Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 23

 

   Х.Золбоо, Б.Баттулга нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуул даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Солонго,

ялтан Х.Золбоо, Б.Баттулга нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Д.Батсуурь, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Б.Баттулга, Х.Золбоо, тэдгээрийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Золбоо, Б.Баттулга нарт холбогдох эрүүгийн 201625011885 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Хүрэлбаатарын Золбоо, 1994 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 43 дугаар гудамж, 747 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД: ГК 94013015/,

Богд Очирваань овогт Баярмаагийн Баттулга, 1993 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 690 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ИЮ 93032319/,

Х.Золбоо нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30-754 тоот хашааны гадна буюу олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин шалтгаангүйгээр хутга, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч У.Баасансүрэнгийн эзэмшлийн 03-54 УНВ улсын дугаартай, “Тoyota Prius” загварын автомашины урд, хойд болон 4 хаалганы салхины шилийг чулуугаар цохиж хагалан, 2 ширхэг толийг хугалж, автомашины орой хэсгийг зурж, хаалгыг нь нугасаар нь дарж 946.000 төгрөгийн хохирол учруулан догшин авирлаж танхайрсан,

Мөн Б.Бaттулгатай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнх-Одыг “шоронд ороод гарч ирсэн гэж цуу яриа тараалаа” гэх шалтгаанаар зодож, зовоон тарчлааж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Б.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Золбоотой бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнх-Одыг “шоронд ороод гарч ирсэн гэж цуу яриа тараалаа” гэх шалтгаанаар зодож, зовоон тарчлааж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Х.Золбоогийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар, Б.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Баттулгыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг бүлэглэн үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд, Х.Золбоог бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар Б.Баттулгад 3 жил 1 сарын хорих ял, Х.Золбоод 3 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Х.Золбоог 5 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Золбоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ялын зарим болох 1 жил 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн Х.Золбоогийн биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баттулгад оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Х.Золбоод оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Б.Баттулга, Х.Золбоо нарын урьд цагдан хоригдсон 3 хоногийг ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт зааснаар Х.Золбоогоос 946.000 төгрөгийг гаргуулан хохирогч У.Баасансүрэнд олгох, Х.Золбоо, Б.Баттулга нараас тус бүр 142.000 төгрөг, нийт 284.000 төгрөг гаргуулан хохирогч М.Мөнх-Одод олгох, хохирогч М.Мөнх-Од нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдүүдээс нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 14х6, 9х14, 25х14, 10х20, 12х7 см хэмжээтэй 5 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, Х.Золбоо, Б.Баттулга нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Баттулга давж заалдах гомдолдоо: “... Би 2012 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан. Миний ял шийтгэл Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан ч гэсэн дахин гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Анхан шатны шүүх намайг гэм буруутайд тооцож, хохирол төлбөр барагдуулаагүй гэх үндэслэлээр ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг ойлгож байна. Би хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж харамсаж байна. Хуулийн байгууллагын ажлыг хүндрүүлсэндээ хүлцэл өчье. Надад оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тодорхой хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Би дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй ах, дүү, ар гэрээ амар тайван байлгаж бусдад сайн сайхан үйл хийж явахаа шүүх бүрэлдэхүүнд амлаж байна...” гэжээ.

Ялтан Х.Золбоо давж заалдах гомдолдоо: “... Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хохирогч У.Баасансүрэнгийн эзэмшлийн “Toyota Prius” загварын автомашины эд ангийг эвдэж сүйтгэсэн. Мөн Б.Баттулгатай бүлэглэн хохирогч М.Мөнх-Одыг цуу яриа тараалаа гэх шалтгаанаар зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийг тус тус үйлдсэнээр анхан шатны шүүхээс надад 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, оногдуулсан ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Би дээрх гэмт хэргүүдийг үйлдэж эцэг, эхээ зовоож, хүмүүс хохироож, хууль хяналтын байгууллагын ажлыг хүндрүүлсэндээ маш их гэмшиж, харамсаж байна. Анхан шатны шүүх хуралдаан болох үед би эрхэлсэн ажилгүй, амьдралын аргагүй нөхцөл байдлуудын улмаас хохирогч нарын хохирол, төлбөрийг төлж барагдуулаагүй байсан. Мөн мөрдөн байцаалтын шатанд байцаагч хохирогч нартай уулзаж болохгүй гэж хориглосон учраас уулзаж чаддаггүй байсан. Мөрдөн байцаалт, прокурорын шатанд өмгөөлөгч аваагүй байсан учраас гэм хорыг арилгах, хохирсон хүмүүсээс хүлцэл өчиж уучлалт гуйх зэргээр өөрийнхөө эрх зүйн байдлыг дээшлүүлэх талаар ач холбогдол өгч чадаагүйдээ харамсаж байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн боловч хүний биед ямар нэгэн гэмтэл учруулаагүйг шүүх бүрэлдэхүүн эрх хэмжээнийхээ дагуу харгалзан үзэж зүйл ангийг хөнгөрүүлж өгнө үү. Би эх эцэг, ар гэрийнхэнтэйгээ зөвлөж тэдэндээ эргүүлэн төлөх болзолтойгоор мөнгө гаргуулж хохирогч нарын хохирлыг бүрэн төлж барагдуулж, уучлалт гуйж гомдолгүй болгосон. Миний амьдралын аргагүй нөхцөл байдлыг харгалзан үзэж дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй явж чадна гэж амлаж байгааг минь харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял, дэглэмийг хөнгөрүүлж өгөхийг гүнээ хүсэж байна. Анхан шатны шүүх надад ял оногдуулах агшинд би гэм буруугаа хүлээж хохирогч нараас уучлалт гуйсан байсан боловч гэм хорыг арилгаагүй байсан тул ял шийтгэлийг хүндрүүлж оногдуулсан гэдгийг ойлгож байна...” гэжээ.

 

Ялтан нарын өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч ялтан Х.Золбоо, Б.Баттулга нар анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлж гэм, буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, гэм хорыг арилгаагүй зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй байсан. Шүүхээс зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэсэн үндэслэлээр шүүгдэгч нарт ял халдаасан. Өөрөөр хэлбэл зэвсэг, зэвсгийн чанартай зүйлд бусдын бие махбоди, эд хөрөнгийг эвдэлэн сүйтгэхэд хэрэглэсэн эд зүйл, хатуу мод, чулуу зэрэг зүйл ордог. Хэрэв модоор машины шилийг цохиж хагалсан бол прокурор хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх эсэх нь эргэлзээтэй. Мөн миний үйлчлүүлэгч нар гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаа. Б.Баттулгын тухайд ялтай байдал нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Х.Золбоогийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа. Дээрх байдлуудыг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчилснийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Уг зүйлчлэлд Улсын Дээд Шүүхийн тайлбарт зааснаар “догшин авирлах явцдаа бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэх” гэсэн заалт байгааг анхаарч үзнэ үү. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 551 дүгээр зүйлд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд байдалд хамруулах боломжгүй байсан. Өнөөдрийн байдлаар гэмт хороо арилгасан учир шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. Эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

 

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Х.Золбоо, Б.Баттулга нарын үйлдсэн хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тэдний гэм буруутай үйлдэлд анхан шатны шүүхээс тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Х.Золбоо нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 30-754 тоот хашааны гадна буюу олон нийтийн газар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин шалтгаангүйгээр хутга, чулууг зэвсгийн чанартай хэрэглэж хохирогч У.Баасансүрэнгийн эзэмшлийн 03-54 УНВ улсын дугаартай, “Тoyota Prius” загварын автомашины урд, хойд болон 4 хаалганы салхины шилийг чулуугаар цохиж хагалан, 2 ширхэг толийг хугалж, автомашины орой хэсгийг зурж, хаалгыг нь нугасаар нь дарж 946.000 төгрөгийн хохирол учруулан догшин авирлаж танхайрсан,

Мөн Б.Баттулгатай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнх-Одыг “шоронд ороод гарч ирсэн гэж цуу яриа тараалаа” гэх шалтгаанаар зодож, зовоон тарчлааж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Б.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Х.Золбоотой бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Мөнх-Одыг “шоронд ороод гарч ирсэн гэж цуу яриа тараалаа” гэх шалтгаанаар зодож, зовоон тарчлааж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч У.Баасансүрэнгийн “... 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашины баттерейгаа солиулах дуудлагын дагуу 03-54 УНВ улсын дугаартай, Приус 10 загварын автомашинтай очиж, машиныхаа багажнаас багажаа аваад байж байтал баруун гартаа хутга барьсан, 22-25 насны, 175 орчим см өндөртэй, туранхай, шөвгөр бор царайтай, үсээ жижиглэж зассан залуу “яагаад муухай хараад байгаа юм” гээд хутгаараа манай ажлын газрын залуу Пүрвээ рүү чичхэд Пүрвээ гудамж дагаад зугтаасан. Машин янзлуулах дуудлага өгсөн залуу бас зугтаад, би машин тойрч гүйж байгаад доош гудамж руу зугтсан. Тэгээд 102 дугаарт дуудлага өгчихөөд машин дээрээ очиход урд, хойд талын цонх, 4 цонх, зүүн талын хаалгыг нугасаар нь нугалсан, урд копутыг хонхойлгосон, дээвэр дээр нь хутгаараа зурсан байсан. Анх хутгатай дайрсан залуу машины хажууд гар, хуруу нь цус болчихсон зогсож байсан. Удалгүй цагдаа ирэхэд нөгөө залуу зугтсан бөгөөд ардаас нь цагдаа нар хөөсөн. Тэр залуу замдаа хутгаа хаячихсан юм шиг байна лээ. Хутгыг нь олоогүй...” /хх-19-20/,

Гэрч Х.Оюунболдын “... 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сүлд-117 чиглэлтэй Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 15 цаг 30 минутын үед 102 –ын дуудлагаар Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Шинэ буудалд хутга барьсан хүн хөөгөөд байна гэсэн дуудлага орж ирсэн. Дуудлагын дагуу очиж шалгахад У.Баасансүрэн гэж хүн ирээд гудамжинд машинтай явж байхад хутга барьсан хүн дайраад байна гэж хэлсэн. Одоо тэр хүн миний машины хажууд байгаа гэж хэлсэн. Дуудлага өгсөн залууг машиндаа суулгаад өөрийнх нь машин дээр очиход машины урд, хойд талын цонх хагарсан, жолоочийн буруу талын урд хаалгыг өшиглөөд эвдсэн, мөн машиныг чулуугаар цохиод хонхойлгосон, хоёр талын толийг хугалсан байсан. Бид нар тухайн сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилахад хашааны булан эргээд нэг залуу гүйж байсан. араас нь машинтай хөөхөд Сэлбийн гол дагаад гүйж байсан. бид нар араас нь хөөхөд булан эргээд алга болсон ба ойр орчимын хашаануудад хайгаад үзэхэд айлын жорлонд ороод нуугдчихсан байсан. уг хэргийн газраас барьж явсан хутгыг хайгаад олоогүй, гүйж явахдаа хаясан юм шиг байна лээ...” /хх-22/,

Хохирогч Ч.Пүрвээгийн “... 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр найз Баасансүрэнгийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Приус 11 загварын автомашин янзлуулна гэсэн дуудлагаар очсон. Машинаа хашааны гадна зогсоон, багажнаасаа багажаа авах гээд байж байхад ард нэг хүн дуугарсан. Суган доогуураа харахад хутга барьсан залуу байхаар нь би холдоод зугтаасан. Тэгсэн тэр залуу Баасансүрэн рүү хутгатай дайрахаар нь бид 2 доош гудамж руу зугтаасан. Цагдаад дуудлага өгчихөөд буцаад машин дээрээ очиход урд, хойд, хаалганы дөрвөн шил, хоёр толь, копутыг хутга, чулуугаар эвдэж хонхойлгосон байсан. уг залуу цагдаа хараад зугтсан ба араас нь хөөж байгаад барьж авсан...” /хх-132/,

Хохирогч А.Амарбаярын “... 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр миний 59-94 УБК улсын дугаартай, саарал өнгийн Приус 11 загварын автомашины батерэй болохгүй болохоор нь засварчин дуудсан. Тэгээд дуудлагын засварчин ирчихлээ гэж утсаар ярихаар нь би зам дээр очоод засварчингаа тосоод гэр лүүгээ машинтай явж байхад гудамжинд хутга барьчихсан 175 см орчим өндөртэй, туранхай залуу алхаж байсан. Би засварчин ах болон түүний найзтай машинд явж байсан бөгөөд гэрийн гадаа ирэхэд хутга барьсан залуу араас хөөгөөд ирсэн. Жолоочийн хажууд сууж байсан ах бид 2 машинаас буугаад багажнаас аккумлятор авах гэхэд хутгатай залуу гүйгээд ирсэн. Тэгээд хутгаараа машин руу зооход би айгаад хашаагаа даваад зугтаасан. Надтай хамт машинаас буусан ах мөн зугтаасан бөгөөд би хашааны булангаас харахад тэр хутга барьсан залуу чулуугаар машин эвдэж байсан, муухай орилоод байсан, би цагдаад дуудлага өгсөн...” /хх-134-135/,

Сэжигтэн Х.Золбоогийн “...2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр найз Хангарьдтай 11 цагийн үед уулзаад найз Доржпаламын гэрт очихоор Дарь эх рүү явсан. Замдаа бид хоёр 0.5 литрийн, Арвай нэртэй архи 1 шилийг авсан. Тэгээд гэрт нь очиж архиа уусан бөгөөд дуусахаар нь дэлгүүрээс дахин 0.75 литрийн, Арвай нэртэй архи дахин авсан. Тухайн үед 13 цаг болж байсан. Архиа ууж байгаад нэг мэдсэн чинь тасарчихсан, юу болсон талаар санахгүй байна. Нэг сэрэхэд цагдаагийн алаг машин дотор гавлуулчихсан, гар зүсэгдэж цус гарсан явж байсан. Юу болсон талаар цагдаагаас асуухад машины шил хагалсан гэж надад хэлсэн. Нилээн их архи уугаад тасарчихсан байсан тул өөр зүйл огт санахгүй байна...” /хх-30/,

Насанд хүрээгүй хохирогч М.Мөнх-Одын “...2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчим манай гэрийн ойрхон амьдардаг Тулгаа, Золбоо нартай тааралдсан. Тэгтэл Золбоо миний хүзүүнээс гараараа базаад хамт дээшээ явнаа гэхээр нь би ахындаа очих гэж байна. дээшээ явахгүй гэхэд “...би чамайг зодохгүй. Зүгээр дээшээ очоод нэг юм асууя...” гэсэн. Тэгэхээр нь хамт Баянхайрхан дэлгүүрээс дээш байдаг мухар гудамж руу Золбоог дагаад орсон. Тулгаа араас дагаад хүрээд ирсэн. Тэгтэл Тулгаа нь Золбоодоо хандаж “...танай наад бацаан чинь чамаар намайг зодуулна гээд байх юм. Нэг бол чи намайг цохих юм уу...” гэж хэлтэл Золбоо шууд миний нүүрний зүүн хэсэгт гараараа нэг удаа цохихоор нь би тонгойтол нэг удаа элэгдсэн. Тэгэхээр нь би эргэж хараад зугтаах гэхэд Золбоо намайг хавираад унагаасан. Унах үед миний баруун гарын шуу хугарчих шиг болоод маш их өвдсөн. Унасан байхад зүүн шанаа руу гараараа 2 удаа цохьсон. Тэгээд би нүүрээ дараа босолгүй хэвтэж байхад Золбоо “...бос чи муу...” гээд гараараа нүүр лүү 2 удаа цохисон. Энэ үед Тулгаа “...манай дүүгийн цэцэрлэг тарах болчихсон байна. 3-уулаа хамт явъя...” гэхээр нь би “...би явахгүй. Яаж ийм нүүртэй явах юм бэ...” гэсэн. Тухайн үед миний нүүр, амнаас цус гарчихсан байсан. Тэгтэл Х.Золбоо намайг “...хамт явъя. Өнөөдөр би чамайг алж өгнөө...” гэхээр нь би айгаад дагаад явсан. Явж байхдаа Золбоо өмсч явсан яайкаа тайлаад надад өгөөд “наадахаа цус болговол ална шүү” гэж хэлсэн. Золбоо замдаа өөрийн зүүж явсан бор өнгийн тэлээгээ сугалж аваад баруун гартаа ороож байгаад төмөр аралтай хэсгийг нь илүү гаргаж байгаад миний толгой руу нилээн олон удаа цохисон. Ингээд 7 буудлын дээшээ яваад худагны хажууд байдаг цэцэрлэг рүү Тулгаа дүүгээ авахаар ороод Золбоо бид 2 үлдсэн. Золбоо тэлээнийхээ төмөр аралыг урагшаа харуулж байгаад миний нүүр лүү цохиод, баруун чихийг сэтлээд гэмтээсэн. Цэцэрлэгийн гадаа Золбоо намайг нилээн их зодсон. Тэгээд байж байтал Тулгаа нь дүүгээ оруулж өгнө гээд гэр лүүгээ яваад би Золбоотой хамт үлдсэн. Ингээд Золбоо бид 2 үлдсэн байх үед Яргайтын 40 дүгээр гудамжны орчим нарийн гудамжинд аваачаад миний зүүн шанаа болон нүүр лүү гараараа олон удаа цохиж зодсон. Тэгтэл миний чихнээс цус гоожоод Золбоогийн яайкийг цус болгочихсон чинь “чи миний яайкийг цус болгочихсон байна” гээд дахин намайг зодсон. Ингээд яайкаа өөрөө аваад дахин нүүр лүү гараараа цохихоор нь би тонгойтол мөн гараараа миний нүүр лүү өлгөөд цохисон. Энэ үед миний баруун хацар маш эвгүй болоод шүд мэдээгүй болчихсон. Энэ үед манай найзууд болох Батбаяр, Цогтоо, Баяраа, Гарьд нар хүрээд ирсэн. Ингээд Золбоо дахин намайг зодоогүй. Манай найзуудыг бүгдийг нь дээрэлхээд цээж рүү нь цохиод зодсон. Зодохдоо манай найз Батбаярыг дагзандаа гараа ав гэж 2 гарыг нь дээш нь өргүүлж байгаад цээж рүү нь цохиж зодсон. Бараг 10 гаран удаа цохисон. Цогтоо, Баяраа, Гарьд нарыг эгнүүлж зогсоож бүгдийг нь цээж рүү цохисон. Тэр үед миний гар хугараад маш их өвдөж байхад жижиг үзэгний хэмжээтэй мод хоёр гарт бариулж дээш өргүүлээд, өвдөгөөр хагас нугалуулж доош суулгасан. Тэгээд наад модоо буулгавал ална шүү гээд байсан. намайг 20-30 минут ингэж зогсоож дэглэсэн. Тэгтэл Тулгаа манайх руу явъя гээд Золбоо, Тулгаа нар намайг болон манай найзуудыг дагуулаад Тулгаагийн хашааны гадаа очсон ба тэр 2 А4 бичгийн цаас гаргаж ирээд өргөдөлөө бич, харъя гээд байсан. тэгтэл доороос Золбоо, Тулгаа нарын найз гэх урьд нь харж байсан залуу ирээд Золбоогоос “өмнөх хэрэг чинь гайгүй юу” гэхэд Золбоо “гайгүй. 5 жил авсан. Одоо энэ хэдийг зодоод 8 жил болгочихлоо” гээд байсан. ингэж байтал манай дүү Магнай ирээд “ээж дуудаж байна” гэхээр нь би Золбоогоос явж болох уу гэж асуухад Золбоо “яв, яв. Би чамайг ээж, ах нартаа хэлвэл хутгалаад алчихна шүү” гэж хэлсэн. Гэрт ороод ээждээ болсон асуудлыг хэлээд хэсэг байж байгаад толгой эргээд ухаан балартсан. Тэгээд ээж түргэн дуудаж, түргэн ирж үзээд Гэмтлийн эмнэлэг яв гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт очиход баруун гарын шуу хугарсан. Чих язарсан гээд чихэнд 3 оёдол тавиад, гар шохойдож өгсөн...” /хх-53-54/,

Насанд хүрээгүй гэрч Н.Батбаярын “... 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр би хичээлээ тараад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 40 дүгээр гудамжинд алхаж байтал манай найз М.Мөнх-Од зодуулчихсан зогсож байсан. хажууд нь Золбоо, Тулгаа, манай найз Мөнхцолмон, Цогтоо нар байсан. юу болсон талаар асуухад Саранцогт наадах чинь амнаасаа болоод Х.Золбоо ахад зодуулсан гэж хэлсэн...” /хх-56/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Мөнхцолмонгийн “... Х.Золбоо ах дуудахаар нь яваад очсон. Намайг очиход М.Мөнх-Од гэж бандийн нүүр хавдсан уйлсан байсан...” /хх-57/,

Сэжигтэн Х.Золбоогийн “... 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр орой болж байхад би найз Тулгаагийн хамт долоон буудалд гудамжинд архи ууж байгаад Чингэлтэйд байдаг Баянхайрхан дэлгүүрийн орчимд Мөнх-Одтой тааралдсан. Тэгээд намайг шоронд сууж байгаад гарч ирсэн гэсэн яриа тараасан нь санаанд ороод Мөнх-Одыг зодсон. Мөнх-Одыг зодохдоо нүүр лүү нь гараараа цохиод татаад газар унагаатал Мөнх-Одын гар нь гэмтчих шиг болсон. Ингээд Мөнх-Одыг дагуулаад Тулгаагийн дүүг цэцэрлэгээс нь авахаар явсан ба Чингэлтэй уруудаад цэцэрлэг лүү явж байхдаа өөрийн өмсөж явсан яайкаа бариулаад “цус болгож болохгүй шүү” гэж хэлээд явж байсан. цэцэрлэгээс дүүг нь аваад Тулгаагийн гэр лүү явах замд Мөнх-Одын хамарнаас цус гараад миний яайкыг цус болгочихсон байхаар нь би тэлээгээ аваад гараа ороож байгаад Мөнх-Одын нуруу болон толгой, цээж лүү нь цохиж зодсон. Тэгээд Тулгаагийн гэрийн гадаа ирээд байж байтал манай тэр хавьд байдаг Баяраа, Гарьд, Батбаяр нар ирсэн ба би нэгийх нь гарыг дагзанд нь авахуулж байгаад цээж лүү нь цохиж зодсон. Мөн Мөнх-Одыг жижиг хэмжээтэй мод өргүүлээд хөлийг нь өвдөгөөр нь нугалуулж хагас суулгаж дэглэсэн...” /хх-74-75/,

Сэжигтэн Б.Баттулгын “...2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр би гэртээ байж байтал манай найз Золбоо ирсэн. Тэгээд Золбоо бид 2 долоон буудал орж 2 цаг орчим компьтер тоглоом тоглоод гарч ирээд 2.5 литрийн савалгаатай нэг том Нийслэл пиво гудамжинд хувааж уугаад, явж байгаад Мөнх-Одтой тааралдаад Золбоо нь Мөнх-Одыг гудамжинд оруулаад Золбоог шоронд орсон гэсэн худал цуу яриа гаргасан гэсэн шалтгаанаар Золбоо Мөнх-Одыг нүүр лүү нь хоёр удаа цохиж зодсон ба Мөнх-Од зугтаатал Золбоо хойноос нь татаж аваад дээрээс нь дараад унасан. Тэгэхэд Мөнх-Одын гар гэмтчихлээ гэж байсан. тэгээд манай дүүг цэцэрлэгээс авах гээд явж байх замд Мөнх-Одын гар пэмбийгээд хавдчихсан байсан. тэгэхэд Золбоо яайкаа тайлаад Мөнх-Одод бариулаад “цус болгож болохгүй шүү” гэж хэлсэн. Намайг дүүгээ аваад гарч ирэхэд Золбоо тэлээгээр гараа ороогоод Мөнх-Одыг яайк цус болгосон байна гээд зодож цохиж байсан. Намайг дүүгээ гэртээ оруулж өгөөд гарч ирэхэд Золбоо Мөнх-Одын гарыг өргүүлээд зогсоож байсан ба Мөнх-Одын найз нар болох Батбаяр, Баяраа, Гарьд нар ирчихсэн байсан. Золбоо Батбаярын гарыг өргүүлчихсэн зогсож байсан...” /хх-78-79/,

 

Насанд хүрээгүй гэрч О.Саранцогтын “... Мөнх-Одын чих нь сэтэрсэн, баруун гар нь хугарч далийсан, нүд нь хавдаж гэмтсэн байсан. би юу болсон талаар асуухад “Х.Золбоо намайг зодсон” гэж хэлсэн. Намайг яваад очиход Х.Золбоо ах та нар юу яриад яваад байгаа юм. Та нар намайг шоронд орсон гэж энэ хавиар ярьсан байна гэж хэлсэн. Тэгээд цээж рүү 2 удаа цохисон...” /хх-136/,

Насанд хүрээгүй гэрч А.Ган-Эрдэнийн “... 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчим гэртээ байтал найз О.Саранцогт орж ирээд Мөнх-Одыг Х.Золбоо ах зодоод дагуулаад явсан 2-уулаа очъё гэж хэлсэн. Бид хоёрыг очиход Мөнх-Од цементэн дээр суучихсан, гараа барьчихсан, нүүр нь хавдчихсан, чих нь сэтэрчихсэн байсан...” /хх-137/,

Насанд хүрээгүй гэрч Б.Баярын “... намайг очиход Мөнх-Одын нүүр ам цус болсон, баруун гар нь хугарсан, чих нь сэтэрсэн, нүүр нь хавдсан, уйлчихсан байсан. Х.Золбоо ах намайг шоронд орсон гэж худал яриа тараасан байна гэж хэлээд Мөнх-Одыг зодсон байсан. Х.Золбоо бид нарын цээж рүү 2 удаа цохисон...” /хх-138/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “М.Мөнх-Одын биед баруун хоншоор яс, шуу ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, баруун чихний язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн дүгнэлт /хх-59/, “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний  автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-27/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-14/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Ялтан Х.Золбоо, Б.Баттулга нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

 

            Прокуророос Б.Баттулгын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн ба анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар дүгнэж, тухайн гэмт хэрэгт түүнийг хатгагчаар оролцсон гэм буруутайд тооцсон боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг журамлаагүй нь буруу байх тул зөвтгөж засах нь зүйтэй гэж үзэв.

            Ялтан Х.Золбоо, Б.Баттулга, тэдгээрийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нараас “...оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.  

            Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ялтан Б.Баттулгын дээрх гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан үзэж, тухайн зүйл хэсэгт заасан хөнгөн ялыг сонгож хэрэглэн, ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

            Ялтан Х.Золбоо нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирол төлбөр төлөгдсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх заалтыг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, мөн Х.Золбоод оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилсөн болон анх удаа хорих ял эдэлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 253 дугаар Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар Б.Баттулгад 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар Б.Баттулгыг 6 сарын хугацаагаар баривчлах ялаар...”, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар Х.Золбоод 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын  хорих ял” гэж,

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Золбоод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялын зарим болох 1 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Х.Золбоогийн биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хорих ялаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Золбоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн Х.Золбоогийн биечлэн эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоосугай” гэж,

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Х.Золбоод оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дэх хэсэгт зааснаар Х.Золбоод оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

 

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баттулгад оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Баттулгыг нийгмээс тусгаарлан, түүнд оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

5. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.МӨНХТУУЛ

                    ШҮҮГЧИД                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                               Д.ОЮУНЧУЛУУН