Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 210

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Галбадрах,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Иргэний хариуцагч Т.М,

Шүүгдэгч Г.Н, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарав овгийн Г6Н, Дашууд овгийн Г.Б нарт холбогдох эрүүгийн 1826003380187 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Шарав овгийн Г.Н, 

Монгол Улсын иргэн, , ял шийтгэлгүй, Дашууд овгийн Г.Б.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Арвайн дэвшил" ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцан ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16 дахь заалт "...Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө" гэсэн заалтуудыг зөрчиж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Арвайн дэвшил" ХХК-ийн ажлын байранд /хашаанд/ өөрөө өргөж буулгах зориулалттай сэрээт өргөгч /Поо/ машин жолоодож явахдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Н  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.  

Шүүгдэгч Г.Б  шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Хохиролд 500000 төгрөг өгсөн. Хөнгөн ял оноож өгнө үү гэв.  

Иргэний хариуцагч Т.М шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Н, Б нарт хөнгөн ял оноож өгнө үү. Шүүхийн шийдвэрээр гарсан хохирлыг компани бүрэн хариуцаж төлнө” гэв.

Хохирогч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулах "Арвайн дэвшил" ХХК-нд улаан тоосго гаргагч ажил хийдэг ба 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдөр оройны 19 цагийн үед байх одоо цагийг нь сайн санахгүй байна. Ажил дээрээ портер маркийн автомашин дээр гараараа тоосго ачиж байсан. Тоосго ачиж дуусчихаад хамт ажилладаг Н гэх хүүхэдтэй тоглоод хөөцөлдөөд явж байсан. Тэгээд явж байсан Пооны хажуу тал дээр нь Н бид хоёр гараад суусан чинь пооны жолооч Б ах буу гэхээр нь би түрүүлээд буусан. Н Поон дээр суугаад үлдсэн. Би Пооны сэрээн дээр гараад зогссон чинь хальтраад уначихсан. Поо миний бие дээгүүр урд талын дугуйгаараа дайрч гараад зогссон. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Миний биеийн аль хэсгээр дайрч гарсан талаар санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 хуудас/, 

Гэрч Т.М-н мөрдөн байцаалтанд өгсөн "...2018 оны 07 дугаар сарын 20-ний өдөр 18 цагийн үед ажилчид оройн цайгаа уусан. Үүний дараа би 18 цаг 40 минутын үед ажилчдын ажиллаж байгаа талбай дээр очиж ажилчдын ажилтай танилцчихаад буцаад ажлын хашаан дотор байдаг байшинд ирчихээд байж байсан. Тэгээд цонхоор хараад байж байтал манай ажилтан Б мастер Н руу гүйж очоод нэг  юм хэлсэн. Тэгээд Н над руу хараад гараараа даллахаар нь би яваад очтол Б тоосго зөөдөг, өөрөө өргөж буулгах /Поо/-ны хажууд дээшээ хараад хэвтчихсэн,  Б толгойг нь өвдгөн дээр түшүүлээд хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Б Пооны урдуур өнхөрч унаад дайрагдчихлаа гээд байж байсан. Түргэн дуудсан уу гэхэд тиймээ дуудчихсан байгаа гэж хэлсэн. Удалгүй түргэний машин хүрч ирээд Б-г аваад эмнэлэг рүү явсан байгаа. Уг үйл явдал 19 цагийн орчимд болсон байх. Манай ажилтан Б 19:02 минутанд над руу залгасан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 хуудас/, 

Гэрч Ц.Н-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн үед байсан байх би Ц.Б-той хамт тоосго ачиж дуусчихаад бид хоёр тоглоод нэгэнтэйгээ хөөцөлдөөд гүйж байсан. Тэгээд тоосго өргөдөг Поон дээр Б бид хоёр жолоочийн хоёр талд нь гараад суусан. Тэгсэн жолооч Б ах та хоёр буу гэж хэлсэн ба би буугаагүй. Харин Б буусан. Поо хөдлөөд явсан Б пооны урд талын хоёр сэрээн дээр нь гарч гишгэх гэж байгаад хальтраад уначихсан. Тухайн үедээ би сайн харж чадаагүй поо зогссон. Би цаад талд нь гүйгээд гараад харахад Б гэдсээ дараад атираад хэвтэж байсан. Тэгээд шууд мастер Н болон захирал М нарыг дуудаад мөн түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 хуудас/,

Шүүгдэгч Г.Н-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр бол 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдөр байсан. Тэр өдөр манай ажил дээр осол гарсан ба яг осол гарсан хэсэгт бол байгаагүй, нөгөө талд нь цагааны өрлөгийн хэсэг дээр явж байтал манай ажлын хүн гүйж ирээд ачигч буулгагчид хүн дайруулчихлаа гэхээр нь явж очсон. Манай үйлдвэрийн ажилчин улаан гаргагч Б гэж хүүхэд тоосго зөөж буулгадаг Поод дайруулсан байсан. Намайг очиход бол түргэн тусламж дуудсан байсан. Тэгээд эмнэлэг рүү аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-45 хуудас/,

Шүүгдэгч Г.Б-н мөрдөн байцаалтанд гэрчээр өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр байсан. Тухайн үед би ажил дээрээ өргөгч Поогоор тоосго ачиж буулгаж байсан. Тоосгоо хашааны зүүн урд талын хэсэгт буулгачихаад буцаад тоосго авах гээд Поотой явж байтал Б, Н нар хойд хэсгээс хоорондоо тоглоод хөөцөлдөөд гүйж байгаа харагдсан. Тэр хоёр над дээр ирээд миний баруун гар талд Н зүүн гар талд Ба суучихаар нь би зогсоод хоёуланг нь буу гэж хэлээд буулгасан. Тэгээд хөдлөөд явсан. Н Пооны баруун талын босоо баганаас барьчихаад тавихгүй байхаар нь тавь гээд гарыг нь цохиод эргээд урагшаагаа хартал Б Пооны зүүн талаас өмнүүр орж ирээд сэрээн дээр гишгэх гэснээ хальтирсан байх гулгаад юу юугүй доогуур орчихсон. Тэр үед би сандарсандаа тоормозоо гишгэх гэж байгаад андуурч хаазан дээрээ гишгээд Б-н дээгүүр нь гарчихсан. Ар талын дугуйгаа Баттогтохын дээгүүр гаргахгүйн тулд зүүн тал руугаа дараад зогсоосон. Ингээд буугаад ирэхэд Б Пооны зүүн талд газарт хэвтэж байсан ба би бага зэрэг дээш нь өргөөд цээжийг нь түшээд хүмүүст мэдэгдсэн. Түргэн тусламж ч ирээд Б-г эмнэлэг рүү аваад явсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 475 дугаартай шинжээчийн:

1. Үзүүлэгч Ц.Б-н биед давсагны ханын урагдал, аарцаг ясны баруун сүүжний дэлбэнгийн ар дээд хэсэг, умдаг ясны баруун дээд хэсэг, ууц ясны баруун дээд ирмэг хэсэгт цууралт, хэвлийн дунд доод хэсэгт мэс заслын шарх, зүүн гарын тохой хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 

3, 4. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

5. Уг гэмтэл нь учирсан үедээ үзүүлэгчийн амь насанд аюул учруулах эсэхийг тогтоох боломжгүй.

6. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдлагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 27 хуудас/,

Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 04 тоот шинжээчийн: 

1. Ажил олгогч Ц.Б-тэй улаан гаргагч албан тушаалд ажиллуулахаар 2018 оны 05 дугаар сарын 10-наас 2018 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаагаар

хөдөлмөрийн гэрээ байгуулж, “Арвайн дэвшил” ХХК-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны 04 тоот тушаалаар ажилд авч ажилласан тул хөдөлмөрийн харилцаа үүссэн.

2.   Хөдөлмөрийн гэрээнд зааснаар Д.Б үйлдвэрийн талбайд бэлэн болсон бүтээгдэхүүн гаргах ажил гүйцэтгэх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгыг мөрдөх, харин ажил олгогч гэрээнд заасан ажлаар болон ажиллах нөхцөл, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл, багаж хэрэгслээр хангах, ажлын талаар зайлшгүй шаардлагатай зааварчилга өгөх, хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, нийгмийн баталгаагаар хангах зэрэг үүрэгтэй байна.

3. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д "ажил олгогч дараах үүрэгтэй", 28.1.8-д "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх" гэж заасан байдаг. 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Г.Н-тай 2018 оны 05 дугаар сарын 10-наас 2018 оны 10 дугаар сарын 01 хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилчдад зааварчилга өгч хяналт тавих үүрэг гүйцэтгүүлэхээр заасан ба “Арвайн дэвшил” ХХК-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар Г.Н-г хөдөлмөрийн аюулгүй, байдал эрүүл ахуй хариуцсан ажилтнаар томилсон байна. 

4.  Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан  "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д "ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед" заасныг үндэслэн үйлдвэрлэлийн осол гэж үзнэ.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д "үйлдвэрлэлийн осол хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 cap, 31-50 хувь алдсан ажилтанд 7 cap, 51-70 хувь алдсан ажилтанд 9 cap, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа ажил олгогч олгоно" гэж заасан байдаг.

6. Ажил олгогч засварчнаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан Г.Б-г 2018 оны 06 дугаар сарын 15-ны 05 тоот тушаалаар жолоочоор ажиллуулсан, ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар сургалт зохион байгуулж аюулгүй ажиллах арга барилд сургаагүй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааны бүртгэлийн дэвтэрт хэнийг ямар ажилд хуваарилж, хэнд ямар зааварчилга өгсөн нь тодорхой бус, зааварчилгааг өдөр бүр өгдөггүй, 4 өдрийн дунд нэг зааварчилга өгч гарын үсэг зуруулдаг зэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8-д "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16-д "... Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө" гэж заасныг зөрчсөн байна.

7.  Ажилтан Д.Б, Ц.Н нар нь ажлын байраа орхин машинд очиж суусан, Г.Б жолооч мэргэжилгүй, сургалтад хамрагдаагүй зэрэг нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д "хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх", 18.2.2-т "хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх", 18.2.7-д "өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх" гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 31-36 хуудас/,  

“Арвайн дэвшил” ХХК-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот “Ажилтан ажилд авах тухай” тушаалын хуулбар /хх-ийн 86 хуудас/, 

“Арвайн дэвшил” ХХК-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 03 тоот “Ажил хавсаруулан томилох тухай” тушаалын хуулбар /хх-ийн 90 хуудас/, 

“Арвайн дэвшил” ХХК-ийн захирал Т.М, Г.Н нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний  хуулбар /хх-ийн 94 хуудас/, 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6 хуудас/,

Шүүгдэгч Г.Н-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний хуулбар /хх-63/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-65/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 928 дугаартай тодорхойлолт /хх-64/, 

Шүүгдэгч Г.Б-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний хуулбар /хх-60/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 752 дугаартай тодорхойлолт /хх-61/, 

Хохирогч Ц.Б-н 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй” гэсэн хүсэлт зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоосон байх тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Н, Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

“Арвайн дэвшил” ХХК нь Г.Нансалыг  2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтнаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь “Арвайн дэвшил”  ХХК-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ажилд хавсруулан томилох тухай 03 тоот тушаал /хх-90/,  хөдөлмөрийн гэрээгээр /хх-94-95/, 

Г.Буяннэмэх нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс “Арвайн дэвшил” ХХК-д  сэрээт өргөгчийн жолоочоор ажиллаж байсан болох нь “Арвайн дэвшил” ХХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 05 тоот тушаал /хх-91/, хөдөлмөрийн гэрээгээр /хх-98-99/ тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Н нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Арвайн дэвшил" ХХК-нд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 "аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх",  Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4 дүгээр зүйлийн 4.16 "...Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө" гэсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан,

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Арвайн дэвшил" ХХК-ийн ажлын байранд /хашаанд/ өөрөө өргөж буулгах зориулалттай сэрээт өргөгч /Поо/ машин жолоодож явахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д "хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн шаардлага, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх", 18.2.2-т "хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх", 18.2.7-д "өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх"  гэсэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд  хүнд хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Нансал, Г.Б нар нь хохирогч Ц.Б-н эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч С.Б  /хх-12-13/, гэрч Т.Мэндбаяр /хх-18-19/, гэрч Ц.Н  /хх-20-21/ нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Г.Н, Г.Б нарын  яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-44-45, 52-53/,  Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 475 дугаартай дүгнэлт /хх-27/, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 04 тоот шинжээчийн дүгнэлт /хх-31-36/, “Арвайн дэвшил” ХХК-ийн захирлын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот “Ажилтан ажилд авах тухай”,  2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03 тоот “ажил хавсруулан томилох тухай” тушаалын хуулбарууд /хх-86, 90/,  “Арвайн дэвшил” ХХК-ийн захирал Т.М-н  Г.Н, Г.Б нартай  байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-94-95, 98-99/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-6/, шүүгдэгч Г.Н, Г.Б нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.Н, Г.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Дашууд овгийн Г.Б, Шарав овгийн Г.Н нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв. 

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Ц.Б-д 500000 төгрөг, “Арвайн дэвшил” ХХК нь 1300000 төгрөг тус тус төлсөн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б, иргэний хариуцагч Т.М нарын өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Б-н 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна. 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ. Харин шүүгдэгч нарт  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Б-н сэрээт ачигчийн жолоочоор ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Н-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгөх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж,  1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг,  7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нар нь оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж хуульчилсан байх тул  хохирогч Ц.Б нь цаашид гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь  зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Н, Г.Б нарт тэнссэн хугацаанд хяналт тавих үүргийг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  

Шүүгдэгч Г.Н, Г.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж, шүүгдэгч Г.Н, Г.Б нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурьдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Н, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дашууд овгийн Г.Б-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй үйлдлийн  улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 

Шүүгдэгч Шарав овгийн Г.Н-г хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болгоомжгүй эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол  учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Б-н сэрээт ачигчийн жолоочоор ажиллах эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Г.Н-н хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгөх эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж,   нэг жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Н нарт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий албан байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй. 

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Н нарыг бүртгэн, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Н нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г.Б, Г.Н  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурьдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1  дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б, Г.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Б, Г.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.