Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00671

 

 

Ж.Дарьхандын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/05553 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ж.Дарьхандын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Монголросцветмет” ХХК-д холбогдох,

Нөхөн төлбөрт 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан гомдлоор

Шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжин, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбартаа: “Монголросцветмет” ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас иргэн Г.Хүрэл-Одын амь нас хохирсон болохыг үйлдвэрлэлийн ослын актаар тогтоосон ба түүний ар гэр бүлд нөхөж баршгүй гарз, хохирол учирсан. Надад төлөөллийн эрх олгосон Ж.Дарьхандын нөхөр Г.Хүрэл-Од нь “Монголросцветмет” ХХК-ийн бүрэлдэхүүнд байдаг Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн уулын цехэд өрөмдөгчөөр ажиллаж байгаад ид хийж бүтээх 40 насан дээрээ 2010 оны 08 дугаар сарын 31-нд үйлдвэрлэлийн ослын улмаас харамсалтайгаар нас барсан. Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т "Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэр бүлд 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа" гэсэн байх бөгөөд энэ үйлдвэрлэлийн ослын улмаас тэдний гэр бүлд буцалтгүй тусламжинд 500 000 төгрөг, оршуулгын зардалд 2 400 000 төгрөг дээрх хуулиар нэг удаагийн нөхөн төлбөрт 25 783 200 төгрөг олгожээ. Миний үйлчлүүлэгч Ж.Дарьхандад тус компаниас ирүүлсэн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №3/1926 тоот албан бичигтээ "Та нарын өгсөн орон сууц хүссэн тухай өргөдлийг судлан үзлээ. Өнөөдрийн байдлаар орон сууцны асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул 2013 оны 09 дүгээр сарын 01-ний дотор тус компанийн албаны 48-н айлын орон сууцанд 1 өрөө байраар хангах болно гэж дурджээ. Заасан хугацаанаас хойш 1 жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа боловч энэ хугацаанд удаа дараа чирэгдүүлэн байж, тус компаниас 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн №1/1635 тоотоор "Аав нь нас барсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлээд, уг явдалтай холбогдуулан нийт 28 600 000 төгрөгийг олгосон байна. Бор-Өндөрт танай гэр бүл орон сууцанд амьдарч байгаа тул мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу боломжит бүхий л арга хэмжээ авсан бөгөөд Улаанбаатар хотод орон сууцаар хангах боломжгүй" гэсэн бичгэн хариуг ирүүлжээ.

Д.Алтангэрэл миний бие надад олгосон эрхийн дагуу тус компанийн удирдлагад харилцан ойлголцлын зарчмаар асуудалд хандахаар хүсэлт гаргасан боловч энэ байгууллагаас 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн №1/1227 тоот албан бичигт "Компани тухайн үед талийгаачийн ар гэрт Хөдөлмөрийн хуулийн 97 дугаар зүйлийн 97 1.2-т заасны дагуу 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болон хуульд заасан тусламж дэмжлэгийг зохих журмын дагуу олгосон байна. Компанийн санхүү, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа тул иргэн Ж.Дарьхандад байр олгох боломжгүй" гэсэн хариуг ирүүлсэн. Дээрхээс үзэхэд “Монголросцветмет” ХХК нь өөрсдийн буруутай үйлдлийн улмаас ид хийх бүтээх насан дээрээ явсан айл гэрийн гол ноён нуруу, түшиг тулгуур болох гэрийн эзэн Г.Хүрэл Одын амь насанд хүрснээ ойлгоогүйгээр барахгүй тэдний гэр бүлийн ирээдүйн амьдралыг бусниулж, хүүхдүүдийг нь аавгүй, эхнэрийг нь насан туршийн ханиас нь салгачихаад хөгшин настай эхийг нь хүүгүй болгож өнчрүүлсэн, мөн түрээсийн байраар хангаснаа орон сууцтай мэтээр, 28 000 000 төгрөгийн нөхөн төлбөр төлснөө ирээдүйн бүх амьдралын баталгааг хангасан мэт бичих нь гэр бүлийг дорд үзсэн хэрэг болжээ гэж миний бие ойлгож байна. Иймээс “Монголросцветмет” ХХК-ийн буруутай болох үйлдвэрлэлийн ослын актаар тогтоосон тул хүний амь насыг нөхөн сэргээх боломжгүй учраас Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 13 дугаар зүйлийн 13.3-д "Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд зөрчвөл хуульд тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ." мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.2 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасны дагуу нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа гэсэн байх тул 1 түүнээс дээш гэдэгт хамааруулан иргэн Ж.Дарьханд болон түүний гэр бүлд учруулсан хохирлыг нэг мөр хэрэгжүүлэх зорилгоор тэдний ирээдүйн амьдралын баталгаа хангах үндэслэл болсон шинэ 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнэтэй дүйцэх 100 сая төгрөгийн нөхөн төлбөрийг дээрх хуулийн заалтуудад үндэслэн, “Монголросцветмет” ХХК-иас гаргуулан эхнэр Ж.Дарьхандын гэр бүлд учруулсан хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ослын шалтгааныг судлан акт гарч Бор Өндөр сумын сум дундын Цагдаагийн тасгаас 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн "Аюулгүй ажиллагааны журам зөрчих" 183.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5/45 тоот "Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж тухай прокурорын тогтоол" гарч эрүүгийн 21021890 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон нь энэхүү тогтоолоор тогтоогдсон Хөдөлмөрийн эрүүл ахуй хяналтын байцаагчийн 2010 оны 09 дүгээр сарын 08 ны өдрийн Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон актын дүгнэлтийн 14.2 дахь хэсэгт "осолдогч болон хамтран ажиллагчийн зүгээс өрөмдөлгийн ажлыг явуулах үедээ технологийн зөрчил гаргаагүй байна". 14.2 дахь хэсэгт "Уулын ажлыг явуулах үед хийгдсэн их тэсэлгээнии дараа Ш1рекнии хана таазны хэсэгт цууралт, ан цав үүсч өмнө нь тус уурхайн практим гарч байгаагүй үргэлжилсэн нуралт үүсэх нөхцөл байдлыг энгийн үзлэгээр тодорхойлох урьдчилан харах боломж хязгаарлагдмал байна" мөн байгууллагаас захиргааны аюулгүй ажиллагааны зааварчилгаа 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа зааварчилгаа, 2010 оны 06 дугаар сарын 29-ны өдөр улирал тутмын давтан зааварчилгаа, 2010 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ээлжит бус зааварчилгааг өгсөн талаар энэхүү актад тэмдэглэгдсэн байдаг.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан “Монголросцветмет” ХХК Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1 дэх хэсэгт "...эдгээр шалтгаанаар нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь дор дурьдсан хэмжээний нөхөн төлбөр олгоно гэсний дагуу “Монголросцветмет” ХХК нь талийгаачийн ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-д заалтад заасны дагуу 36 сарын цалин болох 3 жилийн цалинтай тэнцэх нэг удаагийн нөхөн төлбөр, буцалтгүй тусламж, оршуулгын зардалд нийт 28 600 000 төгрөг олгож хуульд зааснаар ар гэрт нь учирсан хохирлыг барагдуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Монголросцветмет” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №3/1926 тоот "Хүсэлтийн хариу"-г үндэс болгосон байна. Уг албан тоотод "...орон сууцны асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул 2013 оны 09 дүгээр сарын 01-ний дотор тус компанийн албаны 48-н айлын орон сууцанд 1 өрөө байраар хангах" гэсэн байх бөгөөд гарын үсгийг Ерөнхий захирлын орлогч зурсан байна. “Монголросцветмет” ХХК-ийн өмчлөлийн орон сууц нь хамтарсан компанийн хөрөнгө бөгөөд компанийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь ганц компанийн эрх барих дээд байгууллага болох Зөвлөлд эсхүл Зөвлөлийн шийдвэр авсны үндсэн дээр Ерөнхий захирал хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар иргэн Ж.Дарьхандыг орон сууцаар хангах асуудлаар Зөвлөлийн шийдвэр гараагүй. Компанийн зүгээс иргэн Ж.Дарьхандад Улаанбаатар хотод 2 өрөө байр олгох, түүнтэй тэнцэх нөхөн олговор олгох ямар нэг үүрэг хүлээгээгүй ба санхүү, эдийн засгийн хямралтай үед ийм их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлэх боломжгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн нэг өрөө эзэмшүүлэх хүсэлт яваандаа хоёр өрөө байр өмчлүүлэх хүсэлт болж өөрчлөгдсөн. “Монголросцветмет” ХХК             Бор-Өндөрт өөрийн компанийн өмчлөлийн орон сууцыг Ж.Дарьхандад эзэмшүүлж байна.

Компани өнөөдрийг хүртэл орон байрны асуудлыг шийдэж компанийн байранд амьдруулж байна. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр Ж.Дарьхандын нэхэмжлэлтэй “Монголросцветмет” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Ж.Дарьхандын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргах эрхтэй байсан боловч давж заалдах гомдол гаргаагүй. Нэхэмжлэгчийн өнөөдрийн гаргаж байгаа нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй яг адил утга бүхий байна Тухайн үед нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "... иргэний хуулийн 228 1 дэх заалт 230.2 дахь заалт, 497.1 дэх хэсэг, 508.1-508.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2 дахь заалтыг.." үндэслэл болгож байсан. Мөн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр Ж.Дарьхандын нэхэмжлэлтэй “Монголросцветмет” ХХК-д холбогдох гэм хорын хохиролд 100 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг шүүх бүрэлдэхүүн дахин хянан хэлэлцэж шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч Ж.Дарьхандын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Дээрх тохиолдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалт "...хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа" заасан тохиолдол бүрдээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/05553 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан “Монголросцветмет” ХХК-иас нөхөн төлбөрт 100 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Дарьхандын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 567 950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/05553 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 567 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ж.Дарьхандын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэл миний бие шүүхэд “Монголросцветмет” ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас иргэн Ж.Дарьхандын гэр бүл Г.Хүрэл-Од нь ид хийж бүтээх цэл залуу 40 насандаа амиа алдсан болохыг үйлдвэрлэлийн ослын /ҮО гэх/ актаар тогтоосон ба түүний ар гэрт нөхөж баршгүй гарз, хохирол учирсан. Энэ үйл явдалтай холбогдуулан Иргэний хуулийн 8 дугар зүйлийн 8.1.7, 13-р зүйлийн 13.3, 186-р зүйлийн 186.2, 219-р зүйлийн 219.1 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.2-д заасны дагуу “...нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш” гэж заасан байх тул “... түүнээс дээш” гэдэгт хамааруулан, иргэн Ж.Дарьхандын гэр бүлд учруулсан сэргээгдэх боломжгүй хохирол учраас тэдний ирээдүйн амьдралын баталгааг хангах үндэслэл болсон шинэ 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнэтэй /УБ хотын ханшид дүйцэх 100 000 000 /нэгэн зуун сая/ төгрөгийн нөхөн төлбөрийг дээрх хуулийн заалтуудыг тус тус үндэслэн, "Монголросцветмет” ХХК-иас гаргуулан, талийгаач Г.Хүрэл-Одын ар гэр бүлд учирсан хохирлыг барагдуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Гэвч иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч нь Г.Хүрэл- Одын сарын цалинтай тэнцэх нөхөн олговор шаардаагүй, УБ хотын ханшаар 2 өрөө шинэ байрны үнэтэй дүйцэх 100 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хуулийн заалтыг үндэслэн хангах боломжгүй юм. Нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтыг үндэслэн Г.Хүрэл-Одын сарын цалинтай тэнцэх нөхөн олговрыг хариуцагчаас дахин шаардахад энэ магадлал саад болохгүйг дурьдах нь зүйтэй...” гэжээ. Бид энэхүү магадлалд гомдолтой байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р заалт нь “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах евчний хохирлыг нөхөн төлөх” хэмээн дурьдсан. Уг хуулийн 97.1.2-т “ҮО хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа” гэсэн байх бөгөөд УДШ-ийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 25.1-д “Ажил олгогч нь энэ хэсэгт заасан нөхөн төлбөрийг “нэг ба түүнээс дээш олгоно” гэдэг нь нэг удаа заавал олгохыг хэлэх ба худөлмөрийн чадвар алдалтын хувь багассан, нэмэгдсэн тохиолдолд нэгээс дээш удаа олгоно.” хэмээн тайлбарласан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйл нь “Хохирлыг нөхөн төлөх” тухай эдийн бус хохирлын асуудлыг шийдэх гэж оролдсон гарц, нэг сайн алхам гэж ойлгож байгаа ч амьдралд нийцсэн төгс зүйл, заалт биш хэмээн үзэж байна. Энэ хуулийн агуулга нь хохирлыг нөхөн төлөх тухай асуудлыг зохицуулсан гэж ойлгож байгаа. “Зөвхөн буруутай бол нөхөн төлнө.” гэсэн хуулийн зарчим байдаг. Учир нь хохирлыг нөхөн төлөх хэмжээ, хязгаарын хувьд хохирол учруулагч этгээдийн гэм   буруугийн хэр хэмжээнээс үл хамаарч, хохирогчид учирсан бүх хохирлыг бүрэн хэмжээгээр арилгах зарчимд тулгуурладаг. Жишээ нь: Эд хөрөнгөтэй холбоотой хохирлыг нотлох баримуудыг үндэслэн шүүх 100 хувь төлөх шийдвэр гаргадаг. Иймээс шүүх ҮО-оор нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлын асуудлыг заавал сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр гэж явцуурч ар гэрийнхний өмнөөс хохирлын хэмжзэг тооцон шийдвэрлэх нь утгагүй асуудал.

Мөн Хөдөлмөрийн тухай хууль болон УДШ-ийн тайлбарт нас барсан ажилтны ар гэрт олгох хохирлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй хэд хэдэн асуудлууд байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.2-т “...нас барсан ажиптны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг... “...түүнээс дээш” гэсэн энэ заалтаас дор дурьдан задлахад 36 сарын цалин- энэ нь нөхөн төлбөр олгох хамгийн бага 36 сарын цалинг стандарт нөхцөл гэж ойлгож байгаа ба үүнийг шүүх болон а.а.н-уүд ихэвчлэн барьж, ҮО-ын акт гарсан тохиолдол бүрд хэрэглэдэг. Харин “...түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг...” гэх нөхцлийг шүүхийн практикт хэрхэн хэрэглэж байсан нь тодорхойгүй ба яаж хэрэглэх нь ойлгомжгүй УДШ-ийн тайлбарт ч огт байхгүй байсан. “...түүнээс дээш" удаа гэдэгт ямар нөхцөл үүсэхэд, ямар тохиолдолд хэдэн удаа яах нөхөн төлбөрийг олгох зэргийг хуулинд ч тодорхой бус, УДШ-ийн тайлбарт ч удаа дурьдаагүй. Хуулинд аливаа хохирлыг нөхөн төлөхөөр заасан нь эргээд хохирол учруулахаас хамгаалах чиг үүрэг, хөшүүрэг болохоос гадна хохирол учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн эрх зүйн ухамсар нь гэм буруутай этгээдийг дахин гэм хор учруулахыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж ойлгож явдаг. Хууль нь ард иргэдийг аливаа асуудлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариуцлага тооцох гэсэн 3 үүргийг хэрэгжүүлдэг. ҮО-ын улмаас нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг тооцох нэн бэрх боловч 18-р бүлэг “Гэм хорыг арилгах” 228-р зүйлийн 228.1-д "Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.”,мөн 230-р зүйлийн 230.2-д “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” хэмээн тус тус заажээ.

Бидний хувьд нэгэнт хүний амийг сэргээх боломжгүй тул өөрсдийн боломжит нөхцлийг дурьдан нэхэмжлэлээ гаргасан. Мөн хариуцагч байгууллага өөрсдийн буруутай үйлдэлд дүгнэлт хийж асуудлыг шийдэхийн оронд худлаа амлалт өгч, хууран мэхэлж, тэдний ар гэр бүлийг алагчилж, адилхан ҮО-оор нас барсан гэр бүлд 36 сарын нөхөн төлбөрөөс гадна орон сууц хувьчилж өгсөн үйлдэл нь дорд үзэж буй хэрэг. Мөн хариуцагч байгууллага удаа дараалан ҮО гаргаж буй тухай мэдээлэл хавтаст хэрэгт байсаг ч шүүх үүнийг үнэлж үзэн хариуцлага тооцохын оронд гаргаж буй шүүхийн шийдвэрүүдээрээ өөгшүүлэн дэмжиж байна. Шүүх дээрх нотлох баримтуудыг судлан үзэж, үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийн 97-р зүйлийн 97.1.2-д дээр дурьдсан тодорхой бус “б, в-д заасан нөхцлүүдийг боломж болгон ашиглаж, практикт шийдвэрлэх” болон 186-р зүйлийн 186.2-д заасан онцгой үүргээ зөрчсөн тул 219-р зүйлийн 219.1- д заасан заалтуудын аль нийцэх үндэслэлийг үндэслэн хохирлыг барагдуулж болох байсан. Шүүх нотлох баримтуудад тулгуурлан хариуцагчийн ёс зүйгүй үйлдлийг хянаж үзэн, шийдвэрлэхийн оронд хүний эрх, хууль дээдлэх зарчмаа үл тоон, хариуцагчийг бус биднийг буруутгаж байгаа нь шударга байх зарчмаа умартсанд ихэд харамсаж байна. Шүүх нотлох баримтуудад тулгуурлан шийдвэрээ гаргадаг. ИХШХШтХ-ийн иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх журмын 166-р зүйлийн 166.4-д “...шүүх зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянана.”, мөн 166.5-д “...харилцан асуулт тавих бөгөөд хэргийн материалыг судалснаар... шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө.” гэж тодорхой заасан байхад дээрх журмыг зөрчиж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлапгүйгээр цагт яаран шүүх шийдвэрээ гаргасан.

Бид давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын гол утга нь “Шүүх нотлох баримтуудад бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй, дан ганц талаас нь үнэлсэн нь хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн бодит байдлаар хянах зарчмыг алдагдуулж, хэт нэг талыг баримталсан.” гэж дурьдсан ба шүүх гол асуудлыг эс хайхарч, үнэн, зөв шударгаар шийдвэрлэхийн оронд цагт яаран, олон хэрэг шийдвэрлэх нэрийдлээр хам хум шийдвэрлэсэн болж, ИХШХШтХ-ийн дээрх заалтуудыг зөрчсөн. Дээрх шүүхийн магадлалд “нөхөн олговор” хэмээн дурьдан бичсэн байх бөгөөд хуульд нөхөн төлбөр гэж заасан байгаа. Үүнийг мөхөс миний бие бичилтийн техникийн алдаа гэж ойлгох авч, “нөхөн олговор” гэх ойлголтын талаар тодорхой үнэн зөв тайлбарыг олж, уншаагүй тул нэгэнт МУ-ын ДШ-д хандаж байгаа тул зөв ойлголт авахын тулд тайлбарлуулах хүсэлттэй байна.  Үндсэн хуулийн 16-р зүйлд “МУ-ын иргэн дараахь үндсэн эрхийг баталгаатай эдэлнэ.”, 16.1-д “амьд явах эрхтэй.” гэсэн ҮХ-иар хамгаалагдсан үндсэн эрхийг ажил олгогч байнга зөрчиж байгааг бид анхааруулаад байхад шүүх хариуцлага тооцохын оронд үл хэрэгсэн, ҮХ-ийг зөрчиж, энэхүү шүүхийн шийдвэрээрээ хариуцлагагүй үйлдлийг өөгшүүлэн дэмжсэнээ баталгаажуулан, шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хуулинд аливаа хохирлыг нөхөн төлөхөөр заасан нь эргээд хохирол учруулахаас хамгаалах чиг үүрэг, хөшүүрэг болохоос гадна хохирол учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэсэн эрх зүйн ухамсар нь гэм буруутай этгээдийг дахин гэм хор учруулахыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж ойлгодог.

Иймд шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дээр дурьдсан үндэслэлүүдэд хууль зүйн дагуу бодит дүгнэлт хийж, анхан давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, Шарайд овогт Ж.Дарьхандын нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Ж.Дарьханд нь хариуцагч “Монголросцветмет” ХХК-д холбогдуулан нөхөн төлбөрт 100 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөөгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ “...нөхөр Г.Хүрэл-Од нь хариуцагч компанийн уулын цехэд өрөмдөгчөөр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн ослоор нас барсан, ...Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2 дахь хэсэгт заасан нөхөн төлбөрийг нэг сар ба түүнээс дээш сараар олгохоор заасны дагуу нөхөн төлбөрийг тодорхойлж, хариуцагч орон сууцаар хангахыг зөвшөөрч байсан тул шинэ 2 өрөө байрны зах зээлийн дундаж үнэтэй дүйцэх 100 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Ж.Дарьхандын нөхөр Г.Хүрэл-Од нь “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн уулын цехэд өрөмдөгчөөр ажиллаж байгаад 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үйлдвэрлэлийн ослоор нас барсан, хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасан зохицуулалтаар 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрт 25 783 200 төгрөгийг нэхэмжлэгчид олгосон үйл баримт тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа “олгохоор заасан байна. Энэ зохицуулалтын дагуу ажил олгогч нь нөхөн төлбөрийг олгожээ.

Харин 36 сараас дээш сарын цалинтай тэнцэх олговрыг олгох эсэх талаар ажил олгогч шийдвэр гаргасан, эсвэл хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам зэрэг хэм хэмжээгээр зохицуулсаны үндсэн дээр олгох боломжийг хуулиар тогтоосон бөгөөд үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтанд 36 сараас дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр олгох талаар ажил олгогч  “Монголросцветмет” ХХК-ийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамаарах хэм хэмжээгээр зохицуулсан зүйл байхгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага 2 өрөө байраар хангах үүрэг хүлээсэн гэх үндэслэлийг нотлохоор шүүхэд гаргаж өгсөн “Монголросцветмет” ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3/1926 тоот албан бичиг дэх “...Өнөөдрийн байдлаар орон сууцны асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул 2013 оны 09 дүгээр сарын 01-ний дотор тус компанийн албаны 48-н айлын орон сууцанд 1 өрөө байраар хангах болно.” гэсэн мэдээлэл нь Улаанбаатар хотод 2 өрөө шинэ байр авч өгөх үүрэг хүлээснийг нотолсон агуулгагүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг тал бүрээс нь харьцуулан, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, нөхөн төлбөрийг 36 сараас дээш хэмжээгээр тооцож 2 өрөө байрны үнэ 100 000 000 төгрөгийг олгох үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн үндэслэлтэй болжээ. Иймд нотлох баримтыг бүрэн судлаагүй, хуульд заасан журмын дагуу дүгнэж чадаагүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй  байна. 

Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/05553 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Х.СОНИНБАЯР

         ШҮҮГЧ                                                               П.ЗОЛЗАЯА