Г, Р.Э нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-16/, Барилга угсралт, их засварын “Эрч хүч хөгжил” ХХК-ийн захирлын 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 56/18 тоот “Ажилтан ажилд авах тухай” тушаалын хуулбар /хх-18/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /хх-4-9/, шүүгдэгч Р.Э-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-159-160/, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Р.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Боржигон овгийн Р.Э-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Р.Э нь хохирогч С.Б-д 1540000 төгрөгийн хохирол төлсөн болох нь хохирогч С.Б-н шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хаан банкны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Р.Э хуульд заасан торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Р.Э эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Б-д 1540000 төгрөгийн хохирол төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж, шүүгдэгч Р.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Р.Э-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Р.Э-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хоёр сарын хугацаанд тус бүр 250000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Э-д шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “KEN” маркийн цахилгаан хөрөө, шар өнгийн бариултай жижиг дэгээг “Эрч хүч хөгжил” ХХК-д, цагаан өнгийн хамгаалалтын /каск/ малгайг хохирогч С.Б-д тус тус буцаан олгосугай.
6. Шүүгдэгч Р.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 1540000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.